АНУ цагаачдынхаа тоог нэмлээ
- 2021-05-06
- Дэлхий
- 0
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2021 онд хүлээн авах цагаач, дүрвэгсдийн тоог нэмж 62500-д хүргэлээ. Ерөнхийлөгч асан Дональд Трампын үед жилд хүлээн авах цагаач дүрвэгсдийн тоог 15 мянгаар тогтоож байсан. Энэ нь 1980 оноос хойших хамгийн бага үзүүлэлт юм.
Түүнчлэн цагаачдын урсгалыг зохицуулахыг дэд Ерөнхийлөгч Камала Харрист үүрэг болгожээ. Байден түүнээс хүндхэн даалгаврыг амжилттай гүйцэтгэхийг хүссэн юм. АНУ-ын өмнөд хилд ирэх цагаачдын тоо Ж.Байденыг Ерөнхийлөгчийн албан тушаалаа авснаас хойш эрс нэмэгдсэн. Мөн цагаачдыг саатуулах байранд асран хамгаалах хүнгүй олон зуун хүүхэд байгаа ажээ.
Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргааны хувьд АНУ-Мексикийн хил дээрх насанд хүрээгүй цагаачдыг зохицуулж буй бодлогынхоо улмаас олон нийтийн хүчтэй шүүмжлэлд өртдөг байсан юм. Харин Ж.Байдены засаг захиргаа өнгөрсөн нэгдүгээр сараас асран хамгаалагчгүй хүүхдүүдийг нутаг буцаах бодлогыг цуцалж, тэднийг АНУ дахь хамаатан садных нь гэр лүү юм уу асран халамжлахыг зөвшөөрсөн айл руу илгээх болжээ.
Гэсэн хэдий ч Ж.Байденыг шүүмжлэгчдийн үзэж буйгаар, түүний бодлого хууль бус цагаачлалыг огцом нэмэгдэхэд хүргэсэн байна. Энэ оны хоёрдугаар сард АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын алба хаагчид өмнөд хилд 100 мянга гаруй хүнийг саатуулсан нь өмнөх сарынхаас 28 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)