Д.Гройне: "Мармал" баазын хамгийн шилдгүүд нь Mонгол цэргүүд

ИБНАУ-д явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-тай хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд Умард Атлантын гэрээний байгууллагын медаль гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.

Арга хэмжээнд “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны Хойд бүсийн командлагч, ХБНГУ-ын Зэвсэгт хүчний бригадын генерал А.Майер, “Мармал” баазын хүчлэн хамгаалалтын батальоны захирагч, дэд хурандаа Д.Гройне нар болон олон улсын цэргийн үндэсний ахлах төлөөлөгчид урилгаар оролцлоо. 

Дэд хурандаа Д.Гройне Монгол Улсын XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд хандаж “Эрхэм журмын нөхдөдөө энэ өдрийн мэнд хүргэе. Мазар-И-Шарифын командлал буюу хуучнаар Хойд бүсийн цэргийн командлалын далбаа буулгах ёслол болж өнгөрсөн хэдий ч Монгол Улсын XIII ээлжийн цэргийн багийн захирагч бид хоёр ярилцаад Монголын цэргийн багт медаль гардуулах арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн үйл ажиллагаа нь Монголын цэргийн багийн үүрэг гүйцэтгэлт дуусаж байгаа хэрэг биш та бүхний үүрэг гүйцэтгэлтийг өндрөөр үнэлэн зохион байгуулж буй арга хэмжээ юм.” гээд 2009 оноос өнөөг хүртэл хамтран үүрэг гүйцэтгэх хугацаанд ажиллагааны зорилго, гүйцэтгэх үүрэгт ямар ч өөрчлөлт орсон Монгол цэргүүд оногдсон үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн гэдгийг онцлон “Энд зогсож байгаа та бүхэнд болон энд үүрэг гүйцэтгэж байсан үе үеийн Монгол Улсын цэргийн алба хаагчдад баярлаж бахархаж байгаагаа илэрхийлье” гэсэн юм.

Мөн тэрбээр баазын нэгдсэн дадлагуудаар Монгол цэргүүд өндөр түвшинд бэлтгэгдсэн, ямар ч цагийн байдалд үүрэг гүйцэтгэх чадвартайгаа батлан харуулж, сахилга бат, үнэнч байдал, мэргэжлийн ур чадвараараа “Мармал” баазын үлгэр жишээ цэргийн баг байсаар ирснийг цохон тэмдэглэж, цэргийн багийн захирагч, дэд хурандаа Э.Амартүвшинд талархал, цэргийн алба хаагчдын төлөөлөл болгож, 10 офицер, ахлагчид Умард Атлантын гэрээний байгууллагын медалийг гардуулан өгсөн юм.

Ахлах дэслэгч П.Отгонбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)