Хүүхэд, өсвөр үеийнхний хүмүүжил
- 2021-05-06
- Нийтлэл
- 0
Монголчууд хүүхэд, өсвөр үеийнхээ бие бялдар, оюун ухааны хүмүүжлийг ажил амьдралаар олгодог онцлог уламжлалтай. Энэ нь бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг, нүүдлийн соёлтой уялдаатай. Хүүхэд хөлд орохоосоо хонь хурга хариулж эхэлдэг бөгөөд түүгээрээ амьтныг хайрлаж, амьдралын хэв маягийг мэдэж авдаг бол 4-5 настайгаас морь унаж, түүгээрээ эрүүл чийрэг биетэй болдог. Мал хариулж, морь унаж өссөн хүүхдийн зөвхөн булчин шөрмөс чангардаг төдийгүй бүх дотор эрхтэн нь хөдөлгөөнд байж эрүүл чийрэг болж байдаг. Бага балчраасаа төрсөн нутагтаа мал хариулж өссөөр нутгийнхаа уул ус, дов толгодыг нэр устай нь мэддэг, шөнийн харанхуйд ч очих газраа олж чаддаг, хаана нь ямар өвс ургамал ургадаг болон аль улиралд ямар малыг аль бэлчээрт хариулах зохимжтой зэргийг мэддэг.
Монгол Улсын газар нутгийг газрын зураггүйгээр нэвтэрхий мэддэг эзэд бол Монголын малчин ардууд, тэдний хүүхдүүд. Нэг жишээ: би 1980 оны үед Дорноговь аймгийн Өргөн суманд очоод Аргалын уул хэмээх ууланд очоод Гарамын голын Илийн бууц гэх газрыг эрлээ. Миний төрсөн бууц бөгөөд ээжийгээ амьд байхад олон жилийн өмнө заалгаж байсан боловч чухам байршлыг нь мартсан байлаа. Тавь шахам жил айл буугаагүй байснаас эдгэрсэн, ямарч газрын зурагт тэмдэглэгдээгүй газар учраас олох аргагүй болоод тэр хавьд нь явж байтал арав орчим насны гурван хүүхэд морьтой давхиж явахыг хараад, уулзаж асуухад дагуулж яваад зааж өгч билээ. Хэрэв онц шаардлагатай тодорхой газрыг олох хэрэг гараад нэрнээс өөр мэдээлэлгүй байвал нутгийн малчин, түүний хүүхдүүд л зааж өгөх юм билээ. Эх орон газар нутгаа мэдэж, аж ахуй эрхэлж амьдрах ийм хүмүүжлийг онцлог гэхээс яахав.
Монголын малчид, тэдний хүүхэд, өсвөр насныхан бол Монголын газар нутгийн, дэлхийд ховордсон бэлчээрийн мал аж ахуйг эрхэлдэг олон мянган жил уламжилсан шинжлэх ухааны нэвтэрхий толь бөгөөд ийм эрдэмийг эзэмдсэн монголын малчдыг хайрлаж, хадгалах явдал хүн төрөлхтөний өмнө хүлээсэн монголчууд бидний ариун үүрэг. Үүнээс үндэслэж би малчдын хүүхдийг заавал 6 настайд нь сургуульд оруулж, малчин эцэг эхээс нь, мал аж ахуйн үйлдвэрлэлээс холдуулах нь буруу, хэдэн настайд нь сургуульд оруулахыг эцэг эх, гэр бүлийн саналаар шийддэг байвал зөв, есөн нас хүртэл мал маллаж амьдрах бололцоотой байлгавал зохистой гэсэн бодолтой. Эцэг эх нь хүүхдүүдийнхээ зан төлөвийг сайтар ажиглаж, юм сурах, номын хүн болох сонирхолтой нэгийгээ 6 настайд нь сургуульд оруулахыг өөрсдөө шийддэг, харин малд ээлтэй, ирээдүйд сайн малчин болох шинжтэй хүүхдийг 8-9 настайд нь сургуульд оруулахыг бие дааж шийдэх Монголын малчин ард түмний ахуй амьдралд нийцсэн ийм уян хатан боловсролын тогтолцоотой байж болмоор.
