Г.Амгаланбаатар: Нөхцөл байдлыг хүндрүүлэхгүйн тулд өөртөө хайртай бай

Дэлхийн бүх оронд тархсан коронавирусийн халдварын давлагаа Монголд хүчтэй үргэлжилж байна. Энэ сарын 10-нд хатуу хөл хорио тогтоосноос хойш найм хоногийн дотор 8501 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш 44 хүн нас баржээ. Коронавирус бол энгийн нэг ханиад биш гэдгийг дэлхийн олон оронд зарлаж, халдвар хамгааллаа сайтар сахихыг анхааруулсаар байна. Сар гаруйн өмнө УДЭТ-ын 50 гаруй хүн коронавирусээр халдварлаж, эмчилгээ хийлгээд гарсан. Монголчууд уг вирусээр халдварласан хүмүүсийг адлах, ялгаварлан гадуурхах үзэл гаргаж байгаатай холбогдуулан УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар олон нийтэд хандан өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээлэл өгсөн юм. Түүнийг лайв хийхэд 856 хүн сэтгэгдэл бичсэн байна. Иргэдэд эерэг мэдээлэл түгээсэн түүнийг “Хүмүүс” буландаа онцоллоо. Түүнтэй энэ удаа уран бүтээл бус “Коронавирус Монголд” сэдвээр ярилцсан юм.

-Юуны  түрүүнд ярилцах боломж олгосонд баярлалаа. Таны бие сайн байна уу?

 

-Баярлалаа. Миний бие маш сайн байгаа. Онлайнаар оюутнууддаа хичээлээ заагаад байж байна. Өмнө нь би өөрийн фэйсбүүкээр дамжуулан мэдээлэл өгсөн. Энэ удаа өөрийг тань санал тавихаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж, зөв, эерэг мэдээлэл өгөх нь зүйтэй юм байна гээд ярилцлагын саналаас татгалзаагүй.

 

-Коронавирусийн халдварыг яг хаанаас авав. Эх үүсвэрээ мэдсэн үү?

 

-УДЭТ-ын уран бүтээлчдээс коронавирус илэрлээ гээд тоглолт зогсоосон. Тухайн үед манай театр “Анна Каренина”-г дахин тоглож байсан юм. Ингээд театр дээр минь хорьж байгаад ХӨСҮТ-өөс шинжилгээний хоёр баг ирж ажилласан. Тоглолтод орж байсан 112 хүнээс бүгдээс нь PCR шинжилгээ авсан. Дараа нь “Гэртээ очоод гэрийнхэндээ ойртож болохгүй, өөрийгөө тусгаарлаарай. Хариугаа гартал хавьтал болж болохгүй” гэж зөвлөсөн. Энэ бол гуравдугаар сарын 6. Маргааш нь ажлынхны хариу эхнээсээ сөрөг гээд ирж байна, минийх байдаггүй. Гэтэл 20:00 цагийн үед утас дуугарлаа. Улсын онцгой комисс, ХӨСҮТ, цагдаа, тагнуулаас ярьж байна. “Таны хариу эерэг гарсан. Хаагуур явсан бэ. Маршрутаа тодорхой хэлээрэй. Сандарч, тэвдэж огт болохгүй” гэсэн. Ингэж л мэдсэн дээ. Манай театраас нийт 54 хүн энэ халдварыг авсан байсан. 22:00 цагаас эхлээд шөнөжин зөөж, хамгийн сүүлийн хүнийг өглөө 06:30 цагт Буянт-Ухаа дахь шинэ төрөх эмнэлэгт авчирсан юм билээ. Тэгээд л тусгаарлагдсан даа.

 

-Тусгаарлалтын талаар янз бүрийн яриа байгаа. Нэг өрөөнд хэдэн хүн оруулж байна. Яг яаж тусгаарладаг юм бэ. Ямар эмчилгээ хийв дээ?

