Олон жил ужгирсан тэгш бус байдал, үл хайхрал, хүчирхийллийн дарамтад дөнгөлүүлсэн хүмүүст Ковид-19 хүнд цохилт боллоо

Дэлхийн хүний ​​эрхийн төлөв байдлын талаарх Эмнести Интернэшнлийн ээлжит тайлан 2020/21 нь 149 улс орныг хамарч, 2020 оны дэлхий дахины хүний ​​эрхийн чиг хандлагад цогц дүн шинжилгээ хийлээ.   

Цар тахал нь дэлхий дахинд санаатайгаар талцуулж, эвдрэлцүүлсэн бодлого бий болж байгааг харууллаа. Энэ бодлого нь тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт, дарангуйллыг тогтоож, КОВИД-19 цар тахлаас үүдсэн гамшигт хүргэлээ хэмээн өнөөдөр хэвлэгдэн гарч байгаа Эмнести Интернэшнлийн тайланд дурдсан байна.

Уг тайланд дэлхийн удирдагчдын олон арван жил ялгаварлан гадуурхсан бодлогын уршгаар эмэгтэйчүүд, дүрвэгсэд цар тахлын хүндийг үүрч байна хэмээн тодорхойлжээ. КОВИД -19-өөр зэвсэглэсэн удирдагчид хямралыг далимдуулан хүний​​эрхэд халдаж, цар тахлын эсрэг хариу арга хэмжээг улам бүр доройтуулж байна.

"КОВИД-19 цар тахал улс дотор, мөн улс хооронд ч тэгш бус байдал гүнзгийрч байгааг илчилж, удирдагчид хүн төрөлхтний нийтлэг сайн сайхан байдлыг бий болгоход тоомжиргүй хандаж байгааг харууллаа. Хэдэн арван жилийн талцуулах бодлого, буруу арга хэмжээ, дэд бүтцийг сайжруулахад хөрөнгө оруулаагүй удирдагчдын шийдвэрүүд нь вирус тархах нөхцөл байдлыг бий болгоод байна” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард өгүүллээ. 

Олон улс оронд КОВИД-19 нь дүрвэгсэд, орогнол эрэгчид, цагаачдын нөхцөл байдлыг улам дордуулж байна. Тухайлбал 1,4 сая дүрвэгчтэй, Африктаа хамгийн их дүрвэгсэд хүлээн авдаг Уганда улс цар тахлын эхэн үед хилээ хаасны улмаас Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (БНАСАУ) -тай залгаа хил дээр 10,000 гаруй хүн гацсан.

Хөл хорио тогтоосон үед  хүчирхийллийн талаар мэдээлэх нууц механизм байхгүй, хамгаалах үйлчилгээ хаагдсан, хөдөлгөөнийг хорьж хязгаарласан нь олон эмэгтэйчүүд, ЛГБТИ хүмүүст хамгаалалт, дэмжлэг авахад нь бэрхшээл учруулж жендэрт суурилсан болон гэр бүлийн хүчирхийлэл эрс нэмэгдсэнийг тайланд онцлон тэмдэглэсэн.

2020 онд шинэ төрлийн цар тахал нь эрүүл мэндийн тогтолцоог дээд түвшинд туршиж, хүмүүсийг санхүүгийн уналтад орууллаа. Цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд, хувийн хэвшлийнхэнд эрүүл мэндийн тогтолцоо хүрэлцэхгүй, нийгмийн хамгаалалт хангалтгүй байна.

Тэргүүн эгнээнд ажиллаж, хүний ​​амь аварч байгаа эрүүл мэндийн ажилтнууд, хамгийн бага орлоготой ч гэр бүлээ тэжээхийн тулд зайлшгүй шаардлагатай гол үйлчилгээг авч явж байгаа хүмүүс бол 2020 оны баатрууд юм. Улс орнууд вакциныг хүн бүрт, үнэ төлбөргүйгээр хүртээмжтэй байлгах ёстой. Эмийн үйлдвэр эрхлэгч компаниуд өөрсдийн мэдлэг технологио бусадтай хуваалцаж, нэг ч хүнийг орхигдуулахгүй байхад анхаарах нь зүйтэй. Их 20-ын гишүүн орнууд, олон улсын санхүүгийн байгууллагууд нэн буурай 77 улсын өрийг нь чөлөөлж, цар тахлын дараа эргэн сэргэх боломж олгох хэрэгтэй” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард өгүүллээ.

Дэлхийн удирдагчид цар тахалтай тэмцэхдээ хүний эрхийг үл ойшоож буй дүнсгэр дүр зургийг тайлан мөн тодоор харуулсан байна.  

