Татах хүч ба чөтгөрийн тойрог хийгээд МАН ба неоконсерватизм

/Хөшигний цаана: Ёо ёо толгой руу шаачихлаа шүү дээ. Хөл хөл чанга руу өшиглөхдөө яадаг юм бэ?/

ХХ зууны 17 он хаант Оросыг ёстой л түйвээлээ дээ. Дэлхийн I дайн, октябрийн хувьсгал, иргэний дайн эцэст нь хаанаа гэр бүлийн нь хамт харгисаар буудан хөнөөв. 

Хойд хөршид болсон энэ нэн таагүй явдал Монголын нийгмийг донсолгов. Дөнгөж Манжаас салж, тусгаар улсаа зарлан бүх юм тархай бутархай байсан тэр цаг дор Богд хаант Монгол орон айдас хүйдэст автав. Хаанаа алдаг, бурханаа шатаадаг Орос орныг дагах уу, харийн нь ч гэсэн сайн гадарлах Хятад орныг бараадах уу? Эцэст нь Юуан Шикайн Хятад улсыг сонгож, тэдний шаардлагаар бүр Өөрт засан тогтнох эрхээ устган 19 онд дагаар орж, Шу шүжаан генералыг Хүрээнд урин залав. Үнэхээр их айдаст автсан байгаа биз? Эдүгээ энэ хэргийг зөвхөн шанзав Бадамдорж тэргүүтэй, Цэрэндорж оролцоотой Засгийн газарт тохдог боловч Шашин, төрийг хослон баригч наран гэрэлт, түмэн наст Богд хаан Жавзандамба хутагтын зөвшөөрөлгүй хийсэн байх ямар ч боломжгүй билээ.

Хүрээ бүхэлдээ ийнхүү дагжин чичирч байх зуур Оросын консулын газрыг хамгаалах үүрэгтэй түүний цэргийн бүрэлдэхүүнээр дамжин большевик үзэлтнүүд Монголд цөөнгүй нэвтэрчээ. Тэдний шилдэг төлөөлөгчдийг Кимбержевский, Кучеренко гээд л МАН түүхэндээ албан ёсоор нэрлэдэг билээ. Чухамхүү эндээс айдас хүйдэс дагуулсан Октябрийн нөлөөг Монголд чирэн ирэх хүмүүс төрсний нэг нь Сүх жанжин хэмээн МАН-ы түүхэнд тэмдэглэгджээ. Ийнхүү Монгол орон 100 жилийн өмнө Сүхээр удирдуулан социализмын чөтгөрийн тойрогт өөрийн эрхгүй татагдан оржээ. Энэ хэргийн жинхэнэ татах хүч нь Москва, Коментерн байлаа. Европ болон дэлхийн улс-одуудыг сандраан үймүүлсэн тэр татах хүч Монгол мэтийн жижиг эрхсийг тэр дорно л чөтгөрийн тойрогт хаман оруулав. Ийнхүү чөтгөрийн тойрогт орсон Монгол улс Зөвлөлтийн дарлал МАН-ы удирдлагаар 70 жил замнаж, алдаж асгасан, олж оносон нь бараг тэнцсэн болов уу. 

 

ХХ зууны 80-аад он гэхэд МАХН Монгол хүн бүрийн зүрх тархинд орж, нийгмийг удирдан чиглүүлэгч хэмээн албан ёсоор Үндсэн хуулинд заларсан байлаа. МАХН-ын оролцоогүй юм гэж огтны нүхнээс ч олоход бэрх болсон байв. Сургууль соёлд орох, ажил албан тушаалд дэвших, шагнал урамшуулал авах тэр бүү хэл шоронд явахад ч намын мэргэн заалт хэрэгтэй бөгөөд энэ нь бүр туйлдаа хүрэн даварч жирийн монгол гэр бүлийн хөнжил дэвсгэрт шургалжээ.

