Муу жишиг, муугийн жишээ

АН-ынхан хүний гараар могой бариулах гээд чадсангүй. Тогоон доторх хэрүүлдээ төрийн байгууллага, тэр тусмаа шүүх засаглалыг татан оруулах гэсэн ч бүтсэнгүй. Үүний учрыг тайлбарлая. Хэрэг явдал нь хэн бүхэнд тодорхой тул гол гогцоог нь л дурдахад хангалттай. АН-ынхан хоёр тал болж хуваагдан, тус тусдаа дотоод сонгууль зарлаж, өөр өөрсдийн даргаа тодруулсан. Тэднийхээ нэрийг УДШ /Улсын дээд шүүх/-д уралдан өргөн барьсан. Учир нь, улс төрийн намуудын бүртгэл хөтлөх бүрэн эрхийг УДШ хэрэгжүүлдэг. Тиймээс АН-ын даргын сонгуульд гишүүдийнхээ олонхын са-нал авч сонгогдсон хүнийг бүртгүүлэх хүсэлтийг УДШ нийт шүүгчдийнхээ хурлаар хэлэлцэн шийдэх учиртай. Энэ дагуу уржигдар буюу дөрөвдүгээр сарын 27-нд УДШ нийт шүүгчдийн хурлаа хийсэн байна. Ингээд хоёр их хурал, хоёр дүрэм журам, хоёр даргатай болсон АН-ын хоёр тусдаа хүсэлтийг хангахаас татгалзаж.

“Хуралдаанаар Ардчилсан намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үндэслэлээр хангахаас татгалзлаа” хэмээн УДШ-ийн албан мэдээнд дурджээ.

Товчхондоо бол дотоод асуудлаа өөрсдөө шийд ээ л гэж. Өөрөөр хэлбэл олгой хагаравч тогоондоо, гар хугаравч ханцуйдаа гэдгийг АН-ынханд сануулжээ. Үүнийгээ намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж байгаагаа УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаас маш тодорхой, ойлгомжтой тайлбарлажээ. Дээд шүүхийн эш татсан хуулийн заалтыг нь үзэх юм бол бүх юм ойлгогдоно. Улс төрийн намын тухай хуулийн 13.9-д “Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Энэхүү маргааныг намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэнэ” гээд цагаан дээр хараар бичжээ. Хуулийн энэ заалтыг 2006 онд УДШ-ийн тогтоолоор тайлбарласан байдаг юм байна. Уг тайлбарт “Хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д заасан “Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан” гэдэгт намын дотоод зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо, намын бүх шатны байгууллага, хурлын үйл ажиллагаа, намын дүрэм, хөтөлбөрт өөрчлөлт оруулах, намыг өөрчлөн байгуулах, татан буулгах, сонгуульд нэр дэвшүүлэх, боловсон хүчнийг шилж сонгох, санхүүгийн эх үүсвэр, намын хөрөнгийн байдал, түүнийг захиран зарцуулах зэрэг намын дүрмийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой маргаанууд хамаарна” гэсэн байна.

Хуулийн заалт хийгээд Дээд шүүхийн тайлбарыг уншихад толгой гашилгаад байх юм нэг ч үгүй аж. Тавдугаар ангийн хүүхэд ч төвөггүй ойлгоно. Аливаа улс төрийн нам дотоод зохион байгуулалтын асуудлаа дотооддоо л шийднэ. Намынхаа удирдлагыг өөрчлөх, дүрмээ шинэчлэх, мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулахаас эхлээд сонгуульд нэр дэвшүүлэх, боловсон хүчнийг шилж сонгох гээд олон асуудлыг нам дотооддоо, тогоон дотроо л шийдэх ёстой. Улс төрийн намын тухай хуулиар үүнийг нь тодорхой заагаад өгчихсөн. Улсын дээд шүүх зарим зүйл, заалтыг нь тодорхой тайлбарлачихсан. Ийм л хууль эрх зүйн орчинд намууд 30 жил үйл ажиллагаа явуулж ирсэн.

