Дагуул, хаяа хотууд Улаанбаатарын хөгжлийг тодорхойлно

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зургаадугаар бүлэгт ирэх дөрвөн жилд хэрэгжих нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлогыг багцалсан бий. Уг бүлгийн эхний хэсгээс Улаанбаатар хотын хөгжлийн ойрын хугацааны бодлого, төлөвлөлттэй танилцаж болно. Тухайлбал, “Улаанбаатар болон дагуул хотыг орон зайн оновчтой төлөвлөлт, ухаалаг шийдэл, амьдралын таатай орчин бүхий ногоон хот болгож хөгжүүлнэ” хэмээн тодорхойлсон бөгөөд Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөг “Алсын хараа2050” урт хугацааны бодлогын баримт бичгийг үндэслэн 20 жилээр төлөвлөнө гэдгийг онцолсон байна. Энэ бүлэгт туссан зорилтуудаас “Дагуул хотуудад дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлнэ” гэснийг энэ удаа онцоллоо.

“АЛСЫН ХАРАА”-ТАЙ ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг “Алсын хараа2050” урт хугацааны баримт бичигтэй нягт уялдаатай боловсруулсан. Тиймээс дээр дурдсан Улаанбаатар хотын хөгжлийн ойрын хугацааны бодлого, төлөвлөлт нь “Алсын хараа2050” баримт бичгийн есдүгээр бүлэг буюу “Улаанбаатар ба дагуул хот” зорилтуудын салшгүй хэсэг юм. “Үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийг бий болгосон, Зүүн хойд Азийн тээвэр, логистикийн болон олон улсын харилцааны зангилаа төв болсон дагуул хотуудыг хөгжүүлнэ” гэсэн алсын харааг хэрэгжүүлэх суурийг энэ дөрвөн жилд тавих учиртай. Ингэхийн тулд хөрөнгө оруулалтын шинэ боломж бүрдүүлж, үйлдвэрлэлийн бүс нутгийг тэлэх ажлуудыг хийх юм. Олон төвт хотын тогтолцоог хэрэгжүүлж, Шинэ Зуунмод, Майдар зэрэг шинэ дагуул хотын бүтээн байгуулалтыг эхлүүлж, инженерийн шугам сүлжээ, орон сууцжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хоёр сар гаруйн дараа буюу долоодугаар сарын 1-нд Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдсан “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг ашиглалтад оруулна. Энэ бол Зүүн хойд Азийн зорчигч, ачаа тээврийн нэгдсэн зангилаа төв болох ажлын эхлэл юм. Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтад бүрэн оруулна гэсэн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын заалт биелж байгаа гэж хэлж болно. Олон улсын шинэ нисэх буудал руу Монголын анхны хурдны замыг барьсан. Цаашид дагуул хот, тосгодыг холбосон хурдны тойрог зам дагуу аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулж, монгол брэндийн худалдааны төв нээхээр төлөвлөжээ. Аж үйлдвэрийн бүсүүдийг салбар чиглэл бүрд төлөвлөн, кластер байдлаар дагуул хотуудыг хөгжүүлэх аж. Энэ бүхэн бол 2021-2030 оны хооронд буюу ойрын 10 жилд хэрэгжил бодлого, төлөвлөлтүүд. Дараагийн 10 жилд дагуул хотууд илүү хөгжинө. Өргөжин тэлнэ.

Тоймтойгоос нь дурдвал шинэ техник технологи, инновац шингэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг дагуул хаяа хот, тосгонд нэмэгдүүлсэн байх аж. Мөн зарим их, дээд сургуулийг мэргэжлийн чиглэл, салбараар нь төрөлжүүлж, дагуул хотуудад хотхон байгуулан шилжүүлэх юм байна. Энэ бол олон жилийн өмнөөс яиргдаж, төлөвлөгдсөн ажил. Тиймээс энэ Засгийн өнгөн дээр илүү ажил хэрэгч, бүтээлчээр хэрэгжүүлнэ гэсэн үг. Дараагийн нэг чухал алхам бол Улаанбаатар хотод сөрөг нөлөө үзүүлж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжийг нэгдсэн бодлого төлөвлөлттэйгөөр дагуул хотуудад шилжүүлнэ гэж төлөвлөжээ.

“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих сүүлийн 10 жил буюу 2041-2050 онд дагуул, хаяа хот, тосгон тус бүрд худалдаа, үйлчилгээ, соёл боловсрол, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуулчлалын чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлж ажлын байрыг нэмэгдүүлэх замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах юм байна. Мөн дэлхийн хэмжээний соёл, урлагийн фестиваль наадмыг зохион байгуулдаг болсон байх аж. Улаанбаатар хот Зүүн хойд Азид хүлээн зөвшөөрөгдсөн соёл, шинжлэх ухааны төв болох бөгөөд газар зүйн байршлын давуу талаа ашиглаж олон улсын Мэдээллийн дата төвийг байгуулах ажээ.

ДАГУУЛ ХОТУУД БА ХӨГЖЛИЙН “АЛТАН ТОЙРОГ”

Нийслэл Улаанбаатар хотыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд өмнө дурдсан “Алсын хараа-2050” урт хугацааны баримт бичгийн зорилтууд илүү нарийвчлагдан тусжээ. Тухайлбал, Шинэ Зуунмод, Майдар дагуул хотуудын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хилийн цэсийг өөрчлөх ажлыг ойрын жилүүдэд хийх юм байна. Үүндээ тулгуурлан Богд уулын тойрсон хөгжлийн “Алтан тойрог” төсөл, Улаанбаатарын дагуул хотуудыг түшиглэн ачаа тээврийн ложистик төв байгуулах ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах аж. Улаанбаатарын дагуул, хаяа хотуудын төлөвлөлтийн баримт бичгүүдийг 2025 хүртэлх таван жилд боловсруулж дуусах учиртай. Энэхүү үндсэн чиглэлийн зорилтууд нь Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусаж, ирэх дөрвөн жилд хэрэгжих юм.

