Иргэдэд музей үзэж буй мэт сэтгэгдэл төрүүлэхүйц орчныг бүрдүүлжээ
- 2021-05-03
- Үнэн
- 0
Улаанбаатар хотын гэр хорооллын оршин суугчдад зориулсан “Ногоонбаатар” олон улсын эко урлагийн наадам болж өндөрлөлөө. Монгол, франц, герман, чех уран бүтээлчид, урлагийн сургуулийн оюутан, дунд сургуулийн сурагчдаас бүрдсэн 200 гаруй хүн, дотоод гадаадын арав гаруй байгууллагыг оролцуулсан энэхүү наадам өнгөрсөн гуравдугаар сард эхэлсэн юм.
Эко наадмын гол зорилго нь урлагаар дамжуулан гэр хорооллын иргэдийн дунд агаарын бохирдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, байгаль орчиндоо ээлтэй амьдрах сэдлийг төрүүлэх, тодорхой гудамж, хашаа, олон нийтийн талбайг урлагаар амьсгалсан орон зай болгон өөрчлөх явдал байлаа. “Ногоонбаатар” наадам эхэлснээр Герман, Франц, Чех улсын мэргэжилтнүүд Монголоос сонгогдсон 24 уран бүтээлчтэй гудамжны болон олон нийтийн урлаг, ногоон санаачилгын талаар туршлага солилцсон юм. Гаднын уран бүтээлчид Монголд ирэх ёстой байсан боловч коронавируст цар тахлын улмаас онлайн хэлбэрээр оролцжээ.
Энэхүү төслийн хамтрагчаар Чингэлтэй дүүрэгт байрлах “Уулын нуур” цэцэрлэгт хүрээлэн сонгогдсон бөгөөд тус хүрээлэнгийн дотор хэсэгт болон “Нарантуул 2” захаас цэцэрлэгт хүрээлэн хүртэлх 600 метр гудамжид Ц.Ариунтөгс, М.Батзориг, Т.Энхболд, Э.Жанцанхорол, Р.Лувсандорж, Ц.Түвшинжаргал, С.Батсайхан Н.Амарсайхан, О.Төгөлдөр, Б.Идэр, Р.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ, Э.Цагаандорж, Ж.Шижирбаатар, М.Мөнх-Эрдэнэ, Д.Отгонбаяр нарын Монголын шилдэг контемпорари уран бүтээлч уран зураг, баримал, гудамжны урлагийн 30 орчим бүтээлийг туурвиж байршуулж дууслаа. Түүнчлэн тус наадмын хүрээнд агаарын бохирдлын сэдвээр дунд сургуулийн сурагчдын дунд зургийн уралдаан, Дүрслэх урлагийн академийн оюутнуудын дунд иллюстрац зургийн уралдаан зарлаж шалгарсан бүтээлүүдийг томоор хэвлэн “Уулын нуур” хавийн гудамжид байршуулжээ. Төслийг хэрэгжүүлж өндөрлөхөд “Уулын нуур” цэцэрлэгт хүрээлэнгийн хавь ойр урлагийн орчин болон хувирч, зам дагуу алхах иргэдэд музей үзэж буй мэт сэтгэгдэл төрүүлэх тийм орчныг бий болгож үлдээсэн байна.
“Ногоонбаатар” наадмыг Европын холбооны Соёлын институтийн нэгдлээс санхүүжүүлж Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, БНЧУ-ын Элчин сайдын яам, Монгол-Францын төв, Монгол дахь ХБНГУ-ын соёлын Гёте институт, Монголын урлагийн зөвлөл, Дүрслэх урлагийн академи хамтран зохион байгуулж, “976” арт галерейгаас санаачилсан “Улаан булан” төслийн баг куратороор нь ажиллажээ.
Б.Номуун
Сэтгэгдэл (0)