Нэгдсэн намын нэрийг “МАН” /МАХН/ гэж давхар бичиж байвал зохистой болов уу!
- 2021-04-13
- Нийтлэл
- 2
МАН, МАХН-ын нэгдлийн учир …
Миний бие МАН- /МАХН/-ын гишүүнээр элсэн үйл ажиллагааг нь дэмжиж “Хагас зуун жил” болсон намын ахмад гишүүний нэг.
Байгуулагдсанаас хойш Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө тасралтгүй үйл ажиллагаа явуулж “Зууны манлай” улс төрийн байгууллагад багтсанаас хойш энэ л намынхаа анхан шатны байгууллагын намын үүр, хорооны дарга тэргүүлэгч, товчооны гишүүнээр тасралтгүй сонгогдон ажиллаж үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцсоор ирсэн. Сумынхаа МАН-ын Ахмадын холбооны тэргүүнээр эдүгээ хүртэл сонгуульт ажлыг нь хийсээр л байна.
Мөн намын үйл ажиллагааг дэмжин намын гишүүдийнхээ улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд шат шатны дугуйланд Суртал нэвтрүүлэгчээр ажиллаж, намынхаа өгсөн үүрэг даалгаврыг ямагт биелүүлж, сумын хурлын депутат, хурлын төлөөлөгч, Аймгийн бага хурлын төлөөлөгчөөр удаан дараалан сонгогдож МАХН-ын 20, 22 дугаар их хуралд төлөөлөгчөөр сонгогдож оролцож явсан идэвх зүтгэлтэй гишүүний нэг юм.
Байгуулагдсан цагаасаа эхлэн түүхийн ээдрээтэй ороо бусгаа цаг үед МАН хэмээх энэ том байгууллагын суурийг тавьж, харийн дарлалаас хүн ардаа чөлөөлж түүхт зуун жилийн дотор буурай хөгжилтэй доройтсон улс орноо хүнд бэрх цагуудад Монгол Улсынхаа салбар бүрийн хөгжил дэвшлийг манлайлан удирдаж, эдүгээ үед дэлхийн хөгжилтэй соёл иргэншлийн түвшинд хүргэхэд үүсч байгуулагдсанаас хойших хугацаанд олон Их хурал хуралдаж улс эх орныхоо салбар бүрийн хүрэх түвшинг тав таван жилээр төлөвлөж, түүнийг хэрэгжүүлэхэд бүх нийтийн анхаарлыг төвлөрүүлэн ажиллаж, улмаар эх орныхоо алсын хараатай бодлогыг боловсруулж 30 жилээр төлөвлөж ажиллаж байгаа нь хөгжилтэй орны түвшинд зэрэгцэн ойртож, хүн амын дундаж давхаргын эзлэх хувийг нэмэгдүүлж нэг хүн амд ногдох дотоодын нийт бүтээгдэхүнийг 15 мянган ам долларт хүргэх том зорилт тавигдаж, хүн ардын амьдралын түвшингээр ойртож очих зорилт дэвшүүлэн тавилаа.
Манай намын 100 жилийн ойд зориулан МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тавьсан “Тусгаар тогтнол хөгжлийн зуун” илтгэлд эх орныхоо хөгжил дэвшлийг маш тодорхой дүгнэж илтгэснийг намынхаа 220 мянган гишүүний нэгэн эс болох миний бие талархан хүлээж авсандаа баяртай байна.
Харин МАН-ын илтгэл дотор сүүлийн үед МАН-ын угшилтай МАХН-ыг эх намдаа эргэн ирж элэг бүтэн зорилго нэг их үйлсийн төлөө хамтран зүтгэх нь зүйтэй гэсэн хоёр намын гишүүд дэмжигчдийн санал хүсэлт гаргасныг талархан дэмжиж хамтран ажиллана гэдгээ илэрхийлснийг дэмжиж байгаа юм.
Гэвч анхандаа гэнэт яагаад уугуул намынхаа нэрийг авч бүртгүүлээд шинэ нам байгуулсан нь намынхаа мянга мянган гишүүдийг гонсойлгож гарснаа тодорхой тайлбар гаргаж, яагаад буцаж нэгдэх болсон шалтгаанаа жирийн гишүүн бидэнд маш тодорхой тайлбар өгмөөр байгааг ялангуяа орон нутгийн гишүүд хүсч байгааг дамжуулахын зэрэгцээ өөрийн хэдэн санал бодлоо нэмэрлэе.