Богд уулыг тойрсон хөгжлийн “Алтан тойрог”-ийн нэг том бүрэлдэхүүн хэсэг нь Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох Аэросити хот юм. Уг хотыг хөгжүүлэх боломжийн талаар олон улсын нисэх онгоцны буудлын хөрөнгө оруулагч тал болох Япон улсын холбогдох байгууллагуудтай санал солилцож, хамтран ажиллаж буй. “Аэросити” хот төслийг Улаанбаатарын эдийн засгийн томоохон боломж гэж харж байгаа. Тиймээс олон улсын нисэх буудлыг түшиглэсэн дагуул хотыг хөгжүүлж, тэндээ эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, энэ бааз суурьтаа түшиглэн хөгжлийн шинэ шатанд гарах гарц гаргалгааг эрэлхийлж, төлөвлөгөө боловсруулж байгаа юм. Мэдээж энэ бүх ажлыг дан ганц улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх боломжгүй. Тиймээс “Аэросити” хотод олон улсын хөрөнгө оруулалтыг татаж, хувийн хэвшлийнхний үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөж буй ажээ.

Олон улсын хөрөнгө оруулалтын дагуул хот руу татаж, эдийн засгийн чөлөөт бүс байгуулж чадвал олон мянган залуус ажлын байртай болно. Үүнийг дагаад эдийн засгийн эргэлт тэлж, өсөлт нь нэмэгдэнэ. Энэ бүхэнд Японы тал хамтарч ажиллах юм. Мөн “Богдхан” төмөр замыг шинээр барих төсөл “Аэросити” хотыг хөгжүүлэх төлөвлөгөөнд чухал үүрэгтэй. Төмөр зам, агаарын болон хурдны зам бүхий авто замын сүлжээ бүхий “Аэросити” хот Зүүн хойд Азийн тээвэр логистикийн төв болох бүрэн боломжтой гэж харж буй. Мөн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн төрөл бүрийн үйлчилгээний газрууд, ажилчдын орон сууцны хороолол, ачаа тээвэр, ложистикийн сүлжээний байгууламжуудыг байгуулна. Ингэснээр “Аэросити” хот Монгол Улсын гадаад худалдааны ачаа тээврийн сүлжээний хамгийн том төв бий болох юм. Хөгжлийн “Алтан тойрог” ийнхүү дагуул, хаяа хотуудаас эхэлнэ.

ЗУРГААН ДЭД ТӨВ, ДОЛООН ДАГУУЛ ХОТ, ТОСГОН

Улаанбаатар хотын дагуул, хаяа хот, тосгодыг эрчимтэй хөгжүүлж, хотын зарим үүрэг, ачаалал, хүн амын зохих хэсгийг шилжүүлэн байршуулснаар хүн амын механик өсөлтийг 30 хувиар бууруулахаар төлөвлөжээ. Өмнөх Засгийн газрын үед нийт зургаан тосгоны ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хөгжлийн хэтийн төлөв, чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд ч дагуул, хаяа хотуудыг хөгжүүлэх бодлого, үзэл баримтлал цогцоороо туссан бий. Нийслэл Улаанбаатар хотын өмнө тулгамдсан бүх асуудал хүн амын хэт төвлөрөлтэй ямар нэг хэмжээгээр холбоотой. Агаар, ус, хөрсний бохирдол, замын түгжрэл, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээний ачаалал зэргийг дагуул, хаяа хот, тосгодыг хөгжүүлж, төвлөрлийг сааруулж байж л шийднэ. Тиймээс дагуул, хаяа хотуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө бол Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийг тодорхойлох чухал ач холбогдолтой баримт бичиг юм.

Дагуул, хаяа хот, тосгодыг тодорхой үүрэг чиглэлтэй хөгжүүлэх бодлогыг нийслэлээс баримталж Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк, Налайх дүүргийн үйлдвэрлэл, технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан. Цаашид Налайх, Багахангай, Био-Сонгино, Туул, Рашаант, Жаргалант, Гачуурт, Тэрэлж гэсэн долоон дагуул, хаяа хот тосгодыг хөгжүүлэх төлөвлөгөө ч бий. Нийслэл хотыг зургаан дэд төвтэй, долоон дагуул, хаяа хот, тосгодтойгоор хөгжүүлэх хөгжлийн үзэл баримтлал амжилттай хэрэгжиж эхэлжээ. Хотын төв орж л алба амины хамаг асуудлаа шийдүүлдэг, урлаг, соёлын үзвэр, үйлчилгээнд хамрагддаг, түүнээсээ болж Бага тойруу дотроо багтаж ядан түгжирдэг байдал хэдхэн жилийн дараа ор мөргүй арилна. Нийслэлчүүд захын хаяа хотууд руу хошуурч, хөгжлийн төвүүд тийшээ чиглэнэ. Дагуул, хаяа хотууд Улаанбаатарын хөгжлийг тодорхойлно.

Г.ХАНГАРДИ 

"Монголын Үнэн" сонин

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)