П.Оюунбат: Нийслэлийн нийт хөрсний 12 хувь нь л бохирдолгүй, эрүүл байна
- 2021-04-15
- Үнэн
- 0
ШУА-ын Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн хөрс судлаач, Монгол Улсын Их Сургуулийн докторант П.ОЮУНБАТТАЙ ярилцлаа.
-Та бүхэн зарим нэр төрлийн ургамал тариалснаар хөрсний бохирдол багасна гэж үзсэн юм байна. Наранцэцэг, эрдэнэшиш тарьснаар хөрсний бохирдлыг бууруулах боломж байгааг анх хэрхэн олж мэдсэн бэ?
-Олон улсын шинжлэх ухааны сэтгүүлүүдэд бохирдсон хөрсний бохирдлыг бууруулах хими, биологи, физик гээд олон төрлийн арга технологийн туршилт судалгаанууд хийсэн тухай мэдээлэл гарсан байдаг. Гэсэн хэдий ч хэрэглэхэд хялбар, хямд өртөгтэй, хүрээлэн буй орчиндоо дам сөрөг нөлөөгүй арга технологи гаргах асуудал өнөөг хүртэл тулгамдсан сэдвийн нэг хэвээр байна. Бид олон улсад ашиглаж буй тэдгээр арга технологиудаас phytoremediation буюу хөрснөөс хүнд металлыг ургамал өөрийн эд эрхтэнүүдэд шингээж арилгах аргыг туршиж нутагшуулахаар сонгож авсан. Хөрсний хүнд металлыг саармагжуулдаг олон төрлийн ургамал байдаг. Гэхдээ ургамлын физиологийн онцлогоос шалтгаалан ямар элементийг хэр хэмжээгээр авах нь харилцан адилгүй. Бид олон улсын туршлагад үндэслэн онолын хувьд наранцэцэг (Helianthus annuus), эрдэнэшиш (Zea mays) нь хром (Cr), зэс (Cu), манган (Mn), цайр (Zn) зэрэг элементийг хөрснөөс өөртөө их шингээдэг (hyper accumulation), хөрс цаг уурын хувьд Улаанбаатар хотын техноген нөлөөнд хүчтэй өртсөн хөрсөнд ургах боломжтой зэрэг онцлог шинж чанарт үндэслэн сонгон авч бодит туршилт судалгаа хийсэн.
-Судалгаа явуулах байршлыг хэрхэн олж тогтоосон бэ?
-Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын бохирдлын томоохон эх үүсвэрүүдийн нэг нь Хан-Уул дүүргийн II хорооны нутагт орших арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдээс ялгардаг хаягдал ус ба лаг юм. Арьс шир боловсруулах үйлдвэр нь маш олон нэр төрлийн химийн бодис, үүний дотор хромын сульфатыг арьс идээлэх, будаг тавих гадаргууг боловсруулахад ашигладаг. Энэ үйлдвэрийн технологид ашигладаг химийн бодисын ашиглалт, тээвэрлэлт, хадгалалт нь стандартын шаардлага хангаагүйгээс шалтгаалж тухайн орчны хөрс хром зонхилсон цайр, зэс, манган, хүнцэл зэрэг элементээр их бохирдсон. Тухайлбал, хром (Cr) дунджаар 617 мг/кг буюу стандартын (MNS 5850:2019) хүлцэх агууламжаас 4.1 дахин их, хортой агууламжаас 1.5 дахин өндөр байна.
