Домогт дарга нараа дурсахуй

1922-1924 онд Богд хан уулын аймгийн Баянжаргалан, Дэлгэрхаан, Эрдэнэ, Өндөрширээт, Батсүмбэр сумын нутагт намын үүрүүд байгуулагдаж, 1924 онд Богдхан уулын аймгийн Намын хороог 12 үүрийн 21 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, АНХ-ны анхдугаар хурлаас нарийн бичгийн даргаар Гомбо-Очирыг сонгожээ. Түүнээс хойших тав дахь даргын гэрэл зураг өөдөөс харж байна.

Ванчигийн ДОРЛИГЖАВ.

Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны нутагт 1893 онд төрсөн, ардын хувьсгалын дараа хошууны тамгын газарт бичээч, Сангийн яаманд туслах түшмэл, Гадаад явдлын яамны сайд, намын Төв хорооны хэлтсийн эрхлэгч, 1928-1932 онд Төв аймгийн Намын хорооны дарга, 1932-1937 онд Мал аж ахуйн яаманд хэлтсийн даргаар ажиллаж явсан намтартай.

Төв аймгийн сонин, Намын хорооны аппаратад миний ажиллаж явах үед нэгдүгээр нарийн бичгийн даргаар Бугын Дэжид, Шагдарын Агваансодов, Цэндийн Адъяа, Самдангийн Чойжил, Цэвээнжавын Өөлд, Балдангийн Элдэв-Очир гуай нар ажилласан байна.

Увсын Өмнөговь сумын Бугын Дэжид гуай Говь-Алтай аймгийн малын эмчээс манай аймгийн Гүйцэтгэх захиргааны орлогч, төд удалгүй Баянзүрх сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд намын уриалгаар ажиллажээ. Манай сониныхон эл нэгдэлтэй шифийн холбоотой учир 1963 оны намар хадлангий нь авалцах үед зүс анх харалцаж билээ. Сүйхээтэй, зальжин сэргэлэн, тооцоотой ажилладаг аргаараа Улаанбаатар хотын зүүгээр Баянзүрх сумтай зах залгаа гуанз, морь дахлах цэгүүд, будагчин хятадууд, гэрэл зурагчдын орлогоос шимж нэгдлээ 25 сая төгрөгийн орлоготой болгож, нэрийг нь өөд өргөсөн гэж мэддэг улс ярьдаг юм. Нэг удаа цас зуднаар хээрийн хойморьт хонь хариулж яваа ядарсан нэгдэлчний хоншоороор нь цас чихсэн гутлыг тайлуулж, хөлийг нь барьж бүлээцүүлэх мөртлөө өмсөж явсан бамбагар цагаан эсгий гутлаа тайлж өмсүүлээд, нөгөө муу тах болсон тамтгийг нь хөлдөө углаад явчихсанаар, эдүгээгийн шоуг гайхалтай үзүүлж, малчдын дунд нэр хүндээ мандуулан “бурхан дарга” болж чадаад, Төв аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар дэвшжээ.

 

