Нигерийн засаглал зэвсэгт бүлэглэлийг дам “тэтгэдэг”
- 2021-05-19
- Дэлхий
- 0
Нигерийн Засгийн газрын цэргүүд “Боко Харам” бүлэглэлийн хяналтад байсан газар нутгаа буцааж авч, босогчдыг устгаж чадсан. Гэвч зэвсэгт дайчид 2009 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн зүүн хойд зүгт төвлөрч эхэлжээ. Энэ он гарснаас хойш 100 орчим халдлага үйлдсэн олон зуун хүн алагдаж, зэвсэг, хоол хүнс, эм тариаг тоносон юм. Шинжээчид “Боко Харам”-ыг оршин тогтноход улс төрийн хүчин нөлөөлсөн гэж үздэг. “Боко Харам”-ынхан 2009 оноос хойш Чад нуурын сав газрын орнуудад халдлага үйлдсэнээс болж 2.6 сая хүн нутгаасаа дүрвэн дайжжээ. Хүний эрхийг хамгаалагчдын мэдээлснээр, хэт даврагчид хэдэн арван мянган хүн, тэдний дотор 10 мянган өсвөр насны хүүхдүүд, олон мянган эмэгтэйг хулгайлжээ. Тус бүлэглэлийн байлдагчид олзолсон хүмүүсээ амиа золиослогч террорист болгон ашигладаг аж. “Боко Харам”-тай тэмцэх цэргийн стратегид хэт найдсан тухай “Beacon Consulting” компанийн аюулгүй байдлын шинжээч Кабиру Адаму онцолжээ. Тэрбээр “Зэвсэгт босогчдын эсрэг ажиллагаа явуулаад 12 жил болсон ч Засгийн газар амжилт олоогүй. Цэргүүд террористуудыг хөөн зайлуулдаг. Гэхдээ тэд нөлөөгөө үргэлжлүүлж чаддаг. Тэр ч байтугай дайчин элсүүлж, санхүүжилт босгож, зэвсэг худалдан авч байна” гэж BBC-д ярьсан юм. Терроризмтой тэмцэх үндэсний стратеги нэрийн дор Засгийн газар цэрэг оруулдаг. Дайнаас залхсан иргэд амьд үлдэхийн тулд зэвсэгт бүлэглэлд элсэхэд бэлэн байдгийг аюулгүй байдлын шинжээчид тайландаа дурджээ.
“БОКО ХАРАМ”-ЫН НӨЛӨӨ ГАЗАР АВЧ БАЙНА
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар зүүн хойд нутгийнхан цөхрөнгөө барж, эрх баригчдад итгэл алдарсан учир “Боко Харам” болон “ Исламын улс” бүлэглэлд элсдэг. Өөрөөр хэлбэл, ядуурал, бухимдал, боловсролгүй байдалд хүргэсэн муу засаглал зэвсэгт босогчдын оршин тогтнох үндэс шалтгаан болж байна. Зүүн хойд нутгийн хөгжлийг хурдасгах зорилготой Засгийн газрын санаачилгуудад ахиц гардаггүй. Тус бүлэглэл Нигерийн христийн шашинтнуудад хандан нутгаасаа явахыг шаардсан байна. 160 сая хүн амтай Нигер улсын умард нутагт нь исламын шашинтнууд, өмнөд нутагт нь христийн шашинтнууд амьдардаг. “Боко Харам” бүлэглэлийнхэн “Барууны боловсрол бол нүгэл” гэж уриалдаг бөгөөд исламын шашинд тулгуурласан төрт улс байгуулахыг зорьдог юм. Тэд улсын сургуулиудад хуурамч үнэт зүйлийн талаарх ойлголтыг суулгаж, харин хүүхдүүд нүглийн замд орж байна гэж үздэг. Түүнчлэн энэ бүлгийн дайчид барууны амьдралын хэв маягийг үндсээр нь эсэргүүцэж, европ хувцас өмсөх, сонгуульд оролцохыг эсэргүүцэн тэмцдэг. Харин христийн шашинтнууд аливаа террорист бүлэглэлийн эсрэг тууштай тэмцэнэ гэж мэдэгдэж байна. Нигерийн Ерөнхийлөгч асан Гудлак Жонатан “Террорист үйл ажиллагаатай холбоотой ямар ч хувь хүн, бүлэглэлийн эсрэг тууштай тэмцэх болно.
Террористууд исламын эсвэл христийн шашинтай байх нь хамаагүй” гэж мэдэгдсэн юм. Гэвч Нигерийн Засгийн газар шашин хоорондын мөргөлдөөнийг үр дүнтэй зохицуулж чадна гэдэгт олон нийт итгэхгүй байна. Учир нь, Нигерийн арми нийгмийн аюулгүй байдлыг хангах нэрийдлээр хүчирхийлэл үйлдэж болзошгүй гэж болгоомжилдог. “Боко Харам” бүлэглэлийн үйлдсэн халдлагаар амиа алдсан хүмүүсийн тоо жил бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд алан хядах ажиллагааны тоо болон уг ажиллагаагаар амиа алдагсдын тоог харьцуулж үзэхэд 300 хувийн зөрүүтэй. Террорист халдлагын ихэнхийг үйлдэж байгаа “Боко Харам”, “Исламын улс” бүлэглэлүүд өөр өөр тактикаар халдлага үйлддэг. “Исламын улс” бүлэглэл ихэвчлэн амиа золиослох, хүмүүсийг барьцаалах байдлаар олон хүнтэй газар халдлага үйлддэг. Харин “Боко Харам” бүлэглэл сүүлийн жилүүдэд улам хүчирхэгжиж, халдлага үйлдэхдээ автомат зэвсгээс гадна ойр болон алсын тусгалтай пуужин ашиглах болжээ. Тэдний халдлага үйлдэж байгаа байрлал нь ихэнхдээ олон нийтийн газар, хүмүүс нэг дор олноор цугларсан газар байдаг аж. Гэмт бүлэглэлүүд цэргийнхнээс илүү зэвсэглэлтэй аж. Нигерийн арми зэвсэг техникээ сайжруулж чадахгүй байгаа нь тус улсыг хэрсэн авлигын сүлжээтэй холбоотой. “Боко Харам” бүлэглэлийн эсрэг кампанит ажлыг эрчимжүүлэхэд зориулсан их хэмжээний мөнгө албан тушаалтнуудын халаасанд орсон гэж таамагладаг.
Мөн АНУ хүний эрхийг зөрчиж байгаатай холбогдуулан зэвсгийн хориг тогтоосноор цэрэг арми хүнд байдалд оржээ. Одоогий Ерөнхийлөгч Бухари өмнөх төрийн тэргүүн Гудлак Жонатан нар босогчдын эсрэг хүчин чармайлтад шууд бусаар саад болдог. Сүүлийн нэг жилийн хугацаанд арми цэргүүдээ жижиг баазуудаас татаж, “Супер бааз” гэх томоохон формацад төвлөрүүлсэн. Энэхүү стратегийн уршгаар орон нутгийн иргэд хамгаалалтгүй үлдэж, цэргүүд байнгын халдлагад өртөн зэвсгээ дээрэмдүүлэх болжээ.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Сэтгэгдэл (0)