Г.Дамдинням: Дарханы замын явц, гүйцэтгэлд анхаарч, дуустал нь шахаж ажиллана
- 2021-05-07
- Үнэн
- 2
Улаанбаатар-Дарханы чиглэлийн 204 км автозамыг шинэчлэх ажлыг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрсөн ч янз бүрийн шалтгаанаар зам засварын ажил хойшилж буй. Бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан ажлын нөхцөл байдалтай ЗТХ-ийн сайд Л.Халтар болон УИХ-ын гишүүн Г.Дамдинням нар газар дээр нь очиж танилцан төлөвлөсөн төлөвлөгөөндөө хүрч ажиллахыг гүйцэтгэгч компаниудад сануулсан байна.
Нэгдүгээр багцын ажлыг 100 гаруй техниктэйгээр 370 гаруй хүн ажиллаж байгаа гэдэг мэдээлэл өгсөн боловч бодит байдалд энэ тоондоо хүрэхгүй байгаад УИХ-ын гишүүн Г.Дамдинням шүүмжлэлтэй хандаж, Дарханы замын явц, гүйцэтгэлд байнга анхаарч, дуустал нь шахаж ажиллахаа мэдэгдлээ. Тэрбээр “Миний хувьд ЗТХ-ийн Л.Халтар сайд, хяналт тавьж буй болон гүйцэтгэгч компаниудтай байнга уулзаж бэлтгэл ажлын графикийг нь гаргуулаад долоо хоног тутмын гүйцэтгэлийн төлөвлөгөө, хэрэгжилтийг хянаж, шахаад явж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй таван багцын нэг, гурав, тавдугаар багц дуусаж хоёр, дөрөвдүгээр багцын ажил тавдугаар сараас эхлүүлж, суурийн ажил дуусгах төлөвлөлттэй байна. Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилттэй мөн таван багцын суурийн ажлыг хийнэ. Замын ажлын явц, чанар дээр байнга анхаарч, хянаж ажиллаж байна. Цаашид долоо хоног тутам явцын мэдээллийг хүргэж байх төлөвлөгөөтэй байна” гэв.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж буй хоёр эгнээ автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг нийт таван багцад хуваасан бөгөөд одоогоор нэг, гурав, тавдугаар багцыг хийж дуусгасан бол үлдсэн багцуудын цементэн суурийн ажлыг ирэх тавдугаар сард дуусгахаар төлөвлөжээ. Харин энэ жилийн хувьд Европын сэргээн босголтын банкны зээлээр мөн адил таван багц ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд уг багцийн ажлуудыг өнгөрсөн сарын 15-наас эхлүүлж, өнөөдрийн байдлаар 10 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа юм байна.
Хоёр, дөрөвдүгээр багц замын ажлыг гүйцэтгэж байсан БНХАУ-ын компани өнгөрсөн онд гэрээгээ цуцалсан тул ЗТХЯ-наас дахин тендер зарлаад буй. Шинээр зарлаж буй тендерт ажиллах хүч болон техник хэрэгслийн 70-аас доошгүй хувийг дотоодоос бүрдүүлэх шаардлага тавьж байгаа аж. Энд дотоодын аж ахуйн нэгж, компаниудыг дэмжиж, түншлэн ажиллахад бэлэн байгааг салбарын яам мэдэгдэж байна.
С.Юмсүрэн
Сэтгэгдэл (2)
о (59.153.112.71)
зөв
иргэн (66.181.191.182)
балай минь чи авсан мөнгөө төлөөрөй