А.Ариунзаяа: Энэ онд 22.9 мянган эх төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор шимтгэл төлсөн жилээ нэмэгдүүлж тэтгэвэр тогтоолгосон

Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор шимтгэл төлсөн хугацааг хүүхдийн тоогоо нэмэгдүүлэх тухай хуулийг УИХ дөрвөн жилийн өмнө баталсан. Улмаар энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн юм. Тэгвэл уг хуулийн хэрэгжилт ямар байна вэ, хэчнээн эхчүүд уг хуулийн хүрээнд тэтгэврээ тогтоолгосон бэ. Энэ тухайд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл өглөө.

Түүний хэлснээр энэ онд 22.9 мянган эх төрүүлж өсгөсөн хүүхдийнхээ тоогоор шимтгэл төлсөн жилээ нэмэгдүүлэн тэтгэвэр тогтоолгожээ. Тэрбээр “УИХ-аас 2017 оны хоёрдугаар сард Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн нийгмийн даатгалыг сайжруулах, тэтгэврийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 1.6 жилээр нэмж тооцон, тэтгэвэр тогтоож олгох ажлыг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлээд байна. Хуулийн үйлчлэл 2020 онд шинээр тэтгэвэр тогтоолгох бүх эхчүүдэд хамаарна. Харин тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилийг хүүхэд тус бүрийн тоогоор 1.6 жилээр нэмэгдүүлж тооцох юм. 2020 оны байдлаар нийт 22.9 мянган эх төрүүлж өсгөсөн хүүхдийнхээ тоогоор шимтгэл төлсөн жилээ нэмэгдүүлж тэтгэвэр тогтоолгосон. Үүнээс 22.5 мянган эх өндөр насны, 350 эх тахир дутуугийн, 80 эх тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон байна. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг дэмжих, даатгуулагч эхийн шимтгэл төлсөн нийт хугацаа нэмэгдэж, тэтгэврийн хэмжээ өссөнөөр ахмад настны нийгмийн баталгаа сайжрах боломж бүрдэж байгаа юм.

Түүнчлэн хүүхдээ гурван нас хүртэл нь асарч байгаа ихэнх ээжүүдийн хүүхдээ асарч байгаа хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тасалддаг байсан. Тиймээс гурав хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь тасрахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Уг хуулиар сайн дураар даатгуулсан эх хүүхэд төрүүлээд болон хүүхдээ гурван нас хүртэл асрах бол энэ хугацааны тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас, 50 хувийг эх өөрөө төлөхөөр зохицуулсан юм” гэв.

 

М.ӨНӨРӨӨ

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)