Дэлхийн хог хаягдлыг 20 компани үйлдвэрлэдэг

Манай гаргийн хуванцар хог хаягдлын 55 хувийг 20 компани үйлдвэрлэдэг болохыг байгаль орчны тайланд дурджээ. Эдгээр бизнес эрхлэгчдийн тоонд төрийн болон үндэстэн дамнасан корпорациуд, газрын тос, байгалийн хий олборлогчид, химийн компаниуд багтдаг. Өмнөх судалгаанууд хуванцар хог хаягдлын байгаль ертөнцөд үзүүлэх нөлөө, эсвэл хуванцар савлагаатай өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж борлуулдаг хэрэглэгч компаниудад чиглэдэг байв. Харин энэ удаад нэг удаагийн хог хаягдалд шаардлагатай түүхий эдийг үйлдвэрлэдэг 1000 орчим үйлдвэрийг шалгажээ. Өөрөөр хэлбэл, хуванцар үйлдвэрлэлийн цаадах корпорацийн сүлжээнд хийсэн дүн шинжилгээ хийсэн байна. Байгальд ээлгүй компаниудын 11 нь Азид, дөрөв нь Европт, гурав нь Хойд Америкт, нэг нь Латин Америкт, нэг нь Ойрхи Дорнодод байрладаг. Сангийн санхүү, ил тод байдлын захирал Доминик Чарльз “Хуванцар хог хаягдлын хямралыг INEOS, “Total”, “Jiangsu Hailun Petrochem­ical”, “Far Eastern New Century”, “Formosa Plastics Corporation”, “China Energy In­vestment Group”, PTT , “China Resources” гэсэн цөөхөн компани өдөөдөг. Өнөөг хүртэл хуванцар бохирдлыг бууруулах хүчин чармайлтыг хэрэглэгчийн сонголтод чиглүүлж ирсэн. Гэтэл зохицуулагч байгууллагууд, санхүүгийн төвүүд чулуужсан түлш үйлдвэрлэхээс илүү дахин боловсруулсан хуванцар үйлдвэрлэхийн тулд тэдэнд нөлөөлдөг. Хуванцар үйлдвэрлэлийг “Barclays”, HSBC, “Bank of America”, “Citigroup”, JPMorgan зэрэг банк, санхүүгийн байгууллагууд санхүүжүүлж байна. Бид чулуужсан түлшний хуванцар цоргыг хаах цаг болсон” гэжээ.

ХУВАНЦАР ҮЙЛДВЭРЛЭЛ 30 ХУВИАР ӨСНӨ

Хуванцар хог хаягдал үүсгэдэг улс орнуудын жагсаалтыг Австрали, АНУ, Өмнөд Солонгос, Их Британи тэргүүлж байна. Лондоны Эдийн засгийн сургууль, Стокгольмын хүрээлэн буй орчны судалгааны газар, Австралийн “Миндеру” сан хамтран хог хаягдлын шинэчилсэн судалгаа хийжээ. Дэлхийг хог хаягдлаар “булдаг” компаниудыг “ExxonMobil” тэргүүлсэн байна. АНУ-ын нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус корпораци 5.9 сая тонн нэг удаагийн хуванцар хог хаягдал ялгаруулжээ. “Exx­onMobil”-ын төлөөлөгч “Бид хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах дэвшилтэт шийдлүүдийг эрэлхийлж байна. Хуванцар ашиглалтыг зохицуулбал хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах боломжтой” гэж мэдэгдлээ. АНУ-д байрладаг “Dow” химийн компани 5.5 сая тонн, Хятадын газрын тос, байгалийн хийн “Sino­pec” корпорац 5.3 сая тонн хаягдал үйлдвэрлэжээ. Лондоны Эдийн засгийн сургуулийн цаг уурын өөрчлөлтийн чиглэлээр мэргэшсэн профессор Сэм Фанхаузер “Газрын тос, байгалийн хийнд найдах нь уур амьсгалын өөрчлөлтийг өдөөдөг төдийгүй хаягдал хуванцар үйлдвэрлэхэд ашигладаг анхдагч материал нь бидний далайг сүйтгэж байна. Хэрэв бид харилцан уялдаатай эдгээр хямралыг амжилттай даван туулах гэж байгаа бол нефть, химийн компаниудын эдийн засагт суурилсан хувилбарууд руу шилжих хэрэгтэй. Санал болгож буй ашиг тус нь зөвхөн бидний хүрээлэн буй орчин, экосистемд төдийгүй хуванцар бохирдлын бодит байдалтай хамт амьдардаг нийгэмд ашиг тустай байдаг” гэсэн байна. Түүнчлэн нэг удаагийн хог хаягдлын өсөлт ко-ронавирусээс хамгаалах амны хаалт, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэрэгцээнээс үүдэлтэй юм. Нэг удаагийн хуванцар материалыг нефтиэс гаргаж авдаг бөгөөд уур амьсгалын хямралыг өдөөж байна. Экологийн идэвхтэн, АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Аль Гор “Ихэнх хуванцарыг газрын тос, байгалийн хийг боловсруулахад гарсан хаягдлаар үййлдвэрлэдэг. Дахин боловсруулах боломжгүй бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээ цаг уурын хямралын хөдөлгөгч хүч боллоо.

Хог хаягдал булах цэгүүд далай руу урсдаг гол мөрний эхэнд байрладаг учир аюул учруулдаг. Хуванцар хог хаягдлын замбараагүй хэрэглээ хог хаягдлын менежментийн систем муутай хөгжиж буй орнуудын байгаль орчныг сүйрүүлж байна” гэжээ. Хуванцар хог хаягдлын хэмжээ жил бүр нэмэгддэг. Дараагийн таван жилд хуванцар полимер үйлдвэрлэх дэлхийн хүчин чадал 30 гаруй хувиар өснө. 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтын 10 хувийг хуванцар эзэлнэ гэж шинжээчид тооцоолж байна. Дахин боловсруулахад төвөгтэй учир буурай орнуудад хогон уул бий болдог. Жил бүр нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүний ердөө 15 хувийг дэлхийн хэмжээнд дахин боловсруулдаг. Хаягдлаас дахин боловсруулсан полимер үйлдвэрлэх, хуванцрыг дахин ашиглах, орлуулах материал ашиглахыг экологичид зөвлөж байна.

 

Х.ЭРДЭНЭЗАЯА

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)