М.Туулсайхан: Цахим орчинд багш нар төдийгүй суралцагчид маань маш хурдтай хөгжиж байна
- 2021-04-13
- Үнэн
- 0
Дэлхий нийтийг хамарсан “COVID-19” вирусийн цар тахлын улмаас манай улсын бүх шатны боловсролын сургалтын үйл ажиллагаа теле болон цахим хэлбэрт шилжээд хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хооронд тус салбарт гарч буй өөрчлөлт, сургалтын арга барилын талаар Монголын ЕБСуудын захирлуудын зөвлөлийн тэргүүн, нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12 дугаар сургуулийн захирал, Монгол Улсын зөвлөх багш М.ТУУЛСАЙХАНТАЙ өөрийн хамт олных нь жишээн дээр тулгуурлан ярилцсан юм.
-Манай боловсролын салбар бүхэлдээ зайны сургалт явуулах, цахим орчинд ажиллах дадлага туршлага багатай байлаа. Өнгөрсөн хугацаанд энэ тал дээр ямар ахиц дэвшил гарав?
-Монгол Улсын маань дотоодод “COVID-19” вирусийн халдвар алдагдсанаас хойш үндэсний хэмжээнд бүх шатны боловсролын сургалтыг танхимаар бус цахим орчинд шилжүүлэх зайлшгүй шаардлага гарсан. Энэ үед бид өмнө учирч байгаагүй зарим асуудалтай тулгарсан ч БШУЯ болон салбарын сайдын тушаал шийдвэр, цахим орчинд ажиллах удирдамж, чиг үүргийн дагуу нийслэл, орон нутгийн сургууль бүр өөрийн онцлогт тохируулан ажиллаж эхэлсэн байгаа. Манай сургуулийн хувьд удирдахуйн ухаан, удирдлагын менежментийг шинээр зохион байгуулж ажилласан. УИХын гишүүн Н.Учралын санаачилгаар Цахим инновацын бодлогын байнгын хорооноос улсын хэмжээний 800 гаруй ЕБС-аас 90-ийг нь цахим орчинд ажиллах жишиг сургууль болгохоор сонгож авсны нэгэнд манайх багтсан нь бидэнд маш олон боломж, давуу талыг олгосон гэж болно.
Цахим орчны сургалтын явцад багш нар төдийгүй суралцагчид маань маш сайн чадваржиж, шинэ арга барилд суралцаж байна. Үүнд эцэг эхчүүдийн үүрэг оролцоо ч эрс нэмэгдсэн.
БШУЯнаас үндэсний хэмжээнд Зөвлөлдөх багийг байгуулж, “Чадварлаг багш” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан сургууль дээрээ Мэргэжлийн зөвлөлдөх багийг ажиллуулж эхэлсэн. Уг баг нь багш нарын цахим орчинд ажиллах чадварыг сайжруулах, мөн сорил даалгавар, сан бүрдүүлэх, интерактив болон интеграц хичээлийг хэрхэн бэлтгэж ашиглах арга зүйг боловсруулж байна. Үүнээс гадна багш нартаа зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, мэргэжлийн зөвлөмжөөр хангаж ажилладаг. Улмаар цахим орчинд ажиллаж байгаа багш нарынхаа хөдөлмөр зүтгэлийг зөв зүйтэй үнэлэх, шударгаар урамшуулахад Мэргэжлийн зөвлөлдөх баг чухал ач холбогдолтой гэж бид үзэж байгаа юм. Өнгөрсөн хугацааны ажлын явц ч үүнийг баталсан.
-Танай сургуульд “Хобби” гэж хөгжлийн хөтөлбөр хэрэгждэг гэсэн. Энэ талаар танилцуулна уу?
-Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрт багтсан дэд хөтөлбөр л дөө. Бид Багшийн хөгжлийн тухай хуулийн дагуу бодлого боловсруулж хэрэгжүүлэхийн зэрэгцээ суралцагч төвтэй сургалтын үйл ажиллагааг явуулахын тулд тэдэнд чиглэсэн “Хобби” хөтөлбөрийг танхимын сургалтын үед маш амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд бямба гараг бүр англи, солонгос хэлний дамжааг нутаг дэвсгэрийнхээ сургалтын төвүүдтэй хамтран явуулж байлаа. “Түншлэлийн менежмент, олон нийтийн оролцоо, түүний үр дүн” сэдэвт манай сургуулийн брэнд ажлын хүрээнд энэ ажлыг зохион байгуулдаг. Үүнд хорооны засаг захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа түвшинд идэвхтэй оролцдог юм. Эндээс тухайн ЕБС өөрийн нөөц бололцоо, гарц гаргалгааг сайтар тооцож, хөгжлийн тодорхой менежментийг хийж чадвал хүүхдүүдийг хөгжүүлэх ажлыг зохион байгуулж болох нь харагдаж байна.
-Хэдийгээр өмнө нь цахим орчинд бүх зүйлийг зайнаас зохицуулах шаардлагагүй байсан ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бид маш хурдан суралцаж байна. Энэ тохиолдолд та бүхэн хэрхэн ажиллаж байгаа вэ?
-Бид яг энэ хүрээнд зургаан чиглэлийг баримтлан ажиллаж байна. Юуны өмнө нийт сурагчдынхаа хичээлийн агуулгын хоцрогдлыг тодорхойлж, түүнийг хэрхэн арилгах арга тактикийг боловсруулсан. Хоёрдугаарт, сургалтын нэгдсэн төлөвлөгөөг PDC буюу боловсруулалт, сайжруулалт, хяналт үнэлгээний зарчмаар хийж ажиллаж байна. Гуравдугаарт, цахим орчинд багшийн ажлын төлөвлөлт, хариуцлага, ёс зүй ямар байх, дөрөвдүгээрт, суралцагчдад сэтгэл зүйн боловсролыг хэрхэн олгох, эерэг хандлагыг төлөвшүүлэх чиглэлд түлхүү анхаарсан. Тавдугаарт, багш, суралцагч, эцэг эхчүүдийн эргэх холбоог сайжруулах, эцэст нь, энэ жилийн ЭЕШ-д хэрхэн бэлтгэх, төгсөгчдийнхөө сурлагын чанарыг яаж сайжруулахад илүү анхаарч байна. Аливаа ажлын үр дүн судалгаа шинжилгээ, үнэлэлт дүгнэлт дээр суурилдаг болохоор тандалт хийгээд үзэхэд 2019-2020 оны хичээлийн жилд ч сурагчдын дунд сургалтын агуулгын суурь хоцрогдол байсан. Үүнээс хойш теле хичээлийн хоцрогдол нэмэгдсээр байна. Манай сургууль дээр гэхэд 3100 гаруй суралцагчийн 60-аад нь хоцрогдолтой байна гэж тодорхойлоод эмч, номын санч, нийгмийн ажилтан зэрэг зургаан ажилтны бүрэлдэхүүнтэй баг байгуулсан. Тус баг байршлын зураглал гаргаж, сургуулийнхаа дотоод нөөц бололцоог ашиглаж, тэдгээр сурагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, ном сурах бичиг, гарын авлагаар хангах ажлыг хийж байна.
-Цахимаар хичээллэж байгаа нөхцөлд багшийн ажлын ачаалал хэр нэмэгдэж байгаа бол. Энэ чиглэлээр сурган хүмүүжүүлэгчдэд хэрхэн тусалж, зөвлөн ажиллаж байна вэ?
-Өнөөдрийн нөхцөлд багш хичээлээ төлөвлөж боловсруулах, олон талт үйл ажиллагааг чанартай явуулах зорилгоор интерактив, интеграц болон теле хичээлийн хамрагдалтыг нэмэгдүүлэхээр хичээж байна. Тиймээс багш нар маань танхимын хичээлийн үеийнхээс 2-3 дахин их ачаалалтай ажиллаж байгаа. Жирийн үед үндсэн багшийн 19 цагийн /ажлын тав хоногийн/ хичээлээ бэлтгээд заачихдаг байсан бол одоо цахим сургалтын арга зүйгээ боловсруулах, хүүхдүүдээ бүртгэх, эцэг эхчүүдтэйгээ харилцах, сурагчдын оролцоог тооцож, судалгаа шинжилгээ хийх гээд маш олон ажлыг зэрэг амжуулах шаардлагатай болж байна.
