Аянга бус хар салхи

Залуухан, өнгөт арьст яруу найрагч Аманда Горман АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр эв нэгдлийн тухай “Бидний авирсан толгод” шүлгээ уншиж хүн бүрд урам зориг өгсөн. Харвардын төгсөгч, нийгмийн идэвхтэй тэмцэгч бүсгүй энэ өдрийн гол баатруудын нэг байлаа. “Прада”-гаар гоёсон тэрбээр MTV сувгаар гарч, “Vogue” сэтгүүлийн тэргүүн нүүрийг чимж, “Тайм” сэтгүүлийн дугаарын зочин болж, Мишель Обамад ярилцлага өгсөн юм.

Тэр ч байтугай 2036 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байна. Аманда өнгөрсөн гуравдугаар сарын 7-нд 23 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж, “WriteGirl” сандаа мөнгө хандивлахыг уриалсан “Нэг доллар ч гайхамшгийг бүтээдэг” аянаа эхлүүлжээ.

 

ЯРУУ НАЙРАГЧААС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАМНАЛ РУУ

 

Хүйс, арьс өнгө, нийгмийн тэгш байдлын дуу хоолой болсон Аманда Горман 1998 онд Лос-Анжелес хотод мэндэлжээ. Ээж Жоан Уикс нь англи хэлний багш бөгөөд гурван хүүхдээ ганцаараа өсгөсөн байна. Тэрбээр хүүхдүүдээ идэвхтэй, хүсэл зорилготой байлгахын тулд зурагт үзэхийг хоригложээ. Америкийн яруу найргийн ирээдүйн од багадаа сонсголын эмгэгээс болж зарим авиаг хэлж чаддаггүй байв. Аманда эмчийн зөвлөсний дагуу өдөр бүр дуулж, шүлэг уншсаны ачаар бэрхшээлийг даван туулж чаджээ. Тэрбээр энэхүү бэрхшээлийг бурхны бэлэг, хүч чадлын сорилт гэж үздэг. “Time” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Сонсох, ярихад бэрхшээлтэй байсан тул үнэхээр би сайн уншиж, бичиж сурсан.Бичсэн шүлэг, эссэгээ ангийнхандаа уншихаас ичдэг. Микрофоноос айдаг байв. Би багш нарынхаа ачаар айдсаа даван туулсан” гэжээ. Санта Моникагийн сургуульд сурч байхдаа Аманда нийгмийн эмзэг бүлгийн өсвөр насны охидод бичгээр дамжуулан өөрийгөө илэрхийлэхэд туслах “WritGirl” нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ үед тэрбээр 14 настай ч Америкийн нийгмийн олон асуудлыг туулсан байлаа. Сурагч ахуйгаасаа л арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хандлага, эмэгтэйчүүд, үндэстний цөөнхийн эрхийн зөрчилтэй идэвхтэй тэмцжээ. Нобелийн энхтайвны шагналтан Малала Юсуфзайн илтгэл түүнд гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн гэдэг. Аманда Горман 2014 онд Лос-Анжелесийн шилдэг залуу яруу найрагчаар шалгарчээ. Энэ бол АНУ-д нэр хүндтэй шагнал. Их сургуульд тэтгэлэгтэй суралцах, алдартай зохиолч, яруу найрагчидтай уулзах завшаан олгодог. Аманда Харвардын тэтгэлэгт хамрагдаж, социологийн чиглэлээр суралцаж, өнгөрсөн жил амжилттай төгсжээ. Харвардын оюутан байхдаа Лил-Мануэль Мирандагийн дуунаас итгэл, найдвар авч олны өмнө гарах бүрдээ өөрийгөө тайвшруулдаг тарни мэт аялдаг байв. Мөн урлаг, шинжлэх ухаан, ёс суртахууны өндөр хэм хэмжээ шаарддаг “Phi Beta Kap­pa” нийгэмлэгийн гишүүн болжээ. Тэрбээр яруу найргийн анхны түүврээ 2015 онд хэвлүүлжээ. Горманы яруу найргийн карьер шат ахин өсөж байв. 2017 онд мөрөөдлөө биелүүлсэн Аманда АНУ-ын “Үндэсний яруу найрагч” шагналын эзэн болов. Энэ шагналыг Роберт Фрост, Стивен Спендер, Иосиф Бродский нарт олгож