Пхеньян хүнс, эмийн хомсдолд оржээ
- 2021-05-06
- Дэлхий
- 0
БНАСАУ 73 жилийн түүхэн дэх хамгийн том эдийн засгийн хямралтай нүүр туллаа. Цар тахал, байгалийн гамшиг, дэглэмийн цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрийн хариуд олон улсын хориг арга хэмжээнд өртөснөөр Пхеньян хүнс, эмийн хомсдолд оржээ.
Ажиглагчид үүнийг 1990 оны өлсгөлөнтэй зүйрлэж байна. Дотоодын хамгийн том сорилтыг даван туулж буй Ким Жон Ун хямралыг зогсоохын тулд эрх баригч намын гишүүдээ ээлжит “амаргүй гуравдугаар сар”-ыг хамтын хүчээр давахыг уриалсан. “Амаргүй гуравдугаар сар” гэдэг нэр томьёог 1990-ээд оны өлсгөлөнгийн дараах дүр зургийг илэрхийлэхэд ашиглажээ.
Тэр үед Умард Солонгосын түшиг болсон ЗХУ нуран унаж, гаднын тусламж авч чадаагүй. Өлсгөлөнгөөр нас баралтын тоо зуун мянгаас гурван сая хүний хооронд хэлбэлзэж байлаа. Умард Солонгос 2020 онд хилээ хааж, цар тахлаас урьдчилан сэргийлж чадсан мэт боловч импортоос хамааралтай эдийн засгийг сүйрүүлжээ. Хүмүүс хоол хүнс худалдаж авахын тулд өмч хөрөнгө, төрийн өмчит байшингаа худалдаж эхэлсэн байна.
Мөн дипломат, тусламжийн ажилтнууд гарч явснаас улс орны нөхцөл байдлын үнэн зөв дүр зургийг мэдээлэх боломжгүй болсон. Бээжин АНУ-ын хяналтад байж болзошгүй Умард Солонгосын хүмүүнлэгийн хямрал, улс төрийн эмх замбараагүй байдал газар авахаас болгоомжилдог. Тиймээс Пхеньян гол холбоотон, хандивлагч Хятад улстай худалдаагаа сэргээхээр ачааны галт тэрэгний үйлчилгээг сэргээжээ.
Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Конгрессын танхимд хэлсэн “БНАСАУ, Иранаас учрах ноцтой аюулыг арилгахын тулд холбоотнуудтайгаа хамтран ажиллана” гэсэн мэдэгдлийг БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны АНУ-ын асуудал хариуцсан хэлтсийн дарга Квон Чон Гун “хүйтэн дайны үеийн хоцрогдсон бодлого” гэж шүүмжиллээ.
Сэтгэгдэл (0)