Н.Сугар: Гэрээр дүүрэн хүүхдүүд бужигнаж, хөөцөлдөн гүйж байхыг нь харах хамгийн сайхан
- 2021-06-03
- Өөр өнцөг
- 0
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Эхийн алдар” I, II зэргийн одон хүртэж буй ээжүүдэд одонг нь гардуулж, баяр хүргэлээ. Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” I зэргийн одон гардан авсан Н.Сугартай цөөн хором ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” I зэргийн одон гардлаа. Танд баяр хүргэе.
–Үнэхээр их баяртай байна. Төрүүлж өсгөсөн аав ээж, хайрт хань, үр хүүхдүүддээ маш их баярлалаа. Би 6 хүүхэд төрүүлсэн. 3-8 насны 2 охин 2 хүүтэй. Багууд маань 1 ой гарантай 2 ихэр охин байна.
Манай хүүхдүүд ээжийгээ одон медалиар шагнуулахыг сонсоод их баяртай хүлээж авсан. “Ээж ёстой гоё. Ерөнхийлөгчөөс одонгоо авна” гээд хөөрөөд л, гүйгээд л маш гоё байсан. Би 1991 онд төрсөн залуу ээж. Өчигдөрхөн дөнгөж 30 нас хүрч байна./Инээв/ Өнөөдөр магадгүй Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” I одон авсан хамгийн залуу ээж болсон байх. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2 одонгоо хоёуланг нь авлаа. Их бэлгэшээж байна. Ерөнхийлөгчдөө маш их баярлалаа.
-Эх хүн байхын хамгийн сайхан зүйл юу вэ?
– Өөрийгөө эх хүн гэж мэдрэхийн хамгийн сайхан зүйл бол үр хүүхдээсээ үргэлж аз жаргалыг мэдэрдэгт орших байх. Үр хүүхдийнхээ баяртай, хөгжилдөж байхыг нь харах хамгийн сайхан байдаг. Харин хүүхдүүд минь өвдсөн байхыг харах хамгийн хэцүү байдаг даа. Эх хүн гэдэг дагаад өвддөг шүү дээ. Тийм болохоор хүүхдүүдээ аль болох эрүүл байлгахыг л хичээж явна. Хүүхдийг ээж хүн ганцаараа өсгөнө гэдэг хэцүү. Ямар нэгэн байдлаар тусламж, дэмжлэг, хүн хүч шаардагддаг. Ханьдаа маш их баярлалаа. Дандаа тусалж, дэмжиж арыг минь даадагт баярлалаа.
-Хүүхдүүдээ ирээдүйд ямар хүн болж төлөвшөөсэй гэж боддог вэ?
-Мэдлэг, боловсрол бол хүн болж төлөвшихөд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл байх. Тийм ч учраас хүүхдүүдээ эрдэм, мэдлэгтэй хүмүүс болгохыг хичээдэг. Үүний суурь нь хүмүүжил болох болов уу. Тэгэхээр хамгийн түрүүнд хүмүүжилтэй хүмүүс болгохыг эрмэлзэж байна.
-Ээжүүд бараг бүх мэргэжлийг эзэмшсэн хэмжээний байдаг шүү дээ.
-Тийм шүү. Тэр тусмаа ихэр хүүхдийг өсгөх их онцлогтой, хэцүү байдаг юм аа. Их арчилгаа шаардагддаг. Хамгийн чухал нь эрүүл өсгөж, торниулах.
-Аз жаргалтай гэр бүлийг та юу гэж тодорхойлох вэ?
– Ер нь хүүхдүүд эрүүл байхад гэр бүл аз жаргалтай байдаг юм даа. Гэрээр дүүрэн хүүхдүүд бужигнаж, хөөцөлдөн гүйж байхыг нь харах хамгийн сайхан. Инээд хөөр дүүрэн байх нь гэр бүлийг аз жаргалтай байлгах гол түлхүүр нь болдог гэдгийг хүүхдүүдээсээ мэдэрдэг. Хүүхэд эрүүл байх нь гэр бүлийн аз жаргал.
-Баярлалаа.
Сэтгэгдэл (0)