 

-Янз бүр юм билээ. Халдвартай гэдгийг нь тогтоосон хүмүүсийг аваачиж байгаа учраас тусгаарлах шаардлага байхгүй. Хоёр, гурав, дөрөв, таваараа л байсан. Хариу нь сөрөг гарсан ч ойрын хавьтал болсон хүмүүсийг зочид буудалд нэг нэгээр нь тусгаарласан юм билээ. Миний хувьд өрөөндөө тавуулаа байлаа. Ингээд эмчилгээ эхэлсэн. Эмчилгээнд 1000-тай витамин С, 4000-тай витамин Д, мөн хоёр төрлийн тан уулаа. Хамгийн гол нь минийх хөнгөн хэлбэрийнх. Хүндэрсэн хүмүүсийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлсэн. Манайхаас хүндэрсэн мэр сэр хүн бий. ХӨСҮТ-д хүндэрсэн хэлбэртэй хэвтэж байгаа хүмүүс арбидол, виферон 3.0 саятай лаа гэх мэт нэлээд хэдэн төрлийн эм, тариагаар эмчилгээ хийсэн юм билээ.

 

-Коронавирусээр халдварласан хүнээс монголчууд нэг хэсэг их “үргэсэн” дээ. Эвэртэй туулай үзсэн мэт аашилж байлаа. Харин таны лайвыг үзсэнээс хойш хандлага нь арай өөрчлөгдөх шиг болсон. Та яагаад олон нийтэд зарлах болов. Чимээгүй өнгөрч болох л байсан шүү дээ?

 

-Анх сонсоход хэцүү байсан шүү. Дөнгөж сонсоод өөрийн эрхгүй л цочролд ордог юм билээ. Манай театраас 50 гаруй хүнээс илэрлээ гэхэд нийгэм бараг тэр чигээрээ шахам биднийг жигших хандлага ажиглагдсан. Тийм байхад яаж олигтой байх вэ дээ. Сэтгэл санаа хүнд байлаа. “Анна Каренина” жүжгийг маань “Анна Коронина” болголоо. Драмын театр тэр чигээрээ вирустлээ, театрын нэр хүнд ч сэвтэж эхэлсэн. Тэр үед надад нэг л зүйл бодогдсон. Монголд коронавирусийн цар тахал бус ялгаварлан гадуурхалтын “цар тахал” илүү тархжээ. Ялгаварлан гадуурхалтад автжээ гэсэн бодол төрсөн учраас лайв хийх иргэний зориг гаргасан юм. Автобусанд нэг хүүгээс илэрлээ гэхэд бараг зодож алах ухааны юм яриад л, нөгөө нь буруу хараад уйлчихсан бичлэг цацагдсан шүү дээ. Коронавирусээр халдварласан хүнийг ажлаас нь халдаг л гэнэ, ажлынхан нь нүд үзүүрлэдэг л гэнэ. Янз бүрийн зүйл сонсогдсон.Тэр буруу ойлголт, ялгаварлан гадуурхалт бүү үргэлжлээсэй гэж бодсоны үндсэн дээр лайв хийсэн. Олон хүнд хүрсэнд баяртай байгаа. Ихэнх нь эерэг, зөвөөр хүлээж авсанд баярладаг. Олны дунд мэр сэр зориуд мушгих, сөрөг хандлага гаргах хүн байж л байсан. Гэхдээ олонх нь эерэг хандсан. Би бодит байдлыг л ярьсан. Анхны лайваас хойш олон хүн надад хандсан. Одоо ч гэсэн хувиараа зөвлөгөө авах гэсэн хүмүүсийн дуудлага, мессежинд дарагдаж байна. Тэдэнд нэг бүрчлэн хариулт өгч чадахгүй байсан учраас хоёр дахь удаагаа лайв хийж, өөрийнхөө хэмжээнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн. Миний уусан хоёр тангийн талаар хүмүүс их асуусныг би хоёр дахь лайваараа дэлгэрэнгүй ярьсан юм.

 

-Өөрөө энэ халдварыг авахаас өмнө коронавирусийн талаар ямар ойлголттой байв. Халдвар авсан хүмүүсийн талаар ямар бодолтой байсан бэ?

