Утаагүй үйлдвэрлэлийн эерэг хүлээлт
- 2021-06-08
- Үнэн
- 1
АЮУЛГҮЙ АЯЛЛЫН ШОШГО ЖУУЛЧДЫН ИТГЭЛИЙГ СЭРГЭЭНЭ
Манай улс энэ сарын 1-нээс хилээ албан ёсоор нээгээд байна. Ингэснээр одоогоор хил нь нээлттэй байгаа Турк, АНУ, Эмират, Грек, Киргиз, Тайланд, Индонез, Бразил, Египет, Энэтхэг зэрэг 10 гаруй улс руу манай иргэд зорчих боломжтой болсон. Цаашид илүү олон улс оронтой харилцан хилээ нээхээр зорьж буй. Цар тахлын улмаас дэлхийн 110 гаруй улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хаагаад байгаа. Үүний дотор монголчуудын хамгийн их зорчдог ОХУ, БНХАУ, БНСУ, Япон болон Европын орнууд багтаж буй юм. Нөхцөл байдал ийм байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар иргэдийнхээ чөлөөтэй зорчих орны тоог нэмэгдүүлэх зорилгоор коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан иргэддээ вакцин хийлгэснийг нотлох гэрчилгээ олгож, гадаадын улс орноор хүлээн зөвшөөрүүлэх чиглэлд тодорхой алхмууд хийж эхэлжээ. Тухайлбал, БНХАУ, ОХУ, БНСУ, Казахстан болон Их Британи, Унгар зэрэг Европын орнуудтай дипломат шугамаар яриа хэлэлцээ хийж байгаа аж. Түүнчлэн долоодугаар сарын 1-нээс Төв аймгийн Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх буудлыг нээж, гадаадаас жуулчид хүлээн авахаар бэлтгэж байгаа. Ийнхүү агаарын болон төмөр зам, авто замын хилийн боомтуудаа нээж байгаа нь аялал жуулчлалын салбарынханд таатай мэдээ.
Шинэ коронавируст халдвар “COVID-19” дэлхий нийтэд тархсан хоёр жилийн хугацаанд аялал жуулчлалын салбарынхан хамгийн их хохирол амссан. Манай улсын хувьд жилд дунджаар 557 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас 607 тэрбум ам.долларын орлого олдог байсан бол өнгөрсөн жил уг орлого 90 гаруй хувиар тасалдсан байна. 2020 оны хоёрдугаар сараас хойш бүрэн хаагаад байсан хилээ албан ёсоор нээсэн нь аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа сэргээхэд чухал түлхэц болох юм. Юутай ч энэ жил 40 мянган жуулчин Монголд ирэхээ мэдэгдсэн гэдэг статистик мэдээллийг салбарын яамнаас гаргажээ. Хил нээснээ хойших хагас жилийн хугацаанд, тэр тусмаа аялал жуулчлалын гол улиралд багтаан эдгээр жуулчдыг хүлээн авчих юм бол салбарын хувьд бага ч гэсэн сэргэнэ гэсэн хүлээлт бий. Тиймээс аялал жуулчлалын салбарынханд байнга хамаатуулан ярьдаг “саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг үг одоо л үнэд орно.
