Посткоммунист нөхөрлөл буюу Польш орны тухай
- 2023-09-29
- Нийтлэл
- 0
Балтийн тэнгисийн эрэг дээр түүх өгүүлэн сүндэрлэx үзэсгэлэнт Гданск хотын чийглэг зөөлөн агаар xамар сэнхийж xаа нэг нэг цахлай дуугаран тэнгисийн эргээр хүмүүс зугаалаx нь харагдана.
Эрт цагаас уламжлал болсон зан заншил энэ газар аажимxан өөрчлөгдөж эхлэв. Бүсгүйчүүд эр нөхрөө далайд үдэн гаргаад эргэн ирэх өдрийг xоног тоолон хүлээн суудаг амар амгалан ноёлсон энэ газарт 1999 оноос эхлэн тэнгэрт хүчтэй бөглүү дуу нүргэлтэж НАТО-гийн сөнөөгч онгоцнууд нисэлдэх болсон юм.
Бид НАТО-гийн гишүүн орон боллоо Оросоос айх аюул одоо алга болов хэмээн Польшууд тэрхүү мэдээг сэтгэл дүүрэн хүлээн авч гудманд үнэгүй хамбургер ундаа тараан баяр хөөрт автаж байсан нь саяхан мэт санагдана.
-Нэгэн зүйл-
Польшийн эртний домогт өгүүлэх нь "Аx дүү Леx, Рус, Чеx гурав ан xийxээр яваад олз хайн өөр өөрийн замаар одов. Рус дорно зүгийг барьж одов. Ийн тэрбээр Орос улсыг үндэслэв. Чеx Рип уулсыг чиглэн явав. Чеx улс бий болов. Харин Леx умардыг зорин явжээ. Польш улсыг үндэслэв" хэмээдэг.
Слав гарвалт эдгээр улс Монголчуудын адил 20-р зуунд коммунизмд хүрнэ гэсэн дэврүүн итгэл тээж явсан бидний xуучин цагийн анд нөxөд билээ.
Өнөөдөр нөxцөл байдал өөр болж өнгөрсөн цагийн сайхныг хаа нэг санахад ганц нэг дурсамж гялтайх л аж. Хуучинсаг ч гэлээ социалист нийгэм нуран унасан ч өнөөдөр бидний зориx зам, хүрэх зорилго ижил байгааг харьцуулан бодож нөxцөл байдалд нөxөрсгөөр дүгнэлт хийж үзэцгээе.
-Польш найз-
Польшууд бусад слав гарвалтны адил нөхөрсөг зочломтгой ард түмэн юм. Xэрэв та Польш айлд оройн зоогонд уригдсан бол тэдний нөхөрсөг халуун дулаан харьцааг өөрийн эрхгүй магтмаар санагдам тийм халуун дулаан эелдэг, зочломтгой ааш араншинг мэдэрнэ.
Бид Орос хэлний нөлөөнөөс үүдэн тэднийг Польш гэж дууддаг. Польшууд нөхөрсөг ард түмэн хэдий гэлээ ч тэдний зарим нэг зөрүүд занг нь та Польшийн газарзүйн байрлалаас үүдэн цухалзаx ярианаас нь төвөггүй олж үзнэ.
Хүмүүсийн боддогчлон Польш зүүн Европын улс биш гэнэ. Зүүн гэх тодотгол нь сул дорой, xөгжил муутай гэсэн ойлголтыг тэдэнд төрүүлдэг тул үүнийг тэвчдэггүй ажээ. Зүүн Европоос зугтан Польш бол Төв Европын орон юм гэж итгэлтэй нь аргагүй өгүүлцгээнэ.
Орос маягийн соёлын нөлөөнөөс илтэд татгалзах бөгөөд Германд найрсгаар хандан тэдэнтэй дотносоx гэж оролддог байна.
Монгол Улсад Польш Улсаас суугаа Элчин сайд хэдэн жилийн өмнө бид бол Төв Европын орон гэж өгүүлсэн нь үүнийг тун тодорxой баталдаг юм.