 

-Худлаа тоо гаргалаа гэж туйлширч бодож байгаагүй. Хятадын Уханьд хүмүүс татаж унахыг хараад их гайхаж байлаа. Гэтэл хүндэрсэн, суурь өвчтэй, өндөр настай хүмүүс татаж унахаар юм байна гэдгийг ойлгосон. Үнэхээр л цар тахал юм билээ. Дэлхий нийтээрээ сөхөрч байна шүү дээ. Үүнд засаг, төрөө муулаад, шүүмжлээд байх шаардлагагүй. Монголчуудын ухамсрын л асуудал. Өөрсдөө дэглэмээ ягштал баримтлаад явбал ингэж тархахгүй байх. Өөртөө хайртай байгаач гэж хэлмээр байгаа юм.

Анх би хөл хорио тогтоохын эсрэг байсан хүн. Хөл хориог эсэргүүцдэг, коронавирусийг хорьж биш сөрж ялъя гэдэг уриалга хүртэл гаргаж байлаа. Харамсалтай нь, манайхан өөрсдөө замбараагүй байгаа учраас хүчээр хорьж байж арга хэмжээ авч байна. Одоо ч гэсэн хөл хорио тогтоолоо гээд байхад л гадуур хүн их явж байна шүү дээ. Ийм байвал цар тахал намжихгүй ээ. Халдварын тоо буурахгүй. Хий дэмий сэлгүүцэж байна. Сэлгүүцлээ гэхэд зайгаа барья, гараа угаая, амны хаалтаа зүүе. Үр хүүхэд, гэр бүлээ бодооч гэж хэлье. Бидний л ухамсраас шалтгаална. Үүнийг би засаг төр рүү буруу өгч, нулимахгүй. Ялангуяа эрүүл мэндийн салбарынхан, эмч, сувилагч, асрагч нар сөхөрч байна шүү дээ. Бидэнтэй 10 хоноод, тусгаарлалтаар зочид буудалд 14, гэртээ дээд тал нь долоо хоноод эргээд ажлаа хийж байна. Зарим нь гэртээ ч очиж амжилгүй дуудагдаж байна шүү дээ. “Буянт-Ухаа” спорт цогцолборт ор дэлгэж байгааг харлаа. Тэнд хүмүүс хэвтээд эхэлбэл эвгүй байдал үүснэ. Ариун цэврийн өрөөнөөс эхлээд асуудал их. Би үүнээс л их айж байна. Тийм болохоор иргэн бүр өөрийгөө хайрла, хайртай гэр бүлээ бод.

 

 

 

Бусдыг биш юмаа гэхэд өөрийгөө хайрла, хамгаал. Амь амиа бодох цаг болжээ. Өөртөө хайртай байхад л болчих гээд байна. Ухамсартай байя.

 

 

 

Өөрсдөө дэглэмээ ягштал баримтлахгүй хэрнээ төр засгаа л буруутгаад, шүүмжлээд суух юм. Бүгд биш ч нэг хэсэг хүн бий. Одоо болтол энэ тоо үнэн үү гээд яриад сууж байх гэж. Сонгуулийн шоу ч гэж байх шиг. Сонгууль үүнд ямар ч хамаагүй юм аа, энэ халдвар дэлхий даяар тархаж байна. Хэдэн саяараа үхэж байна, хүмүүс. Хатуу хэлэхэд, иймэрхүү бодолтой хүмүүс л халдварыг тараагаад байгаа юм шиг. Ийм хүмүүс өөр дээр нь ирэхээр л ойлгох байх даа. Би бол хамгийн түрүүнд хань, гурван хүүхдээ л бодсон. Тэдэндээ маш их санаа зовж, дархлаа унадаг юм билээ. Азаар хоёр хоногийн дараа манай гэрийнхний хариу сөрөг гарсан. Миний сэтгэл санаа ч тайвширч, дархлаа сэргээд эхэлсэн.

 

-Танай театрынхан яагаад гэнэт олноороо халдварт өртөв?

 

-Мэргэжлийн байгууллагууд тодорхойлж гаргах байх. Манай нэг жүжигчин кинонд тоглоно гээд Архангай явахаар болсон юм билээ. Ингээд PCR шинжилгээ өгтөл хариу нь эерэг гарсан. Тэр жүжигчнээс илрэнгүүт манай жүжгийг зогсоосон. Бид тайзан дээр гарахдаа амны хаалтгүй гардаг учраас маш хурдацтай халдвар тархсан байх. Мэргэжлийн онцлогоос болсон гэсэн үг. Түүнээс биш үзэгчдээс халдвар илэрсэн тохиолдол байхгүй.

