Г.Эрдэнэбаяр: Эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон геологи, уул уурхайн салбараа дэмжих ёстой
- 2021-06-10
- Эдийн засаг
- 0
-БҮГД ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД БИДНИЙ АЖЛЫГ ХИЙЛГЭДЭГГҮЙ. ОРОН НУТГИЙНХАН Ч ХИЙЛГЭДЭГГҮЙ ТЭГСЭН МӨРТЛӨӨ БҮГД УУЛ УУРХАЙН БАЯЛГААС АШИГ ХҮРТЭНЭ ГЭЖ ЯРЬДАГ-
Геологи, уул уурхайн салбарын өнөөгийн төлөв байдлын талаар геологич Г.Эрдэнэбаяртай ярилцлаа.
-Цар тахлын улмаас хүндхэн байдалд ороогүй салбар ховор байна.
Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа геологи, уул уурхайнхны хувьд ч байдал сайнгүй байгаа.
Геологи, уул уурхайн салбарт эрх зүйн ямар орчин үгүйлэгдэж байна вэ гэдэг
асуултаас ярилцлагаа эхлэх нь зөв болов уу?
-Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилж геологи, уул уурхайн салбарыг цэгцэлмээр байна. Ашигт малтмалын тухай хуулиас гадна Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 оны 1 дүгээр сард батлагдсан.Энэ хуулийг анх яах гэж гаргасан бэ гэхээр 2009 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг найман жил хориглосноос геологи, уул уурхай, салбар уналтад орж, энэ салбарт ажиллаж байсан ихэнх гадны хөрөнгө оруулагчид Монголоос гарсан. Улмаар барилгын салбар түүхий эдгүй болж,бетон зуурмагийн үйлдвэрүүд элс хайрга дайрганы хомсдолд орж, тоосгоны үйлдвэрүүд шаврын нөөцгүй болж эхэлсэн. Иймээс тухайн үед салбарын сайд Д.Ганхуягийн санаачилгаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдсан. Гэтэл нийслэл, аймаг болгон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд олгож, хайгуул, ашиглалтын тайлан төлөвлөгөөг баталж, аймаг болгон уул уурхайн яамтай болсон. Тэнд нь геологи, уул уурхайн мэргэжлийн боловсон хүчин байхгүй. Зөвхөн авлигаар ажил явагдаж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулиар зөвхөн элс, хайрга, дайрга, тоосгоны шавар, шохойн чулуу, боржин чулууг хайж олборлох ёстой боловч орон нутагт хэн танилтай нь авлига өгч элс хайрга хайх нэрийдлээр өөр ашигт малтмал тухайлбал жонш,алт, гянтболд олборлож байна.Тийм учраас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг Ашигт малтмалын тухай хуультай нэгтгэх хэрэгтэй, өөр салбарласан ашигт малтмалтай холбоотой бүх хуулиудыг нэгтгэж төрөөс геологи уул уурхайн салбарт нэгдсэн нэг хуультай, нэг бодлоготой болмоор байна.
-Элс, хайрга олборлоно гэж зөвшөөрөл авчихаад тухайн талбай дээрээ алт,
жонш ухаад байгаад хариуцлага тооцох, зохицуулах хууль одоогоор байхгүй юу?
-Орон нутагт хяналт алга. Хайрга олборлоно гэж зөвшөөрөл авангуутаа алт, жонш олборлоод байдаг. Үүнийг зохицуулах хууль байхгүй. Зүй нь хайрга олборлох үед алт, жонш илэрвэл үйл ажиллагаагаа зогсоож Ашигт малтмалын газарт мэдэгдээд жоншоор нь ч юм уу, алтаар нь юм уу тендерт оролцоод албан ёсны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл авах ёстой.Өөрөөр хэлбэл, тухайн ашигт малтмал дээрээ хайгуул хийн нөөцөө тогтоон,Техник, эдийн засгийн үндэслэлээ Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулж, Байгаль орчны ерөнхий, нарийвчилсан үнэлгээгээ яамаар батлуулаад орон нутаг, АМГТГ-аас ашиглалтын тусгай зөвшөөрлөө авч үйл ажиллагаа явуулах ёстой. Орон нутгаас маш олон зөвшөөрөл авна, жил болгон уулын ажлын төлөвлөгөө, тайлангаа өгнө. Мөн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө гаргаж, мөнгөө байршуулна, маш олон шат дамжлага, зөвшөөрөлүүд авч үйл ажиллагаагаа эхэлдэг учиртай. Зарим нөхдийн ойлгоод байдаг шиг шууд очоод л газар ухаад унадаг хүмүүс бид биш. Бүх зүйл хууль журмын дагуу явагддаг. Нэг л буруу юм хийвэл тусгай зөвшөөрөл цуцлах 20 гаруй үндэслэл бий. Тийм л эрсдэлтэй нөхцөлд дэнжигнэж ажилладаг юм. Хэдэн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулаад маргааш нь тусгай зөвшөөрөл нь цуцлагдлаа гэхэд тухайн аж ахуйн нэгжээс өөр харамсах хүн байхгүй. 10 хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компани байлаа гэхэд бүгдээрээ орд болохгүй. Арвуулаа эрсдэл болоод хэдэн сая ам.доллараар хохироход тэр компанийн л эрсдэл болохоос биш тэр нэг улстөрч, малчин тоохгүй. Тэгэхлээр экспортын 80 хувийг, улсын төсвийн ихэнхийг бүрдүүлж байгаа уул уурхайн аж ахуйн нэгжүүдээ бодох ёстой, дэмжих ёстой. Улсын эдийн засгийг уул уурхайн салбар л чирж явж байна шүү дээ. Стратегийн том ордууд байхгүй байсан бол яах юм. Муу хэлээд байгаа “Оюу толгой”, “Таван толгой” байхгүй байсан бол яах байсан юм. Саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт” үйлдвэр маань байхгүй байсан бол ямар хэцүү байх байсан бол гэж хүн бүр эргэцүүлж бодох ёстой.
