Иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн түүхийг “эргэж харах” нь томоохон тус дэм болно

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт МҮХАҮТ-ын гишүүн, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзахдаа Монголбанкны “хар жагсаалт”-д бүртгэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн муу зээлийн мэдээллийг харагдахгүй болгох буюу хэвийн ангилалд багтаахаар шийдвэрлэснээ мэдэгдсэн юм. Коронавирусийн халдварын тархалтаас шалтгаалан олон компани хаалга үүдээ барьж, санхүүгийн хямралд өртсөний 80 гаруй хувь нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид байгаа аж. Тэд өмнө авсан зээлээ төлж чадахгүйд хүрснээр дахин санхүүжилт авах боломж нь хумигдаж байна. Тиймээс 71 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн “хар түүх”-ийг хэвийн ангилалд шилжүүлэхээр болжээ. Энэ нь санхүү, зээлийн өршөөл биш бөгөөд зөвхөн зээлийн мэдээллийн санг нэг удаа “цэвэрлэх” боломж олгож байгаа хэрэг юм.

Зээлдүүлэгч (банк)-ийн өмнө хуулийн хүрээнд гэрээгээр хүлээсэн иргэн, аж ахуйн нэгжийн зээл болон түүний эргэн төлөлтийн талаарх мэдээллийг зээлийн мэдээлэл гэж үзэх бөгөөд эдгээр нь Монголбанкны Зээлийн мэдээллийн санд бүртгэгддэг байна. Уг санд одоогийн байдлаар холбогдох 540 гаруй байгууллага мэдээллээ нийлүүлэх эрхийг авсны дотор арилжааны бүх банк, төрийн өмчит Хөгжлийн банк, хадгаламж зээлийн хоршоод, лизинг болон гар утасны оператор компаниуд, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг яам, агентлагийн дэргэдэх сангууд, ТОСК, МИК, Зээлийн батлан даалтын сан зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллага багтдаг аж.

Тухайлбал, орон сууцны ипотекийн зээлтэй үүнийг бичигч миний мэдээлэл ч бүртгэлтэй байдаг. Тийм ч учраас Зээлийн мэдээллийн сангийн “хар түүх”-ээ цайруулахын тулд 230 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байгааг сануулж, үүнийг энэ сарын 30-ны дотор барагдуулахыг анхааруулсныг ёсоор болгосноор зээлдэгч миний бие “цагаан түүх”-тэй болж байгаа аж.

Ерөнхийдөө Монголбанкны ерөнхийлөгч болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Активыг ангилах, Активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д зааснаар зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 15 хүртэл хоног дотор байвал “хэвийн” гэж үзэх бол 90 хоног хүртэл хэтэрвэл “анхаарал хандуулах” буюу хугацаа хэтэрсэн, 91-180 хоног дотор “хэвийн бус”, 181-360 хоног болбол “эргэлзээтэй”, 361-ээс дээш хоногтой бол “муу зээл” гэж үздэг байна.

Төв банкны ерөнхийлөгчийн тушаалаар иргэдийн зээлийн “муу түүх”-ийг зээлийн лавлагаанд тусгахгүй байх шийдвэрийг хамгийн сүүлд 2018 онд гаргаж байсан бөгөөд үүнд тухайн оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө зээл, төлбөрөө бүрэн барагдуулж дууссан, чанаргүй зээлийн нэгээс доошгүй түүхтэй, мөн үүрэн болон суурин холбооны үйлчилгээний төлбөрийн зөрчил нь 90 хоногоос дээшгүй хугацааны хэтрэлттэй бол Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд тусгахгүй байхаар уг тушаалд тусгаснаар 48 мянга гаруй иргэний мэдээлэл хамрагдсан юм. Мөн Монголбанкнаас 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр 25.6 мянган зээлдэгчийн зээлийн “муу түүх”-ийг мэдээллийн лавлагаанд тусгахгүй байхаар зохицуулж байсан удаатай. Тус зохицуулалтад анх авсан зээлийн хугацаа нэг жилээс илүүгүй буюу зээлийн гэрээ нь нэг жил хүртэл хугацаагаар байгуулагдсан, тухайн зээл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй, зээлдэгч нь зээлийн түүхэндээ зөвхөн нэг удаа эргэн төлөлтийн зөрчил гаргасан ч 2017 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс өмнө зээлээ бүрэн төлж дууссан бол зээлийн мэдээлэл нь хамрагдсан байна. Тухайн онд эдийн засгийн хүндрэл үүсэж, чанаргүй зээлийн хэмжээ зохих түвшнээс өндөр гарсан байжээ.

