Ирж яваа цаг
- 2021-06-03
- Нийтлэл
- 0
Өнөөдөр олны анхаарлын төвд байгаа Ухнаагийн Хүрэлсүх гэдэг хүний намтрыг сөхөж үзэхэд энэ цагийн олонх элит сэхээтнүүд шиг улсын сангаас хөрөнгө зарж эсвэл аав, ээжийн халаасыг дундалж, Харвард ч гэнэ үү, Оксфорд ч байна уу гадаадын аль нэг нэр сүртэй дээд сургуулийг зориогүй, жирийн л мань мэтийн эгэлчүүдийн үр хүүхдийн адил дотоодынхоо сургууль дамжаа дүүргэсэн “өртөг багатай дотоодын бүтээгдэхүүн” байх юм. Тэр дундаа улс төрд орж ирэхийнхээ өмнө цэргийн албанаас дэслэгч цолтой энгийн амьдралд орж ирсэн хүүхэд байж таарлаа. Ажил олдохгүй, амьдрал хэцүү, ганзагын наймаа эргүүлж, гахай зөөж байсан гэдгээ ч өөрөө ярьж л байна. МАХН-ын батлах эрт өвөртөлсөн хэрнээ аавдаа үг хэлж чаддаггүй хүүхэд шиг таг дуугүй явсаар нэг өдөр зориг гаргаж, намын дээд байгууллагадаа өргөдөл хүргүүлснээр түүний улстөрчийн намтар эхэлсэн байх юм.
“Хамгийн дээд боловсрол бол өдөр тутмын амьдрал хийгээд ажил хөдөлмөрийн дотор л байдаг” гэж хаа нэгэнтээ бичсэнийг би олж харснаа санаж байна. Амьдрал түшсэн боловсрол үр өгөөжөөр хавьгүй их. Айл гэрт, зам дээр, дэлгүүр, үйлдвэр, тариалангийн талбай гээд л хүмүүс цуглардаг газар болгонд хаана ч гэсэн өдөр тутмын амьдралын боловсрол туршигдаж байдаг. Тэр боловсрол нь нийгмийн нэг гишүүн болохын төлөөх сургалт болдог. Бодит ажилд суралцангаа хүмүүнлэг чанараа зүлгэж өөрийгөө эзэмдэх сэтгэлийг тэтгэж чадвал хүн зөв хэв ёсыг биедээ авч, өөрийн үүрэг хийгээд ажлаа сайн гүйцэлдүүлэх чадвартай болдог жамтай билээ. Тэгээд ч ийм боловсролыг ном сурах бичгээс сурдаггүй нь үнэн.
Бэкон гэх их ухаантан нэгэнтээ, “Ямар ч шинжлэх ухааны судалгаа нь түүнийг өөрийг нь яаж хэрэглэвэл дээр вэ гэдэг тухайгаа зааж өгдөггүй. Харин түүний нөгөө тал, бодит амьдралыг сайн шинжвэл шинжлэх ухааны дөхөж очоогүй, шинжлэх ухаанаас хавьгүй илүү мэдлэг, ухааныг хүн өөртөө олж авч чаддаг” гэж айлдсан байдаг юм байна. Энэ бол хүн зөвхөн бичиг, номоор бус, ажил хөдөлмөрөөр өөрийгөө төгсжүүлдэг гэсэн санаа биз. Ухнаагийн Хүрэлсүх гэдэг хүүгийн тухай яриа сэдэхдээ энэ бүхнийг дурддаг маань тэр хүн дээрх үнэнийг л ухаж ойлгож, амьдралдаа мөрдлөг болгон шүтэж ирснээр улс төр гэдэг адармаатай хорвоод хөлөө зөв тавьж, зоригтой алхаж, өөрөөсөө хувь дээгүүр боловсролтой бусад эрхмийн хүрээгүй өндөрлөг өөд харьцангуй богинохон хугацаанд зоригтой мацаж зүтгэж чадаж байна гэж хэлэх гээд байгаа юм. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын дэвшүүлсэн Мянганы замыг “Мянгуужингийн үлгэр” гэж байсан шиг Улаанбаатарын утааг бууруулахаар У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн сайжруулсан түлшийг бүрэн нэвтрүүлэх саналыг эхэндээ хүмүүс тэр болгон ам сайтай угтаагүйг бид мэднэ.
