Засгийн газрын зорилт ба цэвэрлэх байгууламжийн дэвшилтэт шинэчлэл
- 2021-04-28
- Үнэн
- 0
Засгийн газар 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн, УИХ-ын 2020 оны сонгуульд оролцсон МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тулгуурлан нам, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, олон нийтийн саналд үндэслэн тодорхойлж, улмаар хэрэгжүүлж эхлээд байна. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө халдварт цар тахлаас үүдэлтэй хүндрэлийг даван туулж, хүн ам, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулах, бүс ба орон нутгийг хөгжүүлэх зэргээр зургаан багц асуудлын хүрээнд хэрэгжүүлэх зорилго, зорилтуудаа дэвшүүлсэн. Эдийн засгийн бодлогодоо салбар бүрд хэрэгжүүлэх олон зорилтыг дэвшүүлсэн бөгөөд тэдгээрийн нэг нь хот, суурины ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж, ашиглалтын дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх явдал юм. Энэхүү зорилтын хүрээнд нийслэлчүүдийн хувьд тулгамдсан асуудал болоод буй Төв цэвэрлэх байгууламж төдийгүй хэд хэдэн аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Тиймээс тэдгээр бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа явж буй талаарх мэдээллийг энэ удаад онцлон хүргэж байна.
ЭНЭ ЖИЛ ХОЁРДУГААР БЛОКЫН СУУРИЙН АЖЛЫГ ХИЙЖ ДУУСГАНА
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 311 дүгээр тогтоолын дагуу Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Ингэснээр ажлын зураг төслийг нарийвчлан боловсруулж барилга угсралтыг дуусгах, байгууламжийг нэг жилийн хугацаанд туршилтаар ажиллуулах, ажилчдад шинэ технологи эзэмшүүлэх зэрэг холбогдох олон заалт бүхий түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэйгөөр гэрээг 2019 онд байгуулсан. Үүний дараа буюу өнгөрсөн онд Төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Бүтээн байгуулалтын тухайд өнгөрсөн жил био-реакторын нэгдүгээр хэсгийн 103х205 метр хэмжээтэй суурийн цутгалтыг хийж дуусгасан бол энэ жил био-реакторын хоёрдугаар блокын суурийн ажлыг хийж дуусгахаар эхлүүлжээ. Харин ирэх жил төлөвлөгөөний дагуу шугам хоолойн угсралтын ажлыг хийх юм байна.
Засгийн газраас барилга угсралтын ажлыг энэ онд 55 хувьд хүргэх үүрэг даалгавар өгсөн бөгөөд энэхүү зорилтыг давуулан биелүүлэх зорилго тавин ажиллаж эхэлжээ. Ингэхдээ энэ оны ажлын төлөвлөгөөгөө сар, долоо хоногоор гаргасан байна. Төлөвлөсөн ёсоор 3-5 туслан гүйцэтгэгч компани, 500 гаруй хүн ажиллах ёстой ч цар тахал гарсантай холбоотойгоор гаднаас нарийн мэргэжлийн хүмүүс ирээгүй байгаа аж.
Баталсан графикын дагуу одоогоор талбайн бэлтгэл ажлын хүрээнд хөрсний ус доошлуулах, өргөх машин механизмыг байршуулах зэрэг ажлыг хийж буй талаар Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл хэрэгжүүлэх нэгжийн технологийн инженер Д.Анхбат ярилаа. Тэрбээр “Төлөвлөгөөгөөр энэ жил хоёрдугаар хэсэг, нэг болон хоёрдугаар тунгаагуур, захиргааны барилгыг барих ажлыг дуусгана. Гэвч цар тахал хэрхэн нөлөөлөхийг хэлж мэдэхгүй байна. Цар тахлын үед ажиллах төлөвлөгөөг боловсруулсан. Бидний хувьд ажлаа хурдан шуурхай явуулахыг илүүд үзэж байна” гэв.
ХАЯГДАЛ ЛАГИЙГ БҮРЭН БОЛОВСРУУЛЖ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОДОРХОЙ ХУВИЙГ ХАНГАНА
Барилга хот байгуулалтын яам төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг”, “Бээжин констракшн инженеринг” группийн консорциумыг сонгон шалгаруулж, түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулан төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийг нийт 17.8 га талбайд хэрэгжүүлж байгаа бөгөөд гүйцэтгэгч компани энэхүү талбайд шаардлагатай барилга байгууламжийг барихаас гадна авто болон явган хүний зам талбай, ногоон байгууламж зэргийг байгуулах юм.
Шинэ цэвэрлэх байгууламж хоногт 250000 шоо метр бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд ахуйн болон үйлдвэрийн бүсийн бохир усыг хүлээж авах станц, сараалжийн байгууламж, агааржуулалтын элс баригч, ахуйн бохир усны анхдагч, нимгэн үет ламелла, биореактор, гүн цэвэрлэгээний болон хоёрдогч тунгаагуур, хэт туяаны халдваргүйжүүлэх, аваарын сан, агаарын станц, лаг өтгөрүүлэгч болон усгүйжүүлэх, боловсруулах, бойлер генераторын байгууламж, метантенк, хүхэргүйжүүлэгч, био-хий хадгалах сан, шатаах цамхаг, засварын болон агуулах, захиргаа зэрэг орчин үеийн дэвшилтэт технологи бүхий нийт 37 барилга байгууламжаас бүрдэх юм.