Манай Дугарын Бадарч гуай ярьдагсан: “Дэжид дарга сумдад ажиллах томилолттой биднийг семинарлахдаа түлштэй юу, хоолтой юу гэж асуух. Шинэ ирсэн даргад халж үнэнээ хэлж чаддаггүй байлаа. Тийм нэг семинарт орохын өмнө бидний хамгийн ахмад М.Сандуй “би түлээгүй”, Чулуун чи хоолгүй гэдгээ хэл! энэ даргын яадгийг үзье” гэв. Дэжид дарга ч асуудгаа асуулаа, мань хоёр ч хэлдгээ хэллээ. Дор нь Аж ахуйн тасгийн дарга Содномцэрэнг авчирч үүрэгдээд дутууг нь гүйцэлдүүлж өгсөн. Үүнээс хойш хэн маань ч хөдөө явахдаа хэлдгээ хэлээд орхиход, ирэхэд олоод өгчихсөн л байдагсан. Намын хороонд ийм сайн жишиг тогтоосон дарга даа” гэв. Хөдөлмөрийн баатар Г.Батмөнх “Аймаг орж намын хорооны хаалгаар анх удаа хөл тавилаа. Б.Дэжид дарга өрөөндөө ортол, өөдөөс угтан ирээд мэнд мэдээд, гар барьж урт ширээнд урьж суулгалаа. Сум орны ажил байдал асуулаа. Би ч мэдэх зүйлээ хариулж байв. Дарга яриан дундаа чамайг сум хариуцуулж ажиллуулна гэдэг юм байна. Би айх гайхах хоёр зэрэгцэж юм дуугарч чадахгүй байсан чинь арваад минут намын ажлын талаар ухуулж байгаад “Намын байгууллагын хэлтсийн эрхлэгч Чүлтэмсүрэнтэй уулз, хоёр өдөр намын хорооны тогтоол бусад материалтай танилц” гэв. …уншиж дуусгаад л ер нь чадахгүй гэж хэлээд буцъя гэж шийдээд дарга дээр орлоо. Дарга сайхан хүлээж аваад л намайг үг хэлэхээс өмнө угтуулаад л “Хоёр хоногийн дараа намын бүгд хурал болно, тэр хуралд дарга нартайгаа мөр зэрэгцэн суугаад л үнэгүй хоол, үзвэр үзээд л эхэлнэ шүү дээ” гээд яриа дэлгээд байдаг. Би үг хэлж чадахгүй сүүлдээ хаана ажиллах вэ гэтэл Алтанбулаг сумын Намын үүрийн дарга болно гэдэг байгаа. Ингээд л даргын ажил эхлэв” Намын ахмадууд аймгийнхаа хөгжилд. Зм.2006.26-р.

 

Шагдарын Агваансодов гуай соёлтой, аялаг зөөлөн зан харилцаатай, төлөв түвшин нуруутай, уцаартай орсон хүн инээгээд гардаг байсан гэдэгсэн.

Г.Батмөнх гуай Алтанбулаг суманд ажилласны дараа сургуульд сурч төгсөөд аймгийн Намын хороонд ажиллажээ. Тэрбээр дурсамждаа: “Аймгийн Намын хороонд тэр үед Ш.Агваансодов, Д.Дамбажамц, Х.Билгээ, Чүлтэмсүрэн, Доржсүрэн зэрэг жинхэнэ дарга мэргэжилтэй хүн олон байсан. …Нэг өдөр нэгдүгээр нарийн бичгийн даргын өрөөнд 18:00 цагт бүх ажилчид цугларах зарлал гарснаар… дарга нар ажиллагсдынхаа ахуй амьдралтай танилцаж эхлэв. Тэдний дотор хамгийн залуу нь би байв. …хамгийн сүүлд миний ээлж боллоо. Манайх хоёр охин, нэг хүүтэй, өөрийн гэсэн гэргүй, …Улаанбаатарт байгаа ээжийнхээ гэрт цуг амьдарч, тавилга эд зүйлээ хашаанд нь хураагаад, би хотоос ажилдаа явдаг байлаа. Дарга нар маань анхаарч байгаа бололтой хоорондоо толгой дохин ярилцаж байгаад, Аж ахуйн тасгийн дарга Дамдингомбо гуайд Дамбажамц дарга ийн үүрэг өгөв. Маргааш өглөө Батмөнхөд баазаас машин авч өг, 36 айлын сууцнаас нэг хүний нэр хэлээд тэр айлыг ачиж явуулаад Батмөнхийг тэр байранд оруул, Батмөнх чи байрныхаа түлхүүрийг өөрөө аваад яваарай гэлээ. Миний хувьд амьдралд минь аз тохиов. Өдөртөө нүүж ирж боловсон сууцанд амьдарч, гэр бүлийн хүнийг маань ЭХГ-ын арьс өнгөний диспансерийн нягтлан бодогчоор ажиллуулж, хоёр охин, хүүгээ цэцэрлэг, яслид явуулаад тохилог амьдарч эхэлсэн дээ. АНХ-нд ажиллаж, олон сайхан туршлагатай ахмад ажилтнуудаас ихээхэн зүйлийг сурч авснаа дурджээ.

