Монгол Улсын ашиг сонирхолыг монголчууд бид нар л хамгаална

Төрийн ажилтан нар эх орныхоо ашиг сонирхолыг эрхэмлэн ажилладаг. Улсынхаа ашиг сонирхолд хохирол учруулахаас сэргийлдэг, өчүүхэн боловч алдаа гаргасан бол хариуцлага хүлээж засч чаддаг уламжлал бий.Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлөх эрсдэл байдаг учраас ийм хүмүүжилтэй байж ирсэн.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг зарим талаар туйлшруулж, сахилга хариуцлага суларч байгаа орчин үед төрийн ажилтан нарт улс эх орныхоо ашиг сонирхолд хохирол учруулахаас сэргийлж байх шаардлага, хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлэх нь чухал юм.

Манай улсын гадаад харилцаа өргөжиж байна.Харилцаж байгаа гадаадынхан өөрийнхөө ашиг сонирхолоор бидэнтэй харилцах бөгөөд манайхан Монгол Улсынхаа ашиг сонирхолыг хангаж харилцах мэргэжлийн өндөр ур чадвартай, сэтгэлтэй байх ёстой.Том гүрэн, хүчирхэг компанийн төлөөлөлтэй хэлэлцээр хийх амаргүй.Нөгөө тал олон жилийн туршлагатай, зарим үед дарамтлах, хуурч мэхэлж ч магад байдаг.Тийм учраас яриа хэлэлцээрт хашир тэвчээртэй бөгөөд соёлтой оролцож улсынхаа ашиг сонирхолыг тууштай хамгаалж чаддаг байх хэрэгтэй.

Аливаа гэрээ хэлэцээрийн бэлтгэл ажил хамгаас чухал, бэлтгэл сайн байх тусмаа хэлэлцээр амжилттай болох үндэс суурь болно.

Хэлэлцээр хийх бэлтгэл болон хэлэлцээр хийхэд баримтлах ёстой журмын гол зүйлийг товч дурьдвал: 

I. Хэлэцээрийн баг бүрдүүлэх ба багийн дүрэм.

- Хэлэцээрийн баг нь үндсэн хоёр хэсэгтэй байх нь зохистой:

- хэлэлцээрт оролцох хэсэг,

- хэлэлцээрийг удирдан зангидах хэсэг.

Хэлэлцээрт оролцох хэсэгт нь тусгайлан бэлтгэгдсэн хэлэлцээр хийх туршлагатай мэргэшсэн хүмүүс багтана.

Хэлэлцээрийг удирдан зангидах хэсэгт нь шийдвэр гаргах эрх дархтай албан тушаалтан, тодорхой салбарын мэргэжилтэн, судлаач нар (эдийн засагч, санхүүч, зах зээлийн судлаач, нягтлан бодогч гэх мэт), эрх зүйч, хуулийн зөвлөх нар.

- Бүрдүүлсэн баг дотроо үүрэг хариуцлагаа маш тодорхой хувиарилах,эдгээр үүргээ ягштал баримтлах (энд аль нэг хүний хувийн тоглолт, улс төрийн тоглолт, амбиц, сэтгэлийн хөдлөл орж үл болно).Хэлэлцээрт монголын талын манлайлах хүн нь хэн байх, ширүүн эсвэл зөөлөн аргаар ярилцах үүрэг бүхий оролцогч хэн хэн байх, ажиглалт хийх ба тэмдэглэл хөтлөх үүрэгтэй оролцогч нар хэн хэн байх гэх мэт.

- Хэлэлцээрийн үед баг дотроо баримтлах дүрмээ тохирох; жишээ: баг дотроо харилцах аргаа тохирох (хэлэлцээрийн үед хоорондоо маргах, санал зөрөлдөх нь нөгөө талд том боломж олгох тул завсарлага авахыг санаачлан баг доторхи зөрүүтэй саналаа тусдаа шийдэх). Баг дотрох зөрчилийг нөгөө тал санал хуваах, бутаргах, улс төрийн тоглолт хийхэд ашиглах учир энэ асуудлыг бэлтгэлийн үедээ хатуу тохирсон байх.