байжээ. Горманы шүлэг экологи, феминизм, гадуурхал, арьсны өнгө, ард түмнийг дарангуйллыг хөндсөн Фредерик Дуглас, Уинстон Черчилл, Абрахам Линкольн нарын хэлсэн үгнээс санаа авсан байдаг. Зохиолчийн зоригтой, нийгэмд чиглэсэн, насанд хүрэгчдэд зориулсан бүтээлүүд нь MTV, TED, НҮБ-ын чуулга уулзалт, “Супер боул” зэрэг алдартай тайзан дээр гарах шалтгаан болсон юм. Конгрессын номын санд утга зохиолын улирлыг нээж, өнгөт арьст тамирчдад хүндэтгэл үзүүлэх “Nike”-ийн үдэшлэгийг хөтөлж, Викинг Паблишинг (Penguin Group-ийн нэг хэсэг)-тэй гэрээ байгуулж, хүүхдүүдэд зориулж яруу найргийн хоёр номоо хэвлүүлэв. Оюутны нийгмийн ажлын хүрээнд Аманда “One Pen One Page”-ийг байгуулж залуучуудын бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчин, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө Аль Гор, Хиллари Клинтон нартай мөр зэрэгцэн тэмцжээ. Гэхдээ 22 настай найрагчийн карьер дахь эргэлтийн цэг бол Жо Байдены тангараг өргөх ёслол байв. Горман АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр үг хэлсэн хамгийн залуу яруу найрагч болсон. Түүнийг англи хэлнийх нь багш Жилл Байден урьжээ. Амандагийн “Бидний авирсан толгод” шүлэг Хиллари Клинтоны сэтгэлийг хөдөлгөжээ. Улстөрч хатагтай залуу бүсгүйн хүсэл эрмэлзлийг дэмжихээ амласан юм. Горманы дотоод ертөнц үзэгдэх стиль шигээ этгээд. Өвөрмөц хэв маягаар бичсэн энэхүү шүлгээрээ олон талт үзлийг таягдан хаяхыг уриалжээ. Яруу найрагч бүсгүй бүх соёл, арьсны өнгө, хүний шинж чанар, нөхцөл байдалд тулгуурласан жинхэнэ нэгдсэн байгуулах санаагаа шүлэгтээ тусгажээ. Тэрбээр шүлэг найргаас гадна Дональд Трампын бодлогыг шүүмжилж нийгэмд танигдсан. АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамаг шүтэн биширдгээ Капитолид тавьсан илтгэлдээ ч дурдсан байдаг. “Хар арьст охинд та мөрөөдөлдөө хүрч чадна гэсэн итгэл бэлэглэж ирээдүйн хуудсыг эргүүлэхэд тусалсан” гэжээ. Аманда Мишель Обаматай урлагийг хөгжүүлэхэд хар арьстнуудын гүйцэтгэх үүрэг, нийгмийн хөдөлгөөний нэг хэсэг болох шүлэг, залуучууд яруу найргийг хэрхэн хүлээж авдаг, улс төрийн идэвхжил, алдар нэрийн талаар ярилцжээ. Горман “Яруу найргийг цагаан эрчүүдийн бүтээл мэтээр ойлгож болохгүй. Мөн бүсгүйчүүд үсний боолт биш. Бидний үүрэг оролцоо өргөн цар хүрээтэй гэдэгт өөрсдөө итгэх хэрэгтэй. Би ганц л удаа анивчдаг аянга биш. Би бол жил бүр ирдэг хар салхи. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг өдөр бүр мэдэрдэг. Хар арьстай болохоор дэлгүүрийн хамгаалагч нар намайг сэжигтэн шиг ажигладаг. Ингэснийхээ төлөө тэд уучлалт гуйдаггүй. Энэ бол хар арьстнуудын бодит амьдрал. Нэг ёсондоо түүний зөв байсан. Би бол аюул. Шударга, тэгш бус байдал, үл тоомсорлолтын эсрэг аюул. Үнэнийг хэлж, ирээдүй рүү итгэл найдвартайгаар алхаж байгаа хэн бүхэн одоо байгаа зарим хүчний хувьд аюул” хэмээн краштайгаа чөлөөтэй ярилцжээ. Энэ жил хэвлүүлсэн “Change Sing: The Hymn” ном нь “Амазон”-ы шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлсэн. Номын зураачаар Лорен Лонг ажиллажээ. Лорен өмнө нь Мишель Обамагийн хүүхдийн номын төсөлд хамтран ажилласан байдаг.

