Нэгдсэн бодлого, нэгдмэл хүчээр түгжрэлийг бууруулна
- 2021-05-27
- Үнэн
- 1
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн удирдаж байсан Засгийн газар улаанбаатарчуудын өмнө тулгамдсан, нэн даруй шийдвэрлэх ёстой томоохон асуудлын нэг болох утаа буюу агаарын бохирдлыг бууруулах түүхэн шийдвэр гаргаж, улмаар зорьсон зорилгодоо хүрсэн билээ. Энэ бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн томоохон олон ажлаас яалт ч үгүй онцлох, түүхэн шийдвэр байсан юм. Түүхэн шийдвэр гаргахаас илүүтэй хэрэгжүүлэх хамгийн чухал алхам гэдгийг тэрбээр үлгэрлэн харуулж, зорьсон зорилгодоо хүрч, агаарын бохирдлыг эхний ээлжид 50 хувиар бууруулж чадсанд олон нийт сэтгэл хангалуун байгаа билээ. Тэгвэл энэ Засгийн газар буюу Л.Оюун-Эрдэнийн багийнхан дараагийн түүхэн шийдвэрийг гаргаад байна. Тодруулбал, нийслэлчүүдийн толгойны өвчин болсон түгжрэлийг бууруулах санхүүгийн асуудлыг шийдсэн түүхэн шийдвэрийг гаргалаа. Ингэхдээ Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор 2022-2024 онд жил бүр 420-оос доошгүй тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаж байх, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах гадаадын зээл, тусламжийн төсөл, арга хэмжээг Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах гэрээ, хэлэлцээр байгуулах эрхийг холбогдох сайд нарт даалгасан юм. Энэхүү хөрөнгийг автозам, замын өргөтгөл, шинэчлэл, зогсоол, уулзвар, нүхэн гарц, гүүрэн байгууламж, хурдны зам барих, нийтийн тээврийн парк шинэчлэл зэрэг цогц арга хэмжээнд зарцуулах төлөвлөгөөг боловсруулжээ.
Зургаан дүүргийн 400 орчим мянган хүний дунд нийслэлд тулгамдаж буй, нэн даруй шийдвэрлэх ёстой асуудлаар судалгаа явуулахад тэдний 85 хувь нь “түгжрэлийг яаралтай шийдвэрлэх шаардлагатай” гэсэн хариулт өгсөн байна. Улаанбаатар хотын гол замуудын сүлжээний даацыг 2010 онтой харьцуулахад гурав дахин хэтэрсэн, нийт автозамын 80 орчим хувь нь түгжирдэг тул иргэд өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөдөг байна. Түгжрэлийн алдагдсан боломжийн нийт өртгийг шатахууны зардал болон нөөцийн үр ашиггүй хуваарилалт, цагийн зарцуулалт зэргээр тооцож гаргахад өнгөрсөн онд ойролцоогоор нэг тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Хэрэв цаашид энэ байдлаараа үргэлжилбэл 2025 он гэхэд алдагдал 24 их наяд болох тооцоог гаргажээ. Дээрх судалгааны хариулт болон бодит нөхцөл байдал хөдөлгөөн тэг зогсолтын хэмжээнд буюу хамгийн муу, сүйрлийн түвшинд байгааг илтгэж буй.
ТҮГЖРЭЛИЙГ ШИЙДЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ ЮУГААРАА ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛТАЙ ВЭ
Засгийн газраас түгжрэлийг шийдвэрлэхэд шаардлагатай санхүүжилт, хөрөнгө мөнгийг шийдвэрлэсэн түүхэн шийдвэрийг гаргаж, боломжийг нь бүрдүүлсэн бол одоо харин хэрэгжүүлэх байгууллагынхан тодорхой ямар ажлыг хийж, түгжрэлийг бодитоор бууруулахаар төлөвлөөд байна вэ. Үе үеийн хотын дарга болгон түгжрэлийн асуудлыг хөндөж, шийдэл хайж, тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө заарцуулдаг ч бодит үр дүнд хүрдэггүй нь харамсалтай. Тиймээс энэ удаагийн Засгийн газрын болоод нийслэлийн удирдлагуудын гаргасан шийдвэр, хийхээр төлөвлөсөн ажил өмнө нь хийсэн, эхлүүлсэн ажлаас юугаараа өөр, онцлогтой байх, бодит байж чадах уу, түгжрэлийг үнэхээр бууруулах уу гэдэг асуултыг дагуулж, олны анхаарлыг татаж, хүлээлт үүсгээд байна.