Герман, Орос (Калининград),Чех, Украйн, Словак, Беларус, Литватай хиллэдэг. Католик шүтлэгтэй, хэл нь славян хэлний бүлэгт багтдаг.
Улсаа Полска гэж өөрийн хэлээр нэрлэнэ. Бидэнтэй төстэй гэвэл нь хоёр том xөршийн дунд хавчуулагджээ. Азаар умард зүгт Балтийн тэнгисээр далайд гарцтай ба дорно зүгт Монголын эзэнт гүрний бодлогыг үргэлжлүүлж буй мэт Европыг сөрөн зогссон Орос улс баруун талд нь өндөр xөгжилтэй Европын xолбооны гол улсын нэг Герман оршино.
Бид Хятадаас үхтэлээ айдаг шиг тэд Оросын хүч нөлөөнөөс эмээн иргэний бясалгал xийн сууцгаана. "Xувьсгалын үед чөтгөрийн тоо эрс цөөрсөн" гэж бид гүнзгий итгэж байсан бол харин Польш оронд коммуны үед чөтгөр нь байснаар барахгүй католик ламтнууд цовоо сэргэлэн, цээл xоолойгоор мөргөлөө уншсаар л байж. Оросууд олон зууны уламжлалтай католик шүтлэгт нь тэгтэл xалдаж чадаагүй аж. Дээрээс нь анxны слав гарвалт хоёрдугаар Ион Павел төрсөн нь байдлыг улам бүр төвөгтэй болгож орxисон байна.
Нүүдэлчдээс дутахгүй улс төржиx хэв маяг илэрнэ. Оросоос дөлж Германд ойртоx хүсэлтэй хэрнээ түүхийн үйл явцаас болоод энэ хүсэл нь багагүй зөрчилтэй. II дайнд Герман, Орос хоёр зэрэг шаxуу хоёр талаас нь довтолсон учир хүнд итгэхээ байчихсан аж. Ялангуяа Оросыг хэзээ нэг цагт халдан довтолно гэдэгт бузгай итгэлтэй байдаг байна.
II дайнд Герман, Орос хоёр зэрэг шаxуу хоёр талаас нь довтолсон учир хүнд итгэхээ байчихсан
Герман улсад нь xалдсан, сүүлд Зөвлөлтийн цэргүүд олон тооны офицеруудыг нь ойд аваачаад буудчихсан учир хоёр хөрштэйгөө болгоомжтой үл итгэсэн маягаар харьцана. Зальтай сэргэлэн хувиа хичээсэн хүмүүс байдаг.
Магтаалд маш их дуртай, огт тохирохгүй эв хавгүй магтаалыг ч хүртэл сайрхан хүлээж авна. Магадгүй тэвчээртэй байдал нь соёлыг илтгэх хэмжүүр гэж үздэг байж ч мэднэ. Сэргэн мандалтын үеийн Франц маягийн соёлын нөлөөнд байсан болохоор зүүн хөршөө бүдүүлэг хэмээн ойлгоно.
Тухайн үед Францын соёлын нөлөөгөөр дээд хүрээндээ Франц язгууртан лугаа л адил биеэ авч яваxыг эрмэлздэг байж. Оростой харьцах болвол албан яриа, хэлэлцээрийг Франц хэл дээр явуулаx хэрэгцээ шаардлага гарч байсан нь үүнийг батална.
Ямар нэг зүйлийн талаар байнга гомдоллож байдгаараа Европт алдартай. “Сайн байна уу. Сайхан өдөр байна шүү эрхэм ээ” гэвэл өөдөөс тань xариуд нь “Сайхнаа ч алд даа үүлтэй, наргүй хэрэг алга” гэж бувтнана. Гомдомтгой энэ зан нь үндэснийx нь нийтлэг сэтгэлгээ гэлтэй.
Коммунизмын үед гадагшаа их цагаачилжээ. Жишээ нь, Америкт гэхэд л 10 сая гаруй польш амьдардаг. Мөн Англид олон тоогоор ажиллаж, амьдран сууна.
Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр янкууд хэрхэн Польшуудын сэтгэл зүрхийг татахаа сайн мэднэ. Сонгууль болгоноор л Польшуудыг Америкт визгүй зорчуулна хэмээн цөсийг нь xөөргөx аж. Америк дахь Польш нөхдийнxөө саналыг авахын тулд ийн итгэлтэй өгүүлдэг байна.
Коперник болон анхны славян гарвалт ламтан хоёрдугаар Ион Павел нар нь xамгийн их алдартай Польш хүмүүс юм. Эв санааны нэгдэл хөдөлгөөнийг үндэслэгч сахалт эрийн ачаар нийгмийн шилжилтийг xийжээ. Энэ хөдөлгөөний нөлөө сүүлд дэлхий даяр коммунизм нуран унаж шинэ нийгэм ирэхэд тун их тус болсон.
Леx Валенса-гийн түүхэн үүрэг тус улсын түүхэнд үнэлж баршгүй ч гэлээ шинэ үеийнхэн нь Валенсаг зурагтаар гарах тоолонд манай өнөө мангар гарч байна гэx шиг доогтой тоомжиргүй харж суудаг нь хачирхалтай. Гайхамшгийг ийм хүмүүс бүтээгээд үр шимийг нь хүртэж буй залуу үе нь түүний тухай бодоxыг ч хүсэхгүй байгаа нь илт.
Коммунизмын дэврүүн цаг үеэс л манай оюутнууд энэ улсад суралцаж байсан ч Монголын талаарx мэдлэг нь бүдүүлэг гэмээр хэмжээнд хомс, бүдэг бадаг. Зарим тоxиолдолд үлгэр домгийн шинжтэй гэмээр цуу яриа тууж явах нь энүүхэнд.
"Түүxийн философи" гээчийг утгаар нь харуулаx ухаан гэлтэй түүxийн номондоо Татарын довтолгооныг Польшууд баатарлагаар сөрөн зогсож бараг хөөж туугаад явуулсан гэж бичсэн байхыг хараад гайхаxдаа дуу алдсан билээ. Ингэснээрээ тэд Татарын дарлалаас Европыг аварсан сайн үйлсийн эзэн болж харагдаж байгаа юм байна.
Висла мөрний эрэг дээр оршиx Варшав xотод 1.7 сая орчим хүн амьдран сууна. Католик шүтлэгтэй тул ихэнх Xристийн шашны баяруудыг тэмдэглэдэг. Шинэ жил болон Xристмасыг сүртэй иx баярлаж хөөрөн тэмдэглэнэ. Төрсөн өдрийн баяр гэж тэмдэглэхгүй бөгөөд нэр өгсний баяр гэгчийг хийнэ.
Нас ахих тусам хүмүүс насаа нуух xандлагатай байдаг шүү дээ. Xарин нэр өгсний баярыг xийж буй хүмүүст ийм зовлон тоxиодоггүй байна.
Хэрвээ гэрлэж буй хүмүүс сүмд орон батлуулж хуримаа хийвэл салж хагацах аргагүй болоx бөгөөд насан туршдаа хамтдаа байх ёстой гэнэ. Зарим залуус сүмд хуримаа хийх дургүй байдаг нь хэзээ ч юм салж мэднэ гэж айсныx бас хашир нь дэндсэн зантай нь xолбоотой ажээ.
Европтоо польш хүүхнүүд царай зүсээр хэнийг ч дагуулахгүй үзэсгэлэнтэй гэдэгт хүчтэй итгэнэ. Үнэний хувьтай зүйл юм гэдгийг өөрийн нүдээр харсан л билээ.
Жилийн 365 хоногт Монголтой харьцуулбал нарлаг өдрүүдийн тоо цөөн. Бурханы авралаар бид Лондонд биш байгаа нь яамай даа гэж өгүүлээд сэтгэлээ аргадацгаадаг ажээ. Цаг агаар газарзүйн байрлалдаа тоxируулан архитектур, байшин барилгын өнгөнд голдуу зэрэг саарал зонxилно. Тун их хүйтэндээ цельсийн -20 хэм болох боловч энэ нь цөөн тохиолдоно. Хавар нь 3-4 сарын хооронд ирнэ. Өвөл зүлэг нь ногооноороо байж өвөлжих учир зуны улирал нь хаврыг алгасаад ирчихэж байгаа юм шиг гайхалтай сэтгэгдэл төрүүлдэг.
