Чадвар муутай Ерөнхийлөгчтэй болчихвол ард түмэн 6 жил яаж тэвчиж хүлээнээ?
- 2021-04-29
- Нийтлэл
- 0
Эдээрээ оролдвол эвдэхийн цондон...
Ухаалаг хийсэн гэдэг нь ч хачин, уран хийсэн гэдэг нь ч хачин эд, эдлэл байдаг даа. Ёстой нөгөө “дархан хүн бурхан ухаантай” гэдэг нь энэ байх гэмээр. Тийм төгс төгөлдөр эдлэлийг оролдохыг хориглосон үг мөн бий. “Эдээрээ оролдвол эвдэхийн цондон...” Сүүлийн жилүүдэд иймэрхүү үзэгдэл, жишээ олон ажиглагдлаа. 1990 оноос өмнө мал маллаж ч үзээгүй, арван хүн ч удирдаж үзээгүй, арвай буудай ч тарьж үзээгүй, мөн эмэгтэй иргэд юу хийж цалин авдгийг, сургууль, эмнэлэг, цэцэрлэгүүд ардчилсан улс оронд бүүр ч их хэрэгтэй байдгийг мэддэггүй, ойлгодоггүй залуус төр, засгийн эрхэнд ороод Монголынхоо хөнгөн, хүнсний үйлдвэрүүдээ устгачихлаа, ясли, цэцэрлэгийн барилгуудыг хувьчилж аваад баар, ресторан, хувийн сургууль болгочихлоо. Ахмад үеийнхнийхээ 70 жилийн турш бүтээснийг дооглож, доошлуулж байгаад үрэн таран хийчихлээ. Ёстой л “шинэ худгаа ухаж эхлээгүй байж хуучин худгаа булав” гээч болсон доо. Сүүлийн 30 жилийн туршид иймэрхүү үзэгдэл хот, хөдөөгүй л хууль, дүрэмгүй өрнөлөө. Тэдгээрийн хоёр нь 1992 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт ба өөрчлөлтүүд. Эхнийх нь байгаа оносонгүй. Удаах нь үймээн самуун дэгдээх шахлаа. Сайжруулах зорилго тавиад муутгасан баримтыг дурьдая. “Парламентын засаглалын сонгодог хэлбэр” гээд төрийнхөө тогтолцоог нэг намын, бүр нэг намын даргын мэдэлд бүхлээр нь өгчихлөө.Эрх баригч нам, түүний даргын алдааг цаг алдалгүй засах, залруулах боломж үгүйсгэгдлээ. Англид бол эрх баригч намын даргын алдааг хатан хаан нь өөрийн зөвлөхүүд, лордын танхимын тусламжтайгаар хаяа хаяа залруулдаг л даа. Гэтэл Монголд хаан байхгүй. Эрх мэдэл бага, хүчгүй Ерөнхийлөгч УИХ дахь олонхи болон Засгийн Газар, Ерөнхий Сайд (намын дарга) нарт байнга шахам үл тоогдож, жижигддэг.
Ингээд л дөрвөн жилийн туршид ( багаар бодоход) нэг намын дарангуйлал тогтоно доо...
Эдээрээ оролдоод эвдчихэж байгаа нь энэ.Ойлгох, уг шагийг нь ухаарахын нам түвшнээс үнэ цэнэтэй, ур хийц нарийн эдийг оролдож болохгүй л дээ...
Өөр нэг жишээ-Улсын Ерөнхийлөгч. Насыг 50 болгох, хугацааг нь 6 жил болгох, зөвхөн ганц удаа сонгогдох-ингэж өөрчлөх нь зөөлөн хэлэхэд тэнэглэл юм.
45-50 настай, боловсрол, ухаан, туршлага, улс төрийн билэг авьяас нь жигдэрч цогцолсон иргэдийнхээ Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийг нь хасчихсан улс орон хэд байдаг бол? Монголчууд бид хаашаа, хэнтэй адилсаад байгаа юм бэ? Ерөнхийлөгч болох хүсэлтэй цөөн хэдэн хүнд л ( 50-аас дээш настай) зориулагдсан юм биш биз? Ямар ч эрх эдэлж, ямар ч үүрэг гүйцэтгэх чадавхи зөвхөн 50 наснаас л эхэлдэг гэж ямар ч шинжлэх ухаан нотлоогүй л байгаа билээ. Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн хүсэл, зорилгоо биелүүлэхэд 4 жил багаддаг гэчихжээ. Энэ үнэн үү?
Чадвар муутай Ерөнхийлөгч өөрөө 6 жилийг яаж өнгөрөөнөө, ард түмэн 6 жил яаж тэвчиж хүлээнээ?
4 жил хараад хэр чадлыг нь таниад, хэрэггүй гэвэл солиод, хэрэгтэй гэвээс улируулан сонгоод явах нь дэлхийн хэмжээнд тогтсон жишиг шүү дээ. Тун сайн, үнэхээрийн сайн, хосгүй сайн Ерөнхийлөгчийг “ганцхан удаа” гэх үгэнд баригдаад уйлан, унжин байж үзэхнээ дээ? Орыг нь эзэлсэн этгээд олхиогүй хүн байх аваас ард түмэн бид л хохирно шүү дээ! Аль ямар ч байгууллага “6 жилийн хугацаагаар туршиж үзэх” болзлоор шинэ хүнийг ажилд авдаггүй биз дээ? Бас болоогүй ээ “нэг л удаа шүү” гэж анхааруулаад...
