Бид хөдөлмөрч ахмад үе, даруулгатай залуу үе, хүний төлөө төртэй байлаа
- 2021-05-11
- Нийтлэл
- 0
1921 он. Монгол Улсын түүхэн онцгой жил билээ. Маш чухал олон байгууллагын эхлэл үргэлжлэл, хөгжил тэмцлийн түүхийг өгүүлэх он билээ. Би 1962 оны МХЗЭ-ийн гишүүн. Бид МХЗЭ-ийн байгууллагаар бахархдаг хүмүүс. Учир нь, бидний үеийнхний залуу нас энэ түүхэн байгууллагаар дамжин боловсрол хүмүүжил, соёл мэдлэг олж, амьдрахуйн үнэ цэнээ мэдэрч, эх оронч үзэлт хүн болох утга зангилааны яс чанрыг МХЗЭ-ийн байгууллага, түүний удирдагч нараас нь олж авч түүнийгээ оюундаа шингээж биедээ агуулсан тэр агуу ёс чанараар нь бид бахархдаг билээ.
Бидний үе азтай хүмүүс. Яагаад гэвэл дуулгавартай залуу үетэй, ажилсаг хөдөлмөрч ахмад үетэй, хүний төлөө ёс зүй, хариуцлага сахилгатай төртэй байлаа. Бидний үе бүүр багаас сурагч ахуйдаа Монголын пионерын, оюутан цэрэг ахуй үедээ Монголын залуучуудын байгууллагад элсэж, түүний гишүүн болохдоо эх орны өмнө залуу хүний заавал гүйцэтгэх эрхэм үүрэгтэй, эдлэх маш том эрх, үүрэгтэй, эцэг эх, эх орныхоо уламжлалт сургаал номлолтой амьдарчээ. Үүнийг би хэзээ ч дарангуйлал захиргаадалт гэж үздэггүй, харин ч МХЗЭ бидэнд өгсөн амьдралын их сургуулийн үнэ цэнтэй хүндэтгэлтэй ажиллаж амьдрах эрх гэж одоо хүртэл бодож явна. Бидний үеийнхэн цөм тийм сургаал бодол, хүмүүжил төлөвшлийг эзэмшиж эх орноо хөгжүүлэх их үйлсэд хувь нэмрээ өгсөн нь манай үеийн түүх бүтээсэн нэгэн бахархал, МХЗЭ-ийн ач гавьяа ажил үйлсийн гайхам бишрэл түүнд орших билээ.
Бүхэл бүтэн 100 жилийн түүхтэй МХЗЭ-ийн тухай бичье гэвэл 100 боть ном ч багадахаар, монгол төрийн зургаан одонг зулайдаа залсан Монголын залуучуудын эр зориг, омог бардам ааш агуу хөдөлмөрч чанар, эх орноо хөгжилд хүргэсэн түүхэн замнал нь тэр үеийн ахмад үеийнхний амьдрал дуурайл, ажил хөдөлмөр, хөгжил тэмцлийн түүхэн бахархал мөн гэж хэлнэ.
МХЗЭ-ийн түүхэнд шалгарсан залуу удирдагчийн амьд жишээ өдий төдий, эх оронч хөдөлмөр бүтээлийн, баатарлаг охид хөвгүүдийн үлгэр жишээ хэдэн мянгаараа түүхэнд үлдэсний дотор МХЗЭ-ийн гишүүн, Хөдөлмөрийн баатар Хоньчин Намхайнямбуу, оёдолчин Амгалан, нэхмэлчин Гүнжлхам, барилгачин Тэгшээ болон тракторч комбайнч, уурхайчин нэхмэлчин, засварчин, тээвэрчин түмний манлай хөдөлмөр бүтээлийн эздийн амьд үлгэр жишээнүүдийн түүхээр өдгөө цаг үед чухам бахархах эзэн байгаа эсэх нь үлдэгсдийн сэтгэлийг хүчтэй эмзэглүүлдэг билээ. Бас 1921-1945 оны хоорондох эх орны эрх чөлөөний төлөө тэмцэл тулаанаар залуу халуун амь насаараа шинэ үеийг авчирсан жанжин Д.Сүхбаатар, Улсын баатар Тэгшээ, Дандар, Бор, Гиваан зэрэг зуу зуун баатарлаг эх орончдыг зөвхөн МХЗЭ-ээс төрж гарсан түүхэн үнэнийг өнөө үеийн залуу үе мартах учиргүй. Тэр үеийн залуус мэнд хүндийн эзэн байлаа. Ахмад үеэсээ суралцах, тэднийгээ хүндлэхийн амьд жишээ нь явлаа. Эх орныхоо нүргээнт хөдөлмөрийн илгээлтийн эзэд байлаа. Тэр бүхний дотроос миний дурсамжинд мөнхөрч үлдсэн МХЗЭ-ийн шалгарсан залуу удирдагч асан хоёрхон хүний тухай би өөрийн дурсамжаа хэлэх нь түүхт 100 жилийн ойд зориулсан ахмад ажилтны үүрэг нь болов уу гэж санав. МХЗЭ-ийн Төв хорооны залуу даргаар Завхан нутгаас малын эмч хийж байсан Ч.