Сод хүмүүсээс суут хүмүүн төрдөг
- 2021-04-21
- Нийтлэл
- 0
(Шүүмж)
Aкадемич Ж.Болдбаатарын түүхэн бие хүн, намтар судлалын чиглэлээр туурвисан томоохон бүтээл бол “Монгол түмний сод хүмүүс” юм. Нэг боть нь 50-60 хэвлэлийн хуудас (нийт 12 боть) дорвитой эл цувралын I-VII боть хэвлэгдэн уншигчдын хүртээл болоод байна. Бүтцийн хувьд бүхэлдээ хөрөг найруулал гэхээсээ Монголын түүхийг сэдэвчлэн гол гол төлөөлөгчдөөр нь тодруулан авч үзсэн сонгомжтой байна. Тухайлбал “Төрийн зүтгэлтнүүд” хэмээх тэргүүн ботийн I бүлэг нь “Монголын төрийн түүхэн хөгжлийн тойм”, “Төр, аж ахуйн зүтгэлтнүүд”, III ботийн эхний бүлэг нь “Монголын аж ахуй, эдийн засгийн хөгжлийн түүхэн тойм”, IV бүлгийн I бүлэг нь “Монголын уран зохиолын хөгжлийн түүхэн тойм”, VII ботийн эхний бүлэг нь “Монгол тайз, дэлгэцийн урлагийн түүхэн тойм”-оос бүрджээ. Тиймээс Монголын түүхийн зарим талаар эзэнгүйдэж ирсэн (ялангуяа XX зуунд) гэм орхисыг түүхч хүний хувьд залруулахад тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэж үнэлэгдэж байна.
Их хүмүүний хувь заяа эгэлгүй байдаг. Хүүхэд тогтохгүй айлд хүй цөглөн, өргөж авах айл олдохгүй өвчин ороож өндийсөн ч, өнө Монголын заяа түшиж Ханжаргалант хайрханд нэгэн хүү өсөж торнисон (бүр таван дүү араасаа дагуулан бойжсон) нь Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, их түүхч, академич Ж.Болдбаатар багштан юм. Эрдэм шинжилгээний арав гаруй төрлөөр туурвин бичсэнээс эл цувралын “зохиолч уран бүтээлчид, утга зохиол судлагч шүүмжлэгч”-дийн тухай буюу IV, V, VI ботийн тухайд цухас өгүүлэхийг хичээе. Салбар бүрийн “сод хүмүүс”-ийг товчоолоход соён гэгээрүүлэгч зохиолч, уран бүтээлчдийг орхихын аргагүй билээ. Учир юу хэмээвээс, утга зохиол нь урлаг, соёлын эх үүсвэр байж хүмүүний сэтгэл төдийгүй нийгмийг ариусгаж хүн төрөлхтнийг хүмүүжүүлж ирсний хувьд зохиолчдын намтар, уран бүтээлийн тухай олон нийтэд зориулсан лавлагааны шинжтэй бүтээлүүд нь ард олныг гэгээрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсаар ирсэн юм. Ялангуяа өөр мэргэжлийн хүн өөр өнцгөөр, өөрийн санаа зорилгоор хандах нь тухайн салбар судалгаанд шинэлэг өнгө аяс нэмдэг гэж болно. Үүнийг хийж гүйцэтгэх хүн нь өдрийн од шиг хуруу дарам болохын учир аа өргөн мэдлэг, утга зохиол-бичгийн боловсролтой холбоотой өндөр босго юм. Эл шалгуурыг давах сэхээтэн бол энэ цагийн гарамгай түүхч Бо багштан билээ.