Цар тахлыг эрх мэдлээ бэхжүүлэх зэвсэг болгож, дутуу дулимаг, худал хуурмаг, амиа хоохойлох төдий хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа эрх баригчид шүүмжлэгчдийн эсрэг хэрэг үүсгэх нь хэвийн үзэгдэл болоод байна. Тухайлбал Унгар улсын Ерөнхий Сайд Виктор Орбаны засгийн газар эрүүгийн хуульд өөрчлөлт оруулан КОВИД -19-ийн талаар “хуурамч мэдээлэл түгээсэн” тохиолдолд тав хүртэлх жилийн хорих ял оногдуулахаар болжээ.

Нигери улсад хэрцгий балмадаар дэг журам сахиулж, эрхээ шаардаж хариуцлагатай байхыг уриалан жагссаных нь төлөө хүмүүсийн амь насыг бүрэлгэжээ. Энэтхэг улсад терроризмын эсрэг ажиллагаа нэрийн дор орон гэрийг нь нэгжиж, иргэний нийгмийн идэвхтнүүдийн эсрэг эрс арга хэмжээ авав. Хятадын засгийн газар Шинжаан дахь Уйгар, Мусальман шашинтай үндэсний цөөнхийг мөрдөн мөшгиж, Хонг Конгт улс төрийн шинж чанартай дарангуйллыг хуульчилсан үндэсний аюулгүй байдлын хууль яаравчлан баталсан.  

“Олон улсын эрүүгийн шүүх, НҮБ-ын хүний эрхийн механизмууд зэрэг олон улсын институцууд нь хүний эрхийг зөрчиж буй хувь хүн, улс орнуудтай хариуцлага тооцох гэж оршдог. Харамсалтай нь 2020 онд эдгээр байгууллага хүний эрхийн зөрчлийн эсрэг хамтын ажиллагааг дордуулж, урвуулан ашиглахаар зүтгэж байгаа удирдагчдын улс төрийн нөлөөлөлд автаж, мухардалд ороод байна” хэмээн Эмнести Интернэшнл үзжээ. 

 

Энэ эмх замбараагүй, тодорхойгүй байдлаас гарах цорын ганц арга бол олон улсын хамтын ажиллагаа. Гэвч цар тахал дэлхийн улс орнууд хүнд хэцүү үед хүчээ нэгтгэн хамтран ажиллах чадваргүй болохыг дэлгэн харууллаа. Тухайлбал Ерөнхийлөгч асан Трамп зэрэг баян улс орны удирдагчид олон улсын хамтын ажиллагаанаас татгалзан, вакцины нөөцийн дийлэнхийг худалдан авч бусад улсад маш бага хэмжээг үлдээсэн. Ши Жинпиний засгийн газар Хятадад вирус тархсан тухай эрт үед нь анхааруулах гэж оролдсон эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, сэтгүүлчдэд дарамт шахалт үзүүлснээр нэн чухал мэдээллийг нуун дарагдуулсан.

 

Засгийн газрынхаа явуулж буй алдаатай бодлогыг эсэргүүцсэн тэмцэл дэлхий даяар өрнөлөө  

 

Удирдагчдынхаа алдаатай бодлогыг эсэргүүцсэн Black Lives Matter эсэргүүцэл АНУ-д, #End SARS эсэргүүцэл Нигери улсад өрнөж, мөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг виртуал бослого явуулах зэргээр хүмүүс эсэргүүцлийн шинэ хэлбэрт шилжиж байна. Энэ нь Польш, Хонг Конг, Ирак, Чили улсыг хамарч, дэлхий даяарх дарангуйлал, тэгш бус байдлын эсрэг нийтийн тэмцэл болж, дэмжигчид нэмэгдсээр байгааг тайлан онцолж, мөн 2020 онд хүний эрхийн идэвхтнүүдийн гаргасан амжилтаас дурджээ.  

“2020 онд хүч чадал, эрх мэдэл, ашиг хонжоо хайгчдаас манлайлал төрөөгүй. Өөрчлөлтийг шаардсан тоо томшгүй олон хүмүүсийг хамарсан жагсаал, цуглаанаас манлайлал төрсөн. Аюулгүй байдлаараа дэнчин тавьсан дэлхий даяарх жирийн иргэд, хүний эрх хамгаалагчид манлайлан гарч ирж байна. Тэд илүү сайхан, эрх тэгш, аюулгүй дэлхий ертөнцийн төлөөх тэмцлийн тэргүүн эгнээнд зогсож байна. 

Бид хүний эрхэм чанарыг доройтуулж буй дөнгийг тасалж, тэгш байдал, хүний эрх, хүнлэг энэрэнгүй ёсонд тулгуурласан дэлхий ертөнцийг бий болгох ёстой. Бид энэ цар тахлаас суралцаж, хамтдаа зоригтойгоор бүтээлчээр ажиллаж чадвал хүн бүр эрх тэгш байж чадна.” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард уриаллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)