 

Горман 2036 онд АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарласан. Түүнийг Иман, Ленни Кравитц, Кейт Босворт, Алис Милано, Селма Блэйр, Марк Жейкобс, Наоми Кэмпбелл нар дагадаг бөгөөд уриалгуудыг нь идэвхтэй дэмждэг аж. Энэ утгаараа АНУ-ын шинэ дэд Ерөнхийлөгч Камала Харрисын адил улс төрийн карьераа амжилттай эхлүүлж байна.

 

“ПРАДА”-ГИЙН ГЯЛБАА

 

АНУ-ын орчин үеийн яруу найргийн мандаж буй од арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, цагдаа нарын харгислал, үр хөндөлт, цагаач хүүхдүүдэд зориулсан шорон гэх мэт хурц сэдвүүдийг хөнддөг ч тэр бол залуу охин. Тод хувцаслаж, селфи хийхээс татгалзахгүй. Аманда инстаграмын идэвхтэй хэрэглэгч бөгөөд 3.5 сая дагагчтай. Тэрбээр Хиллари Клинтон, Мишель Обама, Опра Уинфригээс гадна загварын ертөнцийнхний анхаарлыг татжээ. Түүний карьерт илтгэх ур чадвар төдийгүй загварын мэдрэмж нөлөөлсөн. Капитолийн ордонд улаан тууз, шар пальтотой гарч ирсэн охин төрийн тэргүүн, сайд нарын нил ягаан, цэнхэр өнгийн хувцаслалтаас тод ялгарч байв. Италийн “Прада” брэндийн нарны шар өнгийг сонгосон нь санаандгүй тохиол биш. “Би өөрийнхөө бэлгэдлийг хувцаслалтаараа илэрхийлдэг. Хувцас шүлгийн утга, миний сэтгэл хөдлөлийг үзэгчдийн нүдэнд дамжуулдаг” гэж найрагч бүсгүй сэтгүүлчдэд ярьжээ. Тэрбээр загвар зохион бүтээгчийн оюун ухаан, феминист байр суурийг биширдэг учир “Прада”-г сонгосон байна. Мөн 2017 онд шар даашинзтай шүлэг уншиж байхдаа Жилл Байдентай танилцжээ. Сайтар ажиглавал Аманда торонд орсон шувууг дүрсэлсэн бөгж зүүсэн байв. Үүгээрээ Опра Уинфриг шүтэн биширдгээ харуулсан юм. Горман “Прада”-тай бараг дөрвөн жилийн турш хамтран ажиллаж, загварын шоу, ёслолд алгасалгүй оролцдог. Түүний өмссөн шар хүрэм, улаан туузны борлуулалт 24 цагийн дотор өсөж, “Farfetch” болон “Net-a-porter” дээр зарагдаж дуусчээ.

Олон улсын зөвлөх үйлчилгээний “McKinsey & Co” компаний зөвлөх “Алдартай брэндүүд Холливудын оддыг бус иргэний байр суурьтай, тодорхой үнэт зүйлийг сурталчилдаг хүмүүстэй хамтран ажиллахыг чухалчилдаг” гэсэн нь үнэний ортой юм. Аманда Горман өдгөө загварын ертөнцөд шинэ төрлийн элч болжээ. Тэрбээр IMG загварын агентлагтай гэрээ байгуулснаар нэр хүндтэй брэндүүдтэй хамтран ажиллах эхлэлээ тавив. 23 настай идэвхтэн “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа 17 сая ам.долларын өртөгтэй хамтран ажиллах саналаас татгалзсан тухайгаа мэдэгджээ. Гэхдээ гэрээний талаар тодорхой дурдаагүй бөгөөд “Би мөнгө авахдаа ухаалаг байх ёстой. Миний мөн чанар биеийн үзэмж биш юм. Энэ бол дуу хоолой” гэжээ. Тэрбээр “Би өнгөт арьст залуу эмэгтэйн хувьд хүмүүст урам зориг хайрлаж чадахаа ойлгосон. Надад зөвхөн үг хэлэх нь хангалтгүй. Зорилгоо бодит ажил хэрэг болгохын тулд улс төрд хөл тавина. Би бол бүх хар арьстнуудын охин. Бид гинжийг тасалж, дэлхийг нэгтгэсэн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн өв залгамжлагчид юм. Тэд намайг дууддаг” гэж “Glamour” сэтгүүлд ярьжээ.

 

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)