Аман зохиол, эртний уран зохиолын түүхийг товчоолон бичихдээ “Гэсэр”, “Жангар”, “МНТ” болон бусад бичгийн томоохон дурсгалууд, зохиол бүтээлүүд дээр тогтож ярин танилцуулсан нь монгол аман болон бичгийн сонгодог зохиолууд түүхэн шинжтэй, түүх-уран зохиол хоёр арга билиг мэт шүтэн барилдаж ирснийг эрхгүй санагдуулж байв. Өөрөөр хэлэхэд монголчууд түүхээ уран зохиолын хэлбэр, зохиомжоор сударлаж ирсэн бичгийн өндөр боловсрол, яруу сэтгэлгээтэй ард түмэн бөгөөд энэхүү уламжлалыг эдүгээ цагт түүхч хүн урлаг соёл, утга зохиолын түүхийг бичиж, гол төлөөлөгчдийн намтар түүхээр тодотгож буй харилцан болоод урвуу хамаарлаас олж харж болохоор байна. Монгол аман ба бичгийн уран зохиолыг түүхчийн нүдээр босоо тэнхлэгийн цуваанд авч үзэхдээ зохиолын дүр, үзэл санаа, уран бүтээлчийн онцлогийг хэвтээ шугаманд захируулан задалж дүгнэсэн нь утга зохиолын түүхэн зүйн судалгаанд нэгэн жин дарж байна. Чингэж Монголын уран зохиолыг тоймлосноор гол төлөөлөгчдийг нь олны дундаас онцгойлон авч үзэх үндэслэл дэвшигдсэн гэж болох юм. Үнэхээр ч ноён хутагт Данзанравжаа зэрэг түүхэн бие хүмүүсийн бичиг зохиолыг нийгэм-цаг үе, бодлого-үйл ажиллагаатай нь цогцоор нь авч үзсэнээрээ Монголын уран зохиолын онолын шинжтэй тоймоос түүхчилсэн шинжээрээ ялгарч байна. Өөрөөр хэлэхэд Инжаннашийг дангаар нь бус эцэг Ванчинбал, ах Гүларанс, Гүнначүг, Сүнвэйданзан нарын шүлэг зохиол, үзэл баримтлалтай нь холбон нэгэн ижил түвшинд тэгшигтэж “Хөх судар” романы зорилго буюу үзэл санааг тодотгосон зэрэг нь түүхч хүн нийгмийн оюун санааны сэтгэлгэ, цаг үеийг түүчээлэн баримжаалж байдгийн жишээ болжээ.
Түүнчлэн судлагч шүүмжлэгчид, монгол туургагтны зохиолчдыг ч хамруулсан болохыг бүтцийн хувьд дэлгэн үзүүлбэл: IV ботид Монголын уран зохиолын үүсэл хөгжлийг “Монголын эртний уран зохиол”, “Монголын дундат үеийн уран зохиолын эхэн”, “Монголын дундат үеийн уран зохиол”, “Монголын түүхийн ойрхи үеийн уран зохиол” гэсэн дөрвөн хэсгээр авч үзсэн байна. Мөн II бүлэгтээ Монголын зохиолч, яруу найрагчдыг Халхын Цогт хунтайжаас эхлэн XX зууны 60-аад он хүртэлх “алтан үеийнхэн”-ийг хамруулжээ. Харин V ботид 1960-70-аад оны 47 зохиолч, уран бүтээлчид багтсан бол VI ботид 1980-2000 оны эхэн үеийн зохиолч, уран бүтээлчид болон монгол туургатны зохиолч, яруу найрагчид, мөн таван судлагч, шүүмжлэгчдийг оруулжээ. Өөрөөр хэлэхэд энэхүү гурван боть Монголын уран зохиолын үүсэл хөгжил, түүхэн тойм болон 130 гаруй зохиолч, уран бүтээлчийг оюун ухаандаа ширээж амьд өгүүлэмжээр сондорлон хэлхэж бичсэн онцлогтой байна.
