Өнөөдөр “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”
- 2022-05-03
- Үнэн
- 2
НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдөр тэмдэглэдэг.
Хэвлэлийн эрх чөлөө дэлхий дахинаа хэрхэн хэрэгжиж байгаад үнэлэлт дүгнэлт өгөх, ажлаа хийж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэх нь энэ өдрийн гол зорилго юм.
Үргэлж шударга үнэний талд зогсох амаргүй үүргийг хүлээж яваа сэтгүүлчид энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөг боогдуулж буй гэмт үйлдлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэдэг.
Өнгөрсөн жил тухайн өдрийг дэлхий даяар "Айдас үгүй, зусар үгүй сэтгүүл зүй" сэдэв дор тэмдэглэсэн бол энэ онд "Мэдээлэл нийтийн сайн сайхны төлөө байх нь" сэдвээр тэмдэглэж байна.
“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагын 2021 оны индексээр Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр өнгөрсөн жилийнхээс таван байраар ахиж, 68-д жагсав.
СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХААЖ БООМИЛСОН ОРНУУД
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний газрын зураг дээр нөхцөл байдал муу буюу маш муу гэсэн ангиллыг илэрхийлж буй улаан буюу хар өнгөөр тэмдэглэгдсэн наад зах нь 10 оронд цар тахлыг ашиглан мэдээллийн чөлөөт урсгалд саад хийх арга хэмжээг эрчимжүүлсэн. Тайланд (3 байраар ахиж 137-д), Филиппин (2 байраар ухарч 138-д), Индонез (6 байраар ахиж 113-д) болон Камбож (144-д) улсуудад 2020 оны хавар засгийн газрыг шүүмжилсэн аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцох тухай маш хатуу хууль, журам баталсан бөгөөд зарим тохиолдолд “худал” мэдээ мэдээлэл нийтэлсэн, нэвтрүүлсний төлөө нэлээн хэдэн жилийн хорих ялаар шийтгэхээр тусгасан байна.
Малайз улсад (18 байраар ухарч 119-д) мэдээлэлд туйлын хяналт тавих санаархал бодитой болж байна. Индексийн орнуудаас хамгийн ихээр буюу 18 байраар ухарсан үзүүлэлт 2020 оны гуравдугаар сард эвслийн шинэ засгийн газар байгуулагдсантай шууд холбоотой. Тус засгийн газраас “худал мэдээллийн эсрэг” тогтоол баталснаар эрх мэдэлтнүүдэд өөрийн үнэнийг тогтоох боломж олгосон. Тус улсын хөрш зэргэлдээ Сингапур улсын (2 байраар ухарч 160-д) хуулийн дагуу засгийн газар нь худал гэж үзсэн аливаа мэдээллийг “засаж залруулах”, холбогдох этгээдүүдэд шийтгэл ногдуулах дээрхтэй адил эрх мэдлийг сүүлийн хоёр жилийн турш эдэлж байна.
Мьянмарт (1 байраар ухарч 140-д) Ан Сан Су Чигийн засгийн газар цар тахлын үеэр “худал мэдээлэл”-тэй тэмцэх шалтагаар 2020 оны дөрөвдүгээр сард 221 цахим хуудас, тэр дундаа мэдээний тэргүүлэх цахим хуудсуудыг гэнэт хаав. Угсаатан хоорондын олон талт мөргөлдөөнийг мэдээлж сурвалжлах гэсэн сэтгүүлчдэд цэрэг армийн зүгээс байнгын дарамт шахалт үзүүлдэг явдал нь тус улс индексийн байраар ухрахад нөлөөлсөн. 2021 оны хоёрдугаар сард цэргийн эргэлт гарснаас хойш тус улсын хэвлэлийн эрх чөлөөний байдал огцом доройтсон. 2011 оны хоёрдугаар сар хүртэл эрх барьж байсан цэргийнхний (junta) авч хэрэгжүүлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг зогсоох, сэтгүүлчдийг үй олноор баривчлах, урьдчилсан цагдан хяналт тогтоох зэрэг харгис ажиллагааг сэргээснээр, Мьянмар улс 10 жилээр огцом ухарлаа.
Тус бүс нутагт цэрэг армийн зүгээс сэтгүүлчдэд хараа хяналт тавьдаг өөр нэг улс бол Пакистан (145-д) юм. Армийн хэмжээлшгүй эрх мэдэл бүхий Inter-Services Intelligence тагнуулын байгууллага шүүмжлэлийг нухчин дарахын тулд шүүх эрх мэдлээр дарамт шахалт үзүүлэх, сүрдүүлэн заналхийлэх, хүчээр хулгайлах, эрүү шүүлт тулгах зэрэг ажиллагааг улс дотроо болон хилийн чанадад асар олноор хэрэгжүүлсээр байна. Хилийн чанадад сайн дурын цөллөгт амьдарч буй олон сэтгүүлч, блогчдыг дуугүй болгох зорилгоор сүрдүүлэн дарамталсан. Ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл цэргийнхний тогтоосон хязгаарыг дурамжхан мөрддөг хэдий ч, Пакистаны цагдан хяналтын аппарат шүүмжлэлт дуу хоолой сонсогдох цор ганц орон зай болсон нийгмийн сүлжээнд хяналт тавихыг эрмэлзсээр байна.
Б.Амарбат
Сэтгэгдэл (2)
Иргэн (139.5.218.62)
Хүмүүс ярилцлага өгснийхөө төлөө сэтгүүлчдээс мөнгө нэхцгээ! Ажлын үнэгүй материал авдаг, барууныхны бөгөөд АНУ-ын ноход хийдэг хэвлэл, телевизийнхэн ба интернетийнхэн, зайлцгаа!
Иргэн (192.82.74.45)
Сэтгүүлчид монгол хэлний зөв бичгийн дүрэм мэддэггүй.