-Энэ хаврын хувьд хамгийн их анхаарах ёстой сурагчид нь төгсөх ангийнхан байх. Удахгүй ЭЕШ-ын бүртгэл хаагдах гэж байна. Тэднийг улсын болон ЭЕШ-д бэлтгэх талаар хэрхэн ажиллаж байгаа вэ?
-Суралцагчдынхаа ЭЕШ-д бэлтгэх мастер төлөвлөгөөг цахим сүлжээнд зохицуулан боловсруулаад явж байна. Энэ хавар манай сургуулийн 157 хүүхэд төгсөнө. Тэднийгээ ЭЕШын бүртгэлд 100 хувь хамруулсан. Ер нь дүүрэг, сургууль, эцэг эхийн зүгээс ЭЕШ-д хамрагдах хүүхдүүдэд санхүү, материаллаг баазаар хангах, туслах зүй ёсны шаардлага байдаг ч сүүлийн үеийн сурагчид суралцах чиглэл, сонгох мэргэжилдээ өөрсдөө маш хариуцлагатай, бодолтой ханддаг болсон байна. Тиймээс өмнөх жилүүдэд төгсөөд их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа оюутан ах, эгч нартай нь онлайн уулзалт зохион байгуулах, мэргэжлийн чиг баримжааны талаар зөвлөгөө өгүүлэх зэрэг нь илүү үр дүнтэй юм шиг санагддаг. Сургууль төгсөгчдөө ЭЕШ-д бэлтгэхэд нь дүүргийн Засаг даргын санаачилгаар Боловсролын хэлтсээс “Багшид туслах аппликейшн”-ыг үнэ төлбөргүй олгож, Мобиком корпорац нийгмийн хариуцлагын хүрээнд дата өгөх зэрэг арга хэмжээг авч байгаа нь суралцагчдад маань сэтгэл зүйн томоохон дэм болж байна. Эцэг, эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ аль болох ойр дотно байж, харилцан ярилцах нь цар тахлын өнөөгийн хүндрэлтэй үед багагүй эерэг нөлөөтэйг сануулсан зөвлөгөөг сургуулийн зүгээс гаргаж, сурталчилж байгаа. “ЭЕШ-д хамгийн өндөр оноог хэрхэн авах вэ” сэдэвт нээлттэй, цахим форум уулзалт зохион байгуулах гэхчлэн дэс дараатай ажлыг хийж байна.
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “COVID-19” цар тахлын улмаас сурагчид сургалтын хөтөлбөрийн агуулгыг бүрэн гүйцэт авч чадаагүй гэдэгтэй та санал нийлэх байх. Тийм ч учраас зарим их, дээд сургууль ЭЕШ-ын босго оноог доошлуулсан явдал бий. Үүнд та багш хүний хувьд ямар бодол санаатай байсан бэ?
-ЭЕШ-ын дүнгээр их, дээд сургуульд элсүүлэх босго оноо төрийн болон хувийн хэвшлийнхэнд харилцан адилгүй байдаг. Салбарын яамнаас бол дундаж босго оноо 410 гэдэг ч юм уу, нэг тоо өгнө. Боловсролын салбарт олон жил ажилласан багш хүний хувьд би дээд боловсрол олгож буй аль ч сургууль өмчийн хэлбэрээсээ үл хамааран босго оноо нь адил байх ёстой гэж боддог. Ялангуяа багшлах боловсон хүчин, мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулийн элсэлтийн босго оноо өндөр байх шаардлагатай.
