Г.Батзориг: Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх нь одоогийн нөхцөлд тохиромжгүй, амь аргацаасан алхам
- 2021-05-02
- Топ сэдэв
- 1
“Тэтгэврийн реформ” хөдөлгөөний санаачлагчийн нэг, эдийн засагч, шинжээч Г.Батзоригтой ярилцлаа.
-Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах зорилгоор нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттай нэмэгдүүлж ирсэн. Үүнд иргэд ихээхэн бухимдалтай байгаа.
Нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Тэтгэврийн тогтолцоог тогтвортой байлгахын тулд хэд хэдэн арга хэмжээ авдаг. Үүний нэг нь хамгийн богино хугацаанд авч хэрэгжүүлэх боломжтой буюу нийгмийн даатгалын шимтгэлийг өсгөх, тэтгэврийн насыг нэмэх, хамрагдалтын хувиа тохируулах зэргээр 4-5 параметруудыг нааш цааш нь хөдөлгөөд тухайн тэтгэврийн системийнхээ тогтвортой байдлыг хангах гэж үздэг. Ингэж өөрчлөх нь урт хугацаагаа харсан арга биш. Аргацаасан алхам юм. Шимтгэлийг байн байн нэмэгдүүлээд байгаа нь одоогийн нөхцөлд тохиромжгүй. Үүнд иргэд бухимдаж байна.
-Тэтгэврийн даатгалын тогтолцоонд үүссэн хүндрэлийг шимтгэл нэмэх байдлаар шийдвэрлэх боломжгүй.
Урт хугацаагаа харсан реформ хийж байж асуудлыг шийднэ гэж үзэж байгаа.
Хэрэв энэ алхмыг хийхгүй богино хугацаанд галыг намжаах гэж шимтгэл нэмээд байвал
хожим юу болох вэ?
-Тэтгэврийн гурван тулгуурт тогтолцоо олон улсад байдаг. Харин манайх ганц тулгуур дээр явж байна. Тэр ганц тулгуур нь өөр дээрээ маш их ачаалал авчихсан. Тийм учраас төсвөөс жил бүр 500-600 тэрбум төгрөг гаргаж байна. Бидний хийсэн судалгаагаар төсвийн татаасын мөнгө 2040-2050 он гэхэд төсвийн орлогын 20-25 хувьтай тэнцэх хэмжээнд хүрнэ гэсэн дүн гарсан. Ачаалал асар их өснө. Манай хийсэн судалгаанаас гадна Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны судалгаагаар ч иймэрхүү дүнгүүд гарч байгаа. Тэгэхээр урт хугацаанд төсөв дээр дарамт нэмэгдэнэ. Нөгөө талаас иргэдийн гар дээрээ авах цалин буурна. Шимтгэлд төлөх дүн өснө. Төр, иргэн гээд хоёр талдаа давхар дарамтууд бий болох юм.
Иймд нэг тулгууртай тогтолцоон дээр удаан тэсэхгүй нь гэдгийг хаа хаанаа ойлгочихсон гэж боддог. Тийм учраас тэтгэврийн реформ буюу Тэтгэврийн багц хуулийг оруулж ирэх гээд байх шиг байна. Оруулж ирэх юм бол тэтгэврийн реформ хийхэд улс төрийн маш их зориг шаардах болов уу. Бүх улс орнууд 50-60 жилийн өмнө хараад реформуудыг хийчихсэн. Манайх одоо хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд орсон.
-Та улс төрийн зориг шаардлагатай гэлээ. Тэтгэврийн реформ хийхэд улс төрийн сонирхол, нөлөөлөл ямар байна вэ?
-Уг шинэчлэлийг хийхэд нийгмийн сэтгэл зүй тун чухал гэж санагдсан. Нийгмийн даатгалын систем гэдэг нь зөвхөн татвар шиг өгөөд байдаг бус эргээд авч болдог, үр өгөөжийг нь хүртдэг, хуримтлуулсан мөнгөө өсгөж үржүүлж, өвлүүлж болох юм байна гэдэг нийгмийн итгэл хэрэгтэй байна. Гэтэл одоогийн нөхцөл байдалд шимтгэл нэртэй татвар болсон. Өөрт нь ямар ч өгөөжгүй болохоор хүн энэ системд итгэхгүй байна. Нэгдүгээрт энэ системийн реформ хийхийн тулд нийгмийн сэтгэл зүйг сайн бэлдэх ёстой. Бүх нийтээр ойлгочихвол төр засгийг нэлээн шахах болов уу. Одоо бол шимтгэл нэмэгдэх үед нь бүгд бухимдаад эсэргүүцдэг. Хэсэг хугацааны дараа намждаг. Гэтэл үндсэн шалтгааныг нь таниулж, түүн дээр төвлөрч улстөрчдийг шахмаар байна.
