М.Нандинцэцэг: Сэтгэлийн мухарт нэг хүлээлт байна

Монголд эмэгтэйчүүдийн дунд боксын спорт хөгжөөд 20 гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд эмэгтэй боксчдоос анхны Гавьяат тамирчин төрсөн нь М.Нандинцэцэг юм. Хэдхэн хоногийн өмнө Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан түүнтэй ярилцлаа.

Нандиагийн хувьд эмэгтэй боксчдоо амжилтаараа манлайлдаг бөгөөд Азийн наадмын хүрэл, Дэлхийн цомын мөнгө, Ази тивийн аваргын дөрвөн медаль, дэлхийн аваргын анхны медалийг эх орондоо авчирсан эмэгтэй боксчин билээ.

-Юуны түрүүнд Монгол Улсын Гавьяат тамирчин хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнуулсанд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцана уу?

 

-Маш их баярлалаа. Боксын спортоор олон жил хичээллэснийх, төрдөө үнэлүүлэх сайхан байна.

 

-Гавьяат тамирчин болж байгаагаа хэзээ сонсов?

 

-Шагналаа гардахаас долоо хоногийн өмнө анх сураг сонссон. Хүмүүс “Баяр хүргэе” гээд шуугиад эхлэхээр битүүхэндээ горьдож эхэлж байгаа юм. Нэгэнт нааштай сураг гарсан учраас шагнал авахдаа өмсөх дээл хувцсаа бэлтгэсэн. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газраас шагналаа гардахын яг өмнөх өдөр нь 21:00 цагийн үед залгаж, энэхүү баярт мэдээг албан ёсоор дуулгасан даа. Догдлоод нойр хүрдэг юм биш. Шөнөжин догдлоод нэг цаг л унтсан байх. Манайхан ч гэсэн шөнө сайн унтаагүй гэсэн. Ер нь тулгаж хэлдэг юм билээ. Өмнө нь сураг сонссон тулдаа л дээл хувцсаа бэлтгэж амжлаа.

 

-Төрийн ордонд шагналаа авч байх мөчид юу бодогдож байх юм?

 

-Их сандарсан. Гар хөлөрч, эрүү ам чичрээд маш их сандардаг юм билээ. Миний нэрийг дуудах мөчид бүр их сандарсан. Ерөнхийлөгч шагнал гардуулахдаа “Бэлтгэлээ хийж байна уу. Улам их амжилт гаргаарай. Дахиад олимп байгаа шүү” гэж хэлсэн. Намайг олимпод оролцоорой гэж үүрэг даалгавар өгч байгаа мэт санагдсан.

 

-Боксоос холдох бодолтойгоо хальт хэллээ. 2024 оны олимпод оролцож чадна гэдэгтээ тийм итгэл муутай байгаа хэрэг үү?

 

-Боксоо больдог ч юм уу гэж бодох үе байсан. Багш болон миний дотнын хүмүүс намайг үргэлжлүүлж тогло л гээд байгаа. Арваннэгдүгээр сард ДАШТ бий. Гэтэл би өөртөө эргэлзээд л байна. Одоо шигшээ багт байхгүй, цалингүй хүн чинь хэцүү шүү дээ. Ганц бие байсан бол хамаагүй, яваад л байна. Гэр бүлтэй болсон хүн чинь цалингүй бэлтгэл хийгээд явна гэдэг бодит амьдралд нийцэхгүй санагдаж байна. Мэргэжлээрээ ажилладаг юмуу, арай өөр салбарт хүчээ сорих бодол байсан. Яг үнэндээ маш их эргэлзэж байна. Тамирчдаа харахаар тэмцээнд явмаар ч юм шиг. Заримдаа гэнэт тэмцээнд оролцмоор санагдах юм. Уг нь хүүхдээ зургаан сар хүргэчихээд бэлтгэлдээ орсон. Хамгийн гол нь “Олимпын эрхийн тэмцээн байгаа шүү” гэсэн бодолтой байлаа. Уг нь зургаадугаар сард олимпын эрхийн тэмцээнийг товлосон байсан. Түүнд л зориулж битүүхэн бэлтгэл хийсэн. Гэвч цуцлагдаад, хүмүүс чансаагаараа эрхээ авч, бүх зүйлийг шинээр эхлэх хэрэг гарсан. Ингээд л үндсэн зорилгоосоо хазайж байгаа юм. Бас Азийн аваргад оролцох зорилготой бэлтгэл хийж байтал өмнөхөн нь коронавирусийн халдвар авч таарсан. Уг нь тивийн аваргад явах тамирчдын дунд сорил хийх байсан юм. Харамсалтай нь, коронавирус туссан учраас завсарлахаас өөр аргагүй болсон. Хэсэг завсарлаад, гэртээ байхаар “Амьдралаа бодъё доо” гэж бодогдох үе байсныг нуухгүй.