Харин энэ удаа “COVID-19” вирусийн цар тахлын нөлөөгөөр улс орны эдийн засаг, түүний дотор хувийн хэвшлийнхний мөнгө, санхүүгийн нөхцөл маш хүндэрч байгааг Монголбанкны ерөнхийлөгч, Монгол Улсын Гавьяат эдийн засагч Б.Лхагвасүрэн тодорхой тоо баримтад тулгуурлан танилцуулсан юм. Тухайлбал, манай улсын эдийн засаг өнгөрсөн оны эхний улиралд 10.7 хувиар агшсан бол түүнээс хойш эдийн засгийн “V” хэлбэрийн сэргэлт ажиглагдаж, энэ оны эхний улиралд эдийн засаг 15.7 орчим хувиар өссөн байна. Ийнхүү сэргэхэд эрдэс түүхий эдийн гадаад эрэлт, үнийн өсөлт, үүнийг дагасан уул уурхайн олборлолт, тээвэр, боловсруулах салбарын идэвхжил, цар тахлын үед эдийн засгийг дэмжихэд чиглэсэн төсөв, мөнгөний бодлогын багц арга хэмжээ голлон нөлөөлжээ. Үүний үрээр гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны тавдугаар сар, төлбөрийн тэнцэл 10 дугаар сараас хойш ашигтай гарснаар гадаад валютын албан нөөц энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 4.9 тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн нэг жилийн хугацаанд маш тогтвортой хадгалагдаж байна. “Гэвч “COVID-19” цар тахлын нөлөөгөөр өнгөрсөн онд банкны салбарын нийт зээлийн үлдэгдэл 4.9, иргэдийн зээл 7.9, хувийн байгууллагын зээл 6.6 хувиар татрахад эдийн засгийн тодорхой бус байдал, зээлийн эрсдэл зэрэг нь нийлүүлэлт, эрэлтийг хумьж, зээлийн өсөлт саарахад нөлөөлсөн” гэж Төв банкны ерөнхийлөгч хэлсэн үгэндээ онцолсон байна. Зээлийн энэхүү хязгаарлалтыг бууруулахын тулд олон улсад түгээмэл ашиглаж буй зээлийн хүүний татаас олгох, зээлд батлан даалт гаргах арга хэмжээг хамтад нь хэрэгжүүлэх “10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байрыг дэмжих зээлийг олгож эхэлсэн нь үр дүнгээ өгч байна. Тодруулбал, энэ оны тавдугаар сарын 24-ний байдлаар 1.01 их наяд төгрөгийн ажлын байр дэмжих, 412.3 тэрбум төгрөгийн репо санхүүжилт, 295.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг олгосноор арилжааны банкуудаар өгсөн зээл өмнөх оны мөн үеэс гурван хувиар өсчээ. Цаашдаа ч өсөх хандлагатай байна. Тиймээс УИХ-аас Монголбанк, Сангийн яамтай тохиролцсоны дагуу “COVID-19” цар тахлын нийгэм, эдийн засаг, мөнгө санхүүгийн байдалд үзүүлэх нөлөөллийг зөөлрүүлэхийн тулд зээлдэгч болон төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийн “хар түүх”-ийг Төв банкны зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байж, тохируулга хийхээр шийдвэрлэжээ. Гэхдээ үүнд тодорхой нөхцөл тавих бөгөөд Монголбанкны Зээлийн мэдээллийн санд нэгээс дээшгүй хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхтэй, хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, төлбөр нь энэ оны долоодугаар сарын 1-нээс өмнө бүрэн төлөгдсөн байх ёстой.

Дээрх хугацаанаас хэрэгжиж эхлэх шийдвэрт “анхаарал хандуулах” буюу хугацаа хэтэрсэн болон “чанаргүй зээл”-ийн ангилалд орсон зээл, төлбөрөө энэ оны зургаадугаар сард багтаан бүрэн барагдуулсан иргэн, аж ахуйн нэгж хамрагдах боломжтой юм байна. Урьдчилсан тооцооллоор энэхүү арга хэмжээнд 71 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж хамрагдаж, цаашдаа зээл авах боломжоор хангагдахаар байгааг Монголбанкнаас мэдээлжээ.

Д.Мөнхжаргал

Монголын Үнэн сонин

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • DR. PRADHAN (102.89.43.107)

    2022-11-12

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

  • DR. PRADHAN (102.89.43.107)

    2022-11-12

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

  • Иргэн (103.212.117.71)

    2021-06-07

    Тэр хятадын банкыг нь ч болов оруулж ирж амьд өрсөлдөөн бий болгохгүй энэ хэдэн шунахай банк монголын ард түмнийг мөлхүүлж гүйцлээ.Өөрснөө өндөр хүүгээр өеөдүүлчихээд юун их өгөөмөр сэтгэл гаргаж баыгаа юм шиг хуцацгаадаг юм.