Пүрэвжав ажилласан хөдөөгийн малын эмчийн албанаас МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар тодорч байсан залуу удирдагчийн нэгэн мөнөөс мөн билээ. Тэрбээр Монголын тэр үеийн залуу үеийг биеэрээ ажлаараа үг үйлсээрээ мөн ч их манлайлан ажилласан тэр л цаг үеийн нийгэмдээ шалгарсан сайн удирдагч байсан. Энэ хүний МХЗЭ-ийн түүхэнд гарцаагүй сайн удирдагч байж, залуу үеэ араасаа дагуулан эх орны хөгжлийг түүчээлэхэд оруулсан их хувь нэмрийг Монголын гурван үеийнхэн мартах аргагүй. Энэ байгууллагын 100 жилийн ойгоор хөшөө дурсгалыг нь босгож, шастир түүхийг нь алдаршуулахад багадмаар, зүтгэл бүтээлийн эзэн, шилдэг удирдагч гэж би дурсан бодож явдаг.
МХЗЭ-ийн түүхэн 100 жилийн хугацаанд шалгарсан, гарамгай суут онолч удирдагчийн нэг бол Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, нийгмийн зүтгэлтэн Лодонгийн Түдэв мөн болой. Энэ хүн олон жил Монголын залуучуудын байгууллагыг тэргүүлж ажиллахдаа залуу үеийг уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэх, мал сүргээ өсгөх, газар тариалангаа тордож атрын аян өрнүүлж, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх залуусын бүтээлч хүчийг ундруулсан нүргээнт хөдөлмөрийн их залуурч байсан билээ. Түүнчлэн улсынхаа соёл боловсрол, шинжлэх ухаан, урлаг утга зохиолын хөгжлийг дэлхийн дайдад гаргахад залуу үеэ яаж хөгжүүлсэн, хичнээн олон залуусаа цэрэг эх оронч үзэлтэй болгосон, түүний эх хувь нэмэр нь удирдагчийн алсын хараа байсан гэж одоо ч бахдан хэлж, баярлан тэмдэглэж бахархан дурсах их үйлсийн эзэн мөнөөс мөн билээ. Тэрбээр залуусын боловсролд онцгой анхаарч, соёлыг хөгжүүлэх үйлсэд залуусаа манлайлж, хот хөдөө соёлын хувьсгалыг өрнүүлж, Монголын урлаг соёлын чадамжийг шинэ шатанд гаргасан залуучуудын шилдэг удирдагч байлаа.
Миний бие 1964 оноос МХЗЭ-ийн үүр хорооны дарга, аймгийн эвлэлийн хорооны гишүүн сум, нэгдэл дундын үйлдвэр, спиртийн үйлдвэрийн МХЗЭ-ийн хорооны дарга зэрэг залуучуудын байгууллагын ажлыг 1975 он хүртэл хийхдээ дээр дурдсан хоёр нөхрийн удирдамж, заавар зөвлөгөө, гаргасан шийдвэр ажил амьдралд ямар их үр нөлөө эрч хүч өгч залуур чиглэл болж байсныг эргэн бодогдохыг яана. Тэр үеийн залуус бид МХЗЭ-ийн байгууллагын жинхэнэ эзэд, бүтээлч хүмүүс байж дээ. Одоо цаг дээр харахад 100 жилийн түүхтэй Монголын залуучуудын эрхэм энэ байгууллагын чимээ алдарсны учрыг эргэцүүлэн бодоход зарим талаар харамсал төрдгийг нуух юун. Монголын залуучуудын яруу алдар бадартугай.
Ц.Ядамсүрэн
/Хувьсгалт залуучуудын эвлэлийн ахмад ажилтан, сэтгүүлч/
Сэтгэгдэл (0)