ОУПХ-ны 142 дугаар Ассамблейн Нэгдсэн хуралдааны нээлтэд УИХ-ын дарга цахим мэндчилгээ дэвшүүлэв
- 2021-05-27
- Байгаль орчин
- 0
Дэлхийн улс орнуудын парламентуудыг эгнээндээ нэгтгэдэг Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны ээлжит 142 дугаар Ассамблейн цахим Нэгдсэн хуралдаан өнөөдөр (2021.05.26) эхэллээ.
“Цар тахлыг өнөөдөр даван туулж, сайн сайхан маргаашийг цогцлоох нь: парламентуудын үүрэг” үндсэн сэдэвт энэхүү хуралдааныг нээж ОУПХ-ны Ерөнхийлөгч Дуарте Пачеко үг хэлэв.
ОУПХ-ны ээлжит 142 дугаар Ассамблейн Нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.
Тэрбээр мэндчилгээндээ, ОУПХ-ны 142 дугаар чуулганаар цар тахлыг даван туулж, маргаашийн сайн сайхныг цогцлоох тухай нэн чухал асуудлыг хэлэлцэж байна. Энэ бол хүн төрөлхтний нэгдэл нөхөрлөл, хөгжлийн ирээдүйг хөндсөн асуудал юм. Дэлхийн улс орнууд COVID-19-тэй адил аливаа эрсдэлийг даван туулахын тулд хүч чармайлтаа нэгтгэх зайлшгүй шаардлагатай. Хууль тогтоох байгууллага парламентууд энэ үйл хэргийг манлайлах нь Та бидний хүн төрөлхтний өмнө хүлээсэн онцгой үүрэг байх болно.
Монгол Улс бусдын адил цар тахлын аюултай нүүр тулсан ч сайн харилцаатай улс орнууд, олон улсын байгууллагуудын дэмжлэг, ард түмнийхээ зүтгэл чармайлтын үр дүнд сорилтыг амжилттай даван туулж байна. Тавдугаар сарын 20-ны байдлаар бид зорилтот бүлгийнхээ 50 илүү хувийг вакцинжуулалтад хамрууллаа.
Дэлхий нийт цар тахлын эрсдэлийг даван туулж, ердийн амьдралын хэм хэмжээндээ шилжих, сайхан цаг ойрхон ирсэн гэдэгт итгэлтэй байна. Тиймээс туршлага сургамжаа дүгнэж, ирээдүйн зорилтоо тодорхойлох нь нэн чухал юм. Эрсдэлд хүч мөхөсдөхгүй байхын тулд юу хийх ёстой талаар олон зүйлийг хэлж болох ч онцгойлон нэг асуудлыг дурдахыг хүсэж байна. Энэ бол аль болох илүү тэгш боломжийг иргэддээ олгосон эрүүл нийгмийг цогцлоох явдал юм.
Улс төр, эдийн засаг, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх замаар бид энэ зорилтоо хангаж чадна. Тэгш байдлыг хангаж, тогтвортой хөгжлийг бүтээх зорилт нь сайн сайхан нийгмийг цогцлоох, эрсдэлийг амжилттай даван туулах ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ВАКЦИН юм. Тиймээс иргэн бүхэн нь тэгш эрхээр хангагдсан дэлхий ертөнцийн төлөө, ОУПХ-ны эрхэм зорилгын дор парламентууд нэгдэхийг уриалав.
ОУПХ-ны 142 дугаар Ассамблейн Нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Б.Саранчимэг мөн цахимаар оролцсон юм.
Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг улс орнуудын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвхтэй ажиллаж, энэ удаагийн онцгой нөхцөлд ээлжит Ассамблейг анх удаа бүрэн цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулж буйд нь ОУПХ-ны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга болон холбооны ажлын албанд талархал илэрхийлээд Ассамблейн үйл ажиллагаанд амжилт хүсэв.
Өнөөдрийн хуралдаанд дэлхийн улс орнуудын парламентыг төлөөлсөн 240 гаруй төлөөлөгч оролцож, Ассамблейн үндсэн сэдэв болох “Цар тахлыг өнөөдөр даван туулж, сайн сайхан маргаашийг цогцлоох нь: парламентуудын үүрэг” сэдвээр мэтгэлцэж, өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэн саналаа хуваалцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сэтгэгдэл (0)