Одоо хар даа. Ямар үр дүнд хүрч, түрүүлж дуугарсан тэр хүмүүс амаа барьж суугааг бид харж байна. Эдийн засгийн гүн хямралд өртөж, хүн ардын амьдралын төвшин асар доройтсон нөхцөл байдлыг гэтлэн давахад эн тэргүүний зорилт болон тулгамдаж байсан аль олон асуудлыг У.Хүрэлсүхийн Засгийн газар хамтын санаагаар зоригтой дэвшүүлж өнөөдөр олонх зорилтынхоо голдрилыг олж, асуудлыг зөв тийш эргүүлж чадсан бахдам үр дүн бүхний нүдэнд ил байгаа.
Үүгээрээ өмнөх Засгийн газруудын хүн арддаа хоосон амалж, ам бардам, ажил шалдан хоцорч байсан бүтэлгүй замналыг эвдэж чадсан. Зөвд зөөлөн, бурууд хатуурхаж чаддагаа ч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа харуулсан. Эх орны газар шороон доорх эрдэнэс баялагтаа хүн ард нь эзэн байх Үндсэн хуулийн заалтыг амьдралд хэрэгжүүлж олигарх баячууд, гаднын тонуулчдын гарт зүй бусаар орсон баялаг нөөцөө буцаан авсны үр шимийг өнөөдөр настан буурлууд биднээс эхлээд хүн ард маань хишгийг нь хүртэж суугаадаа баяртай байгаа. Тэгэхдээ У.Хүрэлсүх сайд бизнесийн хүрээлэнгээс нүүр буруулаагүй, би бизнесийн зүлгийг нь хөндөөгүй, зэрлэгийг нь зулгаасан гэж их онож хэлнэ лээ. Ухнаагийн Хүрэлсүхийг би хууччуулын ярьдгаар нүүрийн буянтай хүүхэд гэж боддог. Энэ залуу удирдагч маань анхны алхмаасаа эхлээд айл хөрш орнуудын анхаарал татаж, найдлага төрүүлж эхэлснийг хэлэх гээд байгаа юм. Хотыг утаанаас дутахгүй зовоож байсан бохирын үнэр дарахад өмнөд хөрштэй тохиролцож олон жил дуншсан цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдэж байгаа, арлын орныг зориод орчин цагийн шалгуурыг даах олон улсын нисэх буудал, Жагарын оронтой тохиролцож газрын тосны үйлдвэр, өмнөх Засгийн удирдлагууд хэчнээн жил санаа тавиад урагшлаагүй, манайхыг дамжих хийн хоолойн асуудлыг У.Хүрэлсүх Ерөнхий сайд умард хөршийг зорьсон дороо нааштай шийдүүлсэн гээд захаас аван дурдаж болно. Бүтэлтэй хүний урагштай шийдэмгий алхам бүрийн үнэ цэнийг хэн бүхэн нүдээр үзэж, бодитой мэдэрч байгаа өөдрөг өнгө аясыг өнөөдөр улс орны хот хөдөөд хаанаас ч анзаарч болно.