Профессор Д.Болдбаатар эдгээр ботиудаа бичихдээ “Зохиолч хэмээхүй нь утгын чимгийг зохиролдуулагч, уран үгийг эзэгнэгч, хүмүүний сэтгэлийг эзэмдэгч юм. Тиймээс тэдний тухай өгүүлэх явдал амаргүй. Зохиолч, яруу найрагчид, яруу тайлбарлагчдын амьдрал, уран бүтээлийг тэдний өөрсдийн нь яруу тансаг хэллэг, утга төгөлдөр санаагаар илэрхийлж байж сая үр дүнд хүрнэ” (2014.8, боть IV) гэсэн баримтлалыг туурвилынхаа зорилго чиглэл, үндсэн шугам болгосон нь зөв зүйтэй хандлага болжээ. Шүлэг зохиол оролдож, уран сайхны болон баримтат кино бичсэн туршлагадаа эрэмлэн “Уран зохиол бол хүн ардад сэтгэлийн цэнгэл, уран үг, утгын зохист чанарыг мэдрүүлэх тайлал болой. Уран зохиолоос хүн амьдралын нарийн нууц, баясал, жаргал зовлон, гэнэтийн тохиолдол, адал явдлыг ойлгож, алдаа оноог дэнслэн эргэцүүлснээр танин мэдэхүйн баяслыг амсана” (2014.6, боть V) зэргээр тодорхойлон бичсэн нь Монголын уран зохиолын түүхийг тоймлоход арга зүйн зөв зүйтэй баримтлал болсон байна. Зохиолч, сэтгүүлч, орчин үеийн дууны яруу найргийн томоохон төлөөлөгч С.Оюунчимэг гэргийнх нь онгодын цалгиа, уянгын дүрслэлт сэтгэмж нөлөөлсөн нь ч мэдэгддэг.
Ингэхдээ хуурай тоочин давтаж бус зохиолчдын дурсамж яриа, бичиж үлдээсэн дуртгалд тулгуурлан зохиомжлон сийрүүлж бичсэн нөр их хөдөлмөрийн үр дүнд энэхүү цуврал урагшилж явна. Тухайлбал: “Жүжгийн зохиолоор Донровын Намдаг гуайн урьд гишгэх хүн Монголд байхгүй гэж дунд сургуульд уран зохиол заасан Д.Мандахсан багш маань хэлж байж билээ. Хожим МУИС-д сурч байхдаа Намдаг гуайн “Шарай голын гурван хаан”, “Наянчулууны ой”, “Шинэ байшинд” зэрэг жүжиг, “Нүгэл буян” киног үзэж, “Цаг төрийн үймээн” романыг нь дахин уншиж, ямар аугаа их хүн болохыг ойлгон мэдэрсэн юм” (2014.271, боть IV) гэх зэргээр түүхийн өнгөрсөн цаг, дурсамжийн халуун цэгийг давхцуулан хүүрнэж гагц уран бүтээлчийн төдийгүй товчоолон бичиж буй тухайн нийгэм, цаг үеийг төсөөлөх танин мэдэхүйн ертөнцийг нээж байна.
Нөгөө талаар зохиол бүтээлийг нь цэгнэхдээ мэргэжлийн судлагчдын үнэлэлтийг эш татан ашигласан ч хөрөг бүрийн төгсгөлд өөрийнхөөрөө товч, тодорхой дүгнэсэн нь уншигч олонд ойлгомжтой болсон юм. Тухайлбал “Мишигийн Цэдэндорж бол:
-Бие дааж харь хэл сурч өндөр боловсрол эзэмшин ухаан билгээ хөвчилж болдогийн үлгэр жишээг үзүүлсэн тэнгэрлэг сэхээтэн,
-Тухайн цагийнхаа найрагчдаас ардын найргийн өвийг чадмаг ашиглах, бичлэгийн арга барил, өнгө аясаар илүү өвөрмөц тодорч байсан суу билигт яруу найрагч,
-Дэлхийн болон Зөвлөлт-Оросын сонгодог зохиол, яруу найргийг монгол түмэндээ толилуулсан, дэлхий дахин Монголыг хэрхэн үзэж байгааг нөр их хөдөлмөрөөрөө илтгэн харуулсан билигт дуун хөрвүүлэгч,
-Өнгөц харах зуур үл ялим этгээд юмуу даа гэж харагдах боловч тусархаг, эгэл даруу, хүний жинхэнэ сайн нөхөр байсан амой” (2014.61, боть V) гэх мэтээр төрөл зүйлээр нь дүгнэснээс үзэхэд соён гэгээрүүлэгч бичгийн их хүмүүсийн хувь чанарыг танин мэдэх, бүтээл туурвилаар нь бахархах төдийгүй тэдний бүтээлч үйл ажиллагаанаас суралцах ач холбогдолтой болох нь тодордог.
