533 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг нийтэлжээ

106 орны фэйсбүүк хэрэглэгч 533 сая хүний хувийн мэдээллийг хакердаж, өнгөрсөн бямба гарагт онлайнаар цацсан байна. Нээлттэй өгөгдөлд бичсэнээр АНУ-ын 32 сая, Их Британийн 11 сая, Энэтхэгийн зургаан сая хэрэглэгчийн утасны дугаар, овог нэр, байршил, төрсөн өдөр, намтар, имэйл хаягийг хакерджээ. Мөн “Фэйсбүүк”-ийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг, үүсгэн байгуулагч Крис Хьюз, Дастин Московиц нарын төрсөн он сар өдөр, байршил, гэрлэлтийн мэдээлэл, гар утасны дугаарыг нийтэлсэн байна. “Фэйсбүүк” компанийн төлөөлөгч Лиз Буржуа “Эх сурвалжууд 2019 оны кибер  халдлагыг дахин сөхсөн” хэмээн хэргийг үгүйсгэжээ. Гэхдээ Израилийн кибер гэмт хэрэгтэй тэмцэх тагнуулын компанийг үүсгэн байгуулагч Алон Гал “Хэрэглэгчдийн дата өгөгдөл кибер гэмт хэрэгтнүүдэд үнэ цэнтэй мэдээлэл болсон.

533 сая хэрэглэгчийн хувийн хамгаалалтыг эвдэхийн тулд хакерууд мэдээллийн санд нэгдүгээр сараас хойш нэвтэрсэн байх. Эдгээр өгөгдлийг цахим гэмт хэрэгтнүүдийн дунд зарж борлуулж байсан ч хакеруудын форумд өнгөрсөн бямба гарагт төлбөргүй байрлуулжээ. Мэдээллийн үнэн эсэхийг шалгасан. Хакеруудын нийтэлсэн дэлгэрэнгүй мэдээлэл хэрэглэгчдийн бүртгэлтэй таарч байгаа. Кибер гэмт хэрэгтнүүд энэ мэдээллийг нийгмийн инженерчлэл, залилан, хакер, маркетингийн ажилд ашиглах нь гарцаагүй. Гэхдээ хакерууд ямар зорилгоор “Фэйсбүүк” рүү халдсан нь тогтоогдоогүй байна. “Фэйсбүүк” компани хайхрамжгүй байдлаа хүлээн зөвшөөрч алдаагаа зас. Нууц мэдээллийг зориудаар тараах үзэгдэл газар авч байна. Мөн хакеруудын бүлэглэлүүд төрийн нууц, худалдааны үнэтэй мэдээллийг ангуучлах болсон.

Алдагдсан мэдээллийн талаас илүү хувь нь эрүүл мэнд, өндөр технологи, төрийн албаны мэдээллүүд байдаг. Хэрэглэгчдийн олонх нь хувийн болон албаны шуудандаа ижил нууц үг хэрэглэдэг нь гол асуудал үүсгэдэг. Технологийн компаниуд хэрэглэгчдээ хамгаалах тал дээр анхаарлаа илүү хандуулж, тэр дундаа ямар мэдээлэл хуваалцахаа өөрсдөө хянах боломжийг хэрэглэгчдэдээ олгох, хуваалцсан мэдээлэл нь юунд ашиглагдаж байгааг тодорхой болгож өгөх зэрэг арга хэмжээг авч болох юм. Үүний тулд нэн түрүүнд ил тод байдлыг бий болгож, ямар нэгэн корпорацад хамааралгүй бие даасан судлаачидтай хамтран ажиллаж, хар хайрцагны тест хийн, системээ аудитаар шалгуулсны үндсэн дээр хэрэгжиж эхлэх учиртай” гэжээ. Фэйсбүүк бол хоёр тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгчтэй дэлхийн хамгийн том цахим сүлжээ юм.

Энэ бол фэйсбүүк ашиглагчдын хувийн мэдээллийг ил болгосон анхны тохиолдол биш. Үүнтэй төстэй цахим гэмт хэрэг 2019 онд гарч байсан. Тухайн үед 400 сая гаруй фэйсбүүк хэрэглэгчийн утасны дугаарыг нийтэлсэн байдаг. “Cambridge Analytica” судалгааны байгууллага АНУ-ын Ерөнхийлөгчийн 2016 оны сонгуульд зориулж 80 сая хэрэглэгчийн мэдээлэлд нэвтэрсэн хэрэг багагүй дуулиан дэгдээсэн. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг задруулсан хэрэгт буруутгагдаж, үүсгэн байгуулагч Марк Цукерберг АНУ-ын сенатад мэдүүлэг өгсөн билээ. “Cambridge Analytica” нь фэйсбүүк хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулдаг цорын ганц компани биш байсан бололтой.

 

Дижитал технологийн судалгаа хийдэг “Freedom to Tinkers” гэх компанийн мэргэжилтнүүдийн мэдэгдсэнээр хүмүүс гаднын вебсайтад бүртгүүлэхдээ “Фэйсбүүк ашиглан нэвтрэх” гэсэн товчлуур дарснаар хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, хөндлөнгийн вебсайтуудад хувийн мэдээллээ ашиглах зөвшөөрөл олгож байгаа юм.

 

Тэд ихэвчлэн хэрэглэгчийн хувийн мэдээлэл, тэр дундаа электрон шуудангийн хаягийг нь авдаг. Мөн эдгээр скриптүүдийг зохион бүтээсэн компаниуд цуглуулсан мэдээллээ сурталчилгааны компаниудад худалддаг байна. Тэнд цахим сүлжээнд нэвтрэх ID, нууц үг авахад Apple ID 15.39 ам.доллар, Netflix-ийн нууц үг 8.32, Paypal-ийн мэдээлэл 247, банкны мэдээлэл 160.15 ам.долларын үнэтэй юм. Мөн интернэт сонжоо, төрөл бүрийн тоглоомын аппликэйшнийг ямар ч анхаарал болгоомжгүйгээр ашигласнаар хувийн мэдээллээ алддаг аж. “Та Холливудын ямар кино одтой адилхан бэ”, “Хөгшрөхөөрөө ямар царайтай болох вэ”, “Энэ жил танд юу тохиолдох вэ” зэрэг сонжоо мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн алдагдуулж, хожим ямар эрсдэл учрахыг тооцоолж байх ёстой ажээ.

 

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)