Армени, Азербайжаны хилийн маргаан өрнөв

Армений зургаан цэрэг Гегаркуник мужийн хилийн бүсэд инженерийн ажил гүйцэтгэж байхдаа Азербайжаны зэвсэгт хүчинд олзлогджээ. Ереваны эрх баригчид олзлогдсон цэргүүдийг яаралтай суллахыг шаардсан байна. Арменийн Ерөнхий сайд Пашинян Аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулж, болсон үйл явдлыг Бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт халдсан гэж үзжээ. Түүний хэлснээр Азербайжаны зэвсэгт хүчин Армени улсын хилийн зурвасыг 3.5 киломерт давсан байна. Харин Азербайжаны Батлан хамгаалах яамны мэдэгдэлд “Армений цэргүүд хууль бусаар хил нэвтрэхийг завдсан төдийгүй цэргийн техник, танкуудаа төвлөрсөн цэгт байршуулсан” гэжээ.

Гегаркуник, Сюник мужид хилийн байдал энэ сарын 12ноос хойш хурцадсан. ЗХУын бүрэлдэхүүнд байсан хоёр хөрш улс завсрын нутгаа булаалдан 1994 он хүртэл дайтсан түүхтэй. Москвагийн санаачилгаар гал зогсоох хэлэлцээр хийсэн ч хилийн зэвсэгт мөргөлдөөн үе үе гардаг. Таарамжгүй хоёр улстай хиллэдэг Гүрж улс сөргөлдөөний явцад төвийг сахисан байр суурьтай хэвээр байна. Өдгөө Гүржид 800 мянга орчим азербайжанчууд, 500 мянга орчим арменичүүд оршин суудаг.

Түүнчлэн Армени улс Гүржээр дамжин стратегийн түнш болох Оростой харилцаж, Гүржээр дамжуулан Оросоос хий авдаг. Харин Азербайжан газрын тос, байгалийн хийгээ Гүржээр дамжуулан Турк улсад нийлүүлдэг юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)