Эртэдсэн зөнөгийн этгээд бодлоос

Нэгэн зүйл. Улс эх орондоо төдийгүй Ази тивдээ анхны улс төрийн ууган хүчин гэгддэг МАН өнөөгөөс тэртээх зуун жилийн өмнө, хүн ард нь гадаад, дотоодын ноёрхогчдын хоёр зуу гаруй жилийн дарлал, мөлжлөг, дээрэм тонуул, эрээгүй харгислалд шаналж зовсон, улс орон нь хөгжлийн түвшингээр дэлхийн улс орнуудаас асар холд хаягдсан, ядарсан буурай гэхэд дэндүү ядарч доройтсон, тусгаар байдал гэдэг ойлголт бараг мартагдах шахсан, дэлхийн хөрснөөс хэзээ мөдгүй арчигдах нь тодорхой болсон хөөрхийлөлттэй хувь заяатай орон, үндэстэн гэж гадныханд хэлэгдэх болсон. Монгол эх орондоо жинхэнэ эх орончид эр зоригтон болон тодорсон цөөнхийн зоримог санаачлагаар үүсэж, хойшид тохиолдох ямар ч бэрхшээл сорилтоос үл шантран амь нас, алд биеэ огоорон зүтгэх эв тангарагтан, журмын нөхдийн гавьяат үйлсийн үр дүн болж үүсээд шаналж цөхөрсөн ард зоныхоо итгэл, сэтгэлийг сэргээсэн их үйлсийн тэмцлийн гараагаа зэвсэгт тэмцлээр эхэлж хятадын гамин цэргийг дөтийнх нь замаар тонилгож, улмаар Нийслэл хүрээг эзлэн авч Ардын төр засгаа байгуулж, өргөн дэлгэр Монгол орны баруун зүүн хязгаар, хоймор нутагт тархан дээрэм тонуул үйлдэж байсан цагаантны ихээхэн хүчийг үлдэн хөөж, эх нутгаа цэвэрлэсэн зэрэг Ардын хувьсгалын анхны ялалтууд нь гайхалтай. Ийнхүү жинхэнэ тусгаар тогтнолоо байлдан олоод, амиа аргацаасан мал аж ахуйгаас өөр эдийн засаг, нийгмийн ямар ч салбаргүй хоцрогдлын туйл байсан орноо өөд татан хөгжүүлэхийн төлөө МАН оройлон удирдах үүрэгтэйгээр олон үе шаттай бодлогыг дэвшүүлэн хэрэгжүүлж ирсний үр дүнд Монгол орон минь орчин үеийн олон улсын хөгжлийн жишигт хүрсэн юм юмтай улс шиг улс болжээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх “Тусгаар тогнол, хөгжлийн зуун” илтгэлдээ МАН, Ардын хувьсгалынхаа туулсан 100 жилийн түүхийг ээдрээ төвөгтэй, элдэв сорилт бэрхшээлтэй бас ид хавтай, эрч хүчтэй, их бүтээн байгуулалттай итгэхэд бэрх, өөрчлөлт, шинэчлэлтэй замнал түүхийг өргөн дэлгэр баримт нотолгоотойгоор өнөөгийн Монголын ард түмэн төдийгүй, өргөн дэлхийн харилцагч олон түнш орнуудын хүлээн зөвшөөрсөн үнэлэмж дүгнэлттэйгээр яруу сайхан илтгэж “…өнөө үеийнхэндээ ярьж бичиж ойлгуулсан.. “төдийгүй ирээдүй хойч үеийнхэндээ зайлшгүй судлан мэдвэл зохих сургаал, ном болгон үлдээсэнд МАН-ын ахмад гишүүн ухаантай амьдралынхаа туршид хөдөөгийн сумдад бага сургуулийн багш, эрхлэгч, намын үүрийн орлогч, дарга зэрэг албыг чадан ядан гүйцэтгэж ирсэн ядмагхан өвгөн би бахархан баярлаж сууна даа.