Голтой эрдэмтний тулхтай эл дүгнэлтүүд нь эш татам оновчтой, ойлгомжтой болсныг үүгээр жишээлж болно. Учир нь мэргэжлийн судлагчдын үнэлэлт, тодорхойлолтыг шигтгэн баталгаажуулсны эцэст чингэж товчоолон хурааж дүгнэсэн нь мянган жилийн шастиртай Монголын уран зохиолын түүхийг хураангуйлсан содон шигтгээ болон гялалзаж байна.
Гэхдээ мэргэжлийн бус хүний хувьд Ц.Цэрэнсодном, Г.Галтбаяр, Б.Галсүх, Ph.D Г.Галбаатар, найруулагч Н.Нямгаваа (IV боть 8, 98, 198, VI боть 9, 10-р тал г.м) гэх зэргээр эрдэмтэн судлагч, уран бүтээлчдийн овог нэрийг эндүү ташаа бичсэнээс бусдаар салбарын хүрээний бидэн ч эш татаж ашигламаар тулхтай тойм болсон байна. Мөн эшилж авсан зарим нэг бүтээл нь шинжлэх ухааны баттай эх сурвалж бус (Соёмбо нэвтэрхий толь г.м) төдийгүй нэгэнт таалал төгссөн эрхмүүдийн төрсөн оныг бичсэний дараа (1929-? гэх мэт) асуултын тэмдэг (?) тавьсан нь өөртөө тавьж буй ?-тын тэмдэг гэж ойлговоос зохилтой. Учир нь олон түмэнд зориулсан лавлагааны бүтээл гэдэг он цагийн хувьд зөв зүйтэй байхаас гадна дутуу дулимаг орхигдохын аргагүйд оршино. Түүнчлэн зохиолын агуулга, үйл явдал руу хэт хэлбийж, мэргэжлийн судлагч, шүүмжлэгчдийн бүтээлээс багагүй эш татсан (Ц.Базаррагчаа, Д.Цэнд, Ц.Мөнх г.м) нь уран бүтээлч бүрийн онцлогоос шалтгаалж бие хүн, зохиол туурвил руу нь чиглэсэн буруутгахын аргагүй бичлэгийн хэв маяг, басхүү мэргэжлийн бус хүний бичвэр хэмээн зөвшөөгдөх ч заримыг хувь хүн тал руу, заримыг уран бүтээл рүү нь хэт савлуулснаараа сайтар мэддэг, таньдагтай холбоотой хэтийдэл болж харагддаг. Сонгож авсан “сод хүмүүс” нь зохиогчийн сонголт хэдий ч V ботийн “Зохиолч, яруу найрагч” хэсэгт багтсан шүүмжлэгч Д.Цэнд, Ц.Мөнх, Ч.Билигсайхан нарыг VI ботийн “Яруу тайлбарчид” хэсгийн таван судлагчидтай нэгэн бүлэгт хамтатгах байжээ. Чингэсэн бол ботийн хэмжээ болоод агуулга тэнцүүртэй болох санагдсанаа өчих юун. Гэхдээ дараа, дараагийн ботиуддаа эрхмүүдийн хөрөг зургийн чанарыг сайжруулах, зөв бичих дүрмийн хувьд монгол хэлэнд “мой” гэдэг нөхцөл байдаггүй, эр үгэнд “муй”, эм үгэнд “мүй” гэж бичдэг сонгодог бичгийн уламжлал (“амой” 2014.61, боть V) гэх мэт болоод дээр цухас дурдсан алдаа санамжуудаа засамжлахын зэрэгцээ Зая бандида Лувсанпринлэй нарын эртний мэргэдийг орхигдуулдаг юм аа гэхэд их бичгийн хүн, нэр орчуулагч Чойжи-Одсэр гүн ухаантан, анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазар, зохист аялгууч, ханчин хамбо Жамьянгарав, академич, эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, төрийн шагналт судлагч Д.Цэрэнсодном зэрэг нэрт эрдэмтдийг “сод”-онсуулан бичнэ гэдэгт найдаж буйгаа өчье. Энэ нь шинжлэх ухаан, мэдлэгийн салбар бүрээр редакцийн зөвлөл байгуулаагүйтэй холбоотой санамж мэт.