 

-Азийн аваргад оролцож чадаагүй ч ДАШТ хүлээж байна. Бодогдохгүй байна уу?

 

-Сэтгэлийн мухарт нэг хүлээлт байх юм. Олимпын тухай л бодож байсан миний хувьд олимп хойшлохоор маш их баярласан. Надад боломж өгөөд байна гэж бодогдсон шүү. Даанч олимпын эрхийн тэмцээн цуцлагдаж, бүх эрч хүчтэй бодол минь унтарсан. 2024 оны олимпыг бодохоор арай л хол санагдаж байна. Тэгээд шигшээ багаас хасагдсан, цалингүй хүн хэцүү биз. Гэрт бүлтэй болсон, ээж болсон учраас хариуцлагатай байхгүй бол болохгүй.

 

-Гэхдээ шигшээ багтаа эргээд орж чадвал цалин нэмэгдэж, 1.2 сая төгрөг болсныг сонссон байлгүй. Шигшээдээ орох боломж байгаа биз дээ?

 

-Улсын аварга шалгаруулах тэмцээнээс л хамаарах байх. Харин цалингийн тухай сонссон. Боллоо доо, үндэсний шигшээ багийн цалин ийм л байх хэрэгтэй тэгэхгүй үнэндээ маш бага байсан хэдэн бор тамирчид нь хамаг амьдралаа зориулаад авч байгаа нь хаанаа ч хүрдэггүй байсан. Ер нь бол боломж бий. Есдүгээр сард УАШТ болж магадгүй. Тэр үед л шийдвэрээ гаргана. Багш маань хүртэл намайг болиулах бодолгүй байх шиг.

 

-Шагналаа аваад гарч ирэхэд юу бодогдов?

 

-Маш олон хүн угтсан. Тэр олон хүнийг хараад сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч байгаа юм чинь. Төрийн ордонд төрийн дуулал эгшиглэхэд тэмцээнд оролцоод медаль авч байгаа мэт сайхан мэдрэмж төрсөн. Нулимс цийлэгнэж ирээд л больсон. Гарч ирээд хамт олноо, дотнын хүмүүсээ, надаас илүү баярлаж байгаа эрхэм хүмүүсээ харахаар өөрийн эрхгүй л огшсон. Үнэхээр гоё санагддаг юм билээ. Рингэнд ёсолж, хамт олонтойгоо тойрч суугаад ярилцах үнэхээр сайхан байсан. Ойрд уулзаагүй учраас санасан байна билээ. Маш олон магтаал сонслоо. Ийм мэдрэмж аваагүй удсан болохоор сайхан байсан.

 

-Нээрэн холбооныхоо ерөнхийлөгчтэй нэг өдөр шагнал авсан шүү дээ. Сонин тохиолдол юм?

 

-Харин тийм ээ. Үнэхээр гоё санагдсан. Холбооны ерөнхийлөгчөөс гадна намайг 2014 оноос хойш цалинжуулж дэмжиж яваа хүн шүү дээ. Хувьдаа их бэлгэшээж байгаа.

 

-Ингэхэд та хамгийн сүүлд хэзээ тэмцээнд оролцсон бэ?

 

-2019 оны дөрөвдүгээр сард Тайландад болсон Азийн аваргад оролцохдоо хүрэл медаль хүртсэн. Тэгээд ирээд л хүүхэдтэй болж, бүл нэмсэн дээ. Өрх гэртээ шинэ хүн хүлээж авсан болохоор бүх зүйл өөрчлөгдөж, хүүхэд рүүгээ л яарсан ээж болж хувирсан. Одоо дэлхийн аваргад оролцох бодолтой. Уг нь би чансаагаараа 54 кг-д гуравдугаарт эрэмбэтэй байгаа. Гэхдээ дахин тогловол үндсэн жиндээ буюу 51 кг-д өрсөлдөнө гэсэн бодолтой.

 

-Бэлтгэлдээ орсон тухай ярилцлага өгсөн байсан шүү дээ. Одоо бэлтгэлээ хийж байна уу?