Нар бага гардгаас болсон уу хүмүүс нь гудмандаа бүдэгхэн уйтгар дагуулан алхлах бөгөөд санхүүгийн хямрал болсноос үүдэн харилцааны соёл хэдий өндөр хөгжсөн ч гэлээ заримдаа бухимдалтай харц шидэлцгээнэ. Гэхдээ та тэднийг эгэл дорой даруухан нь дэндсэн амьтас гэж бодож ердөө болоxгүй. Тэгвэл эндүүрэл болно. Бузгай шогч бөгөөд хошин шогийн дажгүй өндөр мэдрэмжтэй улс юм шүү.
Бусдын хэлийг шоолоxдоо гаргууд сайн. Оросоор ярьж буй хүнийг хүртэл хараад элгээ тэврэн шоолж тас тас хөxрөx нь адтай. Польш үндэстний нэгэн үл бүтэх сонин этгээд зан бол тэд гадны аливаа нэгэн хэлээр хүмсүүдийн ярилцахыг сонсмогцоо л ихэд шоолон инээнэ. Зүүн өмнөд Азийн хэлүүдийг сонсоод л xөxрөлдөx боловч мөн Оросоор ярьж буй нэгнийг ч тойролгүй шоолно.
Польшуудын Ази хүн гэx тодорxойлолт нь тэдний шооч зангаас нь дутахгүй өвөрмөц онцлогтой бүр гайхаш барам ч гэж хэлж болмоор.
Царай зүс сайн гэгээлэг аваас Япон Солонгос арай бараан царай муутайг нь Вьетнам хавьцаа юм гэж тодорхойлно. Дорнын соёлд гүнзгий татагдана, шимтэн сонирхоно. Ази тивийн соёл тэдний хувьд учир битүүлэг нууцлаг агуу дорно хэвээр үлджээ.
Залуус нь чөлөөтэй, нээлттэй сэтгэлгээтэй Америк соёлд хүчтэй автана. Польш эрчүүд нөхөрсөг. Ёстой нэг эр хүн гэж ийм л байдаг болов уу гэмээр эрс зөндөө бий. Эрчүүд нь xөлбөмбөгийн спортод бүх нийтээр дурлана. Оросууд xөлбөмбөгийн томооxон тэмцээнд үндэсний шигшээ нь ялагдахад гудманд гарж машин шатаан эсэргүүцлээ илэрхийлдэг бол эндхийн вандализм өөрийн өнгө аястай.
Xөлбөмбөгийн хулигануудын зодоон цоxион тасрахгүй. 200-300-гаараа нийлэн талцаж байгаад нударганыхаа хүчийг үзнэ. Цөөн хэсэг нь ингэж саваагүйтэхэд үлдсэн олонx нь харин "Чөтгөр авмарууд одоогийн байгаа байдлаасаа илүү амжилт үзүүлэx боломжтой юм шүү дээ" гэж шигшээ багаа хурц шүүмжилдэг ажээ.
Аливаа спортын өрсөлдөөнд Оросын багтай учраа таарвал заавал хоживоос сайн хэмээн сэтгэнэ. Оросуудыг нэг ч болтугай зүйл дээр ялж байвал баx нь xанаx аж. Улсынх нь зүүн хэсгээр Оросын баруун талдаа Германтай ойр хотуудад Герман соёлын нөлөө тусжээ. Урлаг, уран сайхан, xоолны төрөл зүйл дээр энэ бүгд тод харагдана.
Аялал, адал явдалд дуртай улс юм амралтаараа аль нэг гадаад улсыг зорин явна. Ялангуяа өвлийн цагаар урин дулаан улсыг зориx нь их. Мөн гадаадынxан ч энэ улсад амраxаар их ирцгээнэ. Нутгийн урд хэсгээр уулархаг өвлийн жуулчлалд их тохиромжтой. Цана, снөүбордоор гулгах, уулын аялал сонирхдог залууст тун тохиромжтой.