-Миний бие 1997 хуралдсан МАХН-ын 22 дугаар их хуралд төлөөлөгчөөр оролцох үед “МАХН нь ардчилсан социалист онолыг суртахууныхаа үндэс болгосон зүүн төвийн нам” хэмээн албан ёсоор баталгаажуулсан билээ. Энэ үеэс “Хувьсгалт” гэдэг үг зүүн төвийн үзэл бодолтой намуудтай холбоо тогтоон ажиллахад бэрхшээл учруулж болзошгүй байна гэсэн яриа гарч байсан боловч төлөөлөгчдийн олонх нь дэмжээгүй санагдана.
-Харин 2010 онд хуралдсан МАХН-ын 26 дугаар их хурлаар “Шинэчлэл, манлайлал, хөгжил” уриан дор хуралдаж улс орныхоо ардчилсан өөрчлөлтийн өнгөрсөн 20 жилийн үйл явцыг дүгнэж, цаашдын баримтлах бодлогынхоо үндсэн чиглэлийг тодорхойлсон байдаг. Цаг үеийн нөхцөл байдлын өөрчлөлт, намын гишүүд дэмжигчдийн хүсэл санааг харгалзан “МАН” хэмээх уугуул нэрээ сэргээсэн түүхтэй. МАН бол МАХН-ын зүй ёсны эхлэл ба үргэлжлэл бөгөөд Монгол Улсынхаа тусгаар тогтнол эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн нийгмийн ардчилсан үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам мөн хэмээн тодорхойлсон байдаг.
-Гэтэл манай намын мянга мянган гишүүд дэмжигчид Н.Энхбаяр даргыг шилдэг залуу боловсон хүчин гээд Соёлын сайд улмаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч зэрэг төрийн гурван өндөрлөгүүдийн хариуцлагатай албан тушаалд нь дэвшүүлэхэд бид бүхэн байнга дэмжиж явсан билээ.
-Гэтэл гэнэт Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа дэвшээд ялагдсаны дараахан уугуул намынхаа “МАХН” нэрээ МАН гэх нэрлэх болсны дараа “МАХН” нэрийг шинэ намын нэрээр нэрлэн Үндсэн хуулийн цэцэд бүртгүүлж ижил нэртэй, ижил зорилго чиглэл, үзэл баримтлал нь бараг ижил зүүн төвийн хоёр нам болж тусгаарлахад нь намын гишүүд бид ёстой л “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэдэг шиг сонин юм болж намынхаа ууган хэвлэлээр санал бодлоо олон гишүүд дэмжигч илэрхийлж бичих болсон нь манай намын төв хэвлэл “Монголын үнэн” сонины шар хуудсанд түүх болон үлдсэн дээ.
-Бүр МАН-АН буюу Манан хэмээх томъёолол гаргаж ирээд л хамаг болохгүй муу бүхнийг уугуул намдаа тулгаж, бай болгон хэвлэл мэдээллийн сувгаар бас нэгэн телевизийн суваг ашиглан 10-аад жил мөн ч их муулсныг бид мартаагүй л байна шүү дээ !!!
-Ухаант ард түмэн өвгөд дээдэс минь Эв эеээ хичээн ажиллах талаар олонтаа сургаж байсан даа. “Эвтэй байхдаа хүчтэй байдаг ” гэсэн сургаал нь баталгаагүй үнэн болохыг амьдрал харуулсаар л байна. Ингэж хуулийн бус аргаар МАХН нэрийг хүчээр авсан нь намын цаашдын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, зарим сонгуульд ялагдал хүлээж байсан удаатай.
-Дахиад л намын нэгдлийн тухай одоогийн МАН-ын даргын ойн хурлын илтгэлд тэмдэглэсэн бодлогыг дэмжиж байгаа боловч дараах хэдэн зүйлд анхаарах саналаа нэмэрлэе
1. МАН нам бол МАХН-ын зүй ёсны эхлэл ба үргэлжлэл гэдгийг ямагт санаж дахиад нэрний тухай асуудлыг гаргахгүй байхыг энэ цаг мөчөөс таслан зогсоож эв нэгдэлдээ бат зогсоно гэдгийг баталгаажуулж гарын үсэг зурж Үндсэн хуулийн цэц болон Намынхаа удирдах зөвлөлд хадгалах хэрэгтэй.