Эхний ээлжид нэн яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээний хувьд багтаамж ихтэй нийтийн тээвэр буюу метрог нэвтрүүлэх, нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх, зам дэд бүтцийг сайжруулах, машины зогсоолыг нэмэгдүүлэхээс гадна явган хүний болон дугуйны замыг нэмэх, сургууль цэцэрлэгийг барих, ачаа тээвэр логистикийг боловсронгуй болгохоор төлөвлөжээ. Харин дунд болон урт хугацаанд “Богдхан” төмөр зам барих, хотын төвийн төвлөрлийг бууруулах, томоохон зах худалдааны төвийг нүүлгэн шилжүүлэх, машины даатгал хураамжийг бүсчилж тогтоох, дагуул хотыг хөгжүүлэхээр болсон байна.
Багтаамж ихтэй нийтийн тээвэр буюу нэг чиглэлд 20-30 мянган хүнийг тээвэрлэх хүчин чадалтай, хөнгөн гал тэргийг 2021-2024 онд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Нийтийн тээврийн салбарын хувьд 2009 оноос хойш парк шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд энэ онд 531, ирэх онд 121, 2023 онд 151, 2024 онд 60 автобусны ашиглалтын хугацаа дуусаж, үйлчилгээнээс гарах аж. Тиймээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийг байгальд ээлтэй 500-1000 автобусаар үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ 290 автобусны, 5000 автомашины зогсоол шинээр байгуулах юм байна. Нийслэлийн гол автозамын сүлжээг нэмэгдүүлэх хүрээнд шинээр барих тойрог зам болох Баянзүрхийн гүүрнээс Зайсан, Яармаг, Сонсголон, Баруунтуруун, Тахилт, Найрамдал, Баянхошуу, Дамбадаржаа, Улиастай, Баянзүрхийн гүүр гэсэн их тойруу хийхээр төлөвлөж байна. Энэ нь хотын төвийн түгжрэлийг бууруулахад гол нөлөө үзүүлнэ гэж тооцжээ. Мөн холбоос туслах замуудыг шинээр тавих болон өргөтгөн шинэчилнэ. Тухайлбал, гол гудамжны замын өртгөтгөл 82.43 км, хотын тойрог замын сүлжээ 71.5 км, хороолол дундах холбоос зам 70.26 км, тус бүр зургаан нүхэн гарц, уулзвар хийж, долоон гүүрийг шинэчлэх юм байна. Мөн 98 км явган, 249 км дугуйн зам тавихаар болжээ. Ботаникийн цэцэрлэгээс Моносын уулзвар хүртэл Энхтайваны өргөн чөлөөгөөр метро, Долоон буудлаас Чингисийн өргөн чөлөөгөөр уруудаад, Энхтайваны гүүр даваад Буянт-Ухаа хүртэл 30 км орчим хөнгөн галт тэрэг буюу LRT явуулахаар төлөвлөсөн байна.
Улаанбаатар хотын гол замын дөрвөн хэсэгт төмөр болон автозам огтлолцдог тул дунджаар дөрвөн гарамд хоногийн 144 минутыг галт тэрэгний хөдөлгөөнд зориулж, автозамыг хаадаг байна. Тиймээс “Богдхан” төмөр замыг ашиглалтад оруулснаар энэ хугацааг 62 минут болгож, 57 хувиар бууруулах тооцоо гаргасан байна. Нүхэн гарц болон гүүрэн байгууламж буюу автозам, төмөр замыг хоёр өөр түвшинд огтлолцуулах үед 62 минутыг тэг болгох боломжтой юм байна. Энэ бүх ажлын үр дүнд автозамын сүлжээний даац 30-40 хувиар нэмэгдэж, түгжрэл 40-50 хувиар буурах юм.
ТӨЛӨВЛӨХ БУС ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ
Тодорхой судалгаа шинжилгээнд үндэслэн ийн боловсруулж, хийхээр төлөвлөсөн ажлынхаа эцсийн үр дүнг үзэхээр холбогдох албаныхан ажилдаа ханцуй шамлан оржээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр, 24 дүгээр сургуулийн баруун талын явган хүний зам дагуу хааж барьсан 40 ширхэг гараашийг чөлөөлж, ногоон байгууламж болгон тохижуулж эхэлжээ. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгөөр зургаан байршилд нийт 16.34 км дугуйн зам тавьж байна. Түгжрэлийг бууруулах, хотын иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилтын хүрээнд хотоос сонгогдсон УИХ гишүүд нэгдэж, хотын удирдлагуудтай хамтарч ажиллахаар Түр хороо байгуулжээ. Үүнээс өмнө нийслэлээс сонгогдсон гишүүд сонгогдсон тойрогтоо анхаарал хандуулдаг, хотын удирдлагуудтай хамтарч ажилладаггүй, уялдаа холбоо багатай явж ирсэн бол энэ удаа арай өөр шийдлээр буюу нийслэл хотыг бүхлээр нь харж, хамтарч ажиллан тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, эрүүл, аюулгүй, тайван амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж эхэллээ.