- Хэлэлцээрт орох багийн эрх мэдэл, ялангуяа шийдвэр гаргах эрх мэдлийг маш тодорхой зааглаж багийн гишүүдэд танилцуулах, ойлгуулах; багийн эрх мэдлийн хэмжээ, шийдвэр гаргах хэмжээ хэтэрсэн тохиолдолд үүнийг нөгөө талд нэн даруй мэдэгдэх, дээд түвшинд шийдэх ёстойг шууд мэдэгдэх.

II. Хэлэцээрийн гол зорилго зорилтуудаа тодорхойлох, эдгээр зорилтуудын төлөө ажиллахаар санал бүрэн нэгдсэн байх:

- хэлэлцээрийн эцэст ямар үр дүнд хүрэх зорилгоо маш тодорхой тогтоох нь онцой чухал

- хэлэцээрт оролцох багийн гүшүүд Зорилтоо хамтран хэлэлцэж тодорхойлох нь онцгой ач холбогдолтой. Ямар нэг зөрүүтэй санал ойлголцол байж болохгүй, нөгөө тал тэдгээр зөрүүтэй байдлыг маш сайн анзаарах бөгөөд зөрүүтэй санал болгон дээр тоглолт хийх эрсдэл дагуулах тул баг дотор зөрүүтэй ялгаатай санал байж боломгүй.Нэгдмэл байр сууриа хатуу барих тусам амжилтанд хүрнэ.

- Хэлэлцээрийн үед ярилцах асуудал бүрийг залхууралгүй нэг бүрчлэн хэлэлцэж ангилах,

- Хэлэлцээрийн явцад манай талд хэрэг болох жаахан боловч асуудлаар тохиролцоонд хүрсэн буюу зөвшөөрсөн үг сонссон бол түүнийг тэмдэглэн авч тохирсон зөвшөөрөлцсөн асуудал болгоныг баталгаажуулах хэрэгтэй. Эргэж буцаад байхыг хязгаарлахад хэрэг болно.

Хэлэлцэх асуудлыг дараах байдлаар ангилаж болно:

Монгол Улсын ашиг сонирхолыг монголчууд бид нар л хамгаална

- Аливаа хэлэцээрийн бэлтгэл хийх явцад өөрийн байр сууриа нухацтай бэлтгэхээс гадна нөгөө талынхаа байр суурийг урьдчилан таамагдах (энэ бол заавал хийх ёстой анализ ажил)

- Нөгөө талын байр суурийг аль болох дэлгэрэнгүй ангилан судлаад хариу арга хэмжээгээ төлөвлөх.

III. Хэлэцээрийн үед хоер талын баримтлах дүрмээ хэлэлцээр эхэлхээс өмнө харилцан тохирох

Энэ алхамыг тоохгүй алгасаад үлдээх нь түгээмэл.Энэ үед талууд нэгнийгээ анхааралтай сонсох, үг таслахгүй байх, хувь хүн рүү дайралт хийхгүй байх, хэвлэл мэдээллийнхэнд мэдээллийг яаж өгөх, гүйцэд тохироогүй асуудлыг гарагшаа гаргахгүй байх гэх мэт асуудлыг тохиролцсон баталгаажулсан байх ёстой.

Монгол Улсын гадаад харилцаа тэлж олон улсын гэрээ хэлэлцээр хийх шаардлага нэмэгдэх нь дамжиггүй. Олон улсын болон стратегийн ач холбогдолтой гэрээ хэлэлцээр хийх чадвартай, мэргэшсэн баг зайлшгүй байх шаардлага аль эрт бий болсон. Засаг өөрчлөгдөх солигдох болгонд хуримтлуулсан туршлага мэдлэг нь салхинд хийсч, чадварлаг залуучууд гудманд гарч улс төр хөөхөөс өөр аргагүйд хүрч байгааг харах эмгэнэлтэй. Энэ асуудлыг шийдэх арга замыг би манай улсын удирдлагад нэг бус удаа санал болгож ирсэн. Эдийн засгийн бодлогын яам ба тус яамны дэргэд эрдэм шинжилгээний хүрээлэнг нэн даруй бий болгож ажиллуулаач. Өдий хүртэл энэ асуудлыг шийдээгүй байгаа нь тун харамсмаар. Эдийн засгийн хөгжлийн бодлогогүй улс ховор доо.