Ташрамд өгүүлэхэд, У.Хүрэлсүх даргын илтгэл болоод танай сонины 10 дугаар дамжиж гарсан МАН-ын түүхэн товчооныг тус тусад нь жижиг ном болгон хэвлэж, сонин хэвлэл бараг захиалж ашиглахаа больсон хөдөөгийн өрх бүрт, тийм бололцоогүй бол намын гишүүд, дэмжигчид намын анхан шатны байгууллага, номын сангуудад хүргэхсэн гэж бодогдох юм.

Хуучин шиг МАН гишүүддээ түр, улирлын, мөн 10 хоног, долоо хоногийн сургалтыг байнга зохион байгуулахын дээр сар бүрт тогтмолжсон бүх гишүүдийн хурлаараа намын түүх, онол суртахууны үндсээ, намын мөрийн хөтөлбөр дүрмээ нам төрийн байгууллагын гаргасан хурлын тогтоол, шийдвэр, цаг үеийн асуудлаар байнгын сургалт сурталчилгаа явуулж, гишүүдийнхээ мэдлэг, боловсрол, хүмүүжил, ёс суртахуунд цаг ямагт анхаарч байсан уламжлал алдагдаад олон жил болсон болохоор одооны идэр залуу, намын гишүүдийн олонхийн, нэн ялангуяа хөдөөний гишүүдийн намын түүхийн мэдлэг тун ч хомс гэдгийг намын аль ч шатны байгууллагууд хүлээн зөвшөөрч юм бодох цаг болсон гэж үзэж байна.

Нэгэн зүйл. МАН-ын түүхээ уншиж ойлгохыг хичээх явцдаа энэ нам өнгөрсөн 100 жилийн түүхэн тэмцлийн явцдаа гадаад, дотоодын шалтгаантайгаар орших уу, эс орших уу гэсэн бэрх сорилтод хоёр ч удаа орж, хүнд бэрх үеийг өнгөрөөснийг гүнээ ойлгож мэдэрдэг.

Эхний сорилт нь: МАН үүссэн цагаасаа эх орны тусгаар тогтнолоо байлдан олоход болон цаашид батлан хамгаалж бэхжүүлэхэд гадны тэр тусмаа улс төрийн, цэрэг зэвсгийн, сэтгэл санааны, санхүү мөнгөний гэх мэт нэн шаардлагатай тусламж дэмжлэг хэрэгтэй гэж үзэн ЗОУ-д хандсан байдаг. Хорвоод нутаг нийлж заяасан хоёрхон хөршийнхөө дайсан болсон нэгний нь дарангуйллаас салахын тулд нөгөө хөрш ЗОУ-д хандах нь сонголт гэхээсээ тавилан байсан биз. Тэр үед одоотой адил далай тэнгис гаталж, тив дэлхий алгасан нааш харах нөхөр хайх нөхцөл бололцоо олон улсын харилцааны боломж байсан биш. Гэсэн ч түшиг болгох гэсэн Орос оронд үйл ажиллагаагаа явуулж байсан Коминтерний удирдлага, И.В.Сталин тэргүүтэй ОК( бо) нам МАН-ын үндэсний ардчилсан чиг шугамыг хүчээр өөрчилж, өөрсдийн, дэлхийн хувьсгалыг тэлж өргөжүүлэх гэсэн тулгалтаа хийж, МАН, төрийн удирдлагууд эс зөвшөөрсний учир МАН, ардын төр, ард түмний түүхэнд аймшигт хар толбо болсон хэлмэгдүүлэлтээ нэг биш үе шаттайгаар угсран хийж, нам, төр, цэргийн удирдлагад бэлтгэгдсэн олон боловсон хүчнийг толгой дараалан баривчлан, дээр нь лам, хар ард олныг хоморголон өргөжүүлж цуст аллага, гяндан шорон болгосны гайгаар нам ч тэр, төр ч тэр дээрээсээ дунд шатандаа олон удирдах ажилтан сонгуультнаа алдаж, нам, төр улс орныг удирдан чиглүүлэх нэр нөлөөгөө бүрэн алдталаа хэлмэгдэж орших уу, эс орших уу гэдэгтээ тулж байсныг эрдэмтэн мэргэд маань олон баримттайгаар нотлон бичиж МАХН бол улс төрийн хэлмэгдүүлэлтийн субъект байгаагүй” гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. (МАН-ын түүхэн товчоо УБ 2001) Харамсалтай нь өнөө цагийн улс төрийн шинэ хүчнүүд гэгддэг АН болон бусад намууд сонгууль болгоноор л МАН ард түмнээ хэлмэгдүүлэгч гол хүчин, ард түмний дайсан байсан мэтээр эш үндэсгүй гүтгэн ард түмэнд таалагдаж, нэр нүүр олж авах гэсэн явуургүй оролдлого байнга босч ирдэг нь гачлантай. Үнэн бодит түүхээ уншиж судлаагүй өнөөдрийн идэр залуу үеийнхний цөөнгүй нь дээрх гүтгэлэгт автах, эргэлзэх нь байсаар байна. Энэ үнэн түүхийг бодитой баримттайгаар бичиж сурталчилсан ном сурах бичиг хөдөөд даанч ховор юмдаа.

