Өрийн цар тахал
- 2021-04-07
- Нийтлэл
- 0
Дэлхий нийтийг хамарсан коронавирусын цар тахлын аюул он дамнан хоёр дахь жилдээ түгшүүрийн харанга дэлдэж байна. Улс орнууд ковидтой тэмцэхэд нэлээдгүй хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж, цар тахлын эсрэг хөтөлбөр, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байх агаад үр дүн нь ч янз бүр гарсан байх юм. Өөрийн эдийн засгийн хэр хэмжээнд тааруулж бага хэмжээний санхүүжилтээр дорвитой арга хэмжээ авч чадсан нэгэн байхад асар их хэмжээний хөрөнгө зарцуулаад ч үр дүн нь эсрэгээрээ гарсан улс ч бас байх юм.
Хөгжиж буй орнуудын хувьд төлбөрийн чадвар нь ихээхэн муудаж эхэлжээ. Хөгжилтэй орнуудын хувьд ч байдал тийм сайнгүй байна. Сүүлийн үед коронавирусын шинэ хувилбар энд тэндгүй сонсогдож байгаатай нэг адил санхүүгийн салбарт шил шилээ дарсан асуудал ундрах шинжтэй. Үүний нэг нь өрийн хямрал юм. Улс орнуудын өрийн асуудал урд өмнө санхүүгийн тодорхой хүрээнд яригдаж байсан бол коронавирусын цар тахал энэхүү асуудлыг улам ужигруулж, олны анхаарлын төвд оруулж ирлээ. Цар тахлын хямрал дэлхийн улс орнуудын өрийн хэмжээг богино хугацаанд эрчимтэй өсгөв. Харин татварын болон экспортын орлого эсрэгээрээ эрс буурсан үзүүлэлттэй байна. Fitch агентлагийн мэдээлж байгаагаар дэлхийн улс орнуудын өр нийлбэр дүнгээрээ 2020 онд 10 их наяд ам.доллар-аар өсчээ. Ийнхүү дэлхийн улс орнуудын өрийн нийт хэмжээ 77.8 их наяд ам.долларт хүрч, дэлхийн улс орнуудын ДНБ-ний нийлбэр дүнтэй тэнцэж иржээ. Зөвхөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд бий болсон өрийн хэмжээ өмнөх 7 жилийн өрийн нийлбэр дүнтэй тэнцүү байгаа аж. Энэ байдал 2021 онд ч төдийлэн өөрчлөгдөхгүй нь бололтой. Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн (IIF) урьдчилсан таамаглалаар 2021 онд дэлхийн улс орнууд дахин 10 их наяд ам.долларын өр тавих нь тодорхой байна.
Цар тахалтай холбоотой баян ч бай, ядуу ч бай, улс орнуудын өр, зээлийн хэмжээ ийнхүү эрс нэмэгджээ. Чинээлэг улс орнуудын хувьд өрийн дарамтаас гарах нь тийм ч хүндрэлтэй асуудал биш байж болох юм. Харин хөгжиж буй улсын хувьд өрийн дарамт туйлын хүндээр тусна. 2020 онд хөгжиж буй орнуудын төсвийн алдагдал нь хоёр дахин нэмэгдсэн бөгөөд үүний улмаас бий болсон өрийн хэмжээ тухайн улс орны хөгжлийг олон жилээр хойш чангаах нь тодорхой юм.
Өнгөрсөн оны 10-р сард Дэлхийн банкны ахлах эдийн засагч хямралын онолын томоохон шинжээчдийн тоонд багтдаг Кармен Рейнхарт, “Хөгжиж буй орнууд дахин шинээр зээл авахгүйгээр хямралыг даван туулж чадахгүй. Тэдэнд урд өмнө хэзээ ч тулгарч байгаагүй өрийн шок заналхийлж байна” гэж анхааруулсан юм. Ийнхүү нэр хүндтэй эрхмийг анхааруулгын дараахан Аргентин, Эквадор, Ливан, Белиз гэсэн дөрвөн улс өрөө төлөх санхүүгийн чадваргүй болсноо зарлав. Харин 11-р сард Суринам, Замби улсууд тэдний эгнээнд шилжсэн юм. Энэ жил энэ жагсаалтад хэдэн улс багтахыг таашгүй.