 

-Коронавирусээс болоод түр хугацаанд завсарлаад байна. Хүүхдээ таван сартай байхад нь бэлтгэлдээ орсон. Анх бэлтгэл хийхэд хэцүү байсан шүү. Харин одоо бол дажгүй байна. Нэг сар бэлтгэл хийгээд тэмцээнд явахад асуудалгүй. Удаан бэлтгэл хийгээгүй болохоор нэлээд төсөөрсөн байж. Бэлтгэлдээ эргэн ороход хүндрэл их гарсан. Ухаан санаа ч төвлөрч өгөхгүй байсан.

 

-Тэмцээнд оролцох, бэлтгэлдээ эргээд ороход гэр бүлийн дэмжлэг хамгийн их хэрэгтэй болно. Ялангуяа айлын эзэгтэй болсон эмэгтэй хүн ар гэрийн дэмжлэггүй бол хол явахгүй байх. Таны хань адилхан боксын тамирчин учраас дэмжлэг сайтай биз?

 

-Амар байдаг юм. Хоёулаа боксоор хичээллэдэг учраас нэгнээ сайн ойлгодог. Ер нь бол хамгийн том асуудал нь хүүхэд харах. Нэг хэсэг миний ээж хүүхэд хардаг байлаа. Одоо бол нөхөртэйгөө ээлжлээд л хүүхдээ асарч байна. Өглөө би бэлтгэлд, нөхөр үдээс хойш бэлтгэлдээ явна. Заримдаа хоёр аав, ээж минь харж өгдөг. Ингэж л зохицуулж байгаа. Гэхдээ одоохондоо тэмцээн уралдаанд яваагүй болохоор харьцангуй гайгүй байна. Хүмүүс зохицуулаад байхад болох л байлгүй. Анхны хүүхэд болохоор хэдэн цаг холдохоор л санаад, хайлж урсаж байгаа юм чинь. Нэг үеэ бодвол том болсон байна, нэг ой дөрвөн сартай. Ер нь бол ээж болоод гэртээ сууснаас хойш л өөрийгөө ямар байснаа маш сайн ойлгосон. Нөхөр маань бэлтгэл, тэмцээн гээд байнга явна. Гэртээ тогтох нь бага. Тэгэхээр би яг ийм байсан байх даа гэж өөрийн эрхгүй бодогддог юм билээ.

 

-Та дэлхийн аваргаас медаль авахдаа 54 кг-д өрсөлдсөн. Энэ чигээрээ байх юмуу, эсвэл үндсэн 51 кг-даа өрсөлдөх үү?

 

-51 кг-даа тулалдах бодолтой байна. Уг нь ДАШТ-д оролцохдоо 51 кг-д өрсөлдөх бодолтой байсан юм. Гэвч Монголын боксын холбооноос энэ жинд өөр тамирчныг хэдийнэ томилсон байлаа. Ингээд 54 кг-д сорил хийж, өрсөлдөх боломж гарсан. Сорилд ялж байж тэмцээнд явсан. Азийн наадамд өөр тамирчин, ДАШТ-д хүртэл миний нэр байгаагүй. Үүнийг мэдээд багштайгаа ярилцаад 51-т явуулахгүй гэж байгаа бол 54-т явъя гэдгээ нарийн бичгийн даргадаа хэлтэл сорил хийгээд ялбал яв гэсэн. Уг нь дүрмээрээ байдаг бол би улсын аваргад түрүүлсэн учраас сорил хийх шаардлагагүй. Би бүх тэмцээнд явах ёстой байсан ч холбоо ингэж шийдсэн. Миний хувьд нэг их хэл ам хийгээгүй. Азийн наадамд явж үзээгүй биш дүү нар тэмцээн үзэг гээд л чимээгүй өнгөрсөн. Дэлхийн аварга дээр ч ялгаагүй жинд маань явуулахгүй гэж байгаа бол өөр жинд явъя гэсэн. Тэгээд л надад боломж гарсан. Спорт хамгийн шударга л гээд байдаг атал үнэн хэрэгтээ нас болон хүйсээр маш их гадуурхдаг. Ер нь сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх залуу насныхаа ихэнхийг спортод зориулчихаад тэгээд хөгшин гээд жийгдэхээр бас л гомдмоор шүү.