Ард түмэн Ерөнхийлөгчийн ажилд нэр дэвшигчдээс нэг хүнийг сонгож аваад, 1-2 жил туршиж үзээд, зөв хүн мөн болбоос 4 жил ажиллуулж, хэрэгтэй, шаардлагатай бол дахин 4 жилээр улираан ажиллуулж байх нь зөв механизм юм. Хэн болохыг нь 100 хувь таньж чадаагүй, 1-2 жил туршиж ч үзээгүй хүнийг шууд л 6 жилээр ажиллуулах шийдвэр бол 70-80 хувьд нь буруу, муу үр дагавар үлдээх магадлалтай. Эрүүл саруулаар сэтгэдэг хүн бүрд энэ нь ойлгомжтой зүйл л дээ.Түүхэн сургамж гэвээс (50 насны хувьд) Есүхэйн Тэмүүжин 44 настайдаа Монголын хаанд өргөмжлөгдөж байсныг ядаж тооцмоор доо...
1992 оны Үндсэн хуульд нэмэхээр, өөрчлөхөөр зүйл байгаа нь үнэн. Харамсалтай нь мэрэгшиж завдаагүй “мэрэгжилтнүүд” тэдгээрийг олж харсангүй.Эвдэлж, доройтуулж өөрчилжээ.
Удаах жишээ-Оюутолгойн гэрээ. Өөртөө байсан баялгаа харийнханд үнэгүй өгөөд дээр нь нэмж дааж давшгүй өртэй үлдээх- ёстой л зүүдэнд ч оромгүй явдал...
Төрөөс тусгайлан томилогдсон комиссынхон, дээр нь Засгийн Газрын гишүүд, бас дээр нь УИХ-ын 75, мөн дээр нь УИХ-ын дарга нь уул уурхайн үйлдвэрлэлд хөрөнгө оруулах, хувь нийлүүлэх ганц гэрээг “зөв ойлгоод, зохих ёсоор нягтлан хэлэлцээд, хэн хэндээ ашигтай байхаар” баталчихаж чадсангүй. Эх орныхоо хөрс шороон дахь баялгаараа оролдоод одоо олон улсын хэмжээнд доог тохуу болж байна...
Гишүүд нь юу ч ойлгохгүй байгаа бол УИХ-ын дарга “асуудлыг хэлэлцэж тогтлоо” гээд санал хураалгах ёсгүй, эрхгүй. Эсрэг тохиолдолд мөнхүү дарга хатуу хариуцлага хүлээх учиртай. Оюутолгойгоос болж Монгол Улс баялгаа алдаад нэмж ихээхэн өрөнд унах гэж байгаагийн гол буруутан бол юуны өмнө л мөнхүү гэрээг хэлэлцэж зөвшөөрсөн УИХ, хуралдаан удирдаж шийдвэр гаргуулсан УИХ-ын дарга юм.Энэ гэмт үйлдлийн цаана хариуцлага алдсан, албан үүрэгтээ хайнга хандсан, гадны нөлөөнд автсан, авилга авсан, ард түмнийхээ ашиг сонирхлоос урвасан гэх мэтийн ноцтой сэдэл, хорон санаа ч агуулагдаж байсан байж болох билээ. Үүнийг ч шалгаж, тодруулах ёстой. Ядаж л цааш хойчдоо сургамж болог!
Байгаа зүйлүүдээрээ оролдохдоо сайжруулж чаддаггүй юмаа гэхэд ядаж л эвдэлж сүйтгэдэггүй байх юмсан.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Ерөнхий Сайд, Ерөнхийлөгчөөр өнгөрсөн хугацаанд ямар ямар хүмүүс сонгогдож байв аа? Эргээд харцгаая, хуруу даран тоолцгооё! Тэд бараг л бүгдээрээ улсын төсөв болон байгалийн баялагт хачиг адил шигдсээр хувалз болон томорчээ. Бүгд л тэрбумтнууд, их хэмжээний үл хөдлөх хөрөнгийн эзэд, олон компаний хувьцаа эзэмшигчид, оффшор бүс дэхь данстангууд!
Тэдний Монголын банкууд дахь хадгаламж, бэлэн мөнгө гэхэд л олон тэрбум төгрөг, олон сая доллар! Энэ их хөрөнгийн 80-90 хувь нь зүй бусынх, авилга ба луйврынх! “Бүтэн 6 жилийн туршид авилга авах, луйвар хийх эрх олгосон өөрчлөлт” болчихвол хөөрхий ард түмэн минь яанаа, бид яанаа!
Монголын удирдах дээд бүлгийн булхай, луйврыг дэлхийн даяараа таньж, тогтоогоод хар, саарал дансанд оруулсан шүү дээ. Тэдэнд хууртаад биш ковидын энэ хүнд бэрх үед өрөвдөөд л зэмлэлээ түр цуцалсан байх л даа.
Авилгачид, оффшорчдын асуудал өнөөдөр гэхэд ч дэлхийг шуугилсаар л байна...
Баар, ресторанууд Монголчуудыг эр, эмгүй архи, пивоор угжиж архинаас хамааралтай болголоо. Хувийн “дээд” сургуулиуд “дипломтай” ажилгүйчүүдийн армийг төрүүлэн гаргалаа. Ардчилах үйл явцад сөрөг үр дагавар байлгүй л яахав. Гэвч Монголд сөрөг үр дагавар нь тэвчихийн аргагүй тоо, хэмжээ, чанарт хүрлээ.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл (0)