МУИС-д элссэн ч ректор, зохиолч Дондогийн Цэвэгмидээр өргөдлөө цохуулж хүссэн ангидаа шилжин ороод “за хүү минь сайн түүхч болоорой”, төгссөний дараа аанай л “сайн багш болоорой” гэж ерөөлгөсөн зэрэг нь нэг талаар эл цувралаас Монголын нийгмийн оюун санааны амьдрал, түүхийг харж болох ч нөгөө талаар академич Ж.Болдбаатарын алтан үеийнхэнтэй уулзан учирч, нөхөрлөн хамтарч, сураглан сонсож ирсний “дурсамж тайлан” гэж болно. Чухам энэ хоёр үзүүр дээр “Монгол түмний сод хүмүүс” цувралыг үнэлэн цэгнэх нь зүйтэй болов уу? Өөрөөр хэлэхэд эдгээр ботиудаас хожим хойчийн “Болдбаатар” судлалд холбогдох үнэт мэдээ эрэн сурвалжлах нь сэжиггүй юм. Учир нь түүхч хүний хувьд архивын материал, хэвлэл мэдээллийн сан хөмрөг (тв, сонин г.м) шүүрдэж зарим шинэ мэдээ, баримт танилцуулахын зэрэгцээ XX зууны эхэн үеийн монголын уран зохиолыг “Ойрхи үеийн уран зохиол” гэж нэрлэсэн тэргүүтэн нь мэргэжлийн чиглэл, мэдлэгийн цараатай нь холбоотой туурвилын онцлог мөн. Үүгээр нь “энэ цагийн түүхч, эрин үеийг товчоологч”, “монгол түүхийн гэрч, сод хүмүүсийн тольч (нэвтэрхий)” хэмээн өргөмжлөн нэрийдэж болохоор байна. Харин багш хүний хувьд эрдэм шинжилгээний эсээ хэлбэрээр найруулан бичсэн нь ойлгомжтой хөвөрдөх төдийгүй оюуны өмчийн хувьд ч онож боловсруулсан, онцолж эшилсний хувиар нийгмийн гэрэлт амьдралыг тодотгож, ард түмнийхээ оюун санаанд соён гэгээрлийн үр цацсаар амуй.
Тухайн зохиолчийн зөвхөн уран бүтээлийг бус нийгмийн үйл ажиллагаа, үзэл баримтлал, хувь хүний зан чанар зэргийг бүхэлд нь тодруулахыг зорьж, эдгээрээ судлагч хүний хувиар тодорхой баримт мэдээ, бусдын дурсамж, дурдатгалаар бататгажээ. Ялангуяа Л.Түдэв, Өвгөөдэй Ц.Дамдинсүрэн зэрэг зохиолчийн бүтээл туурвилын тухайтад уран сайхны эсээ хэлбэрээр тун гарамгай бичсэн байна. Мөн зохиолч, уран бүтээлчдэд холбогдох зориулал, хоч шүлэг, хөгтэй явдлыг хошигнол болгон шигтгэснээрээ уянгын өвөрмөц зохиомж болсон төдийгүй хөрөг бүр албаны намтар танилцуулга төдийхөн бус өөр өөрийн өгүүлэмжтэй, уншууртай хөврөх энгүүн бичлэгтэй аж. Тухайлбал шог зохиолч И.Цэрэнжамцын хошин шүлгээс онцолсон зэрэг нь уншигчдад илүү дөхсөн сонирхолтой шигтгэл болсон байна. Ингэхдээ “сайхь” гэсэн төлөөний үг зэрэг өөрийн хэллэг, найруулга үүсгэж анх ямар зохиолыг нь уншсан тухайтад болон зарим зохиолын агуулгыг жирийн сэхээтэн, уншигчийн нүдээр “олж харсан” нь тухайн уран бүтээлчийн судлалд төдийгүй Монголын уран зохиолын түүхэнд содон өнгө аяс нэмжээ.