АН өнгөрсөн жил болсон УИХ-ын сонгуулийн дараа энэ жишгээс гажиж эхэлсэн. Сонгуульд ялагдал хүлээсэн дарга нь тамгаа өгөөд явсан атлаа гэнэт эргээд ирсэн. Тамгыг нь түр атгаж байсан үүрэг гүйцэтгэгч дарга нь мөчөөгөө өгөлгүй тэмцэлдсэн. Энэ нь явсаар намаа хоёр хувааж, эцэстээ хоёр тусдаа Их хурал хуралдуулж, хоёр дарга тодруулсан. Нэг тал нь нөгөө талынхаа зохион байгуулсан Их хурлыг хүлээн зөвшөөрдөггүй, Их хурал нь хүчингүй болчихоор тэрхүү хурлаар баталсан намын дүрмийн өөрчлөлт нь мөн адил хууль бус болж орхисон. Олон нийт аргаа бараад аль нам нь жинхэнэ юм бэ, хэн нь жинхэнэ дарга нь юм бэ гэхээр “АН хуваагдсан юм байхгүй. Хоёр АН байгуулаад байсан юм байхгүй” гэж С.Эрдэнэ дарга нь мэлздэг байв. Гэвч нүдэн дээр АН гэсэн нэг нэртэй хоёр нам, хоёр дарга бий болсон. Эцэстээ үнэнд гүйцэгдсэн. Хоёр тал болсноо хүлээн зөвшөөрсөн. Нэгдэж нийлээд намын даргын сонгуулиа хийе гэсэн санаачилга гарсан боловч үр дүнд хүрээгүй. Тус тусдаа тодруулсан хоёр даргынхаа нэрийг УДШ-д буй АН-ын бүртгэлд бүртгүүлэхээр хандсан.

АН-д ингэтлээ хагарч талцах шалтгаан юу байсан хэрэг вэ. Эв нэгдлийг эрхэмлэж, үзэл бодол, ойлголтын зөрүүгээ арилгахын оронд өрсөлдөгчөөсөө давж гарах, өөрсдөдөө албан тушаал, давуу эрх олж авах гэсэн ашиг сонирхол АН-ынханд давамгайлсан. Мөн бурууг өөрсдөөсөө хайх биш бусдыг хардаж, сэрдсэн өнгө аястай мэдэгдэл хийсээр, улс төржсөөр энэ хүрэв. Тогоон доторх асуудлаа шийдэж чадахгүй УДШ-д ацагласан нь арга ядсаных гэж ойлгож болох ч хоёр дарга тодруулж бүртгүүлэхээр өгчихөөд араас нь “УДШ улс төржиж байна, улс төржсөн шийдвэр гаргах нь. АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй нөхцөл байдал үүсгэх нь” гэсэн хар сэр дагуулсан мэдээлэл олон нийтэд түгээсэн нь ёстой л “игзаар” хүрмээр.

АН засгийн эрхийг барьж явсан, хүчтэй сөрөг хүчин байсаар ирсэн улс төрийн том намын хувьд ингэтлээ доройтсон нь харамсалтай. Аливаа нам ингэтлээ хагарч бутран, дотоод асуудлаа шийдэж чадахгүй болно гэдэг эмгэнэл шүү дээ. АН-ын гэрийн хэрүүл төрийн хэрэг болтлоо сунжирч, ужгирсаар, өөх ч биш булчирхай ч биш болсон энэ үйл явдал Монголын улс төрийн түүхэнд муугийн жишээ болж үлдэнэ. Төрийн хэрэг бага ч их, гэрийн хэрэг их ч бага гэж үг бий. АН гэрийн хэргээ төрийн хэрүүл болгох шалтгаан юу байв гээд бодохоор эрх мэдэл, мөнгөний төлөөх тэмцэл, ашиг сонирхол гэхээс өөр юу ч биш.

Улс төрийн голлох байр суурьтай намын өнөөгийн энэ байдал цаашид бусдад бүү халдаасай. Муугийн жишиг болж битгий үргэлжлээсэй. Улс төрийн намын тухай хууль сүүлийн арваад жил дуншиж, парламентын тогоонд “чанагдсаар” байгаа. Энэ хуулийг мэндлэхээс өмнө АН нүд аньчих вий ч гэсэн бодол төрөх болов. Нам төлөвшиж, үзэл бодол, үнэт зүйл нь батжиж байж улс орныг удирдана. Тэгж чадахгүй бол бүлэглэлүүдийнхээ хоорондох дажин, талцалд идэгддэг гэдгийг АН-ын жишээ харуулав. Ардчиллаар овоглосон нам өөрөө ардчилалгүй болж, ардчиллын үнэт зүйлийн эсрэг явах болсон нь эмгэнэл. Энэ нь эцэстээ парламентын ардчилал, парламентат ёсонд аюул занал учруулах эрсдэл дагуулж байна.

Парламентын засаглалтай улс оронд парламентад суудалтай нам ямар хэмжээнд үйл ажиллагаа явуулж, хөгжлийн бодлогыг хэрхэн тодорхойлж, үнэт зүйл, үнэ цэн, зарчим, жишиг тогтоодог вэ гэдгийг бодоод үзвэл, яг энэ өнцгөөс харахад АН муугийн жишээ, муухайн жишиг болоод байна.

 

Г.ХАНГАРДИ

"Монголын Үнэн" сонин

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)