 

Аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Цэндийн АДЪЯА гуай Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт 1921 оны гуравдугаар сарын 1-нд малчин эмэгтэй Цэндийн IҮ хүү болж төрсөн. Тэрбээр 12-тойдоо бичиг үсгийн бүлгэмд гурван сар сууж Өлзийноров гүнээр монгол үсэг заалгаж суралцсан, 16-тайдаа Улаанбаатарт ирж сестрагийн сургуульд нэг жил суралцаад 1938 оноос аймгийнхаа Цогтчандмань, Баян-Овоо, Аргалант сумын Хүн эмнэлгийн салбарын эрхлэгчийг сумдын ХЗЭ-ийн үүрийн даргын албатай хавсарч хийжээ. 1939 оны хавар Улаанбаатар хотод Эрүүлийг хамгаалахын ажилтны улсын анхдугаар зөвлөлгөөнд төлөөлөгчөөр ирж, хурлын тэргүүлэгчээр сонгогдож байжээ. Ц.Адъяа гуай дурсамждаа “Тэр үед их эмч байсангүй. Энэ зөвлөлгөөнд Ховд аймгийн Булган сумаас бага эмч Туваан казах дээлтэй ирж байлаа. Хожим нь Эрүүлийг хамгаалах яамны сайд болсон” гэжээ. Адъяа гуай 1941 онд цэрэгт мордож, Цэргийн авто батальонд нэг жил суралцаж жолоочийн мэргэжил эзэмшсэн. Тэгээд Цэргийн ерөнхий сургуульд хоёр жил суралцаж хуягт танкийн мэргэжлээр төгсөж, Хэнтийн VI морин бригадын Хуягт суманд салаан захирагчаар ажиллажээ. Баруун хилээр Оспаны дээрэмчид цөмрөн орж ирэхэд 1944 оны IҮ сарын 8-нд тушаал ёсоор ҮI морин бригад түргэн жагсаалаар Улаанбаатар, Архангай, Говь-Алтайгаар дамжин Ховд аймгийн Үенч сумын Улаан толгой хүртэл 2000 км замын морин маршаар өдөр шөнөгүй явж туулсан. Энэ бол бүрэн зэвсэглэсэн цэрэг эр, монгол морь хоёрын эр зориг, тэсвэр хатуужлыг харуулсан цэргийн дайчин замнал байлаа. Алтайн өвөр говь, Ховд, Үенч, голын Улаантолгойд улсын дархан хилийг харийн дайснаас хамгаалахаар очиход бэлэн байр байхгүй тул газрыг 10 гаруй метрээр ташуу доош гүнзгий ухаж нүхэн байр бэлтгэж цэргүүдээ байрлуулан өвөл, хаврын хахир хатуу цагийг туулж хил хамгаалах үүргээ бүрэн биелүүлсэн. 1944 оны бичин жилийн зуднаар маш их хүйтэрч IХ сар гэхэд цас дарж, Тамчийн даваа хаагдаж, хэл мэдээ авахад хүндэрч байлаа. Ойр орчимд түлээ түлш олдохгүй 10 гаруй км-ээс түлээ түүж хоол ундаа бэлтгэдэг байв. Цагийн хатууг даван туулж, хил хамгаалахад цэрэг эрс хэчнээн ядарч, зовох тусам улам хатуужил сууж зоригждог юм билээ гэж гэж Адъяа гуай ярив.

Тэрбээр 1945 оны чөлөөлөх дайнд идэвхтэй оролцож, Батлан хамгаалах яаманд автограшийн техникийн даргаар ажиллаж байгаад 1949 онд бэлтгэл офицероор халагджээ.

Ц.Адъяа гуай Намын Шинэ хүчний дээд сургуулийг 1954 онд төгсөж, мөн Казахстан улсын Алам-Ата хотын Коммунист намын дээд сургуулийг 1965 онд төгссөн байна.

Тэгээд Дундговь, Архангай аймгийн даргаар 1954-1961 онд, Сайд нарын зөвлөлд 1965 оноос зохион байгуулагч, 1966 оноос Завхан аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1971-1981 онд Төв аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1981 оноос МАХН-ын Төв Хороонд зөвлөх ажилтан, 1982-1985 онд БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа Элчин сайдын яаманд хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж ирсэн байна. Буурь суурьтай, нэр нөлөөтэй, нөмөр түшигтэй, ажил асуудлыг өргөн хүрээнд нь анхааралтай харж, ончийг нь олж зохион байгуулж чаддаг, голыг нь олж дүгнэж ярих нь цэгцтэй, зангарагтай лут дарга. Тун дургүй нь хүрэхдээ долоовроо тэнийлгэж “нохойн баас” гэж дуугардаг гэдэгсэн билээ. “Нэгдүгээр даргад хоёрдугаар зэргийн асуудал үгүй” Л.И.Брежнев гэдэг үг санагдаж, үүдний тасалгаанд нь дугаарлан суугаа хүмүүсийг үзээд, өрөөнд нь ороход нам, засагтай харилцдаг тусгай утас, дотоод харилцааны телефон, тогтоолд гарын үсэг зурж суугаа дарга, гадаа конторын үүдэнд дэлий нь зассан хүлэг шиг “ГАЗ-69” машиныг нь зүлгэж зогсоо жолооч дээрх эшлэл үгийг нотлох шиг болно.