Орос хэл ингээд дуусав гэгчээр залуу удирдагчийн тухай өвгөн сэтгүүлчийн цэнэг хомс. Дээр өгүүлсэн бүхэн өнөөдөр хэний ч хэлэх л зүйл, бүхний аман дээр байгаа. Харин Ухнаагийн Хүрэлсүх гэдэг залууг улс төрд цахиур хагалахыг урьдаас харж, үнэлж цэгнэж чадсан бараг үзмэрч гэхээр нэгэн эрхмийг түшвэл өгөөжтэй биз. Ер нь нэртэй хутагт хувилгаадын өлгий нутгийн уугуул, улсын маань хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди үзмэрч биш гэхэд далдын мэдрэмжтэй байхыг үгүйсгэхгүй л дээ. Цагтаа би парламентын сурвалжлагч гээд эхний хоёр Ерөнхийлөгчтэй уулзаж учирч, яриа хөөрөө авч, хөдөө гадаа хараа бараанд нь явж байсны хувьд тэр эрхмүүдийн аль алины нь ааш авир арга хандлагыг эрхбиш гадарлана. Н.Багабанди Ерөнхийлөгч угийн үг дуу цөөтэй, албан шугамаар ч амин зуураа ч хэн нэгний талаар үг унагаж, үнэлэлт дүгнэлт өгч байхыг сонсоогүй юм. Хожмоо “Өнөөдөр” сонинд ёс суртахууны сэдвээр цуврал өгүүлэл нийтлүүлж эхэлсэн нь эдүгээ олны анхаарал татаж байгаа “Титэм үг” цувралынх нь дээжис байсан бололтой. Тэгтэл нэг санаандгүй нийтлэл анхаарал татсан нь “Гал мэт дүрэлз” гэж гарчигласан тэмдэглэл бичиж тухайн үед МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ухнаагийн Хүрэлсүхэд урам хайрласан байв. Намын алба хашихад минь их тусалж дэмжсэн гол хүн гэж тухайн үед Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга байсан өөрийг нь У.Хүрэлсүх нэг биш удаа нэр цохож ярьсанд дарга хариу барьсан байдаг. Тэр үеийн сэтгүүлч мань мэтэд одоогийнх шиг ой санамжтай гар утас мэт байх биш, хэрэгтэй гэсэн бүхнээ сонин хэвлэлээс хайчилж авч бас ангилж цэгцэлж, тусгай хавтсанд хадгалдаг, түүнээ бид “досье” гэж нэрлэдэг байсан юм. Аз болоход аль тэртээ арав хорин жилийн өмнөх тэр нэгэн нийтлэл миний хавтсанд одоо болтол хадгалагдаж үлдсэнээс дор хэсэглэж эшлэх боломж олдов.
…У.Хүрэлсүхийн улс төрд хөл тавьсан цаг мөчөөс хойших улс төрийн амьдрал манай орны цаг агаар адил эрс тэс, хүйтэн ширүүн, гантай зудтай, хүнд өнгөрлөө. Энэ он жилүүдийг У.Хүрэлсүх халуунд нь халж, хүйтэнд нь хөрч журмын нөхдийн хамт тууллаа. Тэрээр Монголын улс төрд хүлэмжинд тарьсан цэцэг шиг бусдаар арчлуулж тордуулж ургасангүй ээ, улс төрийн нүүр нүдгүй балбах цасан шуурга, мөсөн мөндөрт тэсвэр заан цохиулж, хат суун өөрөө өсөж ургасан улстөрч.
Улс төр хатуу тоглоом. Заримдаа дүрмээр тоглоно. Дүрмийн заалт үгүй бол шууд газар дээр нь шинээр дүрэм зохиож тоглоно. У.Хүрэлсүх аль алинд нь гаршсан улстөрч нэгэнт болж чаджээ. Тоглоомын дүрэм хатуу болохоор хожиж ялахын тулд улстөрч хүн харьшгүй эр зоригтой байх тавилантай. “Алтыг гал дээр, эр зоригийг гай зовлонгийн үед сорьж үздэг” гэх үг бий. Түүний эр зоригийг Монголын улс төр олон удаа сорьсон. Сорилтыг нэр төртэй давж гарсан. Одоо түүнийг эр зоригтой улстөрч гэдгийг нь нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Тэрээр гар хөлөө хүлүүлж, алтан амгай зуусан нэгэн байгаагүйд нь олзуурхана. Улс төрийн ууган намын гишүүд дээр доргүй амаа үдүүлж, дуугарч зүрхлэхээ больсон гай зовлонт, цэвүүн цагт зориг зааж ам нээсэн. У.Хүрэлсүхийн үгийг улстөрч, сэтгүүлчид сүүлийн арав шахам жил эшлэл аван ярьж, бичицгээлээ.Тэр хэлье гэсэн үгээ хэзээ ч, хаана ч, хэнээс ч айж эмээлгүйгээр хэлж чаддаг эр зоригтой улстөрч болон төлөвшжээ. Улс төрийн эр зоригтой байна гэдэг бол маш том давуу чанар.
“Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ” гэсэн үг байдаг. Би зоригтой, ухаантай ажиллах болно” гэж МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдохын өмнө намын Бага хурлын гишүүддээ хандаж хэлсэн түүний үгэнд нөхөд нь эргэлзээгүйгээр итгэж, энэхүү онц чухал, том албанд тохоон томилсон юм. Ухаантай хосолсон эр зориг, эр зориггүй ухаанаас хавьгүй илүү зүйлийг бүтээн цогцлоож чаддаг болохоор түүнд намын хамт олон нь томоос том найдвар тавин хүлээж байна. Эр зоригийг сүүдэр мэт дагадаг хуучныг зоригтой өөрчлөн шинийг сэдэх, оргүй хоосноос биетэй бодитой зүйлийг цогцлоох, боломжгүйг боломжтой болгон өөрчлөх бүтээлч шинж түүнийг төрийн сайдаар ажиллаж байх үед нь ил тод илэрч байсан нь туйлын олзуурхууштай.
Улстөрчдийг үнэлэх нийгмийн үнэлэмжийн тэргүүн эгнээнд ярианы урлаг, үг яриагаараа олон түмний сэтгэл зүрхийг эзэмдэх чадвар байдаг билээ. Намын Төв Хорооны босгыг алхан орж ирж байсан үетэй нь харьцуулахад У.Хүрэлсүх ярианы урлаг сурах талдаа том алхам, том алхмаар зогсохгүй үсрэлт хийж чадсан байна. Ийнхүү ярих хэлэх чадварт суралцахад нь сонгогч түмний итгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээр удаа дараа сонгогдон төр түшилцсэн, төрийн сайдаар ажилласан, үзэл бодол нэгт, үе тэнгийн залуусаа удирдан төрийн байгууллагад хүчин зүтгэсэн амьдралын их сургууль, өөрийнх нь хичээл зүтгэл, уйгагүй чармайлт тусалсан нь мэдээж. Хүний зүрхийг үгээр дулаацуулна гэдэг хүн хүнд заяадаггүй чадвар мөн. “Хамаатан садан чинь хаяж, нөхөд чинь урваж, албаны шатнаас унасан ч гэсэн илтгэх чадварыг эзэмшсэн л бол Та хэнд ч давагдашгүй хэвээр үлдэнэ” гэсэн ухаантны үг олон арван жил, зууныг алгасан улстөрчдийн уриа дуудлага болсон хэвээр байна…
Улсын маань хоёр дахь Ерөнхийлөгч хожмын өдөр өөрийн шийрийг хатаах ирээдүйн Ерөнхийлөгчийг хэр онож үнэлж цэгнэснийг уншигч та төвөггүй олж мэдрэнэ гэдэгт итгэнэм. Ингээд таны сэтгэлд Н.Багабанди Ерөнхийлөгчийн холч хараа мэргэн, тэр хараанд өртсөн залуу улстөрчийн хичээл зүтгэл үнэмшилтэй санагдах аваас “Миний бие хэлснээ хэрэгжүүлж, эхлүүлснээ дуусгахын төлөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна” гэж энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын нээлт дээр Ухнаагийн Хүрэлсүхийн амнаас гарсан үг улс орны маань ирж яваа цагийн өнгийг тодорхойлж байна гэж хэлэх л үлдлээ. Цагийн өнгө хүний сэтгэлийг залдаг болов уу. Бага байхад хөгшчүүлийн ярианаас элдвийн л юм сонсч суудаг сан. Муу цаг ирэх