Өөрөөр хэлэхэд хэр баргийн “академич” нэртэй цолондоо багадсан, ханачихсан профессоруудад үлгэр жишээ үзүүлэхүйц нөр их цаасан дунд туурвин бүтээж сууна. Энэ цагийн намтар судлалын “загалмайлсан эцэг” эрдэмтний хувьд хувь уран бүтээлчийн зан төлөв, үзэл бодол төдийгүй бие хүний зам мөр, онцлог чанарыг товойлгон тодорхойлж гаргахыг зорьсон нь олзуурхууштай. Үүгээрээ мэргэжлийн ангийн оюутан, багш нарт гарын авлага болохуйц жин дарж буй. Нэгэн жишээ дурдахад үүнийг тэрлэгч өчүүхэн бээр 2017 онд төрийн шагналт зохиолч, нэрт орчуулагч Ч.Чимидийн намтар, уран бүтээлийг цогцод нь авч үзсэн нэгэн сэдэвт судалгааны анхны бүтээл хэвлүүлсэн болно. Мэргэжилтнүүдийн зүгээс сайшаан хүлээж авсан ч, тэрхүү номонд ороогүй шинэ баримтууд Болдоо багшийн эл бүтээлд бий нь нэг талаас утга зохиолын баялаг өргөн талыг харуулах ч нөгөө талаар “Монгол түмний сод хүмүүс” цуврал ямархан багтаамж, баримт мэдээлэл агуулж буйн нэгээхэн баталгаа гэж болох юм. Одоо үед олон ном хайж бүх материалыг шүүрдэнэ гэхэд цаг үе ч өөр болж.
Хойч үеийн энэ хойрго занд нэгдсэн чанартай ийм лавлах ботиуд өнөө үеийн шаардлага, өсвөр залуусын гарын авлага болж байна. Энэ үүргийг хүлээж их юм шүүрдсэн нь илт бөгөөд зан төлөвийн хувьд магтсан мэт аястай ч зам мөрийг нь тун онож дүгнэсэн гаргалгатай аж.
Өрнөдөд энэ чиглэлийн бүтээлийг ерөнхийд нь “амжилттай хүмүүсийн тухай ном” (The books of successful people) хэмээн нэрийддэг бөгөөд алдартай, суут хүмүүсийг цувралаар буюу бүгдийг нэг дороос унших боломжгүй, хувь хүмүүс тус бүрдээ бичдэг бол эл цуврал эсрэгээрээ байгаа нь монгол эрдэмтний чин зориг, гэрэлт үйлсийнх юм. Тухайлбал Билл Гейтсийн “Бизнес ба бодлын хурд” (Business @ the speed of thoughts, 1999), Дональд Трампын “Арилжаалах урлаг” (The art of the deal, 2004), Хэнри Фордын “Ажил, амьдрал мину” (My life and work, 2013) зэрэг биенес эрхлэгч, улс төрчдийн үйл хэргийн замнал, намтарчилсан түүхээс сонгон унших боломжтой байдаг. Харин Америкийн зохиолч John C. Maxwell “Амжилттай хүмүүс”-The Successful People (How Successful People Think: Change Your Thinking, Change Your Life, Make Today Count: The Secret of Your Success is Determined by Your Daily Agenda, How Successful People Lead: Taking Your Influence to the Next Level etc., 2015), “Амжилтын гараа”-Jumpstart (JumpStart Your Leadership, JumpStart Your Growth, JumpStart Your Priorities, JumpStart Your Thinking: A 90-Day Improvement Plan, 2014), Bright Bill-тэй хамтран “Баяр баясгаланг бурхан тэнгэр ивээдэг”-Joy of knowing God (The Joy of Supernatural Thinking: Believing God for the Impossible, the Joy of Trusting God: Character You Can Count On, the Joy of Active Prayer, 2005) цувралуудыг эрхлэн хөтөлдөг ч бие хүмүүний түүх, шинжлэх ухааны үндэстэй тойм гэхээсээ онолын шинжтэй зөвлөмж, хувь хүний өөрийгөө засах ухаан (personal success)-ыг дэвшүүлсэн арилжааны чиглэлтэй сериал байдаг билээ.
