Дархлаажуулалт эрчимжсэн ч иргэдийн сахилга хариуцлага сул хэвээр байна

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас нийслэлд “COVID-19” цар тахлын эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлж эхэллээ. Энэ ажлын хүрээнд дархлаажуулалтын 120 цэг, тусгайлан тоноглосон явуулын 40 автобусыг бэлэн болгож, 1600 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна. Улс орны хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, вакцины нөөц хомс болсонтой холбогдуулан дөрөвдүгээр сарын 10-наас дархлаажуулалтын ажлыг түр зогсоосон бол ийнхүү үргэлжлүүлэхээр болсон юм. Олон улсын “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд хандивласан гурав дахь ээлжийн 50400 тун “Астра Зенека” вакциныг манай улс энэ сарын 21-нд хүлээн авснаас гадна БНХАУ-ын “Синофарм” компанийн “Вероселл” вакцины 600 мянган хүн тун вакциныг өнгөрсөн долоо хоногт татан авсан байна.

Өмнө нь мөн 600 мянган тунг авсны 300 мянгыг нь урд хөршөөс хандивласан байдаг. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэдээлснээр одоо дахин 300 мянган тун “Вероселл”-ийг манайх авахаар ярьж тохиролцоод байгаа аж.

Дархлаажуулалтын ажлын явц ямар байгаа талаар сурвалжлахаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар сургуулийг баасан гарагт зорилоо. Вакцинжуулалтыг үргэлжлүүлсэн эхний өдөр болохоор ч тэр үү, ямартай ч маш олон хүн дугаарлан зогсож, сургуулийн хашаанд хэдэнтээ нугаларсан цуваа үргэлжилж харагдана. Цувааны эхлэл, төгсгөл, дунд хавьцаа 4-5 цагдаагийн ажилтан зогсож, хүн хоорондын зайгаа барихыг дахин дахин сануулах боловч тэдний үгийг тоож байгаа ч юм алга. Иргэд хоорондоо бараг тэврэлдэхээс наагуур ойрхон зогсож, зарим нэг нь тойрог үүсгэн “буу халцгааж” байлаа.

 

Зохицуулалт хийж байгаа цагдаагийн ахмадтай цөөн хором ярилцахад, иргэд маш ухамсаргүй байгаад харамсаж буйгаа илэрхийлсэн. “Ядаж 1.5 метрийн зайтай зогсохыг сануулаад холдохтой зэрэг ар араасаа түрээд байх юм. Тэд эхний тунгаа хийлгэчихсэн байсан ч бусдаас халдвар авах эрсдэлтэй гэдгээ ойлгохгүй байх шиг байна” гэж халаглан ярьж байв.

 

