Олимпын наадмыг цуцлахыг шаарджээ

Токиогийн олимпыг цуцлах сонголт байгаа тухай Японы топ улстөрч Тошихиро Никайгийн тайлбар олон улсын анхаарлыг татлаа. Японы эрх баригч намын нэр хүндтэй гишүүний мэдэгдэл Засгийн газрын шийдвэртэйгээ зөрчилдсөн.

Түүнчлэн Японы Коммунист намын гишүүн Акира Коикэ наадмыг зохион байгуулах боломжгүй болсон тул цуцлах шийдвэрийг хурдан гаргахыг шаарджээ. Либерал Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Тошихиро Никай “Хэрэв цар тахал даамжирвал бид эрс шийдэмгий алхам хийх ёстой” гэжээ.

Японы мэргэжилтнүүд халдварын дөрөв дэх давлагаа эхэлснийг анхааруулж байна. Олимпын наадмыг зохион байгуулах комисс, Японы Засгийн газар болон Олон улсын олимпын хорооны удирдлагууд өнгөрсөн сард хуралдаж, XXXII зуны олимпын наадмыг гаднаас жуулчид хүлээн авахгүй байдлаар зохион байгуулах шийдвэрт хүрсэн.

Гэвч сүүлийн өдрүүдэд Япон улс дахь цар тахлын нөхцөл байдал хүндэрч, өдөрт нэмж бүртгэгдэх халдварын тоо тогтмол 3000 давсан. Хэдийгээр Засгийн газар олимпын наадмыг аюулгүй зохион байгуулах тал дээр боломжит бүх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ч тус улсын ард түмэн олимп зохион байгуулахыг хүчтэй эсэргүүцэж байна. “Киодо” агентлагийн явуулсан санал асуулгад оролцогчдын 72 хувь нь “Токио 2020” олимпын наадмыг хойшлуулах, цуцлах нь зүйтэй гэж хариулсан байна. Тодруулбал, санал асуулгад оролцогчдын 39.2 хувь нь Токио 2020 зуны олимпын наадмыг бүр мөсөн цуцлах, 32.8 хувь нь хойшлуулах, 24.5 хувь нь төлөвлөсөн хугацаанд нь зохион байгуулахыг дэмжинэ гэж хариулжээ. Түүнчлэн наадмыг дахин явуулах хамгийн ойрын боломжтой хугацаа бол 2032 он гэж үзэж байна. Зуны олимпын болон паралимпийн наадамд 14500 орчим тамирчин, олон арван мянган хэвлэл мэдээллийн ажилтан, ивээн тэтгэгч, албан тушаалтан оролцох юм.

 

ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЯВЦ УДААШРАЛТТАЙ БАЙНА

 

Японы вакцинжуулалтын ажлыг хариуцсан сайд Таро Коно олимпын наадмыг эрсдэлгүй зохион байгуулахаа амласан. “Олимпыг цуцалъя” хаштагийг зохион байгуулагч орны твиттер хэрэглэгч 35 мянган хүн ашиглажээ. Тэд улс төр, эдийн засгийн зорилгоор олимп зохион байгуулах нь иргэдийг эрсдэлээс хамгаалах Засгийн газрын амлалттай зөрчилдөж байгааг анхаарууллаа.

Коно вакцины тээвэрлэлтээ ирэх сараас эрчимжүүлэхээ мэдэгдсэн. Цар тахал эхэлснээс хойш Япон улсад 525218 тохиолдол бүртгэгдсэнээс 9584 нь нас баржээ. Япон дахь вакцинжуулалтын явц удаашралтай байгаа бөгөөд хүн амынхаа нэг хувийг дархлаажуулжээ. Японд вакцинжуулалт өнгөрсөн хоёрдугаар сард эхэлсэн бөгөөд хэд хэдэн үе шаттайгаар явуулна. Хамгийн түрүүнд эрүүл мэнд, нийгмийн салбарын дөрвөн сая ажилтныг хамруулах бол хоёрдугаар ээлжид 65-аас дээш насны 36 сая орчим хүн хамрагдана. Үүний дараа архаг хууч өвчтэй 8.2 сая иргэнийг вакцинжуулах бол үлдсэн хүмүүсийг тавдугаар сард хамруулахаар төлөвлөжээ. Мөн вакцинжуулалтын аюулгүй байдалд хяналт тавихын тулд вакцин хийлгэсэн эмнэлгийн ажилтнуудын тал хувь нь эхний тунгаа хийлгэснээс хойш долоо хоногийн хугацаанд эрүүл мэндийнхээ байдлын талаар тусгай тэмдэглэл хөтлөх юм байна.

Олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах наадмын нээлтээс урьтаж “Пфайзер” вакцины нэмэлт тунг нийлүүлэхээр тохиролцсон. “Пфайзер” бол Японд зөвшөөрөгдсөн цорын ганц вакцин юм. Японы Засгийн газар энэ оны эцэс гэхэд нийт хүн амаа хангахуйц хэмжээний 314 сая тун вакцин импортолно. Үүнээс 144 сая тунг “Пфайзер” эзэлж байна. Бах Хирошима хотод болсон бамбар дамжуулах ёслолд оролцож, Ерөнхий сайд Ёшихидэ Сугатай уулзсан юм. Тэрбээр зуны олимпыг аюулгүй зохион байгуулах Японы амлалтыг дэмжсэн. Томас Бах “Kиодо” агентлагт ярилцлага өгөх үеэрээ Токиогийн олимпын наадмыг дахин хойшлуулах, цуцлах боломжийг үгүйсгэжээ. Олимпын наадмыг 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд зохион байгуулахаар товлосон билээ.

 

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)