Монголчууд сүйтгэгч бус бүтээгчид
- 2021-05-07
- Өөр өнцөг
- 0
Дэлхийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий эзэнт гүрнийг байгуулсан монголчуудыг байлдан дагуулагчид гэсэн өнцгөөс л хардаг. Чингис хааныг нас барсны дараа Монголын эзэнт гүрний баруун хаяа Алтан ордны улсын сүр хүч хэчнээн их байсныг түүхч Мари Фавреу судалжээ. Мари Фавреу нь Парисын Нантеррийн Их сургуулийн түүхийн дэд профессор юм. Тэрбээр Францын Дорно дахины хүрээлэнгийн гишүүн, Оксфордын их сургуульд “Nomadic Empires” төслийн судлаачаар ажиллаж байжээ.
Түүний “Орд: монголчууд дэлхийг өөрчилсөн нь” номыг Харвардын их сургуулиас хэвлэлийн газраас эмхэтгэн гаргасан байна. Гурван зуун жилийн турш Алтан ордон дэлхийн хөгжилд Ромын хүчнээс дутахааргүй нөлөөлж байв. Тэд Оросоос гадна Европ, Төв Ази, Ойрхи Дорнодод өнөөг хүртэл илт мэдрэгдэхүйц өв үлдээсэн юм. Өөрөөр хэлбэл эзэнт гүрний монголчууд сүйтгэгч бус бүтээгчид болохыг баталжээ. Худалдаанд гараад удаагүй ч (өнгөрсөн сард хэвлэлтээс гарсан) номын тухай судлаачид, томоохон хэвлэлүүдэд онцолжээ. “Уолл стрийт журнал” сонинд “Мари Фавреу биднийг хил дамнасан интеграцчиллын хамгийн хүчирхэг эх үүсвэртэй танилцуулж байна. Алтан ордны улс XIII-XIV зууны Евразийн худалдааны үсрэлтийн гол зангилаа байсан. Хаан ба язгууртнуудын эрх мэдэл хуваарилах цогц зохицуулалт, чадварлаг администраторууд ба дипломатчид эдийн засгийн шинэ дэг журмыг бий болгожээ. Волга мөрний хөвөөнд орших Сарай хотоос оросууд засаглалын загварыг олж авсан. Нүүдэлчдийн тухай ойлголтыг сорьсноороо Мари Фавреу биднийг Монголын эзэнт гүрний үеэс уламжилж ирсэн ертөнцөд амьдарч байгааг баталлаа. Монголчууд түүхэнд муугаар хэлүүлж, өрөөсгөл ойлголт, гайхширлын золиос болсон угсаатан” гэжээ. Харин “Литератур тойм”-ын Тимоти Брук
“Энэ бол зөвхөн монголчуудын түүх биш. Алтан ордны улс бусад ард түмэнд нөлөөлж байсныг баримтаар өгүүлжээ Мари Фавреу бол интегратив түүхч юм” хэмээсэн бол тоймч Киркус “Дундад зууны монголчууд танхайчууд байсан гэх домгийг энэ ном няцаалаа. Тэд Евразийн цогц соёлыг бүтээсэн удирдах чадвартай, нийгмийн харилцаанд гаршсан эх газрын томоохон хүч байв” гэж дүгнэлээ. “Publishers Weekly” сайтад дэлхийн түүхэнд монголчуудын гүйцэтгэсэн үүргийн тухай түгээмэл ташаа ойлголтуудыг зассан бүтээл болохыг тодорхойлжээ. Мөн “Торгоны зам” номын зохиогч Питер Франкопан “Гайхамшигтай, Мари Фавреу монголчуудыг байлдан дагуулахаас гадна асар том эзэнт гүрнийг удирдаж чаджээ” гэжээ.
“Ирээдүй бол Ази ”номын зохиогч Параг Ханна “Согд, Хүннү нараас Парфян, Селжукууд, нүүдэлчний эзэнт гүрнүүд Азийн баялаг соёлын олон янз байдлын гол хөдөлгөгч хүч байсан. Энэхүү ер бусын номонд нүүдэлчин монголчууд ертөнцийн хамгийн том эзэнт гүрнийг хэрхэн удирдаж байсныг тод томруун өгүүлжээ” хэмээн сэтгэгдлээ бичжээ. Түүнчлэн антропологич Жак Уэтерфорд “Монголчуудын Оросыг захирч байсан тухай нарийвчилсан, бодитой мэдээлэл орчин үеийн Евразийг төлөвшүүлэхэд эерэг нөлөөтэй. Мөн өрөөсгөл ойлголтоос эрин үеийг аварч байна” гэжээ.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)