Харин дотор орж очиход нэлээд замбараатай, хүн хоорондын зайгаа сайтар баримталж байгаа харагдлаа. Гэхдээ ихэнх иргэн нэг удаагийн гутлын улавчгүй ирчихээд тэнд зохицуулалт хийж буй эмнэлэг, сургуулийн ажилтнуудтай тааламжгүй харьцах тохиолдол цөөнгүй гаргаж байсан юм. Тус сургууль дээр вакцины эхний тунг мөн хийж байсан бөгөөд энэ удаа Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийнхөн дээр сургуулийн эмч, багш нар хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм байна. Тус хэсгийг ахлан ажиллаж байгаа Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн чанарын менежер Б.Төгсжаргал “Бид эмч, эмнэлгийн ажилтан, сургуулийн багш нар нийлээд 27-28 хүн ажиллаж байна. Өмнө нь энэ сарын 19-нөөс “Астра Зенека” вакциныг өндөр настан болон бусад зорилтот бүлгийнхэнд хийж байсан. Өнөөдөр (дөрөвдүгээр сарын 23)-өөс “Вероселл” вакцины хоёрдахь тунг хийж эхэлсэн. Өдөртөө 600-800 хүнд үйлчлэх зорилттой ажиллаж байна. Одоогоор ачаалал маш их байгааг та харсан байх” гэлээ. Сургуулийн хаалгаар ормогц иргэдийг эмчийн үзлэгийн хоёр ч өрөөнд хуваарилан коридорт зай барьж тавьсан сандал дээр суулгаж байлаа. Дугаарлаж, сандал ахисаар үзлэгийн өрөөнд ороход эмч хүлээн авч, багахан асуумж авангаа даралтыг хэмжиж байна. Даралт нь өндөр байгаа хүнд эм өгөөд хэсэг хугацааны дараа дахин үзэж, тогтворжсон байвал тарилгын өрөө рүү илгээж байлаа. Тэнд байх сувилагч вакцины лац ломбо бүрэн бүтэн эсэх, тухайн вакцины үйлдвэрлэгч, он сар, өдрийг иргэнд харуулж танилцуулсны дараа тарилгыг хийж байсан юм. Энэ үед хүний сэтгэл зүй, эрүүл мэндийн байдлаас шалтгаалдаг бололтой, дотор муухайрах, толгой эргэх зэргээр сөрөг урвал үзүүлсэн ганц хоёр хүнийг Шуурхай тусламжийн өрөөнд оруулж хэвтүүлсэн байлаа. Гэхдээ ноцтой зүйл байхгүйг эмч тайлбарлаж өгсөн юм.

Тарилга хийлгэсний дараа иргэд тусгайлан бэлтгэсэн ангид сууж, өөрийнхөө биеийн байдлыг 15-30 минут хянах юм. Онцын өөрчлөлтгүй хүмүүс 5-10 минут саатаад гарч явж байлаа. Биднийг сургуулиас гарч, хашааны хаалга руу зүглэхэд иргэдийн дугаарласан урт цуваа ер шингэрсэн шинжгүй, харин ч хүмүүс нэмэгдэж ирсээр байсан юм. Мөн дархлаажуулах ажилд хүч нэмэгдүүлэн явуулын цэг буюу тусгайлан тоноглосон хоёр автобус ирсэн байлаа.

Өчигдрийн 11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 839 мянга орчим иргэн вакцинжуулалтад хамрагдсан гэх дүн мэдээтэй байсан бөгөөд тэдний 178 мянга гаруй нь хоёр дахь тунгаа авсан байна. Энэ ажлын явцад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ач холбогдол өгч, Хан-Уул дүүргийн зарим цэгт очиж, дархлаажуулалтын ажилтай танилцсан юм. Тэрбээр “Хүлээлт их байсан учраас цэгүүдэд урт дараалал үүссэн асуудал гарч байна. Цаашид вакцины татан авалтыг тогтмол хийж, олон нийтэд хүндрэл учруулахгүй байх зохицуулалтыг Засгийн газраас хийж ажиллана.

 

Вакцины хоёр дахь тунг 28-56 хоногийн зайтай хийлгэх заалттай учраас Улаанбаатарт зургаадугаар сарын 1 гэхэд нэг сая иргэний дархлаажуулалтыг хийж дууссан байхаар төлөвлөж байна. Энэ ажлыг төлөвлөсөн хуваарийн дагуу явуулах төсөв санхүүг бүрэн шийдсэн ч татан авалтын графикт өөрчлөлт орсноос удааширч байлаа” гэж тайлбарлаж байв.

 

Өнгөрсөн амралтын өдөр болон өчигдөр 3 дугаар сургуулиар очиход иргэдийн хөл хөдөлгөөн багасаж, хүн хоорондын зайгаа баримтлан дугаарлаж байгаа харагдав. Энэ нь нэг талаар салхи, бороо зэрэг цаг агаарын тааламжгүй байдалтай холбоотой байх магадлалтай ч ерөнхийдөө вакцинжуулалтын ажил жигдрэх тал руугаа хандсаныг илтгэж байлаа. Үүнд иргэдийн ухамсар, сахилга хариуцлага маш чухал билээ.

 

 

Д.Мөнхжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)