Улс төрийн зориг хэрэгтэй гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл Сангийн яамны нөхцөл байдлаас харахад ирэх дөрвөн жил өртэй, одоо ч төсөв нь алдагдалтай байна. Ийм нөхцөлд сангийн сайд нь нэмэлт төсвийн алдагдал үүрэх үү гэдэг эргэлзээтэй. Дээрээс нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам “Капитал” банкинд мөнгөө алдчихлаа. Эргээд энэ мөнгийг хувийн хэвшил шилжүүлэх тухай ярьж байна. Тэдний өнцгөөс асуудлыг харахаар тийм зориг байхгүй болов уу. Дахиад алдчихвал яах вэ гэсэн айдас бий. Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дээр нэмэгдээд Санхүүгийн зохицуулах хороо байна. Уг хороо Монгол Улсыг саарал жагсаалтаас гарахын тулд өндөр ачаалалтай ажиллаж ирсэн. Олон газрыг цэгцлэх бөөн дарамт авсан. Үүн дээр нэмээд тэтгэврийн сантай холбоотой хөрөнгө оруулалтын сангууд байгуулах, дэд бүтэц хууль эрх зүйн орчин гэх зэргээр дахиад ачаалал авах хэрэгтэй болно. Тэгэхээр төсөв нь батлагдаагүй, дэд бүтэц байхгүй үед хэрэгжүүлэх сонирхол байна уу. Монголбанк руу шилжүүлье гэхээр банкуудын IPO гээд бүр завгүй байгаа. Тэгэхээр тал талаас нь харахад ямар ч яамнаас энэ ажлыг хийх, дэмжих сонирхол байхгүй байна уу гэж харагдана. Иймд хуулиа батлаад үүнийхээ дагуу яамдад үүрэг өгөөд, УИХ-аас шахаад явахгүй бол болохгүй болов уу. Тэр үүднээс одоогийн улстөрчдөд энэ хуулийг батлах зориг хэрэгтэй.
-Нийгмийн даатгалын сан жил бүр 500-600 тэрбум төгрөгийн татаасыг төсвөөс авч байна.
Ийм алдагдалтай санг хуримтлалтай,
үр өгөөжтэй тэтгэврийн тогтолцоо руу оруулахад хэр их цаг хугацаа зарцуулах вэ?
-Реформын эхний үйл явц дор хаяж 10-15 жил үргэлжилнэ. Дээрээс нь реформ хийж байгаа учир бид тодорхой хэмжээгээр “гашуун юм” уухаас өөр аргагүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл одоо бид тэтгэврийн даатгалын шимтгэл гэж 19 хувийг төлөөд байгаа шүү дээ. Гэтэл одоогийн санал болгож байгаа хуулийн төсөлд хувийн нэмэгдэл систем гэсэн утгагүй юм орж ирээд байгаа. Тэр нь одоогийн 19 хувь дээр нэмээд сайн дурын 1-2 хувийн шимтгэлийн тухай яригдаж байгаа. Тэгэхээр хүн цалингаасаа ХАОАТ нийлээд 36 хувийн татвар төлж байгаа. Тэгвэл худалдан авах чадвар муутай эдийн засагт хүн орлогынхоо бараг 40 хувийг өгөх үү гэдэг том асуудал юм. Яахав хуулийн төсөл дээр санал аваад явах байх. Гэхдээ хувийн нэмэлт гэдэг буруу логик юм. Тэтгэврийн реформ хөдөлгөөнөөс санал болгож байгаа нь 19 хувиас тодорхой хувийг нь авъя. Энэ хувийг хэд байх дээр тооцоолол хийж үзэх хэрэгтэй. Бид таван хувь дээр тооцож үзсэн. Ингэхэд төсвийн орлогын 10 орчим хувьтай тэнцэх алдагдлыг богино хугацаанд үүрүүлээд тэр алдагдал нь аажим багассаар 2030-2040 он гэхэд сан нь алдагдалгүй болоод ашигтай ажиллаад ирэх боломжтой. Гэвч одоогийн төсвийн 10 хувьтай тэнцэх алдагдлыг хэн ч үүрэг сонирхол алга. Тэгэхээр мөнгөжүүлэх үйл явц л харагдаж байна. Уул уурхайгаас орж ирж байгаа мөнгөнөөс төвлөрүүлэх үү. Саналууд яригдаж байна. 19 хувиас л бага багаар аваад явна гэсэн үг. Ингэснээр ойролцоогоор 100-200 тэрбум төгрөг хөрөнгийн зах зээл дээр сулраад гараад ирнэ. Тэтгэврийн хөрөнгө оруулалтын сан гэж байгуулаад, удирдлагын компани гарч ирээд энэ мөнгийг Засгийн газар, төв банкны үнэт цаас гэх зэргээр найдвартай өгөөжийг нь хүртэх боломжтой газарт хөрөнгө оруулаад явах юм. Өндөр хяналттай явна. Эхний удаад ийм байдлаар хуримтлал үүсгэнэ. 2050 он хүртэл тооцоод үзэхээр бараг банкны системтэй тэнцэх активтай том институци гарч ирэхээр байгаа.
