Х.Нямбаатар: Оюутолгойн бүтээн байгуулалтад дүгнэлт гаргуулахаар саналаа хүргүүлсэн

Оюу толгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо ажлын ерөнхий төлөвлөгөөгөө баталжээ. Ажлын хэсгээс энэ онд санал, дүгнэлт гаргаж Засгийн газарт танилцуулах, хоёр талын уулзалтуудыг зохион байгуулахаас гадна зөвлөхийн гэрээ байгуулж, зөвлөхүүд санал, дүгнэлт гаргах, яриа хэлэлцээнд зөвлөгөө өгөх зэрэг томоохон хэд хэдэн ажлыг хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, АНУ-ын Акип гамп хуулийн фирмээс хууль зүйн, Герман улсын “Фихтнер” компаниас геотехник, усны асуудлаар зөвлөх үйлчилгээ авахаар томилон ажиллуулж эхэлсэн байна.

“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч талтай Засгийн газар олон улсын Арбитрын шүүхэд мэдэгдэл гаргасан бөгөөд одоогоор арбитрын бүрэлдэхүүн томилогдож, үйл ажиллагааны журам, төлөвлөгөө, дэг болон зохион байгуулалтын асуудлаар холбогдох баримт бичгийг баталсан гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэллээ.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн сарын 30-ны өдөр арбитрын гомдлын хариу тайлбарыг гаргасан. Ингэхдээ Түр хорооноос өгсөн чиглэл, Засгийн газрын өнгөрсөн сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу “Оюу толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч буюу “Рио Тинто интернэшнл холдингс лимитед” болон “Туркойс хилл ресурсес лимитед” компанийг арбитрын ажиллагааны оролцогчоор татах хүсэлтийг арбитрын бүрэлдэхүүнд тавьж, хоёр үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээрт, “Оюутолгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөнөөс Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах. Хоёрдугаарт, “Оюутолгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Оюутолгойн төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан авлига, хээл хахуулийн схемийн улмаас Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах тухай юм. Монголын тал сөрөг нэхэмжлэл гаргасныг Нью Йоркийн тал шалгаж байна. Мөн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар саналаа хүргүүлсэн.

 

С.ЮМСҮРЭН

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)