Хоёр дахь дараагийн сорилт нь:

1990 оны гуравдугаар сард МАХН-ын улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, улс төрийн тогтолцоог шинэчилэн өөрчлөх практик үйл ажиллагааны эхлэлийг тавьж, Үндсэн хууль, мөрийн хөтөлбөртөө заасан “МАХН бол төр нийгмийг удирдан чиглүүлэгч гол хүч мөн” гэсэн заалтаасаа татгалзаж олон ургальч үзэл, улс төрийн шинэ нам хүчнийг хүлээн зөвшөөрсний зэрэгцээ 1990 оны дөрөвдүгээр сард болсон Онц их хурлаасаа “Нийгмийн улс төрийн амьдралын хүрээнд баритмлах намын бодлого нь Ардын төрийг цөм болгосон улс төрийн ардчилсан шинэ тогтолцоог бий болгох ард түмний өөрөө удирдах ёсыг тууштай хөгжүүлэх, хүний эрхийг хамгаалах, хууль зүйн найдвартай баталгааг хангахын төлөө идэвхтэй тэмцэл явуулахад оршино” (МАХН-ын түүхэн товчоон УБ 2001он 191 тал) гэж заагаад энэ зорилтын дор 1990-1992 оны шилжилтийн зурвас үед нам өөрийгөө шинэчилж олон арга хэмжээг хэрэгжүүлэн 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж, социалист төлөвлөгөөт эдийн засгийн нийгмийн байгуулалтаас зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийг “нэг ч оготоны хамраас цус гаргахгүй хийсэн” гавьяа МАХН-ынх байсаар атал одоогийн АН-д нэгдсэн улс төрийн шинэ хүчнүүд, эвсэн хавсайдаж нэр хүндийг нь унагах, өмнө дурьдсан гадны хүчний тулгалтаар тохиолдсон түүхийн баримтыг гол яллах баримт болгохыг хичээх, ЗХУ-д төрийн эргэлт хийх гэсэн хууль бус хүчинтэй холбоотон байсан мэтээр гүтгэж гүжирдэх зэргээр улаан цайм оролдлогыг нэг биш удаа хийж байсан нь МАХН-ыг Европын социалист орнуудад эрх барьж байсан намууд шиг улс төрийн тавцангаас ул мөргүй арчигдах уу гэсэн нэн төвөгтэй байдалд хүргэж “Орших уу, эс орших уу”-г тулгасан байдаг. Ямар сайндаа нэрт яруу найрагч О.Дашбалбар “МАХН-ын гишүүн гэхээсээ битгий ич” гэж уриалахад хүрэх вэ дээ.

 

А.ЖАМБАЛ

/МАН-ын ахмад гишүүн/

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)