Хром нь ихэвчлэн гурав ба зургаан валенттай нэгдэл хэлбэрээр оршдог. Зургаан валенттай хроматууд хоруу чанар өндөртэй, хөдөлгөөн ихтэй байдаг. Хром агуулсан хог хаягдал, лагийн тоосонцор хэсгүүд нь ус салхиар зөөгдөн тархаж, амьд организын биед хуримтлагдаж, урт хугацаанд хадгалагдах чадвартай байдаг. Хот суурин газрын хөрсөнд хуримтлагдсан хүнд металлууд нь арьс болон амьсгалаар дамжин хүний эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Зарим хүнд металл ДНХ-д шууд нөлөөлж мутац үүсгэдэг. Бидний судалгаагаар тухайн орчны сөрөг нөлөөллийн бүсэд 2010 оноос хойш орон сууцны хорооллууд эрчимтэй баригдаж, иргэд олноор суурьшсан. Иргэдээс авсан санал асуулгаар арьс загатнах, тоосноос харшлах, дотор муухайрах, толгой эргэх зэрэг хүнд металлын хордлоос үүдэлтэй байж болох шинж тэмдэг илэрсэн. Иймээс бид хөрсөн дэх хүнд металлын (хромын) агууламжийг бууруулах, хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд үүсэх сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор энэхүү газрыг сонгож туршилт судалгаа хийж гүйцэтгэсэн. Туршилт судалгаагаар наранцэцэг, эрдэнэшиш тарьсан хөрсөн дэх хромын агууламжийг 40 хувь бууруулсан байдаг.
-Энэ судалгаанд хэр хугацааг зарцуулсан бэ?
-2010 онд нийслэлийн Байгаль орчны газрын захиалгаар манай ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн Улаанбаатар хотын хөрсний бохирдол, төлөв байдлын судалгаагаар тухайн үйлдвэрийн бүсэд хром зонхилсон хүнд металлын бохирдол өндөр байгааг тогтоосон. 2017 онд Ус сувгийн удирдах газрын захиалгаар миний бие болон байгаль орчны зөвлөх үйлчилгээний “Грийнлэнд прайндлии ХХК-ийн судлаачдын хамтаар нарийвчилсан судалгаа хийсэн. Энэхүү нарийвчилсан судалгааг үндэслэн хөрсний хүнд металлын бохирдлыг саармагжуулах туршилт судалгааг УСУГ-ын харьяа Үйлдвэрийн ус цэвэршүүлэх байгууламжийн захирал н.Алтанхүү болон Боловсролын Их Сургуулийн Ургамлын судалгааны төвийн багш, доктор Я.Гэрэлчулуун, Б.Болорцэцэг нарын хамт 2018-2019 онд хийж гүйцэтгэсэн.
-Судалгааныхаа ажлыг илүү үр дүнд хүргэж цааш үргэлжлүүлэхэд та бүхэнд юу шаардлагатай байна вэ?
-Санхүүжилт хэргтэй. Хэрэв та анзаарсан бол энэхүү судалгааны үр дүнг ямар нэгэн байгууллагын захиалга, санхүүжилт дэмжлэгтэйгээр хийсэн тухай дурдсан. Бидэнд хөрсний бохирдлыг бууруулах, технологийн судалгаа хийхэд багагүй хугацаа, хөрөнгө мөнгө шаардлагатай байдаг. Цаашид нийслэлийн хүрээлэн буй орчны тулгамдсан асуудал болох хөрсний бохирдол, түүнийг бууруулах технологийн судалгааг Боловсрол, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Байгаль орчны газар зэрэг холбогдох төрийн байгууллагууд дэмжиж ажиллана гэж найдаж байна.
-Наранцэцэг, эрдэнэшишийг иргэд хашаандаа тариалах боломжтой юу. Юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Боломжтой. Зөвхөн наранцэцэг, эрдэнэшиш гэлтгүй хөрсний бохирдлыг саармагжуулдаг олон төрлийн ургамал байдаг тухай дээр дурдсан. Бохирдол ихтэй хөрсөнд тарьсан ургамлыг хүнсэнд хэрэглэж болохгүйг анхаарах хэрэгтэй.
-Нийслэл төдийгүй орон нутагт хөрсний бохирдол үүссэнээр бидний амьдрах орчинд аюул тулгарч байна. Та бүхэн орон нутагт хөрсний бохирдлыг судалж тогтоодог уу?
