Гадаад, дотоодын шинжээчид Монгол Усын эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр төсөөлж байна

Дэлхийн банкнаас энэ оны нэгдүгээр сард “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайланг гаргасан. Уг тайланд дурдсанаар олон улсын идэвхжил сул, орлого бага байгаа нь цаашид багагүй хугацаанд үргэлжлэх ч “COVID-19” вирусийн цар тахлын эсрэг эхний шатны вакциныг өргөн хүрээнд жилийн турш хийж дархлаа бий болгосноор нийт эдийн засаг дөрвөн хувиар тэлэх боломжтойг дурджээ. Гэхдээ энэ өөдрөг төсөөлөл нь бодлого тодорхойлогчдын цар тахлыг хумих, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх дорвитой реформуудаас ихээхэн хамааралтайг онцолсон байна. Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Малпасс “Дэлхийн эдийн засаг сэргэх хандлагатай байгаа энэ үед бодлого тодорхойлогчид эдийн засгийн сэргэлтийг бататгаж, цаашдын бат бэх, тогтвортой өсөлтийн суурийг бэхжүүлэх талд анхаарч байгаа ч нийгмийн эрүүл мэнд, өрийн удирдлага, төсвийн бодлого, Төв банк болон эдийн засгийн бүтцийн шинэчлэл зэрэг олон сорилт тулгарсаар байна” гэж цохон тэмдэглэжээ.

Харин өнгөрсөн сарын 28-ны өдөр Азийн хөгжлийн банк (АХБ)-наас танилцуулсан “Азийн хөгжлийн төлөв” эдийн засгийн шинжилгээ, төсөөллийн тайланд гадаад худалдааны нөхцөл таатай байж, экспортын эрэлт нэмэгдсэнээр Монгол Улсын эдийн засаг энэ онд сэргэж, 2022 онд цар тахлын эрсдэл буурахын зэрэгцээ өсөлт хурдсах чиг хандлагатай байна гэжээ. Улмаар өнгөрсөн оны эдийн засгийн 5.3 хувийн агшилтаас дээшилж, дотоод эрэлт, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн зээлийн өсөлттэй холбогдон эдийн засгийн бүх салбарт сэргэлт ажиглагдсанаар энэ онд 4.8, ирэх жил 5.7 хувийн өсөлттэй болно гэж төсөөлсөн байна. “Монголын эдийн засаг өмнөх гурван жилд тогтвортой өссөн боловч цар тахлын нөлөөгөөр аж үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт буурч, ДНБ сүүлийн 11 жилд анх удаа агшлаа. Үүнээс шалтгаалан иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх, ажлын байрыг хадгалж, ажил эрхлэлтийг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр хариу арга хэмжээг нэн яаралтай авах шаардлагатай болсон” гэж АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран онцолж байлаа. Монгол Улсын ойрын хоёр жилийн эдийн засгийн өсөлтийн төлөв нь “COVID-19” вирусийн цар тахлын нөхцөл байдал, БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт, эрдэс түүхий эдийн экспортын өсөлт, хөрөнгө оруулалтын орчин болон хувийн хэвшлийн зээлийн харьцаанаас ихээхэн хамаарна гэж үзэж байгаа юм. Мөн эдийн засаг сэргэснээр эрэлт өсөх, түлш шатахууны үнэ нэмэгдэх, валютын ханшийн нөлөө импортын барааны үнэд шингэхтэй уялдан дундаж инфляц энэ онд 6.9, ирэх жил 8.5 хувь болж өсөх нь дунд хугацааны зорилт (6.0 хувь)-оос хэтрэх эрсдэлтэйг ч анхааруулжээ. Улмаар уул уурхайн ашиглалт, олборлолт нэмэгдсэнээр машин механизм, тоног төхөөрөмжийн импорт өсөх, дотоодын эрэлтийн нөлөөгөөр бараа, үйлчилгээний импорт ч нэмэгдэхтэй холбоотойгоор урсгал тэнцлийн алдагдал энэ онд ДНБ-ий 8.3, ирэх жил 10.7 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч магадгүй хэмээн төсөөлөөд байна. Энэхүү төсөөллийг бууруулж болзошгүй эрсдэлд цар тахлыг хязгаарлаж хяналтад оруулахад илүү их цаг хугацаа шаардагдах, дэлхийн болон бүс нутгийн эдийн засаг сэргэх хугацаа хойшлогдох, дотоодод ажилгүйдэл нэмэгдэх, гадаад дотоодод санхүүжилт тогтворгүй болох, макро эдийн засгийн бодлого харилцан уялдаагүй байвал төлбөрийн тэнцэлд нэмэлт дарамт учруулах зрэгийг нэрлэсэн байна.

Үүнтэй Монголбанк ч санал нэг байгаа бололтой. Тус банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагийн мэдээлснээр, зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, мөнгөний эрэлтийг хэвийн түвшинд хүргэж, эдийн засгийг дэмжих ч коронавирусийн дотоодын тархалт нь эдийн засгийн уналтыг гүнзгийрүүлж, сэргэлтийг удаашруулж байгаа аж. Мөн энэ оны эхний хагаст цар тахлыг хяналтад оруулж чадахгүй тохиолдолд эдийн засгийн үзүүлэлтүүд 2021 оны төсөөлөлд хүрэхгүй байх магадлалтайг онцолсон байна. Гэвч эдийн засгийн өсөлт ажиглагдаж, эрэлтийн шалтгаант инфляц алгуур нэмэгдэж, Төв банкны зорилтын орчимд тогтворжих хүлээлттэй байгаа аж. Улмаар эдийн засгийн өсөлт энэ онд 4.8, ирэх онд 5.7 хувьтай байхаар Төв банк төсөөллөө дэвшүүлсэн байна.

