Жо Байдены төсөв санхүүчдийг талцуулав

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден анхны жилийн төсвөө гаргалаа. Тэрбээр АНУ-ын чинээлэг иргэдийн татварыг огцом нэмэгдүулсэн зур-гаан их наяд ам.долларын зарцуулалтыг төлөвлөжээ. Төсвийн тал хувийг буюу гурван их наядыг корпорациудын татварын нэмэгдэл, хөрөнгийн өсөлт, орлогын албан татвараас бүрдүүлэх юм. Ерөнхийлөгч Жо Байден анхны төсвөө “Америкийн ард түмэнд шууд хөрөнгө оруулалт хийж, улсын эдийн засгийг бэхжүүлэх, урт хугацааны төсвийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн” гэж онцолжээ. Төсвийн задаргааг танилцуулбал уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 800 тэрбум, сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролд 200 тэрбум, хоёр жилийн коллежийн төлбөргүй хөтөлбөрт 109 тэрбум, цалинтай ээж үндэсний хөтөлбөрт 225 тэрбум, автозам, гүүрийн зардалд 115 тэрбум, нийтийн тээвэр болон төмөр замын ажилд 160 тэрбум, Америк айл өрх бүрт өргөн зурвасын интернэтийн хүртээмжийг сайжруулахад 100 тэрбум ам.доллар зарцуулна. Цагаан ордны хэвлэлийн мэдээнд “Ерөнхийлөгч цар тахлын хямралтай тэмцэж байна. Эдийн засгаа сэргээн, ажлын байр бий болгохыг хүссэн. Эдийн засагт тэгш бус, бүтцийн сул байдал үргэлжилсээр байвал улс орон хямралын өмнөх түвшинд эргэж орж чадахгүй. Төсөвт ажил эрхлэлт, америк гэр бүлийг дэмжих гэсэн хоёр түүхэн хөтөлбөр багтсан. Энэ нь боловсрол, судалгаа, эрүүл мэндийн салбарт хамаатай хөрөнгө оруулалт юм” гэжээ. Байдены төсөвт Пентагон болон Засгийн газрын байгууллагуудын үйл ажиллагааны зардалд шаардагдах 1.5 их наяд ам.долларын хүсэлтийг багтаажээ. Мөн Цагаан ордноос санал болгосон 2.3 сая ам.долларын ажлын байрны төлөвлөгөө, 1.8 сая ам.долларын гэр бүлийн тусламж багтсан юм. Түүнчлэн эмийн үнийг бууруулж, эрүүл мэндийн даатгалын хамрах хүрээг нэмэгдүүлэхийг Конгресст уриалжээ. Дэд бүтцийг шинэчлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд зарцуулах хөрөнгийг багтаасан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төлөвлөгөөний хүрээнд 2.3 их наяд ам.доллар гаргахаар тусгасан байна.

БҮГД НАЙРАМДАХЧУУД ЭСЭРГҮҮЦЭВ

Төслийг Конгресс эцэслэн батлах бөгөөд Бүгд найрамдах намын сенатор Линдси Грэм “галзуурсан үнэтэй” төсөв гэж эсэргүүцлээ. Дональд Трамп бүрэн эрхийн хугацаандаа жил бүр алдагдлыг нөхөж, жилийн эцсийн төсвөө 4.8 их наяд ам.долларт барьдаг байв. Сенатын танхим Ерөнхийлөгчийн төлөвлөгөөг хэлэлцэж эхлэхэд Ардчилсан намын центрист үзэлтнүүд Бүгд найрамдахчуудын талд орж магадгүй. Цагаан ордны эдийн засгийн зөвлөх Сеселиа Роуз инфляц огцом өсч байгааг хүлээн зөвшөөрсөн. Ерөнхийлөгч асан Барак Обама, Билл Клинтон нарын зөвлөх байсан Ларри Саммерс тэргүүтэй эдийн засагчид их хэмжээний төсөв инфляцийг өдөөж, Холбооны нөөцийн сан (АНУ-ын Төвбанк) бодлогын хүүгээ өсгөхөөс өөр аргагүйд хүргэж, санхүүгийн уналтад орох эрсдэлтэйг анхааруулжээ. Гэхдээ Цагаан ордны тооцоолсноор татварын нэмэгдэл алдагдлыг арилгаж байгаа тул төсвийг 15 жилийн дотор бүрэн төлнө. Хэрэв энэхүү төслийг баталвал ирэх 10 жилийн хугацаанд төсвийн алдагдал нь 1.3 их наяд ам.доллар хүрэхээр байгааг “Нью-Йорк таймс” тооцоолжээ. 2031 он гэхэд төсвийн зарцуулалт нь 8.2 их наяд ам.доллар хүрнэ. Харин өрийн хэмжээ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 117 хувьтай тэнцэхүйц түвшинд хүрч өсөх юм. Түүнчлэн Төлөөлөгчдийн танхим Жо Байдены саналыг батлах магадлал бага гэдгийг “Нью-Йорк таймс” онцолсон байна. Хэрэгжүүлж буй бодлогоо хууль тогтоогчдоор хүлээн зөвшөөрүүлбэл Байдены хувьд том ялалт болно.

Төсвийн шинэ хуулийн дагуу ойрын хугацаанд олон сая иргэд болон бизнесүүд, мужуудын захиргаанд санхүүжилт олгож эхэлнэ. Ерөнхийлөгч “Америкчуудын олонх нь төсөв батлахыг дэмжсэн. Энэхүү түүхэн арга хэмжээ нь АНУ-ыг эргэн хөл дээр нь босгоход чухал үүрэг гүйцэтгэнэ. Хэрэв бид хүчээ нэгтгэвэл долоодугаар сарын дөрөвний өдөр гэхэд гэр бүл, найз нөхдөөрөө хамтдаа суугаад “Тусгаар тогтнолын өдөр”-өө тэмдэглэх боломж бий. Цар тахлаас чөлөөлөгдсөн баяраа ч хамт тэмдэглэх боломжтой. Бидний тулаан зогсох болоогүй байна.

Одоо тайвшрах цаг биш. Коронавирусийг ялан дийлж, эргээд хэвийн байдалдаа шилжих эсэх нь үндэсний эв нэгдлээс хамаарна. Вакцин аюулгүй. Америк эргэн ирж байна. Хэдий тийм боловч америкчууд оролцоотой байх шаардлагатай. Энэ багц арга хэмжээ АНУ-ыг дахин хөл дээр нь босгох болно” гэж мэдэгдлээ.

 

Х.ЭРДЭНЭЗАЯА

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)