 

-Таныг коронавирусээр халдварлалаа гэхэд эргэн тойрныхон тань хэрхэн хүлээж авсан бэ?

 

-Миний ойр орчмынхон гайгүй шүү. Эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд бэлтгэлгүй байсан учраас өвчтөнтэй зүй бусаар харьцаж байсан байх. Харин миний лайваар дамжуулан олон хүнд хүрч, би ч хүмүүст ойлгуулсан болов уу гэдэгт итгэлтэй байгаа. Коронавирус бол айж, ичих зүйл биш. Тиймээс тусаад эдгэрсэн бол бусдад үнэн зөв мэдээлэл өгч, сайн сайханд уриалах хэрэгтэй. Нийгэмд эерэг хандлага түгээнэ гэдэг сайхан шүү дээ. Коронавирусээр хэн ч өвдөж болно. Хаанаас ч авч болно. Туссан нөхцөлд айх, ичих, зовох, сандрах зүйл байхгүй гэж уриалсны хүчинд манайхан нээлттэй ярьж хэлдэг болсон байна.

 

-Шинж тэмдэггүй халдвар их байгааг мэргэжилтнүүд ярьж байна.Танд шинж тэмдэг илэрсэн үү?

 

-Илэрсэн. Шинжилгээний хариу эерэг гараад, эмнэлэгт очсон хойно би үнэрлэх чадвараа алдсан. Хөнгөн туссан тулдаа хоёр хоносны дараа хэвийн болж эхэлсэн. Миний хажууд хэвтэж байсан хүний үнэрлэх, амтлах мэдрэмж хоёулаа алга болсон гэсэн. Ер нь хүний дархлаа, сэтгэл зүйгээс л шалтгаалдаг юм билээ. Толгой бага зэрэг өвдсөнийг эс тооцвол өөр сүйдтэй шинж тэмдэг илрээгүй, гайгүй байсан шүү.

 

-Ингэхэд та эрүүл мэнддээ хэр анхаардаг юм бэ. Эрүүл мэндээ хамгаалахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ?

 

-Би тогтмол фитнесс хийж байна. Анх 21 хоног хөл хорио тогтооход форм алдагдаж, биеийн жин гурван оронтой тоонд шилжсэн. Ингээд турах дэглэм барьж эхэлтэл дархлаа сулраад коронавирус тусах шиг боллоо. 10 гаруй кг хассан нь дархлаанд нөлөөлсөн байх. Түүнээс биш байнгын хөдөлгөөнтэй, витамин С, Д тогтмол хэрэглэдэг хүн.

 

-Тусгаарлалтын өдөр хоногуудыг хэрхэн өнгөрөөж байв. Тусгаарлагдаж байгаа хүмүүст хэрэгтэй мэдээлэл гарч магадгүй?

 

-Утас, интернэттэй газар байгаа хойно өөрийгөө уйдаахгүй байх хэрэгтэй. Бид бөөндөө байсан учраас өглөөд дасгал хөдөлгөөн хийж байлаа. Эмч нар аль болох унтаж амрахыг зөвлөдөг. Тэгвэл дархлаа илүү хурдан сэргэнэ гэж хэлсэн. 10 хоногийг гайгүй давсан шүү. Гэртээ гараад онлайнаар хичээлээ зааж байлаа.

 

 

 

Аль болох нийгмийн сөрөг мэдээллээс зайлсхийж, стресст автахгүй байхыг чухалчлах хэрэгтэй. Мөн сайн унтах ёстой. Би эдгэрснээсээ хойш сайн унтдаг болсон. Нойронд сайн болсон шүү. Сэтгэл санаа өөдрөг байвал дархлаа аяндаа сэргээд ирнэ дээ.

 

 

 

-Коронавирусээр халдварлаад эдгэрсэн тохиолдолд 90 хоногийн дараа вакцин хийлгэж болно гэж яриад байгаа. Эмч нар таныг эмнэлгээс гарахад ямар зөвлөмж өгсөн бэ?