Би төрийн байгууллагад 1995 оныг хүртэл 41 жил ажиллах хугацаанд улс хоорондын хамтын ажиллагааны асуудлаарх зарим төвөгтэй яриа хэлэлцээрт оролцож байснаа санадаг, үр дүн нь манайд хохирол учруулаагүй түүх болж өнгөрсөн байдаг бөгөөд түүнээс сургамж авмаар юм байдаг.Жишээлбэл:

- Монгол Зөвлөлтийн хамтарсан Эрдэнэт үйлдвэрийг байгуулах засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хоёр тал 1973 онд Улаанбаатар болон Москвад тус тусдаа боловсруулж байлаа.Гэтэл манай нэг дарга Москва хотод очсон байхдаа Зөвлөлтийн талын боловсруулсан хэлэлцээрийн төсөлд дур мэдэж, хэлэлцээр хийгээгүй байхад гарын үсэг зурсан байлаа.Тэр хэлэлцээрийн манай талын төслийг боловсруулах ажлыг хариуцаж байсан бидний хэдэн эдийн засагчдаас Ерөнхий сайдынхаа орлогчийн нэгэнт гарын үсэг зурчихсан хэлэлцээрт зарим өөрчлөлт оруулахаар гаргасан санал олон жил яригдаж байж шийдэгдэж билээ.Хамтын үйлдвэрээс байгалын баялаг ашигласны төлбөр авдаг байх, төгрөг рублийн ханшийн зөрүүгээс үүсгэсэн датаасыг хамтын үйлдвэрт манай улсын төсвөөс төлөх болж байсныг зогсоох, Зөвлөлтийн тал оруулсан хөрөнгө оруулалтын зардлаа нөхсөний дараа үйлдвэрийг хамтын биш Монгол Улсын болгох гэсэн гурван үндсэн санал байсан бөгөөд уйгагүй тэмцсэний үр дүнд нааштай шийдэгдсэн юм.Зөв саналыг хүлээн авч, алдааг засахгүй бол хоёр улсын харилцааны түүхэнд хар толбо үлдэж болохыг ЗХУ-ын Коммунист намын удирдлага анхаарсан.Бид нарын санал нааштай шийдэгдэж байхад түүний ач холбогдлыг ойлгохгүй, хоёр улсын хамтын ажиллагааны эсрэг үйлдэл болгон гуйвуулах замаар бидний саналыг дэмжиж байсан Моломжамц, Батмөнх дарга нарыг хэлмэгдүүлж албан тушаал эрх мэдэлээ нэмэхийг санаархаж байсан зарим дарга нарын буруу үйлдэл эцсийн дүнд Ю. Цэдэнбал гуайг бүх албан тушаалаас нь өөрчлөхөд хүргэсэн.Эх орныхоо ашиг сонирхолыг хамгаалах чадваргүй, албан тушаал эрх мэдлийн шуналтай хүний гай их юм билээ.Энэ бүх үйл явдлын тухай миний дурсамжийн ном болон Ш.Надиров гэдэг хүний “Ю. Цэдэнбал 1984“ гэдэг номонд тодорхой бичигдсэн.

- Далаад оны сүүлчээр Сайд нарын Зөвлөлийн дарга Ж. Батмөнх гуай ЗХУ-д ажлын айлчлал хийхдээ намайг авч явлаа.Манай даргад зориулсан нэг хүлээн авалтад намайг оролцуулахад ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Н. Косыгин гуайн дэргэд миний суудал таарлаа.Сайхан завшаан.Хөрөнгө оруулалт татах сонирхолоор манай улсад Коксжих нүүрсний Таван толгойн орд, Фосфоритын Хөвсгөлийн орд байдагийг ярьлаа.Косыгин гуай фосфоритын орд байдгийг сонирхож лавлаад Геологийн сайд Козловскийг дуудаад Монголд фосфоритын орд байдгийг мэдэхүү гэж асуугаад судал гэж үүрэг өглөө.Үр дүнд нь богино хугацаанд ордод хайгуулын ажил хийгдэж, техник эдийн засгийн урьдчилсан тооцоо гарсан юм.Гэтэл тэр үед манайд ирж байсан жуулчид, түүний дотор барууны орны зарим жуулчид Хөвсгөл нуур орчмоор явж үзээд хэрэв фосфоритын ордыг ашиглавал Хөвсгөл нуурт муу нөлөөлнө гэсэн яриа гаргалаа.