-Та бол геологич хүн.
Үндэсний геологийн алба байгуулагдсанаар танай салбарын аж ахуйн нэгжүүдэд ямар өөрчлөлт гарч байна вэ?
-Үндэсний геологийн алба (ҮГА) байгуулагдсан нь сайн хэрэг.Гэхдээ Д.Сумъяабазарыг салбарын сайд байх үед анх 68 хүний орон тоотой баталсан гэдэг. Харин засаг солигдонгуут өөрчлөгдөж, одоо 35 хүн ажиллаж байгаа юм билээ. Үндэсний геологийн алба гэж байгаа хэр нь АМГТГ-т бас Геологийн алба бий. Өөрөөр хэлбэл, хувийн хөрөнгөөр хийсэн хайгуулын асуудлыг хариуцдаг. Монголын үндэсний геологийн асуудал л юм бол хувь, хувьсгал гэж ялгах хэрэггүй. Тийм учраас Үндэсний геологийн албатай нэгтгэх ёстой юм. ҮГА-ны 35 хүн дотор геологич мэргэжилтэй цөөхөн хүн бий. Тэр хүмүүс яаж үндэсний геологийн бодлогыг хэрэгжүүлэх вэ. Дээр нь орон тоо цөөхөн, төсөв мөнгө нь хангалтгүй. Дахин хэлэхэд, миний бодлоор АМГТГ-ын Геологийн албыг Үндэсний геологийн албатай нэгтгээд геологийн мэргэжлийн боловсон хүчнүүдийг нэмэгдүүлээд, геологийн холбоодыг хажуудаа аваад үндэсний хэмжээний бодлого боловсруулаад явбал зүгээр байгаа юм. Тэгж байж Үндэсний геологийн алба жинхэнэ утгаараа ажиллана.
-Үндэсний геологийн алба гээд нэрнээс нь үзвэл их л том агентлаг шиг.
Гэтэл хүний нөөц, төсөв хөрөнгө нь хангалтгүй болохоор зорилго, агуулгадаа
нийцсэн бодлого хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн үг үү?
-Төсөв багатай ийм байгууллага яаж цаашаа явах юм. Жилийн төсөв нь тэрбум хүрэхгүй. Нэг хувийн геологийн компанийн л төсөв. Ашигт малтмал, газрын тосны газарт ч гэсэн геологич мэргэжилтэй нь 20 хувь хүрэхгүй. Дандаа Төрийн ордноос шахсан хүмүүс ажилд орсон. Нөгөөдүүлийг нь дарга нь халж чаддаггүй. Геологи, уул уурхайтай асуудлыг нь шийддэг энэ агентлагийн ажилтнуудын дийлэнх нь мэргэжлийн боловсон хүчин байх ёстой гэж боддог. Одоо бол ихэнх нь Төрийн захиргааны өөр мэргэжлийн хүмүүс байгаа.
-Хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог байсныг болиулаад тендер шалгаруулах замаар олгодог болсон.
Энэ нь хэр оновчтой вэ?
-Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болонгуутаа нэг өөрчлөлт хийсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийг тэр чигт нь хассан явдал юм. Улсаас тендерийн талбайнуудыг зарлаж босго үнэ тавин аж ахуйн нэгжүүд босго үнээ төлөөд, худалдаж авах үнийн саналаа зарлан төслөө танилцуулж, хамгийн их үнэ санал болгосон компани хайгуулын тусгай зөвшөөрөл авч байна. Энэ нь нэг талдаа зөв. Цаашаа яаж үргэлжлэхийг цаг хугацаа харуулах биз. Дүгнэхэд одоохондоо эрт байна. Одоогоор цөөхөн тусгай зөвшөөрөл олгогдоод байна.
-Геологи, уул уурхайн салбарт ямар эрх зүйн орчин үгүйлэгдэж байгаа талаар таны байр суурийг сонслоо.
Ер нь өнөөгийн байдал ямар түвшинд байна вэ?
