Үндэсний бөхтэй холбоотой маргаан хаана хүрч шийдэгдэх вэ?
- 2021-05-24
- Өөр өнцөг
- 0
2021 он бол онцлогтой жил. Ардын хувьсгал ялсны 100 жилийн ойн баяр наадам болно. Үүнд монгол даяараа ач холбогдол өгч бөх, уяач, эрхий мэргэн харваачид эртнээс бэлтгэлээ базааж эхэлсэн юм. Жил бүрийн наадмын өмнө допингтой холбоотой асуудлыг цэгцлэх, бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулах зэргийг хөндсөөр байдаг ч үр дүн муутай явсаар ирсэн. Өнөөдөр ч яг л тийм байдалтай байна. Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Магалжав допингийн асуудалд нэлээд хатуу байр сууринаас хандаж, тэмцэл өрнүүлээд бараг жил тойрох нь. Харамсалтай нь, нэг ч үр дүн гараагүй. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагууд нь Монголын үндэсний бөхийн холбоо хэмээх ТББ-ын санал, шийдвэрийг үл тоож байна гэсэн үг. Арга ядахдаа бөхчүүд Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг бойкотлох төлөвлөгөө хүртэл боловсруулж суух вэ.
БӨХЧҮҮД НААДМЫГ БОЙКОТОЛЖ ЧАДАХ УУ
Ковидгүй зун, үзэгчтэй наадам, 1024 бөх барилдуулна гэж төсөөлж байгаа ч үнэндээ энэ жилийн наадамд бөхчүүд гарч ирж барилдахгүй байж мэдэх хүртлээ нөхцөл байдал хүндэрснийг хэлэхэд таагүй байна. Монгол наадамдаа бөхчүүд барилдахгүй нь гэж болох ийм эмгэнэлт дүр зураг хаяанд ирэв. Энэ нь өнөөх допингтой холбоотой. Үндэсний бөхийн хүрээнд өрнөөд байгаа маргаантай асуудалд төр болон Баяр наадмын комисс хариуцлагатай хандаж, тэдний тавьсан саналуудыг эргэж харахгүй бол бөхчүүд нийслэлийн прокурор болон АТГ-ын үүдэнд жагсаж, шаардлагатай бол өлсгөлөн зарлахад бэлэн гэдгээ илэрхийлээд амжлаа. Хэрэв бөхчүүд допингийн эсрэг төлөвлөсөн тэмцлийнхээ дор нэгдвэл энэ жилийн наадам “бөхгүй” болох нь ээ. Тэд үнэхээр наадмыг бойкотолж чадах болов уу. Бөх сонирхогчид үүнд их л дурамжхан хандаж байгаа бөгөөд эгдүүцэхдээ “Монгол бөхийн дэвжээ тэднээр дутахгүй.
Наадамд зодоглох сонирхолтой бөх олон бий” хэмээн санал бодлоо илэрхийлж байна. Бөхчүүдийн ярьснаар “Допингод нэр холбогдсон, бага шийтгэл авсан, одоог хүртэл хариуцлагын асуудал маргаантай байгаа зургаан бөх нь тусдаа барилдана биз. Допингийн эсрэг нэгдэж байгаа бусад 1018 бөх тусдаа барилдана” гэх байр суурь ч илэрхийлсэн сурагтай.