-Уул уурхайн өсөлтийн цикль гэж ярих болсон.
Энэ үед уг салбараас орж ирэх орлогоос тэтгэврийн реформыг санхүүжүүлэхэд зориулах
боломжтой юу?
-Сүүлд Дэлхийн банкны гаргасан судалгаагаар манай улс уул уурхайгаас орж ирж байгаа 100 ам.доллар тутмын бараг нэг хувийг л үр ашигтайгаар ашиглаж байна гэсэн дүн гарсан. Тэгэхээр уул уурхайгаас орж ирж байгаа мөнгө манайд асар үр ашиггүй зарцуулагдаж байна гэсэн үг. Гэвч төсөв хүнд байгаа нөхцөлд уул уурхайгаас орж ирэх орлогыг тэтгэврийн реформ руу хийх, мөнгөжүүлэх сонирхол хэр их байх бол гэдэг асуудал байна. Сонголтоор л шахах ёстой болов уу. Сонголтоор шахаад эхлэхээр улстөрчид мөнгөжүүлэх үйл явцыг хаанаас бол хаанаас хийх болов уу гэж бодож байна. Тэтгэврийн зээлийг хүртэл сонгуультай холбоотой тэглэж чадаж байна шүү дээ.
-Тэтгэврийн реформыг хэрэгжүүлснээр үр өгөөжийг нь бидний хойч үе хүртэж, ирээдүй нь баталгаажина гэдгийг олон нийтэд сайн ойлгуулах.
Улмаар нэгдсэн ойлголтод хүрснээр шахах боломжтой гэж харж байна.
УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль гэх зэргээр улстөрчид ард түмний сонголтын
өмнө тулахад тэтгэврийн реформ хийх сонголтоор шахах хэрэгтэй гэж ойлголоо?
-2018 оноос Тэтгэврийн реформ хөдөлгөөнийг байгуулаад, эрдэм шинжилгээний хурал гэх зэрэг ажлуудыг хийж, нийгмийн давлагааг тодорхой хэмжээнд үүсгэсэн байгаа. Уг давлагаан дээр тулгуурлаад Н.Учрал тэргүүтэй гишүүд пи-ар хийгээд маш олон сонгогчийн саналаар гарч ирсэн.
Ер нь олон нийт тэтгэврийн реформ хийгдсэнээр тэтгэвэр нь өсөж, хүртээмжтэй болно гэсэн ойлголттой байгаа. Гол нь бид ирээдүй хойчдоо сайн систем өвлүүлэн үлдээх боломжийг олгох нь чухал шүү дээ. Судалгаагаар 1990- ээд оноос өмнөх хүмүүс тэтгэврийн реформын үр өгөөжийг төдийлөн хүртэхгүй гэсэн байгаа. Тэгэхээр бид асар оройтсон байгаа биз.
Иргэд нийгмийн даатгалын шимтгэл нэмж, ачаалал ирэх үед хариу үйлдэл үзүүлээд намддаг. Өргөн утгаар нь ойлгох хэрэгтэй байна. Тэтгэврийн гурван тулгуурт тогтолцоог улс оронд 50-60 жилийн өмнө хийгээд явчихсан байх ёстой. Бид хөрөнгийн зах зээлийн хөгжлийг маш их ярьдаг. Баялгийн тэгш хуваарилалт хийх ёстой гэж хэлдэг. Тэгвэл энэ хуваарилалтын хамгийн гол санхүүгийн эх үүсвэр нь тэтгэврийн сангууд юм. Тэгэхээр тэтгэврийн санг хөгжүүлж байж урт хугацаатай мөнгийг бий болгож компаниуддаа бага хүүтэй, урт хугацаатай мөнгөөр санхүүжүүлэх боломж бүрдэнэ. Улмаар хөрөнгийн зах зээл хөгжих гол үндэс энэ. Мөн зээлийн хүү үүгээр дагаад буурна. Хоёрдугаарт, тэтгэврийн гурван тулгуурт тогтолцоо нь төгс тогтолцоо гэсэн үг биш. Одоогийн тэтгэврийн гурван тулгуурт тогтолцоо Европын олон улсад байна. Эргээд тэдний насжилт нэмэгдэж байгаа учир манай хөдөлгөх гээд байгаа нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн нас нэмэх зэрэг параметрүүдийг өөрчилж эхэлж байна.
Үүнээсээ болоод бослого хөдөлгөөн гарч, зогсоосон. Тэгэхээр энэ систем чинь сайжраад аль болох гарцаа хайх гээд үйл явц нь үргэлжлээд явж байгаа. Бид одооноос л эхлэхгүй бол асар их оройтож байна.
Г.ЗОРИГ
Сэтгэгдэл (1)
зочин (64.119.19.232)
Хувийн компанид тал хувийг өгч хадгалуулаад ямар баталгаа байна. Яагаад шуналтаад байна.