Сүүлийн үеийн дэлхий нийтийн боловсролын чиглэл IQ гэхээс илүү EQ буюу хандлагад суурилсан сэтгэл зүйн боловсролыг чухалчилдаг болж байна. Түүний дотор манлайлах, багаар ажиллах чадварыг их хардаг болсон. Тиймээс төр, засгаас үүнд анхаарч, зөвхөн боловсролын салбарт гэхэд “Чадварлаг багш” хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, “Алсын хараа-2050” үндэсний хөтөлбөрт Монголын ирээдүйн багш нарыг бэлтгэх талаар тусгайлан заасан зэрэг зөв зүйтэй алхмыг хийж байгаад баярлаж л явна. Ер нь багш хүний мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлэх, чадвар чансааг нэмэгдүүлэх, тэдний цалин урамшууллыг өсгөх, амьдралын чанарыг сайжруулах төр, засгийн бодлого зөв явж байгаа ч цар тахлын нөлөөгөөр эдийн засаг, санхүүгийн тухайд хүндрэл үүсэж магадгүйд санаа зовж л байна.
-Танай сургуулийг шинээр барьж байгуулах хөрөнгийг улсын төсөвт суулгасан гэж сонссон. Тийм болохоор таны сэтгэл илүүтэй зовж байгаа болов уу?
-Манай тойрог буюу Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар /одоо нийслэлийн Засаг даргаар ажиллаж байгаа/, Н.Учрал, Г.Анужин нарын хүчин зүтгэлийн үр дүнд 960 хүүхдийн суудалтай шинэ сургууль барих 7.3 тэрбум төгрөгийг энэ оны улсын төсөвт суулгасан. Тэдэндээ баярлаж талархаж байгаагаа сургуулийн удирдлага, нийт хамт олны өмнөөс илэрхийлье. Манай 12 дугаар сургууль 70 орчим жилийн түүхтэй, барилга нь маш их хуучирч муудсаныг УИХ-ын гишүүд маань газар дээр нь удаа дараа ирж үзсэний хувьд ийнхүү дэмжиж тусалсанд талархаж байна. Шинэ сургуулийн маань зураг төсөв хийгдэж байгаа гэж ойлгосон. Ман цахим жишиг сургууль болох хөтөлбөрт хамрагдаж, 100 сая шахам төгрөгийн хөрөнгө оруулалтаар техник, тоног төхөөрөмжөө шинэчилсэн нь бидний хувьд завшаантай явдал, азтай тохиол байлаа.
-Таны түрүүний ярианд АТГтай хамтран ажилладаг гэсэн нь сонирхолтой санагдлаа. Энэ талаар танилцуулбал болох уу?
-Энэ хичээлийн жилээс бид АТГ-ын Соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран ажиллаж, шударга ёсны зарчмыг хүүхдэд багаас нь төлөвшүүлэх, тэдний хүмүүжилд сайнаар нөлөөлөх ажлыг хийж байна. Энэ хүрээнд “Хариуцлагатай ээж нарын бүлгэм”-ийг байгуулж, улмаар клубийн системд шилжүүлснээр одоо 1000 гаруй ээж нэгдсэн байгаа юм. Тэд ажлын ачаалал нь нэмэгдсэн багш нараа дэмжих, хүүхдийн хичээлийн агуулгын хоцрогдлыг арилгахад хамтран ажиллах, сургуулийн удирдлагын менежментийн бодлогыг дэмжих уриалгын дор нэгдэн ажиллаж байна. Энэ нь эцэг эхчүүдийн үүрэг, оролцоог сургуулийн орчинд нэмэгдүүлэх, эерэг хандлагыг гэр бүлийн хүрээнд бий болгох, сурагчдын сурлагын чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой, манай сургуулийн брэнд ажил гэж хэлж болно. Энэ нь дээр дурдсан сурагчдыг хөгжүүлэх “Хобби” хөтөлбөрт илрэлээ олж байдаг юм. Учир нь, дүрслэх урлаг, дуу хөгжим, биеийн тамир зэрэг хөгжүүлэх хичээл сургалтад манай сурагчид зөвхөн өөрсдөө идэвх санаачилгатай оролцоод зогсохгүй эцэг эх, ах эгч нараа татан оролцуулж байдагт сургуулийн удирдлагын хувьд баярлаж явдаг.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)