-Бид хөдөө орон нутагт хөрсний бохирдлын судалгаа хийх бүрэн боломжтой. Хөрсний бохирдол тэр тусмаа хөрсний органик болон нянгийн бохирдол нь хот суурин газрын техноген нөлөөллөөс үүдэлтэй байдаг. Энэ утгаараа хөдөө орон нутаг буюу аймаг, сумын төв зэрэг суурин газруудад ч хөрсний бохирдол их үүссэн. БНХАУ-аас эхлээд Европын улс орнууд томоохон хот суурин газрууддаа 5-10 жилийн давтамжтай хөрсний бохирдлын хяналт мониторинг хийдэг. Манай улс ядаж 10 жил тутамд аймгийн төвүүдийнхээ хөрс орчны бохирдлыг судалдаг, хянадаг болох хэрэгтэй байна.
-Хамгийн сүүлд хэзээ нийслэлийн хөрсний бохирдлыг судалсан бэ. Судалгааныхаа зарим онцлог үр дүнгээс товч танилцуулбал?
-Нийслэлийн хэмжээнд бол хамгийн сүүлд 2014 онд судалсан. Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын бохирдолтын ерөнхий түвшин дундаж хэмжээнд байгаа бөгөөд алаг цоог байдлаар тархсан хар тугалга, хром, цайрын бохирдолт их байна. Хөрсний нянгийн бохирдлыг гэдэсний бүлгийн бичил биетэн E.coli, агааргүйтэн бичил биетэн Cl.perfringens, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч Salmonella, хөгц мөөгөнцөр зэрэг үзүүлэлтээр тодорхойлсон. Нийт дээжийн 12 хувь бохирдолгүй, 88 хувь нь нянгийн бохирдолтой байна. Үүнээс 53 хувь нь бага зэргийн, 24 хувь нь дунд зэргийн, 11 хувь нь их зэрэглэлийн нянгийн бохирдолтой гарсан. Улаанбаатар хотын гэр хороолол, томоохон зах, хур хогийн цэг орчмын хөрсөнд нянгийн бохирдолт их байна. Хөрсөн дэх органик бохирдол 52.6, шивтрийнх 88.4, сульфатын бохирдол 72 хувь байна. Улаанбаатар хотын хөрсөнд органик гаралтай бохирдол их байгаа бөгөөд энэ нь гэр хороолол, олон нийтийн газрын ахуйн хог хаягдал, шингэний бохирдолтой шууд холбоотой юм. Хөрсний бохирдол хотын төв хэсэгт харьцангуй бага, харин хотын зах орчмоор ихсэх хандлагатай байна.
-Нийслэл хотын хөрсний бохирдлыг бууруулахад ямар ажил зохион байгуулах шаардлагатай гэж үздэг вэ?
-Нийслэлийн зүгээс хөрсний бохирдол ихтэй газруудын тооллого бүртгэл хийж бохирдсон газрын байршил, талбайн хэмжээ, бохирдлын төрөл зэргийг нарийвчлан тодорхойлж, бохирдлын эх үүсвэрийг арилгах, бохирдсон хөрсийг нөхөн сэргээх арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Нянгийн бохирдол ихтэй гэр хорооллын бүсэд нүхэн жорлон ашиглахыг хориглож, эко жорлон ашиглах шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, гэр хорооллын айл өрхүүд хашаандаа, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн эзэмшил газартаа мод тарьж ногоон байгууламж бий болгох ажлыг зохион байгуулах, дэмжиж ажиллах шаардлага бий.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс нийслэл хот төдийгүй улсын хэмжээнд иргэдэд нүхэн жорлонгоо өөрчлөх ногоон зээл, санхүүгийн механизмыг олон улсын болон банк санхүүгийн байгууллагуудтай хамтран авч хэрэгжүүлэх, хөрс газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх нь чухал юм.
Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс хөрсний бохирдлоос хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд хэрхэн сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар иргэдэд танин мэдэхүйн мэдээлэл, сургалт сурталчилгааны ажил зохион байгуулж, сургууль, цэцэрлэг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан экологийн боловсрол олгох, Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс Хог хаягдлын тухай хууль, Газар эзэмших тухай хууль, Байгаль орчны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хөрс бохирдуулж буй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдэд хариуцлага тооцох хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Хөрс бол байгаль орчны үндсэн дөрвөн бүрэлдэхүүний нэг боловч БОАЖЯ, НБОГ зэрэг байгууллагуудад агаар, ус, ургамал хариуцсан бүхэл бүтэн газар, хэлтэс байдаг боловч хөрс хариуцсан нэгж, хэлтэс, газар улсын хэмжээнд байдаггүй гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Тиймээс хөрсний бохирдол, эвдрэл доройтол нь салбар дунд хаягдсан асуудал болоод байна. Цаашид БОАЖЯ болон нийслэлийн хэмжээнд хөрсний бохирдлыг бууруулах нэгж (хэлтэс) байгуулж хөрсний ашиглалт, хамгаалалтыг бодлогоор дэмжиж ажиллах шаардлагатай байна.
-Бусад улс орны арга туршлагаас хэрхэн судалдаг вэ. Бидэнд хэрэгжүүлж болох ямар арга туршлага байна вэ?
-Судлаачид бид гол төлөв олон улсын эрдэм шинжилгээний Web of Science болон Scopus-д бүртгэлтэй сэтгүүлүүдээс бусад улс орны туршлагыг судалдаг. Энэ нь шинжлэх ухааны түвшинд сайн хянагдсан, үнэн зөв мэдлэг, мэдээлэл байдаг. Олон улсын туршлагаас харж байхад хөрсний бохирдлыг бууруулах “Брон филд” (Brown field) хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх боломжтой юм болов уу гэж боддог. 1990-ээд оны эхэн үеэс АНУ-ын Хүрээлэн буй орчныг хамгаалах агентлаг (EPA) “Brown field” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн. Улмаар ХБНГУ хөрсний бохирдлыг бууруулах “Green field” хөтөлбөр боловсруулан амжилттай хэрэгжүүлснээр Европын холбооны улс орнууд энэхүү сайн туршлагыг өөрийн улс орны онцлогт тохируулан боловсруулж, хэрэгжүүлсээр байна. Энэ хөтөлбөрийн ерөнхий зарчим нь миний дээр өгүүлсэн бохирдсон газрын тооллого бүртгэлийг хийж, тухайн газрын онцлогт тохирсон системтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд үндэслэгдсэн байдаг.
-Хөрсний бохирдлоос үүдэж нийслэлд гарч буй сөрөг үр дагаврууд юу байна?
-Хөрсний нянгийн бохирдол нэвчиж, гэр хороолол дундах нам гүний худгийн усанд бохирдол үүсгэж байна. Цаашид гэдэсний бүлгийн эмгэг төрөгч Salmonella зэрэг халдварт өвчлөл үүсгэдэг нян бактерууд ундны эх үүсвэрийн худгуудад бохирдол бий болгох эрсдэлтэй байна.
Мөн хөрс, шороонд шингэсэн химийн хортой нэгдлүүд хуурайшилтай үед агаарт дэгдэж арьс, амьсгалын харшил үүсгэх зэрэг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.
-Та бүхэн хөрсний бохирдлыг бууруулах өөр ямар арга хэрэгслийг судалж байна вэ?
-EM буюу эерэг микроорганизмуудыг ашиглан хөрсөн дэх хими болон микробиологийн бохирдлыг бууруулах туршилт судалгааны ажлыг ШУА, Хими технологийн хүрээлэн болон Технологийн инкубатор төвтэй хамтран хийж гүйцэтгэж байна. Мөн хөрсний урвалын орчныг өөрчлөх, эдафон буюу хөрсний амьд биес ашиглах замаар хөрсний бохирдлыг бууруулах аргыг судалж байгаа юм.
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)