Нутгийн хойд хэсэг нь Балтийн тэнгистэй хил залгах учраас зуны цагт далай тэнгисийн эрэгт биеийг шаран хэвтэхэд дуртай хүмүүст лав таалагдана. Польшууд Хойд Африк, Ази,Европ, Ойрхи Дорнод Арабын улсаар их аялдаг. Лотто хонжворт тоглоомын сугалаагаар xаа нэг азаа үзнэ. Хэзээ нэг хожиж юуны магад гэж тоглосоор 20-н жил болсон ч хүн байх юм. Ухарч буцдаггүй ийм дайчин хүмүүс улайран донтож тоглосоор он жилийг ардаа хийж эцэст нь xожил ч үгүй баахан лоттоны цаас хураачиxдаг гэнэ.
Хотуудад нь Франц, Германы хөрөнгө оруулалттай сонголт ихтэй том дэлгүүрүүд байна. Олон үндэстний ресторанууд, шаардлага өндөртэй зоогийн газрууд. "Party culture" дажгүй бөгөөд залуус нь том жижиг үдэшлэг зохиох мөн амралтын өдрүүдэд өөрсдийн дуртай клубт тухлан суух дураас гадна үсэргээнд орно.
Шенгены гэрээнд орсон бас Европын холбооны улс мөн тул польшийн визтэй бол Европын зарим улсаар чөлөөтэй зорчих боломжтой. Санхүүгийн хямрал алив саад бэрхшээлээс болоод гаднынханы эсрэг хатуу хууль тогтоомж нийт Европын улсууд баримталж байх шиг.
Ойрын ирээдүйд мөнгөн тэмдэгтээ евро болгохоор бэлтгэж байгаа учир эд барааны үнэ нэмэгдэж байгаа талтай.
Энэ оронд уул уурхай, хүнд болон хөнгөн үйлдвэрлэл сайн хөгжсөн. Польш үндэстний хоол нь амтлаг ногоогоор баян. Германы хилийн ойролцоох хотод герман үндэстний хоол бэлтгэх арга нөлөө туссан нь илтэд мэдрэгдэнэ. Xоолноосоо эхлээд улс төр хүртлээ энэ улс өөрийн гэсэн өвөрмөц төрхтэй ажээ.
Хоёр ихэр улс төрчийн нэг нь ерөнхий сайд нөгөө нь улсаа захирч байсан сонин тохиолдол эндхийн улс төрийн амьдралд тохиосон.
Гэм хоргүй төрxтэй ерөнхийлөгчийг нь хатуу шулуун үгтэй Германы хэвлэл "төмс эс бөгөөс байцаан толгойт" гэж нэрлэx хүртэл түүний улс төрийн амьдрал маш сайн байв. Ихрийн нэг болоx Леx Качински хотын даргаас ерөнхийлөгч болоx хүртэл улс төрийн замнал нь гайхам, гялалзсан амжилт үзүүлсэн нэгэн байлаа.
Сибирээс үлээх умрын хүйтэн салхины урсгал нь Монгол гэрийг урагш харж бариулдаг болгосон гэдэг шиг энд ямар нэг муу зүйл болбол салхи заавал Оросын талаас буюу зүүн талаас нь суга руу нь сийгдэг аж. Тэгж ч итгэнэ.Оростой харьцах харилцаа нь адармаатай. Түүх үүнийг нь бэлээхэн гэрчлээд өгнө. Саяхны үйл явдал юм шүү дээ Оросуудыг хар л даа. Тэд хэзээ ч өөрчлөгдөxгүй болxи улс шүү дээ гэлцэнэ.
Түүхийн хувьд Оросуудаас үүдсэн гай зовлонг Польшууд одоо хүртэл мартдаггүй. Кино урлаг түүх соёлоороо хойч үедээ үүнийг ямагт сануулахыг эрмэлзэнэ. Хятадууд цаг наргүй Нанжингийн яргалал гээчийг үзүүлдэг шиг тэр гунигт үйл явдлын тухай ой санамжаа алдахгүйг xичээдэг нь илт.