Засгийн газраас дээрх зорилтод хүрэхийн тулд багагүй ажил хийж, санал санаачилга гаргаж байгааг дурдах ёстой. Тухайлбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд олон улсын зах зээлд жилийн 5.125 хувийн купонтой 5.5 жилийн хугацаатай 600 сая ам.долларын “Номад” бондыг арилжаалсан. Үүний үрээр 2021 оны дөрөвдүгээр сард төлөх “Мазаалай”, 2022 оны арванхоёрдугаар сард төлбөрийг нь хийх “Чингис” бондын тодорхой хувийг худалдаж авсан нь Засгийн газрын гадаад бондын хүүгийн зардлаас 26.7 сая ам.долларыг хэмнэх боломжийг олгосон байна. “Номад” бондыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалахад J.P.Morgan, Morgan Stanley, HSBC болон Nomura зэрэг хөрөнгө оруулалтын нэр хүнд бүхий томоохон банктай хамтран ажилласан нь Монгол Улсын нэр хүндийг өсгөхөд чухал алхам болсон юм. Ийнхүү өрийн дахин санхүүжилтийн арга хэмжээ авсан нь 2021-2022 онд эргэн төлөх нийт 1.5 тэрбум ам.долларын төлбөрийн дарамтыг бууруулж, эргэн төлөлтийг таван жилээр хойшлуулж чадсан байна. Энэ нь тус улсын макро эдийн засаг, төсөв, санхүүгийн нөхцөл байдал болон төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөц, гадаад ханшид үзүүлэх ачааллыг бууруулахад чухал нөлөө үзүүлжээ. Монголбанкнаас мэдээлснээр, энэ оны гуравдугаар сард улсын гадаад валютын албан нөөцийн хэмжээ 4.7 тэрбум ам.доллар болсон нь дээд түвшинд хүрч, өмнөх сарынхаас 5.8, жилийн дүнгээр 16.6 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Валютын нөөцийн хэмжээ ийнхүү өссөн нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн тогтвортой байдлыг хангах, дунд хугацаанд төлөхөөр хүлээгдэж буй гадаад өр, төлбөрийг барагдуулахад эерэг нөлөөтэй гэж Төв банк үзэж байгаа юм.

Дараагийн нэг чухал алхам нь Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” юм. Уг цогц төлөвлөгөөний хүрээнд энэ оны гуравдугаар сараас ажлын байрыг дэмжих зээлийг арилжааны банкуудын эх үүсвэрээр олгож эхэлсэн. Одоогийн байдлаар 619 тэрбум төгрөгийн зээлийг 1400 орчим аж ахуйн нэгж, 7700 гаруй иргэнд олгосон байгааг Монголбанкнаас мэдээлжээ. “COVID-19” вирусийн цар тахлын улмаас бүх нийтийн хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор уг зээлийн олголт удаашралтай байгаа ч өмнө нь банкуудад хуримтлагдсан 48 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн зээлийн хүсэлтийг судалж, шалгаруулалтад тэнцсэн төслүүдийг хөл хорионы дараа санхүүжүүлэх ажлыг тасралтгүй хийж байгаа аж. Үүний зэрэгцээ Монголбанкнаас урт хугацаат репо санхүүжилтээр олгосон эх үүсвэрээр өнгөрсөн сарын сүүлийн байдлаар 1700 орчим аж ахуйн нэгжид 268 тэрбум төгрөгийн зээлийг банкууд олгожээ. Мөн сарын 26-ны өдөр Төв банк арилжааны банкуудаас ирүүлсэн саналыг үндэслэн 50 тэрбум төгрөгийн дүнтэй репо арилжааг зохион байгуулсан байна.

Манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн эрдэс баялгийн дэлхийн зах зээл дээрх ханш нэн таатай байгаа нь бидэнд боломж олгож байна. Тухайлбал, долларын ханш суларч, зэсийн арилжааны гол тоглогчдын нэг Чилийн нийлүүлэлттэй холбоотой болгоомжлолын улмаас зэсийн үнэ Лондоны металлын бирж дээр 9000 ам.доллараас давсан нь 2011 оноос хойших хамгийн дээд үзүүлэлт болжээ. Тухайн үед нэг тонн зэсийн үнэ 10200 орчим ам.долларт хүрч байсан аж.

“COVID-19” вирусийн цар тахлын тархалттай холбоотойгоор манай улсын дотоодод хатуу хөл хориог удаа дараа тавьсан нь нүүрсний экспортод сөргөөр нөлөөлж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр оны эхний улиралд Монгол Улс нийт 6.67 сая тонн нүүрс экспортолсон бол өнгөрсөн сард 900 мянган тоннд ч хүрсэнгүй. Ийнхүү нүүрсний нийлүүлэлт багассантай холбогдон Хятадын хилийн ойролцоох бүс нутагт коксжих нүүрсний ханш нэмэгджээ. Тодруулбал, сайн чанарын коксжих нүүрсний үнэ нэг тонн нь 1120-1150 юань байсан бол долоо хоногийн дотор 70-100 юаниар өссөн байна. Харамсалтай нь, гуравдугаар сард Оюутолгойн орд дээр, өнгөрсөн сард нүүрс тээврийн жолоочид коронавирусийн халдвар илэрснээс тээвэрлэлт дахин саарсан. Хэдхэн хоногийн өмнө Гашуунсухайт боомтод мөн халдвар илэрснээс нүүрс болон зэсийн тээвэрлэлт зогсож, гааль, хил хяналтын байгууллага аль болох богино хугацаанд эрсдэлийг зайлуулж, экспортыг үргэлжлүүлэхийн төлөө ажиллаж байна.

 

Д.МӨНХЖАРГАЛ

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)