Монголд 30 нас дөхөөд ирэхээр л хөгшин гээд гадуурхах тохиолдол спортын төрлүүд дээр маш их ажиглагддаг. Уг тэд жинхэнэ бөөн туршлага байгаа шүү дээ. Чаддаг нь яв гээд залуу ч бай, хөгшин ч бай биеэ дайчлах боломж олгож, дүү нарт нь эгч, ах нараасаа сурах, хөгжих боломж олгох хэрэгтэй.

 

Тэгэхгүй хөгшин гэж хасаад цоо шинэ хүүхэд нэмээд байхаар хэн хэнээсээ сурах юм. Сая миний үеэс үлдсэн ганц тамирчин Болортуулыг шигшээ багаа хассан байна билээ. Гэтэл өнөөдөр түүнийг хэн ч ялаагүй л байна. Мөн кроссоор гүйцэх охин гараагүй л байна. Дүү нь ахаасаа сурдаг гэдгийг яагаад ойлгохгүй байгаад үнэхээр гайхдаг.

 

-Улаан-Үд хотод болсон ДАШТ-ий талаар бас нэгийг бодож байсан биз?

 

-54 кг-даа өрсөлдвөл алтан медаль авах ч байсан юм билүү гэж бодогдсон. Л.Энхбаатар багш маань хүртэл хэлээд л байлаа. Би “За яах вэ, багш аа. Шавь нь дэлхийн аваргын медалиас том медаль авсан байна шүү дээ” гэж хэлсэн. Үнэхээр л надад ирсэн хамгийн том шагнал, медаль шүү дээ.

 

-Тэмцээндээ оролцоод, бэлтгэлээ тууштай хийгээд эхэлбэл 2024 он ч ойрхон байна шүү дээ. Төрийн тэргүүнээс үүрэг даалгавар авсан хүн энэ талаар тунгааж байгаа байлгүй?

 

-Тийм шүү. Уг нь зодог тайлах нас биш л дээ. Яг өдийд л жинхэнэ амжилт үзүүлдэг нас. Энэтхэгийн алдарт тамирчин Мэри Комыг харлаа. Өнөөдөр ч тулалдаад л явж байна. Бараг 40 нас хүрч байгаа хүн. Ингэж бодохоор 2024 оны олимпод оролцохын төлөө өөрийгөө соримоор ч юм шиг санагдаж л байна.

 

-Ээж болсноор таны амьдралд ямар, ямар том өөрчлөлт гарав?

 

-Амьдрал маань бүр илүү их утга учиртай болж, маш их хариуцлага нэмэгддэг юм байна. Хүүхдээ харах бүрд хайр ундраад, илүү их хичээх хэрэгтэй гэж боддог. Бэлтгэл хийж байгаад бууж өгмөөр санагдангуут л ганц өөрийнхөө төлөө биш хүүхдийнхээ, гэр бүлийнхээ төлөө хичээж байгаа шүү гээд л бодонгуут улам их эрч, хүч ордог юм байна.

 

-Хоёр жил гаруйн хугацаанд тэмцээнд оролцохгүй, нам гүм амьдрах ямар байна. Зарим тамирчин мартагдахаас айдаг. Та тэгж эмээсэн үү?

 

-Ер нь хүн гэртээ суугаад ирэхээрээ өөрийгөө болоод хүмүүсийг таньдаг юм байна. Би зүгээр суух тун дургүй. Манай эмч эгч сэтгэл зүйгээ сайн бэлтгээрэй гээд байхаар нь нэг их ойлгохгүй “Юун сүртэй юм бэ” гэж бодоод байсан чинь ёстой нэг хэсэгтээ гэртээ суухдаа ойлгосон. Ганцаардаад, манайд ирнэ гэсэн найзуудаа хүлээгээд, ирэхгүй бол гомдоод л. Тэгээд харин сүүлдээ сурсан. Нэг хэсэгтээ боксыг мартаж, толгойгоо амраасан.

 

-Амаржсан хүнийг формонд нь оруулах амаргүй, их ажиллагаа ордог гэж цөөнгүй дасгалжуулагчаас дуулсан. Одоо формондоо хэр оров?

 

-Ер нь овоо цэгцэрч л байна. Эхэндээ үнэхээр хэцүү байсан. Санаа байвч сачий хүрэхгүй байх үе байлаа. Тэр үеийг бодоход одоо овоо өөр болж байна шүү. Багш маань их л нухацтай ажилласан. Сайхан жигдэрч байтал коронавирус гараад бэлтгэл зогссон. Хэсэгхэн амарч байгаад бэлтгэлдээ орно доо.