Сүүлийн 10 жилийн хугацаанд буюу 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш өрийн асуудал улам бүр хурцаар хөндөгдөх боллоо. 2019 онд COVID-19 хямрал эхлэхээс өмнө өрийн тогтвортой байдлын шинжилгээг 69 улсад хийж үзэхэд тал хувь нь аль хэдийн өрийн хямралд орсон эсвэл эрсдэл өндөртэйд тооцогдож байв. Ийм байдалд хүрэхэд хөгжингүй орнуудын мөнгөний зөөлөн бодлого нөлөөлсөн гэж зарим шинжээчид үздэг. Энэ хугацаанд орлого багатай орнуудын төсвийн алдагдал их хэмжээгээр нэмэгдэж түүнийгээ ихэнхдээ гадаад зээлээр санхүүжүүлж ирсэн юм. Үр дүнд нь гадаад өр огцом нэмэгджээ. Үүний бодит жишээ нь, Монгол улс юм. Бид гаднаас хичнээн ч бонд босгов. Бага хүүтэй валют олж ирлээ хэмээн хичнээн ч удаа өөрсдийгөө хөөргөдөв. Үр дүнд нь манай эдийн засаг гадаад өрийнхөө ачааллыг даахгүй тал руугаа аль хэдийн хэлтийчихээд байна. 2021 оны төсвийн жилд төлөх Засгийн газрын гадаад дотоод зээллэгийн үндсэн төлбөрийн хэмжээ 1 их наяд 880 тэрбум 299 сая төгрөг байх нь. Ийм хэмжээний хөрөнгөөр жилд ойролцоогоор 1250 сургууль барих боломжтой юм. Ийнхүү жил тутам татвар төлөгчдийн бараг 2 их наяд төгрөгийг салхинд хийсгэх нь. Энэ тоо жил ирэх тутам өснө.
Бондын түүх Сү. Батболдын Засгийн газрын үед буюу 2012 оны 3 сарын 21-нд таван жилийн хугацаатай 580 сая ам.долларын “Евро” бонд босгосноор эхэлсэн байдаг. Тэр үед нүүрсний үнэ огцом өсөж борлуулалт сайн байв. Монголын эдийн засаг 17 хувьд хүрсэн “алтан үе” гэж бидний “цаасан малгай” өмсдөг үе. Гадаадын шууд хөрөнгө оруулалт түүхэн дээд хэмжээнд хүрч эдийн засагт асар их хэмжээний валют цутгаж, төсвийн орлого нэмэгдэн бялхаж байхад гаднаас бонд босгож. Нөгөө сонгуульд амласан амлалтаа биелүүлэх гэж тэр шүү дээ. Тэр бонд өнөө хүртэл төлөгдсөнгүй. Дүрээ хувиргаад “Хуралдай” бонд болсон. Чухам юунд зарцуулсан нь өнөөдөр хүртэл маргаан дагуулах энэ бондын хүүнд 12 дахь жилдээ татвар төлөгчдийн мөнгийг өгч байна.
Өрийн хямрал юунд хүргэж болох вэ. Мэдээж, ядуурлын хэмжээ огцом өснө. Энэ нь нийгэмд эмх замбараагүй байдлыг өдөөж улмаар иргэний мөргөлдөөнд хүргэхийг үгүйсгэх аргагүй. Грекийн өрийн хямрал нийгмээ ийм л байдалд хүргэж байв. Энэ нь дүрвэгсдийн шилжилт хөдөлгөөнийг огцом нэмэгдүүлж хөгжилтэй орнуудад ч хүндрэл авчирдаг. 2010 оны дунд үеээс эхтэй цагаачлалын хямрал хөгжингүй эдийн засагт ч хангалттай сөрөг нөлөө үзүүлсэн юм. Үүний бодит жишээ гэвэл Герман улс. Европ тивд эдийн засгаараа тэргүүлэх хүчирхэг энэ улс 2016 онд дүрвэгсдэд зориулсан хөтөлбөрүүдэд 21 тэрбум евро “халааснаасаа” гаргасан байх жишээтэй. Сүүлийн үед Европын орнууд дүрвэгсдийг оруулах квот дээрээ асар их маргаантай байна.
Дэлхийн банкны тайланд дурдсанаар засгийн газрын өрийн хямрал 1980-аад онд Латин Америк, 1990-ээд онд Зүүн Азид тохиолдсон шиг томоохон санхүүгийн хямралыг өдөөж болзошгүй юм.
Ийнхүү хөгжиж буй улсуудад гарч буй санхүү, эдийн засгийн хүндрэлүүд Монгол улсын хувьд ч “толгойн өвчин” болоод тодорхой хугацаа өнгөрлөө. Сүүлийн жилүүдэд манай улсын төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг давдаг “хуучтай” болсон. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн төлсөн хөрөнгийг тухайн жилд нь үрж дуусгаад дээр нь түүний 20 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг гаднаас зээлж нэмж зарцуулах төслийг Засгийн газар боловсруулж, УИХ баталж байна. 2021 оны төсвийн алдагдал 2.1 их наяд, 2022 онд 1.6 их наяд, 2023 онд 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай байх төсвийн хүрээний төсөөлөл өнгөрсөн жил батлагдсан. 2020 оны төсвийн тодотголоор төсвийн алдагдал 4.8 их наяд төгрөгт хүрсэн. Ийнхүү 2020-2023 онд манай улсын өр 10 их наяд төгрөгөөр нэмэгдэх нь тодорхой болсон. Гэтэл 2021-2024 онуудад Мазаалай, Чингис, Гэрэгэ, Хуралдай бондуудын төлбөрт ойролцоогоор 3 тэрбум ам.доллар төлөх ёстой байдаг. Харин Монгол улсын Засгийн газарт ийм боломж байхгүй. Тиймээс дараа дараагийн гоё нэртэй бондууд шинээр босч таарна. Гэтэл Засгийн газрын нийт өр 2020 онд 27.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 4.0 их наяд 2016 оны 2 дугаар улирлаас хойш (Монголбанкны статистик мэдээллээр 2016 оны 2 улиралд Засгийн газрын нийт өр 16 их наяд 612 тэрбум төгрөг байсан) дөрвөн жилд 11.3 их наяд төгрөгөөр өссөн байна. Үнэхээр онц ноцтой асуудал. Монгол Улсын гадаад өр олон улсын дундаж, зохистой хэмжээтэй харьцуулахад тав дахин өндөр байгааг Олон улсын валютын сан анхааруулж байгаа. Саяхан Дэлхийн банк “Монгол Улс хойч үедээ өр өвлүүлж байна” хэмээн дүгнэсэн. Ийм их хэмжээний өрийг өмнө нь ямар ч УИХ, Засгийн газар үйлдвэрлэж байсангүй. Энэ их өрийн дарамт ирээдүй хойчид маань өвлөгдөн үлдэх төдийгүй улс орны хөгжлийг олон жилээр хойш татна.