Орчин үе мэдээллийн зуун болжээ. Хүүхэд залуучууд монгол төдийгүй дэлхий дахины амьдралаар мэдээлэлтэй, янз бүрийн мэрэгжлээс сонголт хийж, амьдралынхаа зам мөрийг төлөвлөж байна. Энэ нөхцөлд хүүхэд, өсвөр үеийнхний сурлага хүмүүжил, мэрэгжлийн зөв сонголтод эцэг эхийн зүгээс тавих анхаарал улам чухал болж байна. Мэргэжлээ зөв сонгох, сонгож эзэмшсэн мэргэжлээрээ тууштай ажиллахыг эрхэмлэхэд нь тус болох ёстой.
Манай улсын нийт хүн амын гуравны нэг буюу сая орчим хүний аж амьдрал хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэлтэйхолбоотой бөгөөд энэ салбар эдийн засгийн тогтвортой хөгжил, хүн амын хүнсний хэрэгцээ хангалт, валютын орлого нэмэгдүүлэх чухал эх үүсвэр байсаар байх болно. Ийм учраас малчид, тэдний хүүхдүүдийг малын гаралтай түүхий эдийг боловсруулах хамгийн дэвшилтэй техник технологийг эзэмшсэн, өрсөлдөх чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод гадаад зах зээлд борлуулж чаддаг мэрэгжилтэн нар болгох бодлого хэрэгжүүлэх нь чухал. Тухайлбал:
- Зөвхөн ямааны ноолуур, сарлагийн хөөвөр, торомны ноосыг бүрэн боловсруулж, ноолууран утас болгох үйлдвэртэй болох асуудлыг шийдвэл түүгээр хийсэн нэхмэл, сүлжмэл эдлэлийн борлуулалтаар одоогийн 30 сая тонн нүүрс экспортлож байгаа орлоготой тэнцэх валют олох боломж бий. Ийм боломжийг ашиглахад малчдыг оролцуулах ёстой.
- Манай улс жилд 20-24 сая төл бойжуулдаг. Бойжуулж байгаа төлийн тоотой тэнцэх малыг зарлагадаж байвал бэлчээрийн даацаас хэтэрсэн малын тооны өсөлтийг хязгаарлана. Өөрөөр хэлбэл жил бүр 20-24 сая малыг төхөөрч, мах, арьс ширийг нь боловсруулдаг үйлдвэрүүдтэй болох бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнтэй холбогдуулж алсдаа сум бүрт, ойрын жилүүдэд 100 –аас доошгүй суманд мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүд барьж, үйлдвэрийн нөхцөлд боловсруулсан махыг экспортод гаргаж чаддаг инженерүүдийг малчдын хүүхдүүдээс бэлтгэх хэрэгтэй. Манай улсын дотоод хэрэгцээг хангахад 15 орчим сая малын мах хангалттай, бусдыг нь экспортод гаргахын тулд чанартай боловсруулалт хийдэг үйлдвэрүүдтэй байх зайлшгүй шаардлагатай бөгөөд ийм үйлдвэрүүдийг бий болгоод малчдад хувьчилж өгөх хэрэгтэй юм.
- Жил бүр гарч байх 20-24 сая малын арьс ширийг бүрэн боловсруулж чанартай бүтээгдэхүүн гаргах үйлдвэрүүдтэй болохыг малчдын хүүхдүүд л илүү сонирхох болов уу.
Сүүлийн үед зарим залуучууд эрх мэдэл, албан тушаалын сонирхлоор улс төрийн ажилтан болох, УИХ, Засгийн газрын гишүүн болохыг эрмэлздэг болж байх шиг байна. Үүнийг би оновчтой, ирээдүйтэй сонголт гэж боддоггүй.Засаг төрийн эрх барих албан тушаал бол хүн бүхний заавал хийх ажил биш, өндөр мэдлэг боловсрол, ажил амьдралын туршлага, улс түмний амьдрал хүсэл мөрөөдлийн мэдлэг, олон түмнийг манлайлан дагуулах авьяас чадвар зэргийг шаарддаг амаргүй ажил. Энэ бүх шаардлагыг хангаж чадаагүй хүн улс төрч болох гэж зүтгэвэл амьдралынхаа хэсэг хугацааг үр бүтээлгүй өнгөрөөж, түүндээ харамсахад хүрдэг. Нэг сайхан дуулдаг залуу УИХ-ын гишүүн болсон нь миний бодлоор буруу сонголт болсон. Дахин сонгогдохыг хүссэн боловч сонгогчид зөвшөөрөөгүй. Одоо харин өөрийн сонгосон, эзэмшсэн мэрэгжлийнхээ дагуу урлагийн хамт олонтойгоо нийлж дуугаа сайхан дуулаад ард түмнийхээ талархлыг хүлээж сэтгэл хангалуун амьдарч байгааг нь хараад баяртай байдаг.
