Цар тахал ба Монголын аялал жуулчлал
- 2021-05-04
- Үнэн
- 0
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас уналтад орж, тэг (0) зогсолтод орсон салбарын тэргүүнд аялал жуулчлал нэрлэгдэж байна. Олон улсад нэр хүндтэй хэрэглэгч, бизнес мэдээллийн суваг CNBC саяхан шинэ төрлийн коронавирус тархаад байгаа энэ цаг үед Азийн аялал жуулчлалын салбар барууны орнуудынхаас илүү хурдан сэргэж байгаа талаар мэдээлжээ. Энэхүү сэргэлтэд хамгийн чухал нөлөө үзүүлж буй тэргүүлэх хүчин зүйл нь дотоодын аялал жуулчлал бөгөөд Азийн орнууд дотроос Тайвань тэргүүтэй улсыг онцлох нь зүйтэй гэж дурдсан байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар тус улсад коронавирусийн 600 гаруй тохиолдол бүртгэгдсэн ч сүүлийн 200-гаад хоногт шинэ тохиолдол бүртгэгдээгүй нь дотоодын аялал жуулчлал эрчимжихэд томоохон нөлөө үзүүлжээ. Тайваниас Монголд суугаа төлөөлөгч Грейс Лүегийн мэдээлснээр, тус улсын Засгийн газар болон аялал жуулчлалын салбарынхан шуурхай бөгөөд бүтээлч арга хэмжээ авсан байна.
Тухайлбал, агаарын тээврийн компаниуд аялагчдад гадаад улс оронд аялж буй мэт сэтгэгдэл тэргүүлэхүйц “хуурмаг аялал”-ын маршрут зохиож, Тайванийг тойрч нисэх, дотоодын өөр нисэх буудалд газардах, Япон, Өмнөд Солонгост буухгүйгээр аялал жуулчлалын халуун цэгүүдээр дайрч өнгөрөх, онцгой аялал хийсэн болохыг гэрчлэх дурсгал, дурсамж үлдээх зэргээр боломж бүрийг ашиглажээ. Үүнийг Япон зэрэг хөгжсөн улсууд ч туршиж хэрэглэсэн нь үр дүнгээ өгсөн байна.
Манай улсын хувьд төр, засгийн зүгээс эдийн засгаа эрчимжүүлэхэд анхаарч, 10 их наядын хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлж, тавдугаар сарын 9-нөөс хилээ нээхээр төлөвлөж байгаа ч аялал жуулчлал сэргэхэд урт хугацаа шаардагдана гэж тус салбарынхан үзэж байна. Үүнийг Монголын аялал жуулчлалын холбооноос хийсэн судалгаанаас харж болох юм. Судалгаанд оролцогсдын 43 хувь нь санхүүгийн эх үүсвэргүй болсноо мэдэгдсэн бол ажлын байрыг хадгалахад маш хүндрэлтэй байгаа гэж 60 хувь нь хариулсан байна. Мөн түрээсийн төлбөр, цалин хөлсийг барагдуулахад хүндрэл учирч байгаатай 20 хувь нь санал нэг байдгаа илэрхийлжээ.
Монголын аялал жуулчлалын хөгжлийн төвөөс хийсэн нарийвчилсан судалгаагаар тухайн салбарын компаниудын 95.4 хувьд цар тахлын тархалт сөргөөр нөлөөлж, 73.8 хувь нь ажлын байраа алдахад хүрч, 30 хувь нь ажиллагсдынхаа тоог 70 хүртэл хувиар цомхотгосон байна. Манай улсад 500 гаруй тур компани бүртгэлтэй байдгаас 200 шахам нь тогтмол үйл ажиллагааг улирлын байдалд зохицуулан явуулдаг гэх судалгаа байдаг аж. Тэдний тандаж мэдсэнээр хэрэв Монгол Улс хилээ нээвэл манайд жуулчлах сонирхолтой 40 мянга орчим үйлчлүүлэгч бэлэн байгаа гэнэ. Энэ талаар Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр хэлэхдээ “Бидэнд найдлага байна. Тиймээс Гадаад харилцааны яамтай хил нээх асуудлаар удаа дараа уулзаж, ярилцсаны үр дүнд аяллын маршрут боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Жишээ нь, Улаанбаатараас Амарбаясгалант хийд орохдоо ямар замаар явахыг төлөвлөхдөө “Ногоон бүс”-ийг тодорхойлж, халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтална. Монгол Улс долоодугаар сараас өмнө нийт хүн амынхаа 60-аас доошгүй хувийг дархлаажуулчихвал бүрэн вакцинд хамрагдсан гадаадын иргэд жуулчлалаар ирэх байх гэсэн найдлага байна.
Тиймээс жуулчдыг татах, хүлээж авах бэлтгэлээ хангаж эхэлсэн” гэжээ. Тус холбооноос хийсэн судалгаагаар тур оператор компаниудын ихэнх нь үйл ажиллагаагаа өмнөх түвшинд хүргэхийн төлөө ажиллах, аажмаар сэргээх, бизнесийн өөр загвар, бүтээгдэхүүнийг санал болгож, ажлаа дахин эхлүүлэх хүсэл тэмүүлэлтэй байгаа нь харагдсан байна. Харин 10-аас доош хувь нь энэ бизнесийг дахин эрхлэхгүй, орхихоор шийдсэн дүнтэй байжээ.