Одоо ашиглаж буй цэвэрлэх байгууламжид нийлүүлж буй ус маш их бохирдолтой, стандартын шаардлагыг бүрэн хангахгүй байдаг бол шинэ цэвэрлэх байгууламжийнх Монгол Улсын үндэсний стандартын цэвэрлэгээний чанарын шаардлагыг хангасан ус гаргах аж. Мөн хаягдал лагийг бүрэн боловсруулж метан болон бутаны хийг үйлдвэрлэж, дотоод эрчим хүчнийхээ тодорхой хувийг хангахаар тооцоолсон, эрчим хүчний хэмнэлттэй, найдвартай ажиллагаатай, автоматжуулалт, хяналтын системтэй, хүний оролцоо бага зэрэг олон давуу талтай юм.
АЙМГУУДЫН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ОРЧИН ҮЕИЙН ТЕХНОЛОГИОР ШИНЭЧИЛЖ БАЙНА
Дээрх бүтээн байгуулалтаас гадна Архангай, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Булган, Дундговь, Хэнтий, Хөвсгөл, Сүхбаатар зэрэг нийт есөн аймгийн төвд хоногт 3000 шоо метр, Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвд хоногт 310 шоо метр бохир ус хүлээн авах хүчин чадалтай, орчин үеийн цэвэрлэх байгууламж барих төслийг хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байна. Эдгээр цэвэрлэх байгууламжийг био өнгөр тогтоогч бүхий идэвхжүүлсэн лагийн технологи ашиглан, орчин үеийн, үр ашигтай технологиор барьж буйгаараа онцлогтой. Бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэлэг технологи ашигласнаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасаж, орон нутгийн оршин суугчдын эрүүл ахуй, орчны стандартыг дээшлүүлэх юм.
БУЛГАН АЙМГИЙН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ТУРШИЛТЫГ ИРЭХ САРД ХИЙНЭ
Архангай, Өвөрхангай аймгийн төвийн хувьд бохир ус цэвэрлэх байгууламжийг байнгын ашиглалтад оруулсан бөгөөд Монгол Улсын үндэсний стандартын шаардлагыг хангасан цэвэрлэгдсэн усыг байгальд нийлүүлж байна. Харин Дорноговь, Өмнөговь, Булган, Дундговь, Хэнтий, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн төвийн бохир ус цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг энэ оны намар дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж буйг Төслийн зохицуулагч Б.Оюун хэллээ. Тэрбээр “Өмнөговь, Хөвсгөл аймгийн төвийн бохир ус цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг зургаадугаар сард дуусгаж, туршилт тохируулга, зүгшрүүлэлтийг хийнэ. Харин Булган аймгийн төвийн бохир ус цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг ирэх сард хийж эхэлнэ. Цар тахлын улмаас цаашид асуудал хүндэрч гүйцэтгэгчид барилга угсралтын ажлаа төлөвлөсөн хугацаандаа хийж чадахгүй байх нөхцөл үүсвэл төслийн хэрэгжилтийн хугацаанд нөлөөлөх эрсдэл гарч болзошгүй. Цар тахлын улмаас орон нутгууд дотооддоо хөл хорио тогтоосноор гүйцэтгэгч компанийн ажилчдыг хүлээн авахгүй байх, гүйцэтгэгчид тухайн аймагт хөл хорионд тусгаарлагдах, Улаанбаатар хотод шинжилгээ өгсөн хэдий ч орон нутагт давтан өгөх, хил гааль дээр төслийн тоног төхөөрөмж, бараа материал татан авалтад хугацааны саатал гарах, арматур, цемент болон бусад нэр төрлийн барилгын материалын нийлүүлэлтэд хомсдол үүсэж, дотоодын барилгын материалын үнэ нэмэгдэх зэрэг хүндрэл гарч байна” гэлээ.
Барилга угсралтын ажлыг дуусгаж, улсын комисс ажилласны дараа цэвэрлэх байгууламжийн туршилтын тохируулга, зүгшрүүлэлт, инженер, техникийн ажилчдыг сургах, мэргэшүүлэх ажлыг жилийн хугацаанд хийх аж.
Барилга, хот байгуулалтын яамнаас арав гаруй аймгийн цэвэрлэх байгууламжийн технологи, барилга байгууламжийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн гүйцэтгэж буйн нэг нь Дархан хотын цэвэрлэх байгууламж. Тус хотын бохир ус цэвэрлэх байгууламж, насосны станцын шинэчлэлийн ажлыг хийж байгаа бөгөөд барилга угсралтын ажил 70 хувьд хүрчээ. Шинэчлэлийн хүрээнд нийт 41 барилга байгууламжийг шинээр барьж угсрах юм байна. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 19 байгууламжийн барилга угсралтыг дуусгажээ.
Дээр дурдсан аймгуудын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг Азийн хөгжлийн банкны нэмэлт санхүүжилтийн зээлээр Зүүн-Өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн хүрээнд хийж байгаа юм. Аймгийн төвүүдийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөлд Барилга, хот байгуулалтын яам, Азийн хөгжлийн банк, Төслийн удирдах нэгж, Барилгын хөгжлийн төв, аймгийн ГХБХБГ, орон нутгийн нийтийн аж ахуйн байгууллага хяналт тавин ажиллаж байна.
С.ЮМСҮРЭН
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)