Манай залуучууд спортыг их сонирхож, олон төрлөөр олон улсын түвшинд ч амжилт гаргаж цөөхөн хүнтэй монголчуудаа алдаршуулж байна. Гэвч эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээллэх спортын төрлийг зөв сонгох, спортоор туйлширч боловсролын асуудлыг орхигдуулж болохгүйг анхаарах нь зүйтэй юм. Монгол бөх бол манай өвлөж авсан сайхан спорт. Өрсөлдөгчийнхөө өвдөгийг газарт хүргэсэнээр давсанд тооцож өрсөлдөөнийг зогсоодог учраас нэгнийгээ гэмтээдэггүй, бүдүүлэг хүчээр өрсөлдөгчөө дарангуйлахыг хориглодог, энэрэнгүй хүнлэг ааш занг эрхэмлэдэг спорт юм. Ийм учраас манай ард түмэн дэг журмаа сахьдаг монгол бөхчүүдээ хайрлаж, хүндэлдэг уламжилтай.
Харин чөлөөт бөх, дзудо, самбо зэрэг бөхийн спортод бол өрсөлдөгчөө заавал дал нуруугаар нь газарт дартал тулаан хийлгэдэг. Бокс, нударган зодооны спорт бол өрсөлдөгчийгөө хайрлахгүй, гэмтээх, ухаан алдтал зодохыг ч хориглодоггүй. Энэ төрлийн спортоор хичээллэж, үзүүлээд өг, алаад өг гэсэн даалгавар өгдөг зарим дасгалжуулагчтай учирсан өсвөрийн хүний зан авир бүдүүлэг, зэрлэгших талруу хэлтийхээс болгоомжилж баймаар санагддаг. Алдар цуу, мөнгө баялагийг амьдралын утга мэт болгосон ааш араншинг спортоос авах учиргүй. Хүн аз жаргалтай байхад өвчингүй, өргүй, ариун сэтгэлээс өөр юуч хэрэггүй гэсэн үг байдаг. Иргэд нь өвчингүй, өргүй, ариун сэтгэлтэй бол тэр улс аз жаргалтай улс байх нь эргэлзээгүй учраас ийм улс болохыг хичээх учиртай. Бүх юм ариун сэтгэлээс эхтэй. Сэтгэл ариун бол өвчингүй байна, сэтгэл ариун бол хөдөлмөрөөр өр тавихгүй амьдарна, сэтгэл ариун бол нийгэмд эвтэй амьдарна.
Хүүхэд, өсвөрийнхөн, залуучуудад боловсрол эзэмших, үүний тулд ном уншиж сурах буюу уншсан зүйлийнхээ утга санааг бүрэн ойлгох, үр дагаварыг сэтгэн бодох чадвартай байх маш чухал. Сэтгэн бодох чадвартай байна гэдэг бол ой санамжтай, анхааралтай, анхааралаа төвлөрүүлэгч, ажигч байхын үндэс гэж үздэг байна. Уншсан номынхоо учир утгыг ойлгож авч чаддаггүй хүн бол идсэн хоолоо шингээж чаддаггүй хүнтэй адил гэсэн үг байдаг. Энэ нь тархи мэдрэлээ эрүүл байлгахын тулд сэтгэн бодох чадвартай бай, сэтгэн бодох чадвартай байхын тулд ном уншиж боловсролоо үргэлж дээшлүүлж бай гэсэн үг ажээ.
Хүүхэд залуучууд нэг бүр эрүүл бие, саруул ухаанд хор болох зүйлийг жигшиж хүмүүжсэн байх ёстой. Архи уувал, тамхи татвал, хар тамхинд орвол бие эрүүл, ухаан саруул байхгүй, урт наслахгүйг ухаараад хэзээч, ямарч нөхцөлд хэрэглэхгүй байхыг хатуу шийдсэн байх нь чухал. Саруул ухаантан биеэ эрүүл авч явна.
Хүүхэд, өсвөр үеийнхнээ зөв хүмүүжүүлж, боловсрол мэрэгжилтэй, ажил амьдралын туршлагатай, өндөр ухамсартай иргэн болгож байх нь манай бүх эцэг эх, иргэн бүрийн эрхэм үүрэг бөгөөд Монгол Улсын ирээдүйг найдвартай байлгах нөхцөл юм.
Д. Содном
2021 – 05 - 05
Сэтгэгдэл (0)