Тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжид 17.5 тэрбумын зээл олгожээ

Улсын хэмжээнд улаанбуудайн тариалалт дууслаа гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Зургаадугаар сарын 8-ны өдрийн байдлаар нийтдээ 437.7 мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалт 96 хувьд хүрчээ.

Нийт тариалалтаас улаанбуудайнх 96.1, төмс 74.9, хүнсний ногоо 58.9, малын тэжээл 17.1, тосны ургамал 82.6 хувьтай байна.

Хаврын тариалалтад зориулан Хөдөө аж ахуйг дэмжих санд хүсэлт гаргасан 638 иргэн, аж ахуйн нэгжид 12.2 мянган тонн улаанбуудайн үрийг 20-30 хувийн урьдчилгаатай, 345.3 мянган литр шатахууныг 50 хувийн урьдчилгаатай, 32.4 тонн ургамал хамгааллын бодис, бордоог 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байгаа аж.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-ний хүрээнд арилжааны банкны эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийн дагуу ХААН, Хас, Голомт, Худалдаа хөгжил, Капитрон болон Төрийн банкаар дамжуулан тариалан бүхий 906 иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн хүсэлтийг хүлээн авснаас 386 иргэн, аж ахуйн нэгжид 17.5 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Түүнчлэн “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, хангамжийг тогтворжуулах зорилгоор 10 нэр төрлийн 176.2 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр худалдан авч, ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлж, тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжид олгожээ. Ингэснээр хүнсний ногооны тариалалтыг 20-30 хувиар нэмэгдүүлэх боломжтой хэмээн төлөвлөж байгаа юм.

Д.МӨНХ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)