Оюутолгойн орлого 303 хувь өссөн үзүүлэлттэй гарчээ

Оюутолгойн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл ресурс” компани лхагва гарагт 2021 оны нэгдүгээр улирлын санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Оюутолгойн уурхай оны эхний гурван сард 45.449 тонн зэс, 145.656 унц алт олборложээ. Энэ нь 2020 оны мөн үеийнхээс зэсийн олборлолт 29, алтны олборлолт 461.5 хувиар тус тус өссөн үзүүлэлт бөгөөд “Туркойз хилл ресурс” компани оны эхний улиралд 526.5 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 302.8 хувиар өссөн байна. Оюутолгойн олборлолт, үйл ажиллагаа сайн гүйцэтгэлтэй байж, дэлхийн зах зээл дээрх зэс, алтны ханш өссөн нь орлогын хэмжээ ийнхүү нэмэгдэхэд нөлөөлжээ.

Оюутолгойн орлого нэмэгдсэнээр Монгол Улсад төлөх рояалти болон бусад татвар төлөлтийн хэмжээ өсөх юм. Харин Оюутолгойн үйл ажиллагааны нийт зардал энэ оны нэгдүгээр улиралд 201.2 сая ам.доллар байсан нь өмнөх оны мөн үеэс долоон хувиар өссөн үзүүлэлт болжээ. Үйл ажиллагааны зардал өссөн нь борлуулалтын орлого, АМНАТ төлөлт нэмэгдсэн болон “COVID-19”-тэй холбоотой нэмэлт зардал гарсантай холбоотой гэжээ. Гэвч далд уурхайн геологийн хүндрэл болон “COVID-19” цар тахлын улмаас Оюутолгойн алт олборлолтын хэмжээг өмнө нь тооцож байсан 500-550 мянган унцаас бууруулахаар болжээ. Түүнчлэн “Туркойз хилл ресурс”-ийн зүгээс Монгол Улс дахь “COVID-19” цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа нь оны хоёрдугаар хагаст Оюутолгойн ил уурхайн үйл ажиллагаа болон далд уурхайн бүтээн байгуулалтад нөлөөлнө гэж тооцож байгаа аж.

Ташрамд дурдахад, “Рио Тинто” компани Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахад шаардлагатай 2.3 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг босгоход шаардлагатай холбогдох бичиг баримтыг Монгол Улсын Засгийн газар болон бусад төрийн байгууллагад хүргүүлээд байгаа юм.

 

Д.МӨНХ

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)