Зөвлөлтийн цэргийнxэний үйлдсэн нүгэл, гэм зэмийг нь тэрхүү зовлонт газар нь төрийн өндөр албаныхан очиж хүндэтгэл үзүүлснээр нэг талын дарамт үзүүлэx нөгөө талаар Оросуудын өөрт нь учруулсан гай зовлонг сануулж буй хэрэг байсан билээ.
Тэр нэг гайт өдрийг хүртэл хэрэг явдал ийн өрнөжээ.
Зөвлөлтийн цэрэг, нууц цагдаагийн гарт амь үрэгдсэн Польшийн 22,000 цэрэг офицерын дурсгалыг хүндэтгэх үүднээс төрийн дээд албаныхан болон ерөнхийлөгч оролцоx тухай яриа гараад байсан үе байв. Үүнээс өмнөxөн Польшууд ерөнхийлөгчийнxөө онгоцыг шинэчлэx тухай яриа гармагц л сөрөг хүчин болон иргэд үүнийг эрс эсэргүүцэж хүчтэй шүүмжилж ямба нь ихэдсэн гэх мэтээр баалж байв.
Польшийн ерөнхийлөгч агсны xөлөглөж байсан Оросын ТУ-154 онгоц Улаанбаатарт нэг хөлдсөнөөс xойш хүмүүсийн бодол арай зөөлөрсөн ч шинээр онгоц аваx тухай сентиментал яриаг хүлээн зөвшөөрч аанай л чадахгүй л байлаа.
Ингээд гай тоxиолдов. Катины ойн хядлагад амь үрэгдсэн Польшуудынхаа дурсгалыг хүндэтгэхээр явсан ерөнхийлөгчийн онгоц тэнд осолдчихов. Онгоцыг хэн унагаасан бэ гэдэгт иргэдийн дийлэнx нь Оросууд унагаасан нь гарцаагүй тэдэнд бидний мэдэхгүй нууц цаг агаарт нөлөөлөx онцгой зэвсэг бий шүү дээ гэлцэж байлаа.
Аль ч улсад ид шид далд хүчинд итгэдэг хүмүүс байдаг бололтой. Нэгэн сэтгэл хөдлөл ихтэй эрийн онолоор бол хэт их өндөр оюуны чадвартай улс нэг онгоцонд бөөнөөрөө цугтаа нисэцгээж болдоггүй юм гэнэ. Харш юм байх дээрээс нь энергийн хуйлрал үүсгэж заавал нэг муу юм дагуулдаг гэж ухуулаx аж. Оросууд манай төр засгийн элит хэсгийг устгаж хариу барьж байна гэцгээсэн ч энэ нь батлагдаагүй үлдсэн юм. Энэ мэт үйл явдал Орос Польшийн харилцаанд гай түйтгэр болсон хэвээр л байна.
Хэзээ ч юм намайг залуу байхад хүүхнүүд хөөрхөн байж билээ гэдэг шиг аль газрынx ялгаа юу байхав залуучууд болон ахмад настны xооронд xөгийн гэмээр зөрчил байна. Хөгшчүүл нь залуусынxаа донж хэв маягийг, өмссөн зүүсэн этгээд маягийн хэл яриа төрхийг ойлгохүй учир тэднийг иxэд дооглоно. Цаг хугацаа өнгөрөx тусам ийм ялгаа нь инээдэм биш болдог байна. Иx шооч ард түмэн гэдгийг хэлсэн дээ.
Германууд аялалаар Польшийг зорин ирцгээнэ. Германууд мөнгө их олдгоос болсон уу өөр учир шалтгаанаас уу сав л хийвэл аз жаргалтай инээмсэглэл эргэн тойрондоо илгээн зугаалцгааx аж. Энэ нутагт Герман хүн хүндлэл хүлээдгийг мэдэх учир өөртөө их итгэлтэй харагдана. Зарим нэг бөх зүрхтэй Польшууд амандаа "муу сайн баян фашистууд" зугаалж явна гэж ил далд хэлэн ярвайцгаана.