юм гэнэ, муу хүмүүс хоймор заларч сайн нь үүдээр байх цаг ирэх юм гэхчлэн ярьдаг л байсан. Бидний үеийнхний бага залууд төдийлөн ийм бусармаг зүйл тохиогоогүй ч насны нар хэвийхтэй зэрэгцэж ахархан зуур тийм нэгэн зурвас үеийг амсаад авах шиг болсныг нуух юун. Харин тэр бүхэн цааш бүү давтагдаасай гэж л хөгшин хөвөөгүй залбирч суудаг. Ер нь бидний үеийнхэн он цагийн солбицол төдийгүй эрин зууны зааг, халаа солио, тун сонин үеийг үзэх хувьтай хүмүүс байж. Зуун солигдлоо, тэр байтугай шинэ мянгантай золголоо. Цаг тооны 2000 дугаар он бол хүмүүс бидний бодол санааны зүйл. Харин түүнээс дөрвөн жилийн хожуу манай бөмбөрцөг дэлхий өөрийн эрхгүй татагдан орсон эрин бол бидний заншсанаар ганцхан зуун биш хоёр мянган жил үргэлжлэх одот ертөнцийн томоохон хэмнэлийн эринийг бид нэгэнт алхжээ. Монголчуудын эртний номд түүнийг их галавын эрин гэж нэрлэсэн бололтой гэж их соён гэгээрүүлэгч Лодонгийн Түдэв нэгэнтээ дурдсан байдаг. Бумбын эриний босго алхлаа. Үүнээс өмнө манай бяцхан цэнхэр гараг Загасны хэмээх ордонд мөн л хоёр мянган жил тэврүүлэн эргэлдсэн урт хугацааны цагийн улирлыг туулсан билээ.
Холынхоос их Нострадамус, ойроос гэвэл Ванга хатагтай гээд их мэргэ төлөгчдийн хэн хэн нь Бумбын ордыг хүн төрөлхтөнд их ээлтэй гэж болгоож, огт хүлээгдээгүй өөрчлөлт, өөдрөг ирээдүйг авчирна гэж айлдсан байдаг нь учиртай л болов уу гэх горьдлого төрнө. Ингээд сэтгэлээ бэлчээж суухуйд тэр ээл ивээлийг амсч хүртэх цаг монгол түмний хувьд дөтөлж байгаа болов уу ч гэж бодогдох авай. Энэ арван долдугаар жарны төмөр үхэр жил хэмээвээс ямар их гайхамшигт ховор он жил, түүхт ойнуудыг авчрав аа! Гайтай цар тахал хөндөлсөөгүй бол Ардаар овоглосон зуунуудын их ойнууд давхцаж зэрэгцэж, ар араасаа цуварч бараг бүтэн жил найр цэнгүүн шил шилээ даран үргэлжлэх байсан юм биш үү. Бас ахиулж бодвоос эдүүгээгээс яг нэгэн зууны өмнө наран ургах зүгийн Цэцэнханы нутгаас жирийн ард цагаан дээлт хэмээгдэх Дамдины Сүх хүү манлайлан гарч ирж журмын нөхдийн хамт зориглон тэмцэж Ардын Намаа байгуулж тэр намын удирдлагаар хүн ард маань эрх чөлөөгөө олж хөгжлийн замыг сонгосон бодит түүх үнэн билээ. Тэгвэл түүнээс хойш нэгэн зууны өнгөнд өнөөдөр мөн тэр нутгийн бас л Сүх нэртэй нэгэн зоримог хөвгүүн зөв сэтгэл зоримог зүтгэлээрээ олныг манлайлж, төрийн жолоо атгахаар олны санал асууж байгаа нь юутай сонин, бас ховорхон учрал вэ!
Босоо овогт Л.ГҮНСЭН.
/Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч/
Сэтгэгдэл (0)