Сүүлийн хоёр жил дараалан аварга, арслан цолтой бөхчүүд допингийн шинжилгээнд бүдэрсэн нь монгол бөхийг үзэгчдээс холдуулж, нэр хүндийг нь унагаж байгаа нь үнэн. Үүнийг давж гарахын тулд МҮБХ, бөхчүүд өөрсдөд байгаа боломжийнхоо хүрээнд тэмцэж, хэлж ярьж эхэлсэн ч үндэсний бөхөд хүсэн хүлээсэн шинэчлэл хийхэд хөндлөнгийн нөлөөллүүд садаа болсоор байна. Тэд холбогдох байгууллагуудад гурван асуудлаар шаардлага хүргүүлсэн. Эхнийх нь 2019 оны түрүү бөх, улсын аварга Э.Оюунболдын цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цол нөхөн олгох. Түүнтэй холбоотой маргаан бүтэн хоёр жил тойрч байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл ямар ч шийдвэрт хүрч чадаагүй. Уг асуудалд цэг тавих Ерөнхийлөгчийн зарлигийг бөхчүүд, бөх сонирхогчид хоёр жил хүлээж байна. Тэгвэл хоёр дахь шаардлага нь, улсын аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва, харцага Б.Бат-Орших нарт оноосон шударга бус шийдвэрийг эргэн харахыг шаардлаа. Дээрх гурван бөхийн барилдах эрхийг 11 сарын хугацаатай хассан бөгөөд энэ нь Ардын хувьсгалын 100 жилийн ойд барилдах боломж олгохоор зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, тэдний барилдах эрх ирэх сард сэргэнэ гэсэн үг. Баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэсэн нь тогтоогдвол 6-24 сар хүртэлх хугацаагаар эрх хасах, эсвэл цол, чимгийг нь хураана гэж заасан байдаг. Тэгвэл бөхийн хүрээнийхэн дээрх гурван бөхөд оногдуулсан шийтгэлийг үндэслэлгүй, шударга бус хэмээн үзэж байгаа юм. Харин эцсийнх нь, допингийн ноцтой зөрчил гаргасан 38 бөхийн нэрийг ил тод зарлаж, хариуцлага тооцохыг шаардаж байна. Гурав дахь шаардлагатай холбоотой асуудлыг АТГ шалгасны эцэст өнгөрсөн оны аравдугаар сард хохирогч тогтоогдоогүй гэсэн шалтгаанаар хэргийг хаасан юм.
МҮБХ-Г ҮЛ ТООЖ ЭХЛЭВ ҮҮ
Баяр наадмын тухай хуулийн 15.1.1-д “Үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур, шагайн харвааны дүрмийг биеийн тамир, спортын болон хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналын дагуу батална” гэжээ. Өөрөөр хэлбэл, төрийн наадмын бөхийн барилдааны дүрмийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Засгийн газрын хуралдаанаар батлуулахаар хуульчилсан гэсэн үг. Эндээс хархад МҮБХ-ноос баталсан барилдааны дүрмийг баяр наадмаар хэрэглэхгүй гэж ойлгогдож байна. Гэтэл саяхан болсон МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурлаар МҮБХ өөрийн зохион байгуулсан болон төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулалцсан барилдаанаас допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах, 40 сая төгрөгийн мөнгөн торгууль оноох, дахин илэрвэл найм ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг нь хасах шийтгэл оногдуулахаар болжээ. Үүнээс гадна энэ жилээс заалны барилдаан болон баяр наадамд барьц сонгох асуудлыг халахаар шийдсэн. Гэвч энэ дүрэм хэрэгжих эсэх нь тодорхойгүй. Монголын үндэсний бөхийн холбооноос төлөөлөгчөө баяр наадмын комисст оруулдаг байсан бол одоо саналаа ХХААЯ-нд хүргүүлэхээр болж байна. Энэ нь МҮБХ хэмээх төрийн байгууллагыг үл тоох хандлага ажиглагдаж байгаа юм. Тэгэхээр барьц сонгоог халсныг Баяр наадмын комисс хэрэгжүүлэхгүй байж магадгүй гэсэн үг.
Эцэст нь, дахиад л бөөн талцал, дуусашгүй хэрүүл маргаан. Ядаж байхад допингийн дуулианд холбогдсон бөхчүүдийнхээ асуудлыг бөх Ерөнхийлөгч нь шийдэж өгөхгүй байсаар бүрэн эрх нь дуусах бололтой. Уг нь энэ хэрүүлийн хайнааг хагалах хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга байлаа.
Допингийн хэрэг, цолны эрэмбэ, цол хураах, цол олгох маш олон асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. Үүнээс болж бөхчүүд нь хоёр талд гараад үзэж байгаа хэрэг. Наадам ахиад л допигтой, хэрүүлтэй, найраатай болох шинжтэй, энэ янзаараа бол.
МҮБХ-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Магалжав Э.Оюунболдын цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгохыг Ерөнхийлөгчөөс хүссэн. Дараа нь улсын аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва, харцага Б.Бат-Орших нарын барилдах эрхийг 11 сараар хассаныг шүүмжлээд, хууль дүрмийнхээ дагуу эрхийг нь хасахыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос хүссэн. Тэрчлэн 2010-2019 оны хооронд допингтой нэр холбогдсон 38 бөхийн нэрийг зарлахыг шаардлаа. Энэ бүх маргааныг төрийн байгууллага нь огт тоож байгаа шинж алга. Ингэж явсаар наадамтай золгох нь.
Б.Мөнхзул
Сэтгэгдэл (0)