Түүнийг сонссон манай зарим сэтгүүлч “Далай ээж цайзын тавцанд“ гэсэн нийтлэл бичсэнээр Хөвсгөл нуурын эрэгт байдаг фосфоритын ордыг ашиглахыг эсэргүүцсэн яриа өрнөсөн юм.Нөгөө талаар Зөвлөлтийн нөхдийн боловсруулсан техник эдийн засгийн урьдчилсан тооцоогоор үйлдвэрлэх фосфорын бордооны өртөг нь тэр үеийн дэлхийн зах зээлийн дундач үнээс давах, буюу алдагдалтай байхаар гарлаа.Эдгээр буюу байгаль орчинд хортой нөлөөлөх, алдагдалтай үйлдвэрлэл байх шалтгаанаар бид нар уг ордыг судлах, ашиглах ажлыг зогсоохоор шийдлээ.Гэтэл ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Засгийн газар хоорондын комиссын Зөвлөлтийн талын дарга И. Новиков уг фосфоритын ордыг ашиглахыг зөвшөөр гэсэн цахилгаан миний нэр дээр ирүүлээ.Би зөвшөөрөл өгөх аргагүй гэсэн хариу цахилгааныг төлөвлөөд Цэдэнбал даргад үзүүлэхэд дарга үзээд нэг үг засаж өгөөд явуул гэсэн юм.Тэр цахилгаан тэр үеийн Улсын Төлөвлөгөөний комиссын архивт байгаа байх.Дараахан нь намайг Сайд нарын Зөвлөлийн дарга болоод Москвад очиход Новиков гуай уулзаад мөн л тэр фосфоритын ордыг ашиглахыг зөвшөөр гэж ятгасан.Би мөн зөвшөөрсөн хариу өгч чадахгүй гэдгээ учирласан.Тэр үед ЗХУ-д фосфоритын бордооны хэрэгцээ их байсан учраас шаргуу хөөцөлдөж байсан байх.Миний хувьд бол тэр ордын ашиглалтад хөрөнгө оруулах хүсэлтийг тийм дээд хэмжээнд ярьчихаад эцэст нь татгалзахад хүрсэн, тэр нь улсын ашиг сонирхолд нийцэхгүй байсантай холбоотой байж билээ.

Орчин үед болон ирээдүйд хөрш хоёр улсад фосфорын бордоо эрэлт ихтэй байх болов уу.Манайд Хөвсгөл нуурын эрэг дээрх ордоос гадна, түүнээс урд зүгт 100 орчим км зайд Бүрэнхааны нэртэй фосфоритын орд байгаа бөгөөд түүнийг ашиглах бололцоог судлах хэрэгтэй юм.Мөн зэс хайлуулах үйлдвэр барих шаардлагатай бөгөөд тэр үйлдвэрээс гарах хүхэрийн хүчлийг фосфорын бордоо үйлдвэрлэхэд ашиглах нь тохиромжтой гэдэг.Ийм учраас Зэс хайлуулах үйлдвэрийг Эрдэнэт хотод байгуулах болон Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглах төслийг уялдаатай боловсруулж нэгэн зэрэг хэрэгжүүлвэл 20-30 жилийн дараа ашиглах хүдрийн нөөц нь хомсдох Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт ажиллагсадыг зэс боловсруулах болон фосфорын бордооны үйлдвэрүүдэд ажиллуулах, хүхрийн хүчлийг хол тээвэрлэхгүй ашиглах бололцоо бүрдэх зэрэг олон талын ач холбогдолтой баймаар санагддаг.Мэдээж техник эдийн засгийн үндэслэл тооцоо хийж байж шийдэх хэрэгтэй.