Хоёр, гурван жилийн өмнөх хэвийн цаг үед биш цар тахлын дараах шинэ хэвийн байдалд жуулчид хүлээн авахад тухайн аж ахуйн нэгж, компани, үйлчилгээний газруудаас эрүүл ахуй, халдваргүйтгэл, аюулгүй байдлын олон стандарт, дүрэм журам шаардагдана. Тиймээс ковидын дараах аялал жуулчлал ямар байх вэ гэдэгт дэлхийн улс орнууд анхаарлаа хандуулж эхэлсэн байна. БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлогын газрын мэргэжилтэн Н.Болормаагийн хэлснээр манай улс ирэх сарын 1-нээс гадаадын жуулчдыг авахаар төлөвлөж байгаа бөгөөд эрсдэлийг нарийн тооцож буй аж. Юуны өмнө үйлчилгээний байгууллагууд шинэ нөхцөл байдалд хэрхэн ажиллах талаар зохих журам, зохицуулалтыг хийж өгч байгаа гэнэ. Гаднын улсаас ирэх жуулчид ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн вакцины хоёр тунг хийлгээд 14 ба түүнээс дээш хоносон байх ёстой. Мөн тэд онгоцноос буугаад тусгай аяллын хөтөлбөрөөр, батлагдсан маршрутаар аялна гэх мэтээр шинэ хэвийн нөхцөлд зохицон аялах болох нь. Аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжүүд Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж байгаа Аюулгүй аяллын шошгыг авах нь чухал гэдгийг энд мөн онцлох ёстой. Жуулчид хүлээн авахтай холбоотойгоор зочлох үйлчилгээний салбарынхан, өөрөөр хэлбэл зочид буудал, ресторан, зоогийн газарт тавих хяналт шалгалтыг мэдээж нэмэгдүүлнэ. Үүнд тулгуурлан Аюулгүй аяллын шошгыг олгох юм. Аюулгүй байдлын чанар, стандартыг бүх шаардлагыг хангасан тохиолдолд үнэгүй олгогдох энэхүү шошго Монгол Улсыг гадаадад сурталчлахад гол үүрэгтэй. Энэхүү Аюулгүй аяллын шошго гэж юу вэ гэдгийг тодруулъя. Дэлхийн аялал жуулчлалын зөвлөл шинэ хэвийн байдалд мөрдөх олон улсын аюулгүй аяллын удирдамжийг шинээр боловсруулсан байна. Энэ нь ковид цар тахлын дараа аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээхэд чиглэсэн удирдамж юм. Нэг үгээр хэлбэл, аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч тур операторууд болон аялагчдад зориулсан, цар тахлын дараах дэлхий нийтийн шинэ хандлагын талаарх зааварчилгаа юм. Улс орнууд аюулгүй аяллын удирдамжийг хэрэгжүүлснээр аялагчдын итгэлийг сэргээж, аялал жуулчлалын салбар хэвийн байдалд шилжих нөхцөл бүрдэнэ гэж үзэж буй. Тиймээс Дэлхийн аялал жуулчлалын зөвлөл дараах салбаруудад аюулгүй аяллын зөвлөмжийг хэрэгжүүлэхийг санал болгож байна. Үүнд зочлох үйлчилгээ, жижиглэн худалдаа, агаарын тээвэр, нисэх онгоцны үйлчилгээ, тур оператор, хурал цуглаан, арга хэмжээ, авто машины түрээсийн үйлчилгээ, байршуулах хэрэгслийн богино хугацааны түрээсийн үйлчилгээ, адал явдалт аялал зэрэг багтжээ. Тиймээс манай аж ахуйн нэгжүүд богино хугацаанд бэлтгэлээ хангаж, уг шошгыг авах нь чухал гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байна.
Монгол Улс Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж буй Аюулгүй аяллын шошго олгох үйл ажиллагаанд өнгөрсөн тавдугаар сард нэгдсэн. Энэхүү шошгыг олгох үйл ажиллагааг БОАЖЯ, Аялал жуучлалын хөгжлийн төв хамтран хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс Аюулгүй аяллын удирдамжийг хэрэгжүүлэх, Аюулгүй аяллын шошго авахтай холбоотой нэгдмэл ойлголтод хүрэх зорилгоор цахим форум зохион байгуулжээ. Уг форумаар Аюулгүй аяллын удирдамжийг хэрхэн хэрэгжүүлэх, Аюулгүй аяллын шошгыг хэрхэн авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга хийсэн байна.
ХӨШИГИЙН ХӨНДИЙД ЖУУЛЧНЫ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ ҮҮДЭЭ НЭЭНЭ
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд баригдсан Олон улсын нисэх буудал ирэх сард үүдээ нээнэ. Шинэ нисэх буудал аялагч, жуулчдаа хүлээн авах бэлтгэлээ хангаж буйн нэг нь Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй хамтран Жуулчны мэдээллийн төвийг ажиллуулахаар болж байгаа явдал. Тус төвд аялал жуулчлалын болон үйлчилгээний бусад салбарын бизнес эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгж, компаниудыг “COVID-19” цар тахлын үед дэмжих, Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг хурдан сэргээх зорилгоор 2021 оныг дуустал видео болон хэвлэмэл материалаа үнэ төлбөргүй байршуулах боломжийг олгож, “Сурталчилгааны багц” гаргасан байна. Энэ хүрээнд Аялал жуулчлалын хөгжлийн төв, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтын ажиллагааны санамж бичигт өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурсан юм. Ингэснээр үндэсний хэмжээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсыг гадаад, дотоодод сурталчлах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Хөшигийн хөндий дэх олон улсын шинэ онгоцны буудалд байгуулагдах Жуулчны мэдээллийн төвийн мэдээллийн санг шинээр үүсгэхэд талууд хамтран ажиллахаар болжээ.