2. Намынхаа цаашдаа албан хэрэгцээнд, олон улсын гэрээ хэлцэлд МАН-аа “МАН” /МАХН/ гэж давхар бичиж байвал зохистой болов уу!!!
3. МАН-ын 100 жилийн ойд зориулсан намын дарга У.Хүрэлсүхийн илтгэлд дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд эв нэгдлийг эрхэмлэн ууган намынха байгуулсан гавьяа, дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэн ажиллахдаа нэгэн тугийн дор эв нэгдэлтэй ажиллан, эв эеийг хичээнгүйлэн мөрдөж ажиллахаа батлан илэрхийлж баримт бичигтээ тусгавал сайн сан.
4. Уугуул намууд нэгдэн хамтран ажиллах болсон шалтгаанаа бүх гишүүдэд мэдээлэл сурталчилгаа хийвэл зүгээр юм даа
Удахгүй болох МАН-ын ээлжит 30 дугаар их хурлаараа Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээ тодруулах болно. Дэвшүүлсэн хүндээ бат нэгдэлтэй байх хэрэгтэй. У.Хүрэлсүхийн засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг өргөн барьж УИХ-аар батлуулсан нь сүүлийн 30 жилд анх удаагаа цогц бодлогоо боловсруулж ирээдүйн хөгжлийн зорилтоо батлуулсан билээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа сүүлийн хэдэн жил хууль бусаар алдагдсан улсын үйлдвэрийн газрууд, уул уурхайн ордууд, байгалийн баялгаа төр улсдаа эргүүлэн авахын төлөө эрс шийдэмгий тэмцэл хийж, уул уурхайн баялаг орд газар, үйлдвэр аж ахуйн газруудыг ард түмний мэдэлд авсан нь маш том амжилт
Дэлхий нийтээр тархсан цар тахал “Ковид-19” –ийн үед ч ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах, вакцинжуулах, энэ хүнд үед ард иргэдийнхээ амьжиргааны түвшин эрч буурсан үед ч иргэдийнхээ амьдралд нэмэр болох, гэрэл цахилгаан, дулааны үнийг тэглэж, сайн түлшний үнийг 75 хувь бууруулж ажлын байрыг нэмэгдүүлэх хөнгөлттэй зээл олгох, залуучуудыг мэргэжилтэй болгох зэрэг цаг үеэ олсон олон чухал арга хэмжээнүүд нь ард түмний амьдралд ихээхэн дэмжлэг болсон.
Манай намаас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай олон шилдэг хүмүүс бий. Энэ дотроос МАН-ын дарга У.Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлэхийг хүсч байна. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн илтгэлд дэвшүүлсэн оновчтой зохион байгуулалт, орчин цагийн цахимжсан мэдээлэл сүлжээ бүхий дэвшилтэт арга барилтай улс төрийн хүчин болж улс орноо ойрын 30 жилд багтаан нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийнхээ амьдралын чанараар Ази тивдээ тэргүүлэх орны нэг болгох томоохон зорилт дэвшүүлсэн билээ.
Энэ зорилтоо ханган биелүүлэхэд “100 жил-10“ зорилт” хөгжлийн 10 санаачилгыг маш тодорхой зааж дэвшүүлсэн. Ийнхүү улс төрийн ууган хүчин МАН-ын 100 жил, Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ойн жилд ололт амжилтаа бататган МАН-ынхаа түүхэн их хурлаасаа гарах шийдвэрүүдийг гишүүн бүр дэмжиж, эрч хүч, зүтгэл санаачилгатай ажиллан манлайлж 100 жилийнхээ бүтээсэн амжилт ололтоо бататгаж ирэх хоёр дахь зууны түүхэн зорилтуудыг хэрэгжүүлэх ажилд намын гишүүд бүр түүчээлэн оролцож ажиллахыг хүсч уриалж байна.
С.ПҮРЭВЖАВ
/МАН-д хагас зуун болсон намын ахмад гишүүн/
Сэтгэгдэл (2)
э (139.5.217.73)
сүх жанины үр удам нь хаа явдаг юм бол 100 уилийн ойгоор тоодог болов уу
ыы (192.82.69.92)
“МАН” /МАХН/ гэж давхар бичихийг дандаа биш ойн арга хэмжээний үеэр бичдэг байх, МАХН -ынхан сайд, ТНБД- аар наймаалцах биш намын удирдах зөвлөлд тэдэн хувь, бага хуралд төдөн хувь гэж тохирох ёстой болов уу