- Дорнод аймаг дахь Мардайн ураны ордыг ашиглах ажил 1982 оны үед өрнөж байлаа.Ордод хайгуулын ажил хийгдэж ашиглаж эхлэх нөөц тогтоогдсон, уурхайчдын тосгон баригдсан, салаа төмөр зам тавигдсан, уурхайг ашиглалтад оруулахад бэлэн болж байсан бөгөөд олборлосон ураны борлуулалтын үнэ нөхцөлийг тохирох хэлэлцээрт бэлтгэж байлаа.ЗХУ-аас Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Архипов гэдэг хүн ахалсан олон хүнтэй төлөөлөгчид ирлээ.Тусгай онгоцоор Мардайд очиж танилцлаа.Бидний хэдэн эдийн засагчдын хамгийн гол зорилго ураны үнийг ахиухан тогтоох байлаа.Үнэндээ бид нарт ураны хүдрийг олборлоод ямар нэгжид хүртэл боловсруулж борлуулдаг?, хил, тонноор хэмждэг?, дэлхийн зах зээлд ямар үнэ ханштай байдаг талаар мэдээлэл маш хомс байлаа.Зөвлөлтийн төлөөлөгчид нэг хил уранын \закись, окись\ исэлдлийг 4 шилжих рүблээр тогтооно гэсэн саналтай ирлээ.Тэр үед нэг шилжих рублийг нэг ам доллартай тэнцүү гэж үздэг байсан.Би янз бүрийн материал эрж байгаад МАГАТЕ гэдэг атомын энергийн асуудал эрхэлдэг олон улсын байгууллагын шугамаар гарсан жижиг ном олж Африкийн нэг улс уранын закись окись-ын нэг хилийг 12 ам доллараар борлуулдаг гэж бичсэн байхыг үзсэн юм.Мардай руу нисэж байхдаа манай улс дахь ЗХУ-ын элчин сайдын яаманд олон жил ажиллаж сайн танил болоод байсан М. Макареев гэдэг хүн төлөөлөгчдийн бүрэлдүүнд ирсэн байсантай онгоцонд хамт сууж ярилцаж байхдаа нөгөө номоо үзүүлж 4 доллар 12 долларын хоорондын зөрүү их байна гэж хэллээ.Тэр нөхөр маань ЗХУКН-ын төв хороонд ажиллаж байсан болохоор тус болж магад гэж бодсон хэрэг.Улаанбаатарт буцаж ирсэний маргааш ЗХУ-ын элчин сайдын яаманд болсон хүлээн авалтад очтол Архипов дарга Монголын эдийн засагчид уран, түүний зах зээлийн үнийн талаар ямарч мэдлэггүй байна гэж зэмлэсэн урт үг хэллээ.Манай талаас нэг ч хүн үг дугарсангүй.Хэлэлцээрийг манай талаас Рагчаа дарга ахалж байсан, би Улсын төлөвлөгөөний комиссын дарга байсан юм.Маргааш өглөө нь Батмөнх дарга намайг дуудаад эдчин сайд Смирнов ирж уулзлаа.Нөгөө юмны үнийг 4 доллар байсныг 5 доллар болгоё гэж байна, Зөвшөөрөхөөсдөө гэж билээ.Ийм маягаар үнийн хэлэлцээр явагдах тохиолдол гардаг байсан.Бүх хөрөнгө оруулалтын зардлыг Зөвлөлтийн тал гаргаж, бид зөвхөн ашиглалтын зөвшөөрөл өгсөн болохоор хямд үнийн саналыг зөвшөөрхөд хүрсэн гэж өөрсдийгөө зөвтгөж болох талтай.Уг төсөл удаан үргэлжлээгүй, их хэмжээний хүдэр ачигдаж амжаагүй байтал хоёр улсад өөрчлөлт, хувьсгал болж 1990-91 онд үйлдвэр хаагдсан.Харамсалтай нь уурхай, тосгон, салаа төмөр замаас юуч үлдээгүй үрэгдсэн гэж сонссон.Харин хайгдсан нөөц нь үндсэндээ хөрсөн дороо үлдсэн байх.Ирээдүйд ашиглагдах биз.