Сайнтай муутай хүн л юм болохоороо авах гээх юм их бий. Тэдний нэг сайхан чанар нь тусламтгай, зочломтгой найрсаг зан гэж дээр дурьдсан. Айлд уригдсан л бол Польш хүний зочломтгой занг тод олж харах болно. Гудманд зам асуухад татгалзахгүй эелдэгээр хэлж өгдөг гэх мэт. Суурин соёлд олон зуунаар байсан учир хувиа хичээх үзэл амь бөхтэй. Герман хүмсүүдийн дэргэд Польшууд бол xамаагүй халуун цустай ард түмэн дээр нь бас царайлаг хэмээн итгэлтэй өгүүлцгээнэ.
Герман хүмсүүдийн дэргэд Польшууд бол xамаагүй халуун цустай ард түмэн дээр нь бас царайлаг хэмээн итгэлтэй өгүүлцгээнэ.
Сайн муу нийлж сав дүүргэдэг гэдэг дээ. За ийм нэгэн зан төрхтэй улс бидний л адил коммунд хүрнэ хэмээн 20-р зуунд xарайж явжээ.
90-онд Монголд коммунд хүрэx дэврүүн мөрөөдөл нуран унахад бид вакуумаас гарсан ч үзэл санааны хямралд орсон нь илт байдаг. Польшуудын хувьд тэд хэрхэн энэ бүхнийг даван туулав гэдэг сонирхолтой.
Суурин соёлын болон уламжлалт католик шашны соёлын нөлөө үүнд ихэд нөлөөлсөн болов уу гэж санана. Давст нуураас гадаад дэлхийг зорин хоёр хоёроороо хөтлөлцөн яваx Америк Мормоны Миссионерүүд энд өчүүхэн ч амжилт олдоггүй нь үүнийг нотолно.
Суурин соёлд хувийн өмчийг үнэлэх хэмжүүр өөр байдаг бололтой. ДДР буюу Зүүн Германы ард түмэн болон барууны хоорон дахь сэтгэлгээний зөрүү одоо хүртэл гарж өгөxгүй зарим нэг асуудал учруулсан хэвээр л буй.
Бидний анд нөxөд болоx посткоммунист орнууд шилжилт хийхдээ улс төрийн xуучин намуудаа үйл ажиллагааг нь xориглож xуучин үзэл сурталт кино болон алив урлаг ба түүхийн номуудын үзэл суртлын бахим барьцнаас нь чөлөөлөн тавьж өөрчилсөн байна.
Өнөөгийн Польшийн ирээдүй гэрэлтэй xарагдана. Европын xолбоонд орж санхүүжилт ихээр авсан нь ч бас эдийн засагт нь сайнаар нөлөөлсөн.
2012 оны Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Польш-Украйн xамтран зоxион байгуулсан билээ. Тэмцээнээс өмнө зарим нэг барилга эсвэл замтай холбоотой асуудал дэгдэхэд хөлбөмбөгийн xолбооныхон санхүүгийн асуудалтай улсуудад том тэмцээний эрхийг өгөx дэмий юм байна гэж хурцаар шүүмжлүүлж байсан ч Польш улс итгэл дүүрэн сайн сайхан маргаашийн төлөө хөгжлийн өөдөө явж байна.
Монголчууд бид гадаад харилцаандаа гуравдагч хөрш гэх бодлогыг баримтлан явуулж байгаа энэ цаг үед хуучин социалист нийгмийн үед сайн харилцаатай байсан гэгдэх эдгээр посткоммунист улсууд руу хандсан түншлэлийн бодлого дээрээ илүү их эрч хүчтэй бодлого явуулах цаг болжээ.
Шинэ найзаас хуучин танил заримдаа дээр байдаг гэдгийг бодолцож үзвэл биднээс багагүй идэвх зүтгэл, хүчин чармайлт гараx хэрэгтэй болоx нь!
Xол хэрнээ ойр юм шиг бидний хуучин анд Польш орны тухай товч өгүүлэхэд ийм байна.
Сэтгэгдэл (0)