Сонинд байхдаа нэг удаа дуудагдаж орвол, аймгийн даргаар ажиллаж явсан П.Лувсангомбо гуай сууж байна. Би түрүүхэн нь сурвалжилж зурагтай нь ярилцлага нийтэлсэн юм. Амар мэнд мэдтэл Лувсангомбо гуай:

-Хүний нэрийг аль газрын ямар шийдвэрээр сольдог билээ? гэж ширүүхэн асуулаа. Би дотроо “Нэг хэрэг тарьж дээ” гэж бодуут “Шүүхээр” гэлээ. Өвгөн цааш, Адъяа дарга руу хандаж:

-За ийм л залуу даа. Шүүхийн эрхийг шүүрсэн… гэхэд Адъяа гуай надаас:

-Чи ямар сургууль төгслөө? гэв.

-Би долоодугаар анги төгссөн гэхэд жаахан жагхийснээ:

-Лувсангомбо гуайн овгийн “П” үсэг “Д” үсгээр солигдчихсон байна, мэдэв үү! Ажлаа анхааргатай сайн хийж бай! гээд гаргаж билээ. Хуучцуул гэдэг ийм нарийн хариуцлагатай улс.

 

Хожим Намын дээд сургуульд явах өргөдлийг минь Адъяа гуай ихэд дэмжсэн гэдэг юм. Адъяа гуай МАХН-ын 1947 оны гишүүн, намын ХII,ХIҮ, ХҮ,ХҮI, ХҮII, ХҮIII, ХХ их хурлын төлөөлөгч, НТХ-ны гишүүнээр гурван удаа сонгогдсон ажээ. Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн түүний хөдөлмөр зүтгэлийг төр засаг үнэлж Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, Алтангадас одон, ойн медалиуд, “Бид ялав-1945 он”, В.И.Лениний 100 жил Г.К.Жуковын 100 жилийн ойн медаль, Их Монголд Улсын 800 жилийн ойн медаль шагнажээ.

Тэтгэвэрт гараад Адъяа гуай Хөнгөн хүнсний үйлдвэрүүдийн нэгдсэн туслах аж ахуйд зөвлөх, хотын Өндөр настны зөвлөлд Үйлдвэрчний хорооны дарга, Ахмадын “Зүүн хүрээ” ХХК-ийн захирал зэрэг ажлыг хийж байв.

Самдангийн Чойжил гуай өдөр шөнө ялгахгүй ажилч хичээнгүй, санаачилга зүтгэлтэй ажиллана. Аж ахуйн аргатай, бүтээлч хүн, богинохон хугацаанд Төв аймагт их зүйл хийлгэсэн, ялангуяа МАА-н материаллаг баазыг бэхжүүлэхэд онцгой анхаарсан, даанч матаас хүртэж хэлмэгдсэн. Манай аймаг 1986 онд бог малын хашааны хангамж 128.7, үхрийнх 85.4 хувь хүрчихсэн байлаа.