Товчхондоо бол гадаадад, гарамгай удирдагчид (outstanding leaders), биенес эрхлэгчид (entrepreneurs), итгэхийн аргагүй амжилтанд хүрэгсэд (incredibly successful people), алдартнууд (famous personalities) болон нийгмийн баялаг бүтээгч, эдийн засгийн хөрөнгө оруулагч нарыг чухалчилж, зохиогчид нь өөрсдөө бичсэн дурсамж түүх голлодог бол манайд мэдлэг боловсрол, бүтээл туурвил, оюун үйлсийг онцолдог ялгамжтай ч барууны дээрх зорилтуудыг орлох түвшинд эл цуврал бүтээгдэж байна. Мөн “Амжилтанд хүрэх 25 ном”, “Алдартнуудын санал болгох номууд” гэх мэт хэрэглээний шинж давамгайлдаг байхад Монголд танин мэдүүлэх чиглэлтэй нь эл ботиудаас улам бүр баталгаажих ажээ.
Булган нутгийнхныг булган сүүлтэй анхдагчид гэдэг. 70 насандаа 70 ном бичиж хэвлүүлэхийн зэрэгцээ дорвитой цуврал хөтлөн эрхэлж, туурвин бичиглэсээр буй түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн “урмын ташуур” өгөхөд нэг тийм шинэ цол хүртээмээр санагдсанаа нуух юун билээ. Уншигчид, өргөн олноор энэ сэдэвт сэтгэлээ чилээх буй за. Энэ нь “Ардын багш” аргагүй жижигдэж, “Хөдөлмөрийн баатар” хуучинсаг санагдсантай холбоотой өгүүлэн бичигчийн санал төдий болно. Хэдий эрдэмтэн сэхээтэн ч, хүн гэдэг сэтгэлээрээ туурвиж, итгэлээрээ амьдардаг бодгаль билээ.
Монгол түмний сод хүмүүсийг салбар бүрээс есөн ботид хураан бичихээр зориглож, гүйцэлдүүлэх ажлыг гагцхүү тэрбээр, түүхч хүмүүн л биелүүлж чадах ажаам. Чадсан нь ч буй. УГЗ, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав: “Сод хүн гэж сод хүнийг л хэлнэ гээд хэлчихмээр байна. Өөрт байгаа бусдаас давуу талаа нийгэмд үнэлэгдэх хэмжээнд хүргэж чадсан л бол сод хүн” (Гоо даль, 2010/05. №21) гэсэн нь бий. Хариуцлага, сонгомж өндөр энэ том ботиудад бага сага үг үсгийн алдаа ч бага хэрэг. Гагцхүү эдгээр содон эрхмүүдийг голтой төвтэй, дүн бангий нь тааруулж бичнэ гэдэг ноён нуруутай л хүний хийх ажил ажгуу.
Сод хүмүүсээс суут хүмүүн төрдөг, суут хүмүүн нь сод хүмүүсээ бичдэг. Цуут түүхч, соён гэгээрүүлэгч нь тийм байдаг.
Д.Цэвээндорж (ШУА, ХЗХ)
Сэтгэгдэл (0)