 

-Бидэнд сүргийн дархлаа тогтсон. Синофармын вакцины эхний тунгаа хийлгэсэн хүнээс илүү дархлаа тогтсон байна. 3-6 сарын дараа вакцин хийлгэж болох заалттай. Вакцинаа хийлгэвэл улам өндөр дархлаатай болохыг эмч хэлсэн шүү. Та хүнд халдаахгүй, өөрөө халдвар авахгүй. Гэсэн ч амны хаалтаа зүүж яв. Вакцинжуулалт бүрэн дууссаны дараа амны хаалтаа авч болно гэсэн баяртай мэдээгээр үддэг юм билээ. Гэрт гарч ирснээс хойш манай гэр бүлээс дахин нэг удаа PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан. Ингээд л бүрэн эдгэрсэн дээ.

 

-Шинж тэмдэг илэрвэл хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ?

 

-Нямхүү эмчийн хэлснээр халуун зүйл уувал сайн. Тэр вирус уушги руу орох л юм бол хүндэрлээ гэсэн үг. Шинж тэмдэг илэрсэн даруйд халуун зүйл уувал та халдвар авсан ч хөнгөн тусна. Хүйтэн ундаа, ус огт ууж болохгүй.

 

-“Ковидгүй зун” гээд аян явж байх шиг байна. Үнэхээр долоодугаар сар гэхэд коронавирус намжвал та хамгийн түрүүнд хаашаа явах вэ?

 

-Төлөвлөсөн зүйл их. Хөдөө гарч Монголынхоо цэнгэг агаараар амьсгалж, байгалийн сайхныг мэдэрч, үзэсгэлэнт газруудаар,  хил давж аялмаар байна. Наадмаа үзэхийг хүсч байна. Бараг хоёр жил хотоос гаралгүй суулаа. Уран бүтээлээ хийх хэрэгтэй байна.

 

-Уран бүтээл гэснээс ойрд ямар шинэ кино, жүжиг тавихаар зэхэж байгаа бол?

 

-Арваннэгдүгээр сард нэг кино эхлүүлэх байсан нь коронавирусээс болоод хойшилсоор л байгаа. Тэр киногоо эхэлж дуусгах ажилтай. Энэ онд манай театрын 90 жилийн ой болно. Түүнд зориулж түүхэн жүжиг тайзнаа тавина. Цар тахал намжвал бэлтгэл сургуулилалт эхлэх байх. Ер нь жүжиг, кино гээд завгүй болно доо. Төлөвлөсөн ажил их л байна. Сайхан цаг ирж, шавь нарынхаа барааг харах, анги танхимдаа хичээлээ орох юмсан.

 

-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа. Сүүлд та уншигчдад хандаж уриалга хэлэх үү?

 

-Коронавирусийн ард гарахын тулд бүгд санаа нэгтэй, зөв бодолтой байх хэрэгтэй. Иргэн та өөртөө, өөрийнхөө гэр бүлд хайртай байж, тэднийгээ үйлдлээрээ хамгаал. Энэ бол тоглоом биш, шоу биш. Би энэ өвчнийг тусаад эмчлүүлж байхдаа эмч, эмнэлгийн ажилтнууд ямар хүнд байдалд ажиллаж байгааг биеэр харж, мэдэрч ойлгосон. Хүндрэх юм бол ямар аюултай нөхцөлд хүрэхийг харлаа. Тиймээс асуудлыг хүндрүүлэхгүйн тулд бүгд дэглэмээ ягштал баримтлаарай. Хөл хорионы үлдэж байгаа хэд хоногт та гэрээсээ бүү гараарай. 15 хоног үр дүнгүй хорионд баймааргүй байна. Иймд иргэд минь ухамсартай байж, төр засгийнхаа гаргасан шийдвэрийг дагаад, шаардлага тавьж байгаа алба хаагчдын ажилд битгий хүндрэл учруулаарай. Сайхан цагийн төлөө хамтдаа хичээцгээе.

 

 

Б.Мөнхзул

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)