-Манай иргэн бүр эх орныхоо ашиг сонирхолыг эрхэмлэж дэг журам сахижамьдардаг байх ёстой.Төрийн ажилтан, ялангуяа удирдах ажилтан нар өргөсөн тангарагийн дагуу хууль сахиж хариуцлагатай ажилладаг байвал улс орон даяар дэг журамтай байхын үлгэр дууриал болно.Гэтэл одоо зарим иргэн ашигт малтмалын ордыг гадаадын этгээдэд худалдсан тухай үнэмшихэд бэрх мэдээ гардаг боллоо.Хэрэв үнэн бол энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн “Газар, түүний хэвлий, байгалын бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.Монгол улсын иргэн газрын хэвлий өмчлөх эрхгүй“ гэсэн 6 дугаар зүйлийн заалтуудыг зөрчсөн ноцтой гэмт хэрэг.Үндсэн хууль зөрчсөн ийм ноцтой том гэмт хэргийг мэдсээр байж хариуцлага хүлээлгэдэггүй төр байвал ард түмний итгэлийг алдах болно.Улсынхаа Үндсэн хуулийг зөрчиж төрийн хамгаалалтад байгаа ард түмний өмчийг хувийн өмч шиг болгож гадаад этгээдэд худалдсан бол тэр хүний авсан мөнгийг ямарч болзолгүйгээр улсад даруй хурааж аваад, зохих шийтгэлийг оногдуулдаг баймаар юм.Тухайн ашиг малтмалын ордыг худалдаж авсан гэж байгаа гадаадын этгээдэд тухайн ордод хуульд заасан болзол журмаар олборлолт явуулахыг зөвшөөрөх эсэхийг Засгийн газар шийдвэл зөв болно.

- Ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн гучаад жилд манай улсын эдийн засгийн тамир тэнхээ сулаас ард түмний гучаад хувийн ядуурлыг арилгах багасгах гол асуудлаар ахиц гарсангүй.Эдийн засгийн тамир тэнхээ сул байгаа явдал засаглалын үр ашиг муу байгаатай холбоотой болохыг “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв“ хэмээх олон нийтийн байгууллагын залуучууд хэлж байна.Манай засаг төрийн эрх барьж байгаа УИХ, Засгийн газар, Хууль шүүхийн байгууллагын гаргаж байгаа зарим шийдвэр улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх сонирхолд бүрэн нийцэхгүй байх тохиолдол ажиглагддаг.УИХ-аас гаргасан боловч улсад хохирол учрууллаа гэж үнэлэгдэж буй “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын тухай шийдвэр“, Засгийн газраас гаргасан боловч хэрэгжээгүй “Монгол улсын хэтийн хөгжлийн үзэл баримтлал хэмээх хоёр удаагийн шийдвэр болон Хөгжлийн бодлого хариуцсан яамыг байгуулахгүй байгаа явдал“, Шүүхийн зарим шатны байгууллагын шийдвэр шударга бус байгаа талаар шүүмжлэл тасрахгүй байгаа зэрэг бол засаглал сайн бишийн илэрхийлэл.Сүүлийн үед улс төрийн гол сөрөг хүчин байх ёстой Ардчилсан намын удирдагчид дотроо эвгүй болчихлоо, УИХ болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн институт хоорондоо зөрчилдөөд байдаг боллоо.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлч зохих ёсоор ажиллаж, үндсэн үүргээ хэрэгжүүлж чадаж байгаа эсэхийг ч анхаармаар болж байна.

Улс төр, эдийн засаг нийгмийн байдалд судалгаа хийж дүгнэлт хийж байдаг зарим судлаачид “Системийн хямрал нүүрлэж магад боллоо, Улс төрийн хувьсгал хийх, Улс төрийн намуудыг шинэчлэх хэрэгтэй болох байх“ гэж анхааруулж байна.

Энэ бүхнийг бодолцоод би Үндсэн хуулийн Монгол Улсын төрийн байгуулалын тухай заалтад өөрчлөлт оруулж, парламентын дээд танхимыг бий болгон УИХ, Засгийн газар, Шүүхийн үйл ажилд ард түмний хяналт бий болгох, Монгол Улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг боловсронгуй болгох, Төр, хувийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн талаар баримтлах бодлогыг тодорхой болгох гэсэн гурван асуудлаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тодорхой саналаа бичиж УИХ-ын даргад өнгөрсөн 3 дугаар сард өгөөд байна.Дээрх гурван асуудлыг шийдвэл засаглалыг сайжруулахад тодорхой алхам хийгдэх, хямралаас сэргийлэх ач холбогдолтой.Би бичиж өгсөн саналаа УИХ, Засгийн газрын гишүүдэд тараан өгч санал авах, уулзалт ярилцлага зохион байгуулахыгУИХ-ын дарга Занданшатараас хүссэн юм. Хариу хүлээж байна.

Д. Содном

2021 – 04 – 14

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)