Монгол улсын гадаад өр эдийн засаг, тусгаар тогтнолын аюулгүй байдалд аюул занал учруулах хэмжээнд хүрсэн. Харин ийм байдалд хүргэсэн УИХ, Засгийн газар ямар ч хариуцлага хүлээхгүй нь тодорхой.
Нэмээд, сүүлийн үед “Хямрал болж байхад төсвийг танадаггүй юм” гэх мэдэмхийрэл газар авлаа. Тиймээс Засгийн газар 5.1 их наядын хөтөлбөрөө дүгнээгүй байхдаа 10 их наядын төлөвлөгөө гэгчийг ярьж эхлэв. Аль аль нь тооцоо судалгаа бараг хийгээгүй гэж хэлж болно. Хоёр хөтөлбөрийн нийлбэр дүн 15 их наяд төгрөг буюу Монгол улсын ДНБ-ний 40 хувьд хүрч байна. ДНБ-хээ тал хагаст хүрэх хөтөлбөр хэрэгжүүлсэн улс дэлхийн аль ч тивд байхгүй. Төсвийг хэмнэх биш “төсвийг идэвхжил” болгон өөрчлөх замаар хямралаас гарна гэж байгаа нь хэр үнэнд дөхөж очих вэ. Шууд хэлье. Ийм бодлого хэрэгжүүлж буй улс дэлхийд огт байхгүй. Ихэнх улс санхүүгийн нөөцөө цар тахлын аюул болон эдийн засгаа авч үлдэхэд зарцуулж байгаа. Цар тахлын аюул нөмөрсөн хүнд үед олон нийтийг бөөгнүүлэх зорилготой хэдэн арван барилгуудад хэдэн зуун тэрбум төгрөг төсөвлөж хуульчилдаг УИХ, Засгийн газар манайхаас өөр хаана ч байхгүй.
Хөгжиж буй орны хувьд өрийн дарамтаас гарах өртөг хөгжилтэй орнуудтай харьцуулахад хэд дахин өндөр байдаг юм. Тухайлбал Монгол улсын урд жилүүдэд босгосон бондын хүү нь хөгжингүй орнуудын бондын хүүнээс хэд дахин их. Гэтэл хямралтай холбоотойгоор зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүллэх нь үндэсний валют болох төгрөгийн доллартай харьцах ханшийг улам сулруулна. Энэ нь гадаад валютаар илэрхийлэгддэг хуримтлагдсан өрийн үйлчилгээний зардлыг эрс нэмнэ. “Ковидтой холбоотой ихэнх улсын Засгийн газрууд гадны хямдхан эх үүсвэр эрэлхийлж байгаа өнөө цагт хөгжиж буй орнууд өсөн нэмэгдэж буй хэрэгцээгээ хангах зорилгоор бага хүүтэй зээл авах туйлын хэцүү болно” гэж Голдман Саксын ахлах эдийн засагч Кевин Дэйли анхааруулж байна. Зах зээлийн эдийн засаг нь аль хэдийн уламжлал болж хөгжсөн орнуудад Төв банкны бодлогын хүү ойролцоогоор тэг хувьтай байдаг. Ийм нөхцөлд улсынх нь өрийн дарамт харьцангуй бага байдаг. Өөрөөр хэлбэл, төсөвт ирэх ачаалал нь харьцангуй бага гэсэн үг. Харин хөгжиж буй эдийн засагтай орнуудад энэ ачаалал эрс нэмэгдэж байна. “2021 онд өндөр хөгжилтэй орнуудын өр төлбөрийн зардал төсвийн орлогынх нь ойролцоогоор 3.3 хувийг эзлэх бол хөгжиж буй эдийн засагтай орнуудад энэ үзүүлэлт 3 дахин их буюу 10.4% хүрнэ” гэж Fitch үнэлгээний агентлагийн мэдээлэлд үндэслэн Financial Times тооцоолол хийжээ.
Ийнхүү Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг “өрийн цар тахлын вирус эерэг гарсан байна” гэж дүгнэж болохоор байгаа юм.
Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж
Сэтгэгдэл (0)