 

-Монголд эмэгтэйчүүдийн бокс хэр хөгжиж байна вэ. Олимп, дэлхийн олон медальтантай болоход хамгийн чухал зүйл юу бол?

 

-Манай улсад эмэгтэйчүүдийн бокс хөгжөөд удаагүй ч бусад орны тамирчнаас техник, ур чадвараар дутахгүй. Дэлхийн шилдгүүдийн хэнтэй нь ч эн тэнцүү тоглодог. Хэдийгээр цөөхүүлээ ч аль хэдийнэ дэлхийн түвшинд хүрсэн.

 

Дасгалжуулагч ур чадвартай, тамирчидтайгаа амь нэгтэй, бэлтгэлээ л сайн хийж чадвал дэлхийн олон медальтантай болж, олимпод амжилт гаргах цаг ойрхон. Бусад орны тамирчидтай хамтарсан бэлтгэл хийн, олон улсын тэмцээнд тогтмол оролцвол амжилтад улам дөхөх нь гарцаагүй.

 

-Тамирчдын бэлтгэл сургуулилалт, амжилт үзүүлэх хөшүүрэг нь санхүү байдаг шүү дээ. Таны хувьд шигшээ багаас хасагдсан үед санхүүгээ хэрхэн зохицуулж байна вэ?

 

-Одоо шигшээ багтаа байхгүй байгаа. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” клубтээ байгаа хэвээр. Мөн “Империал Кастл” компанийн Т.Мөнхбаяр захирал маань намайг дэмжиж байгаа. Одоо манай холбооны ерөнхийлөгч хүн шүү дээ. Яг үнэндээ дэлхийн аваргын дараа нийгмийн байдал маань дээрдээгүй болохоор цалин үнэндээ хаана, хаанаа ч хүрдэггүй ээ. Сайн хүмүүсийн ачаар болж л байна. Хэд хоногийн өмнө мэдээ үзэж суугаад шигшээ багийн тамирчдын цалин 1.2 сая болсныг сонссон. Аштай юу даа л гэж бодлоо. Намайг шигшээ байхад хамгийн өндөр цалинтай нь би гэхэд 390 мянган төгрөгийн цалин авдаг байлаа. Сүүлд нэмэгдээд 550 мянга болсон гэсэн. Харин одоо хоёр дахин нэмснийг сонсоод үнэхээр их баярласан. Ядаж л санаа амар бэлтгэлээ хийж, тэмцээн уралдаандаа оролцоно.

 

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?

 

-Энэ хүртэл багагүй хугацаа тууллаа, амьдралынхаа тэн хагасаас илүүг боксын спортод зориулжээ. Үнэхээр л миний хүсэл анхны дэлхийн аваргын медаль, анхны олимпын медаль, анхны Гавьяат тамирчин болох байлаа. Энэ хүртэл надтай хамт байсан миний багш Л.Энхбаатар тандаа хамгийн түрүүнд талархлаа илэрхийлье. Бэлтгэл сургуулилалт, тэмцээн уралдаанаас гадна бүх талаар дэмждэг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Хангарьд” клуб, “Эрдэнэт” үйлдвэрийн бүх цаг үеийн удирдлагуудад баярлалаа гэж хэлмээр байна.

Мөн Монголын боксын холбооны ерөнхийлөгч, “Эрдэнэс Силвэр ресурс” компанийн гүйцэтгэх захирал, Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр ахдаа баярлалаа. Монголын боксын холбооны үе үеийн удирдлагууд, БТСГ-ын үе үеийн удирдлага, ажилчид, МҮОХ-ны хамт олон, МУБИС-БТС удирдлагууд болон багш нартаа талархъя. Шигшээ багийн үе үеийн багш нар, надад зааж зөвлөдөг багш нар, ахмад боксчид, хамт бэлтгэл хийж байсан, одоо хийж байгаа тамирчдадаа, боксын спортод дуртай хайртай Монголын ард түмэндээ, биднийг ард түмэнтэй холбож байдаг спортын сэтгүүлчдэдээ, эрүүл мэндийг маань хамгаалж байдаг спортын эмч нартаа маш их баярлалаа.

Мөн өнөөдрийн бүх амжилтын ард байсан хайртай гэр бүлийнхэн, найзууддаа талархал илэрхийлье. Та бүхэнгүйгээр өнөөдрийн Нандинцэцэгийг бүтээх ямар ч боломжгүй байсан гэдгийг онцолмоор байна.

 

 

Б.Мөнхзул

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)