ТҮГЖРЭЛГҮЙ ХОТТОЙ БОЛОХОД ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ
Аливаа асуудлыг шийдвэрлэхэд нэгдсэн бодлого, нэгдмэл хүч, нэгэн зүгт харж хамтарч ажиллах юу юунаас чухал гэдгийг олон зүйлээс харж болно. Хамгийн ойрын, сайн жишээ бол агаарын бохирдлыг бууруулсан явдал юм. Энэ удаад ч мөн адил зөрчилдөхгүй, зорилго тавьж, түүнийхээ төлөө зоригтой, хийе бүтээе гэсэн сэтгэлээр ажиллавал бүтэхгүй зүйл үгүйг гэдгийг дахин батлан харуулах л үлдэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хүчээ нэгтгэж, түгжрэлийг шийдэх гал тэргээ хөдөлгөөд байна. Ард иргэдэд тулгамдаж буй асуудал хотынх, Засгийн газрынх гэж тусдаа байхгүй тул цогц байдлаар харж, шийдэх хэрэгтэйг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгоод тэрбээр “420 тэрбум төгрөгийг Улаанбаатар хот улсын төсөвт төвлөрүүлдэг. Энэ хэмжээний мөнгийг эргүүлэн өгч, шийдэж байна. Нийтийн тээврийг сайжруулах, метро, өөр ямар шийдэл байж болохыг шийдэх санхүүгийн хэлэлцээр хийх эрхийг Засгийн газраас Улаанбаатар хотод шилжүүлж байна. “Богдхан” төмөр зам буюу Хөшигийн хөндийн их бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Улаанбаатар хот түгжрэлгүй, амар тайван, дэлхийн жишигт хүрэхэд Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлнэ” хэмээгээд нийслэлчүүддээ, нийслэлийн удирдлагуудад амжилт хүссэн бол нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Засгийн газрын хуралдаанаас хотын түгжрэл, нийтийн тээвэр, автозамын өргөтгөлийг цогцоор нь шийдэхэд зориулж жилд 420 тэрбум төгрөгийг зарцуулах эрх олгосон нь түүхэнд тэмдэглүүштэй, үүрэг хариуцлага нэмсэн, урам зориг өгсөн, санхүүгийн гарц гаргалгааг шийдсэн онцгой шийдвэр” хэмээн тодотгож, талархал илэрхийлэхийн зэрэгцээ их бүтээн байгуулалтын ажлыг амжилттай удирдан ажиллахаа мэдэгдсэн билээ.
Ийн төр засаг, хотын удирдлагууд нэгэн зорилгод төвлөрч, хүчээ нэгтгэн ажиллаж эхэлсэн энэ үед түүнийг нь гацаах бус урагшлуулахад нь дэм, хүч өгөх хүнийг төрийн тэргүүнээр сонгох л үлдэж байна. Мөн түгжрэлгүй хотыг бүтээхэд иргэн бүрийн үүрэг оролцоо, дэмжлэг чухал билээ.
С.ЮМСҮРЭН
Сэтгэгдэл (1)
Ээнээ (202.126.90.53)
Тухайн жолоочид очих газартаа хүрхэд дор хаяж 4-5 замын сонголт бх ёстой. Бидэнд арай ойрхон Хөх хот гэхэд л очих газар руугаа явхад 6-7 н замын сонголт бна. Гэхдээ аль нь ч тойруу замаар биш, альнаар нь явсан ч очих газартаа очино. Манайх баруун талаас ирлээ гэхэд ганцхан 1р хорооллын замаар явна. Тэхгүй гэвэл яармаг, баянхошуугаар өөр сонголт байхгүй. Тэхээр аргагүй түгжирнэ шүү дээ. Эхлээд энэ мэт юмаа бодож хийл дээ. Тээврийн хэрэгсэлийн хуучин шинэ, баруун эсвэл зүүн хүрд г.м асуудал бол дээрх арга хэмжээг аваад шийдэж болохгүй болсон тохиолдолд л авах сүүлийн гаргалаа шүү. Нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг нь хэрэгжүүлэх ёстой арга хэмжээ мөн. Гэхдээ машин унана гэдэг нь өөрөө маш том таашаал бдаг учраас шуудхан л автобусаар хүмүүс явж эхэлнэ гэж найдах хэрэггүй. Бод, шийд,хий гэхдээ иргэд рүүгээ дайрч биш ажилла гэж л наад эрх мэдэл албан тушаалыг та нарт өгсөн. Хийх нь та нарын үүрэг. За за тэгээд наад огт хэрэггүй хүмүүсээ зайлуулж сийрэг толгойтой сэтгэлтэй хүмүүсээр багаа бүрдүүлээгүй цагт мэдэхгүй юм даа. Саяын зам зассан нэртэй гурилыг хараад ингэж бодогдлоо. Нээрээ хаалттай хил буруутай болцон билүү