Хүүхдэд ээлтэй аялал жуулчлал

Хүүхдийн аялал жуулчлал бол дэлхий нийтийн анхаарлыг татсан том сэдэв. Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, ЮНЕСКО зэрэг НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд энэ талаар тодорхой судалгаанууд хийжээ. Дэлхийн аялал жуулчлалын байгууллага л гэхэд 2014 онд хүүхдийн аялал жуулчлалын асуудлаар улс орнуудад зориулан зөвлөмж гаргаж байж. Хүүхдийн аялал жуулчлал, хүүхдэд ээлтэй аялал жуулчлал гэдэг ойлголт Монголд хэр төлөвшсөн бэ?. Аялал жуулчлалын салбарынхан хүүхдэд чиглэсэн бодлого, төлөвлөлт, стандарттай юу?. Жуулчны бааз, амралтын газруудад аяллаар зорин очих хүүхдүүдэд зориулсан үйлчилгээ хэр хангалттай вэ? Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Аялал жуулчлалын үндэсний төвөөс санаачлан “Хүүхдэд ээлтэй аялал жуулчлал” уулзалт, хэлэлцүүлгээр дээрх асуултуудад хариулт өгөв. Аялал жуулчлалын салбарын болон хүүхдийн эрхийг хамаалах чиглэлээр үйл ажиллагаа явуудаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дэргэдэх Мэргэжлийн зөвлөл, аялал жуулчлалын сэтгүүлчдийн клубийнхэн оролцсон уг хаалттай хэлэлцүүлгээр өнөөгийн нөхцөл байдал, бэрхшээл хүндрэлийг тойрч ярилцахаас илүүтэй, цаашид юу хийх вэ гэдэг гаргалгаа, гарц, шийдлийг эрэлхийлж, тодорхой санал санаачилга гаргаснаараа онцлог болсон юм.

Бодлого тодорхойлогчид, шийдвэр гаргагчдын хувьд хүүхдэд ээлтэй аялал жуулчлалын бодлогыг боловсруулах, хүүхдэд зориулсан стандарт батлах зэргээр хүүхдэд ээлтэй аялал жуулчлалын эрх зүйн орчныг бүрдүүлэх, салбарын аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдийн хувьд хүүхдэд ээлтэй бөгөөд нас сэтгэхгүй, бие бялдар, оюуны хэрэгцээнд нь нийцсан аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэдэнд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох шаардлагатайг хаалттай хэлэлцүүлэгт оролцогчид онцлов. Дэлхийн улс орнууд ковидын дараах аялал жуулчлалын хүүхдэд ээлтэй байдлыг чухалчлан ярьж эхлээд байгаа нь хүн төрөлхтөн ямар ч хүнд үед ирээдүй хойч үедээ хөрөнгө оруулсаар ирсний илрэл билээ.

Монгол Улсын хүн амын дийлэнх хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг. Тиймээс тэдэнд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх цаг болжээ.

 

Г.ГАРДИ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)