-Уул уурхай уруудаад л явж байна. Манай улстөрчид бүгдээрээ эх орончид болсон. Дээр нь иргэний хөдөлгөөнүүд бидний ажлыг хийлгэдэггүй. Орон нутгийнхан ч хийлгэдэггүй. Тэгсэн мөртөө бүгд уул уурхайн баялгаас ашиг хүртэнэ гэж ярьдаг. Хэзээ хайгуул хийгээд, хэзээ нөөцийг нь тогтоогоод, хэзээ үр ашгийг нь хүртэхийг хэлж мэдэхгүй. Уг нь бидний эдэлж хэрэглэж байгаа бүхэн геологи, уул уурхайгаас хамаарч байгаа. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж байж эдийн засаг хөгжинө. Манай салбарыг муухай харагдуулж байгаа нь техниктэй нинжа нар. Тэд дуртай газраа ухаж байна, уул усыг сүйтгэж байна. Шалгалт яваад очихоор зугтаагаад алга болчихдог.Харин хариуцах эзэнтэй аж ахуйн нэгжүүдийн шүүсийг хамаг байдгаар нь шахдаг,татварын дарамтаас эхлээд, хууль ёсны үйл ажиллагаатай компаниудад зориулж зөндөө хууль гаргасан. Тухайлбал, урт нэртэй хууль гээд байна. Ингээд яриад байвал зовлон маш их байна.
-Эдийн засгийн гол түүчээ болсон геологи, уул уурхайн салбарын үйл ажиллагаа уруудаад байхаар улс орон урагшаа явахгүй нь ойлгомжтой асуудал.
Хүндрэлээс гарах ямар гарц байна вэ?
-Салбарын бүх хуулиудыг нэгтгэх, тоглоомын дүрмүүдийг тодорхой болгох хэрэгтэй. Цөмийн энергийн хууль, Газрын тосны тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль гээд бүх хуулиудыг базаад нэгдмэл цогц хууль гаргах нь зөв гарц. Хамгийн гол нь хууль эрх зүйн тогтвортой байдал, гадны хөрөнгө оруулагчдыг татан оруулж ирэхэд чиглэх ёстой юм. Өнөөдөр монголчууд бидэнд дэлхийн хэмжээний том ордуудаа ашиглах туршлага байхгүй. Одооноос л суралцаж байна. “Оюу толгойн” гэрээ л гэнэ. Алдсан ч зүйл бий, оносон ч зүйл бий. Геологи, уул уурхайн салбараа өөд татахын тулд нэгдүгээрт, хууль эрх зүйн орчноо тогтвортой болгох хэрэгтэй. Өнөөдөр нэг хууль гаргаад маргааш нь өөрчлөөд байвал асуудал урагшаа явахгүй. Орон нутаг болгон дээр очоод “Бид газар шорооны эзэн, бүх уул уурхай, хайгуулыг зогсооно” гээд байвал уул уурхай хөгжихгүй. Геологи хайгуулын ажлыг зогсоох шаардлага байхгүй, элдэв тендер шаардлагагүй, илүү нээлттэй болгох хэрэгтэй байна. Хайгуулаа хийн ордоо нээсний дараа ашиглах асуудлын хувьд гэвэл тухайн орд техник, эдийн засгийн ямар үр өгөөжтэй вэ, улсын төсөвт хэчнээн мөнгө оруулах вэ, хэчнээн ажлын байр бий болох вэ гэх мэт олон талаас нь харж ашиглах хэсгээ шийдэж болно. Тэгээд ажлыг нь хийлгэ л дээ. Хүмүүс ажилтай болог л дээ. Заавал Засгийн газраас 300.000, эсвэл 50 мянган төгрөг авах шаардлагагүй.
-Засгийн газрын геологи, уул уурхайн салбарт баримталж буй бодлогын талаар та юу хэлэх вэ?
-Засгийн газрын Салхитын мөнгөний ордыг мэдэлдээ авч ахмадуудын тэтгэврийг тэглэснийг нь зөв гэж боддог. “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэдэг үүднээс зарим нэг компаниудад сургамж болсон байх. Тухайн ордыг төрд эргүүлж авах үндэслэл хууль эрх зүйн талаасаа байсан. Харин гадны хөрөнгө оруулалттай компани болгон дээр давхиж очоод төрд аваад байх нь мэдээж буруу. Олон улсын болоод Монголын бусад хуулийг зөрчинө. Үүнийг ялгаж салгаж ойлгох ёстой. Зарим хүмүүс нутагт нь ажиллаж байгаа уурхайг УИХ-ын гишүүнээр дамжуулаад цэрэг цагдаа хөдөлгөж байгаад төрийн мэдэлд авах юм ярьдаг. Энэ бол маш буруу ойлголт.
Хоердугаарт, Эрдэнэтийн ашигаас айл өрх, албан байгууллагын цахилгаан, дулааны төлбөрийг төлөх шийдвэр гаргасныг цар тахлын үед авсан маш зөв арга хэмжээ гэж бодож байна. Харин “Оюу толгойн” татварын орлогоос иргэн бүрт 300,000 төгрөг бэлнээр тараасан нь маш буруу. Дээрх мөнгөөр томоохон үйлдвэрүүд барьж, ажлын байр нэмэгдүүлэх нь зөв байсан.
Г.БАТЗОРИГ
ӨДРИЙН СОНИН
Сэтгэгдэл (0)