Албаа аваад удаагүй байхдаа Чойжил гуай намайг дуудлаа. Тооны жижигхэн машин дээрээ аймгийнхаа сүргийн эргэлтийг хийж, тоо жагсаагаад завгүй гэдгийг би мэдэж байлаа. Ширээнээ дэлгэсэн их цаасны цаанаас босч ирээд хажуугийн намхан ширээнээ намайг хажуудаа суулгаад арваад хуудас надад өгч тайлбарлаж гарлаа. “Ургац алдсан шалтгааныг судалж бүгд хурлаар хэлэлцэнэ. Улаан буудайн сорт бүрээр, САА, тариалантай нэгдэл бүрээр тариалах хугацааг тав тав хоногийн алхамтай, үр суулгах хөрсний гүнийг тав таван см-ийн өөрчлөлттэй, үр тариа, төмс, хүнсний ногоо зүйл бүрээр нь асуулт хийсэн хүснэг өгөөд “судалгааны ажил зохион явуулж аваад, нэгтгээд ир” гэлээ. Тэгэхэд Төв аймагт “Дархан”, “Бурятсяа-34” улаан буудай тариалдаг байсан санагдана. Өөрөөр хэлбэл, талбай бүрийн агро удирдамж боловсруулахтай ижил ажил. Аймгийнхаа газар тариалангийн мэргэжилтнүүд, тариалагч, ногоочин 817 хүнээс 42 асуулт бүхий асуумж судалгаа явуулж нэгтгэн дүгнэлтээ бодлого удирдамждаа суулгаж аймгийн Намын хорооны бүгд хуралд оруулж батлуулан ажиллуулснаар өндөр ургац авах нөхцөлийг бүрдүүлсэнсэн. Энэчлэн тэр дарга санаачилгатай ажиллаж мал төллүүлэх баазууд байгуулгаж, Зуунмод хотыг тохижуулах зэргээр ахархан хугацаанд их зүйл хийлгэсэн хүн дээ.

 

Ц.Өөлд дарга “Амьдрал-ухаарал” номдоо “МАХН-ын ТХ-ны УтТ-ны 1983 оны ХII сарын нэгэн хуралдаанаар намайг Төв аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн юм. Томилох асуудлыг хэлэлцэхэд урьд нь тус АНХ-ны даргаар ажиллаж байсан С.Чойжилыг хамт байлцуулан, гаргаж байсан дутагдлыг нь асууж лавлахад УтТ-ны хурал дээр бүгдэд нь огт түгдрэлгүй зохих хариулт өгч байсныг хараад маш их чадвартай хүн юм даа, ийм хүний дараа очоод аймгийн ажлыг яаж сайжруулна даа гэсэн бодол төрж байж билээ” УБ. 2012.22-р.

Албаа өгөөд С.Чойжил гуайнх улсын орон сууц чөлөөлж нүүхэд нь харж байсан хөрш нь: аймгуудад ийм том алба хашчихаад, 53 машины тэвшний тал дүүрэхгүй хогшилтой амьдарч дээ хөөрхий” гэж өрөвдөж байж билээ” гэсэн үг сэтгэл эмзэглүүлдэг юм. З.Гончигсүрэн бид Чойжил гуайг Хүрэндэлд зусаж байхад нь очиход жижгэвтэрхэн гэртээ хөгшинтэйгөө хоёул малчны төрхөөр амьдарч суугаа дүр нь санаанд үлдэж дээ.

Балдангийн Элдэв-Очир гуай агрономч мэргэжилтэй, жараад оноос яаманд мэргэжилтэн, Алтайн Бигэрийн хонхорт өвөлжих хөх тариа ургуулж туршиж үзсэн, дээд сургуулийн багш, НТХ-нд зааварлагч, зохион байгуулагч, Хөвсгөлийн намын хорооны нэгдүгээр дарга мэт сүрхий алба үзчихсэн аж ахуйч хүн. АНХ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга нараас хуучин бууны хугархай, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурц дайчин Дэжидийн Дамбажамц гуайн нэр гарах бүрд чанга яригч барьчихсан аль нэг бүтээн байгуулалт, зам, барилга, субботникийн ажил буцалсан, улаан тугтай талбарт цогтой хэлэмгий үгсээрээ уриалан шаардан хүмүүсийг хөгжөөн идэвхжүүлж зогсоогоор дүрслэгдэнэ. Ажлыг удирдах намын удирдлагын дуурайл нь аж ахуйн дарга нарт сургамж болдог байлаа. “Дамбажамц гуай бол Оросын иргэний дайны домогт баатар Чапаетай монгол талаасаа зүйрлэж болохоор дайчин хүн” Ч.Дашдэмбэрэл. 1925 онд Вангийн хүрээнд байгуулагдсан Ардын намын анхны танхимын сурагч, Шинэ хүчний сургуулийн “бүтээгдэхүүн” тэрбээр дутагдлын дэргэдүүр дуугүй өнгөрөх тэсгэлгүй, юмыг үнэлж цэгнэхдээ хатуухан, түргэн зантай, оновчтой хурц хэлэмгий, сайхан сэтгэлтэй хүн. Манай сонины сурвалжлагч шударга улаан Дондогдорж гуай цуг сумдаар явж Өнжүүлээс нааш зуд турханд нэрвэгдсэн малчныд очиж, үхсэн олон малыг нь үзээд Дамбажамц гуай “бөө бууж” гарч дээ. Зэвүү нь хүрсэн сурвалжлагч “Та яахлаараа хөгшин залуу ялгалгүй, ингэж шазагнаж байдаг юм. Зуд гэдэг чинь санаан зоргоор болдог юм уу” гээд тавьчихаж. Мань хоёр үзэлцсээр яваад Намын хорооны дэргэд бууцгаасан гэдэг. Хоёр шударга тэндээс хоорондоо найзууд болж, илдэг тоглоом шажигнуулж, илүү үгсээр биенээ явуулж, халуун идээ балгаж суудаг гэдэгсэн. Товчооны хурал дээр гэмтний улаан нүүрийг шаттал, “заа ингээд нам ч үгүй, зам ч үгүй болдог байжээ” гэтэл бажигдуулж, нэвширтэл хэлээд, нэрд нь сэвгүй өнгөрөөдөг эцэг ёсны энэрэнгүй дарга байсныг олон хүн дурсдаг, хайрладаг. Дамбажамц гуайгаар нэг загинуулчихад насны гутаг арилдаг гэж хуучцуул наргидагсан.