Энэ асуудлаар тус салбарын зарим төлөөллийн байр суурийг сонирхоход “Будда ертөнц” компанийн захирал Ц.Гүрсэд хэлэхдээ, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дампуурлын ирмэгт очиж, 4-5 хүнтэй ажиллаж байснаа тодотгоод аялал жуулчлалын салбар ойрын гурваас доошгүй жилийн хугацаанд сэргэх магадлалтай гэж тооцоолж байгаагаа илэрхийлжээ. Тус компани дотоодын жуулчдыг гадагш нь аялуулах үйл ажиллагаа эрхэлдэг аж.
Аялал жуулчлалын “Номадс тур экспедишн” компанийн ахлах менежер П.Гантулга “Манай компанийн борлуулалтын орлого 2019 онд дөрвөн тэрбум төгрөг байсан бол өнгөрсөн жил 340-өөд сая төгрөг болж, эрс буурсан. Аялал жуулчлал нь улирлын чанартай бизнес болохоор жил болгон банкнаас кредит зээлийг зун аваад намар нь төлчихдөг байсан. Одоогоор цар тахлын нөхцөл байдалтай уялдан халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ажиллахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа ч Гадаад харилцааны болон Эрүүл мэндийн яамнаас ямар арга хэмжээ авч, аялал жуулчлалыг хэрхэн дэмжих нь тодорхойгүй байна. Өнгөрсөн онд 200 гаруй жуулчин ирэхээр манайд төлбөрөө төлчихсөн байсны заримынх нь мөнгийг буцаасан бол нэг хэсгийг нь одоо болтол барагдуулж чадаагүй байгаа. Удахгүй хил гаалиа нээвэл бид үнийг аль болох багасгаж, 200-300 жуулчин хүлээгээд авчих санаатай ажиллаж байна” гэж учирласан юм.
НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын мэдээгээр 2020 оны нэгдүгээр сараас есдүгээр сарын хооронд Монгол Улсад ирэх гадаад орны жуулчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 84, салбарын орлогын хэмжээ 94 хувиар буурсан дүн гарчээ. Гэвч дотоодын аялал жуулчлал эрчимжиж, орон нутгийг зорих иргэдийн тоо нэмэгдсэнээр аймаг, сумын жижиг, дунд аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгчдийн орлого харьцангуй өссөн байна. Тиймээс дотоодын тур оператор компаниуд энэ чиглэлд түлхүү анхаарах болжээ.
Энэ талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалангаас тодруулахад “Бид гадаадын 40 мянган жуулчинд үйлчилснээр эдийн засгийн үр өгөөжийг бий болгож чадахгүй.
Иймд нийслэлийн иргэд ирэх долоодугаар сар гэхэд вакцинжуулалтад бүрэн хамрагдаж дуусахаар хот хоорондын хөдөлгөөнт хязгаарлалтыг цуцалж, зорчих, аялах нөхцөлийг бүрдүүлснээр дотоодын аяллыг дэмжиж ажиллана” гэж мэдэгдсэн юм. Нэг хаалга хаагдахад нөгөө нь нээгддэг гэх зах зээлийн эдийн засгийн зарчмын дагуу гадаадаас ирэх жуулчдын урсгал татарсан ч нөөц бололцоогоо ашиглаж, идэвх санаачилгатай ажиллаж чадвал “COVID-19” вирусийн цар тахлын үед ч салбараа өөд татаж, улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулж, дотоодын аялал жуулчлалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх боломж байдгийг бичвэрийн эхэнд дурдсан Тайванийн жишээ бидэнд харуулж байна.
Үүний зэрэгцээ ямар ч тохиолдолд бэлэн байдлыг хангахын тулд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан зөвлөмжийг анхаарах шаардлагатай юм. Уг зөвлөмжид дурдсанаар, гадаад, дотоодын бүх аялагч эрүүл мэндийн даатгалтай байх нь жуулчдад итгэл үнэмшил төрүүлэхээс гадна “аюулгүй аялал” гэх шалгуур үзүүлэлтэд илүү нийцтэй байх болно. Мөн хүний нөөцөө хангалттай бэлтгэж, аялагч жуулчдын аюулгүй байдлыг хангах, сэжигтэй тохиолдол илэрвэл тусгаарлалтын байр өрөөтэй байх зэрэг наад захын шаардлагыг хангасан байвал зохилтой. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг олон улсын аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтэд Монгол Улс 140 орноос 93-т эрэмбэлэгдэж байгаа нь агаарын тээвэр, газрын дэд бүтэц, олон улсад нээлттэй байдал буюу визний үйлчилгээ, үзүүлэлтээс хамаардаг байх юм.
Гэвч дотоодын аялал жуулчлалаа зөв зохистой сайн менежментээр хөгжүүлж чадвал тус салбарт ахиц дэвшил гаргах боломж байна гэж мэргэжлийн шинжээчид сануулсаар байна.
Д.МӨНХЖАРГАЛ
Сэтгэгдэл (0)