Цаашид Жуулчны мэдээллийн төвийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор богино болон дунд хугацааны сургалтын хөтөлбөрийг боловсруулж, мэргэшүүлэх сургалтуудыг хамтран зохион байгуулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар стандартыг сайжруулах зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ талаар Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга С.Бат-Эрдэнэ “Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал дээр байгуулагдах Жуулчны мэдээллийн төв олон улсын жишгээр үйл ажиллагаагаа явуулна. Тус төв цахим болон уламжлалт хэвлэмэл гэсэн хоср хэлбэрээр мэдээллээ гаргана. Нисэх буудалд бууж байгаа гадаад, дотоодын жуулчдад зориулан аж ахуйн нэгжүүдийн хэвлэмэл танилцуулга болон 21 аймгийн танилцуулгыг цахим хэлбэрээр хүргэхээр бэлтгэл ажлаа дуусаж байна. Цар тахлын дараа аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжүүд жуулчдаа хүлээн авахад бэлэн болсон. Бэлтгэл ажил өмнөх жилүүдийн ажил хийгдсэн. Манай аж ахуйн нэгжүүд Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс гаргаж байгаа аюулгүй аяллын удирдамж, зөвлөмжийн дагуу, Аюулгүй аяллын шошгыг авч ажиллана” гэлээ.
ХӨВСГӨЛ ОРЧМЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨСӨЛ НЭГ ШАТ АХИВ
Хилээ албан ёсоор нээж, олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхлэх гэж буй сайн мэдээтэй зэрэгцэн аялал жуулчлалын салбартай холбоотой хэд хэдэн эерэг мэдээлэл олны сонорт хүрээд байна. Үүний нэг нь Хөвсгөлийн Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 37.9 километр авто замын зураг төсөл бэлэн болсон тухай юм. Энэхүү замыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд барьж байгуулахаар болсон аж. Хөвсгөл нуур орчмын байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалтын олон ажлыг төлөвлөсний нэг нь дээр дурдсан авто зам. Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 37.9 км хатуу хучилттай авто зам Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалын гол зам болох юм. Уг замын Хатгал орчимд байгуулах 8 авто зогсоолын инженерийн нарийвчилсан зураг төслийг боловсруулах ажил бүрэн хийгдэж, экпертизээр батлуулан, магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргуулаад байгаа юм байна.
Төслийн авто замын зураг төсөл, хяналтын зөвлөх баг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гэрээ байгуулж ажилласнаас хойш зургаан сарын хугацаанд нийт 13 боть бүхий “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ”, “Инженер-геологийн судалгаа”, “Археологи, Палеонтологи, Угсаатны зүйн судалгаа” болон гурван чиглэлийн авто зам, авто зогсоолуудын инженерийн нарийвчилсан зураг төслийг төсөл хэрэгжүүлэх нэгжид албан ёсоор хүлээлгэн өгчээ. Ингэснээр Хөвсгөл нуур орчмын байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хэрэгжилт нэг шат ахиж байна гэж хэлж болно.
Улсын хил нээгдэж, аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбоотойгоор Дорнод нутгийн зуны аялал жуулчлалын нээлт өнгөрсөн долоо хоногт болсон нь салбарынхны хувьд сайн мэдээ байв. Дорнод аймгийн зочид буудал, тур оператор, жуулчны баазуудаас бүрдсэн “Дорнод аялал жуулчлалын нэгдэл” нь 2017 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд орон нутгийн аялал жуулчлалын төлөө үлгэр жишээ болохуйц үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн сайн туршлагатай. Тус аймгийн Засаг даргын Тамгын газар болон БОАЖГ нь орон нутагт аялал жуулчлалын салбарыг сэргээх зорилгоор “Дорнод аялал жуулчлалын нэгдэл”-ийн үйл ажиллагааг тууштай дэмжин ажиллаж ирснийг Дорнод нутгийн зуны аялал жуулчлалын нээлтийн арга хэмжээнд оролцогчид онцолжээ. Энэ үеэр Дорнод аймгийн аялал жуулчлалын байгууллагууд нэгдэж, хувьцаа эзэмших дундын компани байгуулахаар болсон байнa.
Г.ХАНГАРДИ
Сэтгэгдэл (1)
Иргэн. (192.82.89.243)
Хос болох дургүй шуналын шулмасуудтайгаа ба хос болох дургүй шуналын мангаснуудтайгаа шаалцаачээ!