 

 

 

 

Нөхрөө араар тавьсан эм түүнд баригдаад “Улаанбаатарын Намын хороо байхад чи муу надаас салж чадахгүй” хэмээн агсарсан баримтат шог яриа хүртэл байдаг. 

Төрийн эрх мэдэл бүрэн МАХН-ын гарт төвлөрч албан тушаал горилогчид хэдэн үеэрээ дараалалд зогсч байлаа. Гэхдээ намын удирдлага, бодлогын асуудлыг зөвхөн Кремль шийдвэрлэж, тэнд бас монголчуудын урт дараалал, танил тал, авилга хээл хахууль, хов жив матаас, урвалт шарвалт ноёрхож байсан. МАХН-ын Улс төрийн товчоо гэх 9 хүнтэй багийг Москва зөвхөн мэддэг байлаа. Түүний зөвшөөрөл, шийдвэргүй нэг ч УТТ-ны гишүүний ширхэг үс ч унах ёсгүй агаад хэрэв бурууг хийж, найдвар алдвал хаана цөлөх, ямар шоронд хорихыг хүртэл Кремль заана. Ийнхүү энэ одоогийн МАН Монгол орон, түүний ард түмний мах цусанд хүртэл шингэж, алдар гавъяа, шорон гяндангийн дэнс, баяр хөөр, уй гашуугийн үндэс болсон байв. Чухам тийм учраас эдүгээ эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгө, шунал тачьяалд автсан ноход ямар ч үнээр хамаагүй намын ивээлд, түүний дотор 100 жил Монголыг жолоодсон МАН-ы туг дор мөргөхийг эрхэмлэн үзэж байна.

 

100 жилийн түүхэндээ эрдэж бардсан МАН өнөө Монгол төрийн оршин тогтнох онолын үндэс суурь болсон хуулийн засаглалыг хүртэл өөртөө авч, дурын шийдвэр гаргуулж буй нь ардчиллын олон улсын хэм хэмжээг ноцтой зөрчиж, энэ буурай орныг дэлхийн шившиг болголоо. Өнөө Монголыг ардчилсан улс гэхээсээ ардчиллын дүр эсгэсэн, авилгын орон хэмээн дэлхий үзэх боллоо. 

 

Цар тахал дэлхийг нөмөрсөн энэ цөвүүн хэцүү цаг дор МАН ард түмнээ бодохоосоо намаа, эрх мэдлээ бодож, сонгуулийн өчүүхэн эрх ашгаа эх орны эрх ашгаас дээгүүр тавьж, 100 жилээр Засгийг бүрэн эзлэх ад болсон зүүд, зэтгэр болсон чөтгөрийн тойрогт татагдсан нь илт ажээ. Бүр 100 жилээрээ авторитар эрхтэй бас нэг цэргийн Сүхийг ямарч хамаагүй үнээр дээдлэн залахаар шийдсэн ажээ. Энэ явдал МАН-ын түүхээ эргэн санагалзсан неоконсерватив үзлийг яруу тод нотолж, зүүний социал демократ үзэлтэй гэдгийг нь няцааж байна.

Монгол орон ардчилсан улсын бүх шалгуурыг гээлээ. 

Хажууд нь ард түмний тэмцлийн дүнд боссон АН мөн л эх орноо цөлмөсөн, манлайлагчид удирдагч хэмээгдэгчид, өөр намтай хуувилдагч луйварчдын гарт устан доройтож, түүнийг нь МАН уухайлан түрж байна. 

Монгол орших уу эс орших уу? Засгийн бүх эрх мэдлийг тунхаглан атгасан ард түмэн мэдэх үү, эсвэл улс орон оршин тогтнох онол, эрх зүйн үндсийг устгаж, Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой халдсан МАН мэдэх үү? Шийдэх өдөр ирлээ эзэн Богд Чингэс хааны гал голомтыг бадраагч монгол цуст ахан дүүс ээ! Сэрцгээ, мэлмийгээ нээцгээ?!

 

Нийтлэлч Түндэвдоржийн Залаа-Уул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)