 

Уг нь Булган аймгийн Хангал сумын Будагт нутагт төрсөн, Улаанбаатар, улаан Москвад Намын дээд сургуулиуд төгсчихсөн, 1928 оноос Богдхан уулын аймгийн Булганхан уулын хошууны тал бичээчээс эхлээд хязгаарын цэргийн дайчин, зоригоор удирдаж сурсан улс төрийн орлогч, 1948 оноос Төв аймгийн Бага Хурлын тэргүүлэгчдийн газрын хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж явсан юм билээ. Тэрбээр тоо бүртгэгч, нярав, сумын нарийн бичгийн дарга, бүүр Өмнөговь аймгийн дарга хүртэл хийгээгүй ажилгүй, амьдралыг мэднэ л гэж үзнэ.

Самдан дарга бол Төв аймгийн Дэлгэрхааны хүн, Хатуугийн голоос эрдмийн эрэлд мордож, аймгийнхаа сургуулийг “алтан үсгийн” үнэмлэхтэй төгсөж, хурга тугал, хурдан хар үрээгээ бодож ХААДС-ийг малын эмч мэргэжлээр төгсөж Лүн сумаас ажлаараа мандсан эр. 1965 оны хавар АНХ-нд дуудагдаж ХАА хариуцсан зааварлагч, сум хариуцсан зохион байгуулагчаар ажиллажээ.

Зөөлөнгийн сурталд хүмүүжсэн мань эр Зөвлөлтөд Намын дээд сургуулийг онц төгссөөд, “Орос ах нар” хүч хөрөнгөөрөө тохижуулсан онцгой обьект Хэрлэнбаян нэгдэлтэй Баяндэлгэр сумын намын хорооны даргаар гялалзтал ажиллаад, 1982 оноос аймгийнхаа НХ-нд намын ажил эрхэлсэн нарийн бичгийн даргаар томилогдон Төв хорооны мэдлийн хүн болжээ. Эрхлэх ажлын хүрээ нь намын байгуулалтаас гадна том өргөн хүрээтэй салбар: хурал, захиргаа, ОНБ-ууд, хууль сахиулах болон хяналтын байгууллагуудын ажлыг уялдуулж удирдан чиглүүлэх үүрэгтэй, өөрийн байр суурийг зарчимчаар хамгаалж, хүртээмжтэй ажилладаг дарга.

Бурхдын нутаг Дэлгэрхаанаа магтан шүлэглэж дуулсан

Буурал дарга түүхэн замналаа боть боть болгосон

Зуунмодны үлгэр жишээ гэр бүлийн өрхийн тэргүүн

Зурхайд биш өөртөө итгэдэг Самдан буурал тэргүүн Д.Хаянхярваа

Самдан гуай бол хэн бүхэн орж, эргэл мөргөл хийж, ном судраас нь адис жанлав авч болох номын монгол өргөө мэт эрхэмсэг, машид дөлгөөн тогтуун, бичгийн эрхэм. Эдүгээ намынхаа 100 жилийн ойд сэтгэл догдлон бүтээлээ туурвиж суугаа.

 

Ш. ЦЭРЭНДОО /Ахмад сэтгүүлч/

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)